Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2020/00389/И |
Дугаар | 001/ХТ2022/00454 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2022/00454
“..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлалтай,
“..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“..............” ХХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: 2,456,652,772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,
Сөрөг нэхэмжлэл: 2018.07.18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.7 дахь заалт, мөн 2018.11.28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот “Зээлийн гэрээ”-ний 1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 6,000,000 төгрөг гаргуулах, даатгалын хураамжид суутгасан 4,126,358 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн, Б.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагч “..............” ХХК-д холбогдуулан 2,456,652,772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 2018.07.18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.1.7 дахь заалт, мөн 2018.11.28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот “Зээлийн гэрээ”-ний 1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу шимтгэлд төлсөн 6,000,000 төгрөг, даатгалын хураамжид суутгасан 4,126,358 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..............” ХХК-аас бүгд 2,456,652,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д олгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “..............” ХХК, хариуцагч “..............” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “..............” ХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “..............” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4,126,358 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..............” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимлийи гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “..............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 12,388,081 төгрөгийг, хариуцагч “..............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 191,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “..............” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 12,338,081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д олгож, нэхэмжлэгч “..............” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “..............” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...6,000,000 төгрөг” гэснийг “...10,126,358 төгрөг” гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4,126,358 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...110,950 төгрөг” гэснийг “...176,971 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 302,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар даатгалын хураамж болох 4,126,358 төгрөгийг ..............наас гаргуулж “..............” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1. “..............” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2013.09.18-ны өдөр олгосон Т3210/23 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг болно. Үүиий дагуу даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг. “..............” ХХК, “..............” ХХК-тай байгуулсан 2018.07.18-ны өдрийн 12/18-128 тоот “Зээлийн гэрээ”, 2018.11.28-ны өдрийн 12/18-254 тоот “Зээлийн гэрээ”-нүүдийн 3 дугаар зүйлийн 3.2.12, 3.2.13 дахь заалтад тус тус зааснаар зээлийн барьцаанд бүртгүүлсэн хөрөнгүүдийг даатгуулахаар талууд харилцан тохиролцсон. Тус заалтуудын дагуу “..............” ХХК, “..............” ХХК, “Миг даатгал” ХХК нарын хооронд 2018.11.29-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2203033488, Ү-2203033491 дугаартай хөрөнгүүдийг даатгалд хамруулах тухай “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу даатгуулагч “..............” ХХК нь 4,126,358.7 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагч “Миг даатгал” ХХК-д төлөх үүрэгтэй. “..............” ХХК, “..............” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Зээлдэгч, хамтран зээлдэгч дараах зөвшөөрлийг банкинд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл өгөх шаардлагагүй болно”, 5.2.1 “..............ин дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах” гэж тус тус заасны дагуу банк зээлдэгчийн данснаас даатгалын хураамжийн төлбөрийг суутган даатгагчийн дансанд шилжүүлж “Миг даатгал” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн зуучлагчийн үүргээ биелүүлсэн болно. Иймд давж заалдах шатны шүүхээс банкийг зээлдэгчийн данснаас суутгал хийх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд магадлалын хууль зүйн үндэслэлийг тусгасан байх ёстой. Гэтэл шүүхээс “..............” ХХК, “Миг даатгал” ХХК, “..............” ХХК нарын хооронд 2018.11.29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулагдсан боловч гэрээнд харилцагчийн данснаас шууд суутгал хийх эрхийг олгоогүй байна” гэж дүгнэн хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгалгүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Банк даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага биш, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг тул хариуцагчийн даатгалын хураамжийн төлбөр банкны орлого биш бөгөөд, хураамжийн төлбөрийг даатгагчид дамжуулан шилжүүлсэн байтал банкнаас тус хураамжийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд банкийг хохироож байна. Мөн хариуцагч нь “..............” ХХК, “Миг даатгал” ХХК нартай байгуулсан хүчин төгөлдөр даатгалын гэрээний дагуу 1 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгүүдээ даатгалд хамруулж, тодорхой хэмжээний үйлчилгээ авсан байтал даатгалын хураамжийг хариуцагчид буцаан төлөхөөр шийдвэрлэснээр даатгуулагч “..............” ХХК-д үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдлыг бий болгож байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалаар “..............” ХХК-аас даатгалын хураамж болох 4,126,358 төгрөгийг гаргуулж “..............” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Б.Цэнгэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хүлээн авч танилцаад шийдвэр, магадлалын “үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэсэн” хэсгийг тус тус эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс даатгалын хураамжид холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхын зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна.
5.1. Хариуцагч “.............." ХХК-ийн зүгээс удаа дараа зээлийн төлөлт, хүүг төлөх боломжгүй болсон талаар мэдэгдэж, энэ тухай олон удаагийн албан бичгүүдийг нэхэмжлэгч ..............инд хүргүүлж байсан. Тухайн үеийн санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй нөхцөл байдлын улмаас зээл төлөх боломжгүй болсон талаар хэлж байсан. Тодорхой арга хэмжээ авч, бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үүний үндсэн дээр зээл төлөх боломжийг олгохыг хүсч удаа дараа хандсан боловч зээлийн нөхцөл, үүссэн эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг огт харгалзан үзээгүй болно. Зээл төлөх боломжгүй талаараа мэдэгдсээр байтал тодорхой арга хэмжээ аваагүй зээлдүүлэгч банкны хувьд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалт, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан байтал нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийтдээ 4,118,995 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна. Хүү авах эрхээ алдсан байтал нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүү авах эрхээ алдсан нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв үнэлж дүгнээгүйн улмаас Иргэний хуулийн 223, 224 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй алдаа гаргасан байна. Иймээс шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хэсгийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөхөх хариуцлага хүлээн үүрэг бүхий батлан даагч Л.Гэрэлцэцэг байгаа нөхцөлд үүргийг нөхөх хариуцлагаар үүргийг хангах ёстой юм. Үүний дараагаар барьцаагаар хангах эсэх асуудал яригдах ёстой юм. Гэтэл шууд барьцаагаар хангаж шийдвэрлэсэн байгаа нь буруу байна. Батлан даагчтай байтал барьцаагаар хангах эсэх асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох учиртай билээ. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч банк нь нийт 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримтаа гаргаж өгсөн байх учир бидний хувьд мөн адил гомдлынхоо энэхүү хэсэгт энэ үнийн дүнгээр төлж баримтыг хавсаргасан болно.
Иймээс дээр дурдсан гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагч “..............” ХХК-д холбогдуулан 2018.07.18-ны өдрийн 12/18-128 тоот болон 2018.11.28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээний үүрэг, гэрээг цуцалснаас учирсан хохиролд нийт 2,456,652,772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч “..............” ХХК нь нэхэмжлэгч “..............” ХХК-д холбогдуулан 2018.07.18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалт, мөн 2018.11.28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот зээлийн гэрээний 1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд 6,000,000 төгрөг, даатгалын хураамжид 4,126,358 төгрөг суутгасныг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч “...хүү төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх хүсэлтэд тодорхой хариу өгөлгүй 2019.05.22-ны өдөр зээл төлөх мэдэгдэл ирүүлж, бүх төлбөрөө шаардсан атлаа хүү, нэмэгдүүлсэн хүү үргэлжлүүлэн тооцсон нь үндэслэлгүй, барьцааны эрх мөн дуусгавар болсон.” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмын дагуу шимтгэл авах эрх банкинд бий, үүний дагуу гэрээгээр талууд тохиролцон шимтгэл авсан. Тус банк даатгалын зуучлагчийн эрхтэй тул “..............” ХХК болон “Миг даатгал” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж даатгалын хураамжийг суутган авч шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргажээ.
7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулсан байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн хувьд “зохигчийн хооронд байгуулагдсан 2018.07.18-ны өдрийн 12/18-128 тоот болон 2018.11.28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн болон барьцааны гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч “..............” ХХК нь гэрээний дагуу хариуцагч “..............” ХХК-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах, улмаар зээлийн төлбөр төлөгдөөгүй бол барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй” гэж үзэхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
9. Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.07.18-ны өдрийн 12/18-128 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 1,400,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2018.11.28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээгээр 600,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай тус тус хөрөнгө оруулалтын зориулалтаар олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоож, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцжээ.
10. Нэхэмжлэгч зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн ба хариуцагч 2018.07.18-ны өдрийн 12/18-128 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 208 төгрөг зээлийн хүүд 149,791,550 төгрөг, нийт 149,791,758 төгрөг, 2018.11.28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 283,537 төгрөг, зээлийн хүүд 31,248,029 төгрөг, нийт 31,531,567 төгрөг төлж, бусад үүргээ хугацаанд нь төлөөгүй өрийн хуримтлал үүсгэж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байна.
11. Нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардсан, хариуцагч шаардлагыг биелүүлээгүйгээс гэрээг цуцлан шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй тул 2020.02.15-ны өдрөөр 2 удаагийн гэрээний гүйцэтгэвэл зохих үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,456,599,272 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой хохирол буюу нотариатын зардалд төлсөн 53,500 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгч нь авсан зээлээ, гэрээгээр тохирсон хүүгийн хамт, мөн зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.
12. Зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй хугацааг хэтрүүлбэл зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд дуудлага худалдааг эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу зохион байгуулна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “..............” ХХК-ийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба хоёр шатны шүүх хариуцагч нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
13. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, анхан шатны шүүх шимтгэлд суутгасан 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, даатгалын хураамжид суутгасан 4,126,358 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан ба тус шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
13.1. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А203 тоот тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад “шимтгэл” гэдгийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заагаад мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.
Зохигчийн байгуулсан 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтад “шимтгэл: зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна” гэсэн, мөн 12/18-254 тоот зээлийн гэрээний 1.7 дахь заалтад мөн энэ тухай агуулга байх бөгөөд эдгээр 2 гэрээний дагуу тус бүр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг шимтгэлд тооцон авчээ.
Зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг дээр дурдсан журмаар зөвшөөрсөн хэдий ч гагцхүү тухайн зардлын хэмжээ, зарцуулалт бодитоор тогтоогдсон байх учиртай. Талууд шимтгэл авах нь үндэслэлтэй эсэх, шимтгэлийн хэмжээ бодитой эсэх талаар маргасан, нэхэмжлэгч нь гэрээнд шимтгэлийн хэмжээг 1 хувиар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа аль алиныг нотлоогүй, энэ хэргийн хувьд 2 удаагийн зээл олгосон боловч зээлийг нэг үйл ажиллагаанд зориулж олгосон, өмнөх зээлийн барьцаа хөрөнгүүдээр хоёр дахь зээлийн үүргийг хангуулахаар давхар барьцаалж гэрээгээр тохирсноос үзвэл зээл олгох, барьцаа хөрөнгө судлах, зээлийн зарцуулалтад хяналт тавихад зориулагдах үйлчилгээний зардал буюу шимтгэлийг 2 зээлийн гэрээ тус бүрд зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон нь бодит гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “..............” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ нотлоогүй байна.
Иймээс зээлийн мөнгөнөөс шимтгэл гэж 6,000,000 төгрөг суутгасныг буцаан гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
13.2. Хариуцагчид олгох 2 удаагийн зээлээс барьцааны хөрөнгийн даатгалын хураамжид нийт 4,126,358 төгрөг суутгасан нь хуульд нийцээгүй гэж уг мөнгийг буцаан гаргуулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “..............” ХХК нь “Миг даатгал” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Миг даатгал” ХХК болон “..............” ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд даатгалын зуучлагчийн хувиар оролцож, гурван талт гэрээ байгуулж уг гэрээний дагуу барьцааны хөрөнгийг эрсдлээс хамгаалж (1 жилийн хугацаатай) хураамжийг зээлийн мөнгөөс суутган даатгагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч даатгуулагчийн эдлэх эрх, үүргийг зуучлагч гэрээгээр шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал, зуучлагч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь гэрээнд тодорхой зохицуулагдаагүй байна. Иймд “..............” ХХК даатгалын хураамжийг зээлийн мөнгөн хөрөнгөөс суутгаж, даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгагчид шилжүүлэх эрхийг гурван талт гэрээгээр авсан гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийжээ.
Мөн зээлийн гэрээний 5.2-т зааснаар даатгуулагч буюу “..............” ХХК нь даатгалын хураамжийг өөрийн өмнөөс төлөхийг банкинд хүлээн зөвшөөрсөн агуулга тусгагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын тухайд:
14.1. Эхлээд батлан даагчаас сүүлд нь барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах атал шууд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
“..............” ХХК болон “..............” ХХК-ийн захирал Л.Гэрэлцэцэг нарын хооронд 2018.07.18 болон 2018.11.28-ны өдөр тус тус батлан даалтын гэрээ байгуулагдсан нь хэргийн баримтад авагдсан, эдгээр гэрээний дагуу үүргийг хангуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаар Л.Гэрэлцэцэгийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан, энэ захирамж хүчин төгөлдөр байна.
14.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас зээл төлөх боломжгүй талаар удаа дараа мэдэгдэхэд арга хэмжээ аваагүйгээс банк зээлийн хүү, улмаар нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” агуулгатай гомдол хангагдахгүй.
Гэрээг цуцлах хүртэл хугацаанд үндсэн зээлээс хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү тооцсон нь гэрээ болон хууль зөрчихгүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 223 дугаар зүйл, 224.2.3-д заасныг хэрэглэх үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” үндэслэл нь гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй холбоотой.
Тодруулбал, дээрх зохицуулалтын “Үүрэг гүйцэтгүүлэгч хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхийн тулд хоёр талын гэрээнд харилцан үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээгээр нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс шалтгаалсан, зайлшгүй шаардлагатай ямар нэгэн үйлдэл эхэлж хийсний дараа нөгөө тал үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх тохиолдлын тухай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан “үүрэг гүйцэтгэхээс татгалзах” буюу нэг тал эхэлж үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах агуулгатай ижил юм.
“Хариуцагч төлбөрийн чадваргүй болсон тухайгаа мэдэгдэхэд нэхэмжлэгч арга хэмжээ аваагүй” гэх хариуцагчийн гомдолд дурдаж буй үндэслэлийг “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн” нөхцөлд хамааруулж Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2.3-т заасныг баримталж, нэхэмжлэгчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэх нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
15. Дээрх үндэслэлээр зохигчийн хэн алины гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “..............” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нар/-ийн 2020.12.11-ний өдөр төлсөн 80,980 төгрөг, хариуцагч “..............” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Б.Цэнгэл нар/-ийн 2020.12.02-ны өдөр төлсөн 221,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ