Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2018/00016

 

   2018            05              16                                             202/МА2018/00016


Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн 
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;


Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 137/ШШ2018/00086 дугаар шийдвэртэй, 


Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багт байрлах, Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,


Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын ... тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, Баянбогд овогт Г-ийн А /РД:ЕК71081469/,


Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын .... тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Баянбогд овогт Г-ийн Э /РД:ЕК75122478/ нарт холбогдох,


Хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,


Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 


Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015.10.30-ны өдрийн 306 тоот захирамжийн дагуу Г.А, Э.Золбаяр нар нь зээлийн төлбөрийг төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн хөрөнгөөс барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч Г.А нь шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийг төлөх хугацаа шаардлагатай байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхгүйгээр зээлийг төлөхөөр удаа дараагийн хүсэлт гаргаж, амлалт өгч, улмаар 2017 оны 03 сард Г.А нь шүүгчийн захирамжинд заасан зарим хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2017.03.07-ны өдөр байгуулсан. 
Уг гэрээний дагуу 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6 тоот, /улсын бүртгэлийн Ү-0714001134 дугаартай/, 108 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2. Мобикомын 2-6 тоот /улсын бүртгэлийн Г-0714000013 дугаартай/ 100501337 нэгж талбарын дугаартай, 250 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 3. Мобикомын 2-7 тоот, /улсын бүртгэлийн-Г-0714000012 дугаартай/, 100501671 нэгж талбарын дугаартай, 300 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, 4. Мобикомын 2-7 тоот, /улсын бүртгэлийн Ү-0714001881 дугаартай/ 200 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг зохих журмын дагуу бүртгүүлж, 2017.03.07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Хас банкны нэр дээр гаргуулж авсан.  Түүнчлэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу Хас банк нь Г.Атай 2017.03.07-ны өдөр нөхцөл тохирох гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн нөхцөл нь 2017.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг бусдад худалдахгүй байх, худалдвал зөвхөн харилцагч Г.Ад худалдах, уг хугацаанд буцаан худалдан аваагүй нөхцөлд банк үл хөдлөх хөрөнгийг бүрэн захиран зарцуулах эрхтэй бөгөөд Г.А нь нөхцөл тохирох гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл Г.А нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр тавьсан шаардлагыг үл тоомсорлон, биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл өөрөө болон төрсөн дүү Г.Эын хамт эзэмшиж, ашиглаж байна. Г.Э нь уг обьектод дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч 2017.11.01-нээс хойш өдий хүртэл хөрөнгийн үнийг төлөөгүй, түүнчлэн түрээслэхээр хүсэлт гаргаж, банктай түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрийг мөн төлөлгүй, санаатайгаар банкны хөрөнгө чөлөөлөх, худалдан борлуулах ажиллагаанд саад учруулж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Хас банк нь хууь ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг Г.А, Г.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, бодитоор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.А, Г.Э нарт холбогдох хууль бус эзэмшлээс банкны өмчлөлийн эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа боловч үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөх хугацааг түр хугацаагаар хойшлуулах хүсэлтэй байна. Хариуцагч талаас 2018.07.01-ний өдөр гэхэд Хас банкны эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг бүрэн суллаж өгсөн байна. Тус банкны үл хөдлөх хөрөнгөөс өөрийн эзэмшлийн дэлгүүрийн эд зүйлүүдийг суллаж авахад хугацаа шаардлагатай байгаа бөгөөд дурьдсан хугацаанд аль нэг талдаа хүндрэл учруулахгүй чөлөөлөх болно гэжээ. 
Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Г.А, Г.Э нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Хас Банк ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2 дугаар баг, 108 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2 дугаар баг, 200 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2 дугаар баг, 250 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймаг Замын-Үүд сум, 2 дугаар баг, 300 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, 
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, 
Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгч Хас банкны зүгээс Г.А, Г.Э нарт холбогдох хууль бус эзэмшлээс өмчлөлөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ иргэн Г.Агийн өмчлөлөөс иргэн Ч.Ууганбаатарт шилжүүлсэн гэх Замын-Үүд сумын 2 дугаар баг, 2-6 тоот 250 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг Г.Ад буцаан олгож шийдвэрлээгүйг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, уг гэр бүлийн хэрэгцээний 250 мкв газрыг хариуцагч Г.Ад олгуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ууганбаатар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал маань 2018 ны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа өгчихвөл байраа чөлөөлж өгье гээд, манай зүгээс хугацаа өгч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэл, шаардлага нь банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, энэхүү иргэний хэргийн хүрээнээс хальсан, хамааралгүй байна гэж үзэж байна. Учир нь Банк өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг буюу 2 газрыг чөлөөлөн өгөхөөс татгалзсан. Анхан шатны шүүхээс тэдгээр газрын эзэмшигч нь Банк биш, Ууганбаатар тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд газрыг чөлөөлүүлэхээр шаардсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос бус тухайн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хувьд дүгнэлт хийгээгүй, ийм дүгнэлт хийх үндэслэл, шаардлага буюу нэхэмжлэлийн шаардлага байгаагүй билээ. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаас бус ийм шаардлагыг анхан шатны шүүхийн ажиллагааны явцад гаргаагүй болно. Анхан шатны шүүх хэргийг зохих ёсоор шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ:

Хас банк ХХК нь хариуцагч Г.А, Г.Э нарт холбогдуулан тэдний хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардаж буюу 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6 тоот байршилтай, үйлчилгээний зориулалттай, 108 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714001134 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-7 тоот байршилтай, агуулах зориулалттай 200 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714001881 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-7 тоот байршилтай, 300 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг, 4. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6/б тоот байршилтай, 250 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг тус тус чөлөөлүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж өгөхийг тус тус зөвшөөрч, харин газрын хувьд чөлөөлж өгөхөөс татгалзжээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “... хариуцагч Г.Ад газрыг буцаан олгоогүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 
Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан ”хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 
Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6 тоот байршилтай, үйлчилгээний зориулалттай, 108 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714001134 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 2-7 тоот байршилтай, агуулахын зориулалттай 200 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714001881 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тус тус Г.Агаас өмчлөх эрхийг Хас банк ХХК-д шилжүүлж, энэ талаарх улсын бүртгэл Хас банк ХХК-д бүртгэгдэж 000533495, 000533496 дугаартай гэрчилгээ олгогдсон, 
Харин газрын хувьд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-7 тоот байршилтай, 300 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6/б тоот байршилтай, 250 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг тус тус Ч.Ууганбаатарт эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна. 
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд хариуцагч Г.А болон нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хувьд өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт нь энэхүү хуульд нийцсэн, талууд энэ талаар маргаагүйн гадна дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Хас банк болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул  үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн гэж үзнэ. 
Түүнчлэн хариуцагч Г.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг түрээслэхээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан боловч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч Г.Атай 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхцөл тохирох гэрээг байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахгүй буюу хариуцагч Г.Ад буцаан худалдан авах боломжийг олгосон агуулгатай гэрээ байгуулсан боловч хариуцагч Г.А үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан аваагүй зэрэг үйл баримт тогтоогдсон ба хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 
Улмаар дээрх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-7 тоот байршилтай, 300 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-6/б тоот байршилтай, 250 м2 хэмжээтэй, нэгж талбарын 100501671 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын хувьд тус тус 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн газар шилжүүлэх гэрээний дагуу эзэмших эрхтэй этгээд нь Ч.Ууганбаатар тул нэхэмжлэгч Хас банк энэ талаар шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийг газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох ба дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг Ч.Ууганбаатарт шилжүүлж 000690513, 000690508 тоот гэрчилгээ тус тус олгогдсоноос үзэхэд уг газрыг хариуцагч Г.Ад буцаан олгох үндэслэлгүйн гадна тэрээр энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар, шаардлага гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй болно. 
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 137/ШШ2018/00086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяраас давж заалдах гомдол гаргахад хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ
                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 
                                                                                     Х.БАЙГАЛМАА