Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 14

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/

Хохирогч О.О

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.М холбогдох 1929002550132 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч О.О давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 39 настай, эмэгтэй, яс үндэс-халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин ажилтай , ам бүл 2, охины хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.М

Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 километрийн зайд Баруун балганы бууц гэх газарт  О.О хувийн таарамжгүй харьцаанаас буюу өр, авлагын асуудлаас маргалдаж улмаар түлхэж унагах, нүүр лүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий

прокурор Б.Энхмэнд нь шүүгдэгч М.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М 500 төгрөгөөр торгох ял шийтгэж,  шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М эм, тариа авсан 241226 төгрөгийг гаргуулан хохирогч О.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 736500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Хохирогч О.О нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Миний бие О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км-ийн зайд Баруун балганы бууц гэх газарт иргэн М.М зодуулсны улмаас өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөөр хохирсон.

Эрүүгийн 1929002550132 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М эм, тариа авсан 241 226 төгрөгийг гаргуулан хохирогч О.О олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 736500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай..." гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйл Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор арилгах...", 499 дүгээр зүйлийн 1-т "...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй хэмээн хуульчилсан байх бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд мөн хохирогч миний биед тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарсан хохирол байхгүй юм.

Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйл “...бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах...” 505 дугаар зүйлийн 1-т “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” хэмээн хуульчилсан бөгөөд Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 588 дугаартай дүгнэлтээр миний биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи. баруун шууны цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохох зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн..." хэмээн дүгнэсэн бөгөөд миний бие уг гэмтлийн улмаас Цогтцэций суманд байрлах “Оточ” эмнэлэгт 90000  төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн.

Мөн сум дундын эмнэлэгт үзүүлээд 60000 төгрөгөөр эм тариа, дусал хийлгэсэн. Уг эмчилгээний үр дүнд миний бие бүрэн эдгэрээгүй бөгөөд уг гэмтлийн улмаас миний баруун шанаагаар янгинаж өвдөх, шүлс болон хоол унд залгиж болохгүй зэрэг зовуурь ихтэй байсан бөгөөд дахин сумын эмнэлэгт үзүүлэхэд надад тархины нарийн шинжилгээ болох ММР1 шинжилгээ хийлгэ гэсэн бичиг хийж өгсөн бөгөөд миний бие Улаанбаатар хотод “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт нарийн шинжилгээнд 350000 төгрөгөөр орж улмаар баруун талын судас пүлцэнхтэй, өргөсөж нарийсалттай гэсэн бөгөөд надад 360000 төгрөгийн эм тариа өгсөн. Үүнээс гадна хот руу ирж очих зардал 50000  төгрөг, хоолны зардал 35000 төгрөг, мөн миний 750000 төгрөгийн утсыг хагалсан зэрэг нийт хохирол 1660000  төгрөгийн хохирол учирсан байхад уг хохирлоос миний бие 977726 төгрөгийн хохирол зэрэг зайлшгүй гарсан зардлыг шаардаж уг эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгсөөр байтал шүүхээс уг гэмт хэргийн хохиролд шүүгдэгч М.М 241226 төгрөгийг гаргуулж үлдэгдэл 736500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “... шүүгдэгч М.М 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй..." гэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулна хэмээн заасан байх бөгөөд миний бие “...эмчилгээний зардлаа авчихвал гомдолгүй...” /хх-ийн 11-12-р хуудас/ гэж мэдүүлсээр байхад тус шүүхээс ямар үндэслэлээр шүүгдэгчид оногдуулах, ялыг хөнгөрүүлж 500 нэгжээр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй. Шүүгдэгч М.М нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/141 дүгээр шийдвэр нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  тул давж заалдах шатны шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:”...Хохирогч нь дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт буюу “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг “...шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэнтэй санал нэг байна. Мөн тухайн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М нь хохирогч О.О зодсон, түүнд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогддоггүй.

О.О нь М.М хэл амаар элдвээр доромжилж, эхэлж толгойн тус газар нь цохиж авсан ба М.М түүний 2 гарыг барьж цааш нь 3 удаа түлхэж унагаасан үйлдэл хийсэн талаар М.М мэдүүлдэг. Өөрийгөө хамгаалж, түлхэж унагаасан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Цохиж авсан гэдгийг хохирогч, гэрч нотолж байна гэж үзвэл М.М цохисон үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан гэдэг нь нотлогддоггүй. Яагаад гэвэл анх тухайн үйл явдал, хэрүүл маргаан болсны дараа орой нь О.О эмнэлэгт очиж үзүүлэхэд нүд болон хөл гар нь хөхөрсөн талаар, толгой нь өвдөж, тархи нь хөдөлсөн талаар огт дурдаагүй, тэмдэглэгдээгүй байдаг. Хэрвээ М.М цохисон үйлдлээс болж нүд нь хөхөрч, гэмтэл учирсан бол энэ талаар тухайн үед үзлэг хийсэн эмч тодорхой бичих ёстой. Энэ талаар огт бичигдээгүй байхад тухайн өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2019.09.10-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд толгой нь өвдсөн, 2 нүд нь хөхөрсөн талаар тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр тухайн гэмтлийг 2019.09.03-ны өдрөөс хойш авсан болох нь харагддаг.  Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг,гэрч Н.А мэдүүлэг зэрэг нь хоорондоо зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан байдаг. Энэ бүхнийг шүүх анхаарч үзээгүй нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тэгэхээр М.М нь О.Оыг биеэ хамгаалж түлхсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, мөн түүний хохирогчийг цохисон гэдэг нь нотлогдохгүй байна. Хэрвээ цохисон гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж үзвэл түүний түлхсэн, цохисон үйлдлээс болж О.Од хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь нотлогдохгүй байна. Хэрвээ М.М цохисон, гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдож байна гэж үзвэл тухайн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрвээ анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзвэл хохирлын талаарх баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор хянаж үзсэний үндсэн дээр хохирогчид тухайн хэрэгт хамааралтай 241226 төгрөг гаргуулж, тухайн хэрэгт хамааралгүй, шүүгдэгч М.М үйлдэлтэй холбоогүй 736500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, мөн шүүгдэгчид улсын яллагчийн гаргасан саналын дагуу 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Харин хохирогчийн давж заалдах гомдолдоо дурдсан “...шүүгдэгч М.М нь миний 750000 төгрөгийн утсыг хагалсан” гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь хохирогч нь цагдаагийн байгууллагад анх гомдол гаргахдаа бусдад зодуулсан тухай мэдээлэл өгдөг. Утас хагалсан талаар гомдол гаргадаггүй. Гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гар утас хагалсан талаар огт мэдүүлдэггүй.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж үзэж байна. Тэгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг буюу Иргэний хуулийн 499 гэснийг 505 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө  үү” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан заалтыг баримтлан шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд М.М оногдуулсан ял нь гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг үндэслэл бүхий тогтоож чадаагүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс М.М үйлдлийг гэмт хэрэг биш О.О цохиж гэмтэл учруулаагүй гэж үзэж байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Яагаад гэвэл М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр маргалдаж О.О 3 удаа түлхсэн үйлдэл хийсэн байдаг. М.М нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө цохиогүй гэж мэдүүлсэн. М.М хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

Хохирогч О.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх хэргийг шийдвэрлэхдээ  тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Уг гэмт хэрэгт ямар ч тээврийн хэрэгсэл хамаараагүй. М.М 241 266 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн үед би шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд эмчилгээ хийлгэж байсан. Надаас нийт хохирол болох эмчилгээ, эм тариа, тээврийн хэрэгслийн зардалд нийт 977 726 төгрөг гарсан бөгөөд уг мөнгөн дүн нь зөвхөн эмнэлгийн зардал юм. М.М намайг зодож гэмтэл учруулснаас үүдэлтэй юм. Хэрвээ намайг зодож гэмтэл учруулаагүй байсан бол эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Би мэдүүлэг өгч байх үедээ хохиролгүй болбол гомдолгүй гэж хэлж байсан хэдий ч М.М анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй. Ямар ч мөнгө өгөөгүй. Иймд эрхэм шүүгч та бүхэн үнэн зөв шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү” гэв.                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.О 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч М.М нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 километрийн зайд Баруун балганы бууц гэх газарт  О.О хувийн таарамжгүй харьцаанаас буюу өр, авлагын асуудлаас маргалдаж улмаар түлхэж унагах, нүүр лүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан хохирогч О.О /хх-11-12/, гэрч Н.А /хх-19/, А.Х /хх-20/, яллагдагч М.М /хх-17/ нарын мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс М.М оногдуулсан торгох ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч О.О “анхан шатны шүүх Иргэний хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой учир хохирлыг шийдвэрлэх өгөх тухай” давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хохирогч О.О нь хавтас хэрэгт эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудаа нэхэмжилсэн нотлох баримтуудыг /хх-32-35/ гаргаж өгсөн байхад дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлтийг хийлгүйгээр 736500 төгрөгийн нэхэмжлэлийн /хх-89/ шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хохирогчийн хохирол гаргуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч О.О нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...гэмт хэрэг болох үед утсаараа бичлэг хийж байхад М.М нь миний утсыг булааж авч шидээд нүүрийг нь хагалсан ба би энэ талаар шалгуулах хүсэлтийг мөрдөгчид гаргаагүй, утсаа нэхэмжлэхгүй гэж шүүгдэгчид хэлсэн, зөвхөн эмчилгээтэй холбоотой зардлаа авна гэсэн санал, тайлбарыг гаргасан тул гар утсыг эвдсэн талаар шалгуулах өргөдөл, гомдол гаргаагүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагч Д.Ганчимэг /хх-81/-ийг шүүх хуралдаанд оролцсон мэтээр бичсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Энхмэндээс энэ талаар тодруулан асуухад анхан шатны шүүх хуралдаанд прокурор Б.Энхмэнд нь өөрөө оролцсон, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй гэсэн тайлбарыг өгсөн тул шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагчийн нэрийг буруу бичсэн алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгээгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэсэн заалтыг анхан шатны шүүхээс заавал хэрэглэхээр Эрүүгийн хуульд заагаагүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

160 дугаар зүйлийн 106.1-д ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...  биелүүлэх үүрэгтэй болно.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М эм тариа авсан 241226 төгрөгийг гаргуулан хохирогч О.О олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 736500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М 977726 /есөн зуун далан долоон мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан О.О олгосугай гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                    Т.БЯМБАЖАВ