Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/ма2025/0661

 

 

 

 

 

 

 

 

АП ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, өмгөөлөгч Т.Д

Нэхэмжлэгч: АП ХХК

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дуугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т сумын Ерөнхий боловсролын сургууль, Ир ХХК нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Т сумын Үнэлгээний хороонд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2025/0016 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

Хариуцагч Б.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 126/2025/0108/3

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа:

        1.1. Анх Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Т сумын Үнэлгээний хороонд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,   

         2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль, түүний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т сумын Ерөнхий боловсролын сургууль, Ир ХХК нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах” гэсэн.

         1.2. Харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль, түүний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т сумын Ерөнхий боловсролын сургууль, Ир ХХК нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г тус тус үнэлэхийг Т сумын Үнэлгээний хороонд даалгах” гэжээ.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2025/0016 дугаар шийдвэрээр: Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль, түүний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т сумын Ерөнхий боловсролын сургууль, Ир ХХК нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г тус тус үнэлэхийг Т сумын Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай “Хичээл үйлдвэрлэл, дадлагын зардал” гэсэн тендер шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний тендер шалгаруулалт явагдаж манай АП ХХК-ийг шалгарсан гэсэн албан бичиг ирүүлсэн үед тендерт оролцсон Ир ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан байсан. Сангийн яам нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өдөр “Гомдол хянасан тухай” 02/3217 дугаартай албан бичгийг Т сумын Ерөнхий боловсролын сургуульд явуулж, хувийг Ир ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх...” ...маягтын дагуу оролцогч нарт захиалагчийн шийдвэрийг хүргүүлэх нь зүйтэй... гэсэн байдаг. Энэхүү албан бичиг манай байгууллагад ирээгүй ба Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороо нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод явж байхдаа цахимаас харж мэдсэн болохоос Үнэлгээний хороо нь үнэлгээний үр дүнгийн талаар манай компанид мэдэгдэл ирүүлээгүй. Харин 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай компанид ирүүлсэн өмнөх 47 тоот албан бичгийг цахимд байршуулсан байсан.

3.2. Үнэлгээний хороо нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны хурлаараа манай компанийг ямар шалтгаанаар шалгаруулаагүй болохыг манайд мэдэгдээгүй бөгөөд 05 дугаар сарын 09-ний өдрийн орой цахимаас харж мэдэх үед гомдол гаргах 5 хоногийн хугацааны 4 хоног нь өнгөрсөн байсан тул цахим системд байршуулсан албан бичгийг хэвлэн Сангийн яаманд гомдлоо гаргахад Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай гомдлыг өмнөх шалгаруулалтын мэдэгдлийг хавсарган ирүүлсэн байна гэж буцаасан. Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ манай компанийг шалгаруулаагүй шалтгаанаа буюу Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн АП ХХК-д гэж хаягласан 102 дугаар албан бичгийг бидэнд цахимаар болон цаасаар мэдэгдээгүй тул ямар шалтгаанаар хасагдсанаа мэдээгүй. Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн  Үнэлгээний хорооны цахим системд тавьсан материалыг хавсаргасныг Сангийн яам “Захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй” гэж буцаасан. Төрийн худалдан авах цахим системд Захиалагчийн цахим системд нийтэлсэн шийдвэрийг гомдолдоо хавсаргасан бөгөөд Үнэлгээний хороо цахимд нийтэлсэн шийдвэрийг гомдолдоо хавсаргасан бөгөөд үнэлгээний хороо 47 дугаар шийдвэрээс өөр зүйл Төрийн худалдан авах цахим системд байршуулаагүй байсан тул энэ нь манай компанийн буруу биш.

Манай гомдолд хариу өгсөн Сангийн яамны энэхүү 02/4163 дугаартай бичгийг бид Сангийн яам урьдчилж шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж ойлгон 2025 оны 6 Дугаар сарын 03-нд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.3. Т сумын ЕБС-ийн Үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тендер шалгаруулалтаараа Ир ХХК-ийн үнийн санал зөрүүтэй гэсэн шалтгаанаар шалгаруулаагүй байтлаа, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерийг дахин үнэлэхдээ Сангийн яам "Ир ХХК-ийг шалгаруул" гэсэн гэдэг худал мэдээлэлд итгэн Ир ХХК-ийн тендерийн үнэд ач холбогдол өгөлгүй, зөрүүтэй үнийн саналыг харгалзан үзэлгүйгээр дээрх оролцогчийг шалгаруулсан байдаг. Энэ талаар Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа "2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Үнэлгээний хорооны гишүүд ярилцаад оролцогч Ир ХХК руу залгаж үнийн талаар асуухад 29,010,500 төгрөг гээд хэрэв 27,000,000 төгрөг гэвэл танай авах ёстой бараанаас хасагдана гэсэн тайлбар хэлсэн тул АП ХХК-ийг шалгаруулсан ба Сангийн яаманд Ир ХХК-ийн гаргасан гомдлын хариу ирүүлсний дараа Ир ХХК-ийн Д.Э гэдэг хүн бидэн рүү удаа дараа залгаж манайхыг шалгаруул гэсэн гэх утга бүхий зүйл ярьсан" гэж тайлбарласан нь дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

3.4.Манай компани хариуцагчийн хариу тайлбар болон шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцах үедээ Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн АП ХХК-д гэж хаягласан 102 албан бичгийг олж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ албан бичигт "Тус сургуулийн хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт танай байгууллага Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 15.5, мөн 11.2,11.2.5-д заасан нотлох баримт бичгийг ирүүлээгүй тул танай өрсөлдөгч байгууллага шалгарсан байна" гэсэн байх бөгөөд энэ бичиг дурдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн 15.5, 11.2, 11.2.5 гэх зүйл заалтууд чухам ямар хууль, дүрэм, журам, зааварчилгаанд байгаа талаар өөрсдөө ч мэдэхгүйгээр зөвхөн Сангийн яамнаас ирүүлсэн бичгийг хуулж бичсэн гэж тайлбарлаж байна. Тиймээс хуульд байхгүй үндэслэлээр АП ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль бус байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр худалдан авах ажиллагаанд Сангийн яам хяналт тавьдаг учраас Сангийн яамнаас Ир ХХК-ийн гомдлыг хянаад Т сумын Ерөнхий боловсролын сургуульд ирүүлсэн 2025 оны 02/3217 дугаартай албан бичигт дурдсан зүйлийг хуулж бичсэнээ болон Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102 тоот албан бичгийг тендерт оролцогч АП ХХК-д хүргүүлээгүй, цахимд андуурч өөр бичиг тавьсан гэж тайлбарласаар байгааг зөвтгөх боломжгүйгээс гадна Үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагагүй, тендерт оролцогчдод тэгш бус хандаж байгаа дээрх байдал нь Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэснийг зөрчсөн.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18. "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах, бараа, ажил үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэр; гэж тодорхойлжээ. Тэгвэл захиалагч байгууллагын "Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичиг"-ийн III бүлэг, Техникийн тодорхойлолт гэсэн хэсгийн Захиалагчийн техникийн тодорхойлолт гэсэн хэсэгт "баглаа боодол нь стандартад нийцсэн, шошготой, монгол, орос улсад үйлдвэрлэсэн" гэснээс өөр зүйл тусгаагүй байдаг бөгөөд АП ХХК нь техникийн тодорхойлолтоо "стандартын шаардлага хангасан, захиалагчийн шаардсан стандартад нийцсэн" гэж тодорхойлсныг буруутгах боломжгүйгээс гадна тендерт шалгарсан гэх Ир ХХК-ийн техникийн тодорхойлолт ч бүрэн бус, мөн л шаардлага хангаагүй байхад Ир ХХК-ийг шаардлагад нийцсэн гэж үзэн шалгаруулж байгаа нь дээрх оролцогчид давуу байдал бий болгосон нь харагдаж байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулагдсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Тендер шалгаруулалтын зарлал"-аас (1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр тал) үзэхэд хариуцагч тендер шалгаруулалтын аргаа тодорхойлохдоо "нээлттэй" гэж тодорхойлсон байх тул энэхүү аргаар тендер зохион байгуулж байгаа тохиолдолд үнийн санал дуудах замаар уг шалгаруулалтыг зохион байгуулах үндэслэлгүй” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.10-д “Шүүх энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно" гэж заасан байхад шүүх Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан нотлох баримтуудыг цахим системээс шинжлэн судлаагүй зөвхөн хариуцагч нараас ирүүлсэн "цаасан тендер"-ийн эргэлзээ бүхий бичиг баримтыг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.6. Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хорооноос Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан нотлох баримт болох "Тендер шалгаруулалтын зарлал"-д нээлттэй гэж байгаа боловч, мөн системд байршуулсан 2025 оны 05 сарын 06-ны өдрийн тендер шалгаруулалтын мэдэгдэлд ...ХАА-д мөрдөх журам гэсэн хэсэг "Харьцуулалтын арга" гэж тэмдэглэсэн байгаа нь цахим системээс харагддаг. Мөн тендерт оролцогчдоор үнийг дуудуулаад байгаа нь уг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан “Харьцуулалтын арга” -аар явуулсан гэх үндэслэлтэй байна.

3.7.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 16, 17-д “...нэхэмжлэгчид ямар нэг сэргэх эрх байхгүй гэж шүүх үзлээ” гэжээ. АП ХХК нь тендерт оролцогчийн хувьд тендерт шударгаар өрсөлдөх, оролцох, ижил тэгш боломжоор хангагдах Үнэлгээний хороонд хүргүүлсэн өөрийнхөө тендерийг ямар үндэслэлээр татгалзсаныг мэдэх, Төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй байхад “нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч АП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд заасан “Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” зардлаар бүтээгдэхүүн худалдан авах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар АП ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулж, хамтран ажиллах зөвлөмжийг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлсэн байна.

 3.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ир ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/3217 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороонд мэдэгдсэн.

3.4 Үүний дагуу Үнэлгээний хороо 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, түүний дагуу гарсан зөвлөмжөөр 2 оролцогчийн материалыг дахин хянаж үзээд Ир ХХК нь нийлүүлэх барааны стандарт болон техникийн тодорхойлолт, зургуудыг бараа тус бүрийн ард хавсаргасан, АП ХХК нь барааны стандартыг заагаагүй зөвхөн нийцсэн гэж бичсэн гэх үндэслэлээр Ир ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101 дүгээр албан бичгээр Ир ХХК-д 6 хоногийн дараа ирж гэрээ байгуулахыг, 102 дугаар албан бичгээр АП ХХК-д тендерт шалгараагүйг тус тус мэдэгдсэн албан бичгийг гаргасан.

 3.5. Нэхэмжлэгч АП ХХК нь тендерт шалгараагүй талаарх албан бичгийг хүлээж аваагүй, тендерийн цахим мэдээллээс тендерт шалгараагүй болохоо мэдэж Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/4163 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй гэх үндэслэлээр гомдлыг буцаасан.

3.6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч АП ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн байх тул “цахим мэдээлэлд  үнэлгээний хорооны өмнөх шийдвэр тавигдсан, үнэлгээний хорооны шалгаруулахаас татгалзсан  шийдвэрээ цахимд оруулаагүйгээс Сангийн яам манай гомдлыг буцаасан” гэх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Мөн уг албан бичигт тендер шалгаруулалтын зааварчилгаанд байхгүй заалтуудыг дурдсан талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т үндэслэл бүхий дүгнэжээ.

 3.7. Нэхэмжлэгч АП ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулснаар Хөвсгөл аймгийн Тарилан сумын Ерөнхий боловсролын сургууль, тус сургуулийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т сумын Ерөнхий боловрсолын сургууль, Ир ХХК нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Т сумын Үнэлгээний хороонд даалгах” гэж тодорхойлон маргажээ.

 4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс уг тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тендер шалгаруулалтын аргаа анх “нээлттэй” гэж тодорхойлон тендер зохион байгуулж байгаа тохиолдолд үнийн санал дуудах замаар уг шалгаруулалтыг зохион байгуулах үндэслэлгүй...” гэж, мөн “...гуравдагч этгээдээс гаргасан гомдол хянасан Сангийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/3217 тоот албан бичигт АП ХХК-ийн тендерт санал болгож байгаа барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн талаарх мэдээлэл ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч уг албан бичигтэй холбогдуулан гомдол гаргаагүй ... хариуцагчаас уг албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн санал болгосон тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасанд нийцсэн” гэж тус тус зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тендер шалгаруулалтын аргатай маргахгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд Тендер шалгаруулалтын зард “нээллтэй” тендер шалгаруулалт явуулахаар зарласан.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.”Захиалагч нийт төсөвт өртөг нь харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг харьцуулалтын аргаар цахим системд үнийн санал дуудаж зохион байгуулж болно.” гэж зааснаар уг тендер шалгаруулалтын төсөвт өртөг Засгийн газрын 2024 оны 02 дугаар тогтоолоор баталсан дээд хязгаарт хамаарахгүй тул энэ талаарх хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт хийгээгүй болно.

6. Хариуцагчаас гуравдагч этгээд Ир ХХК-ийг тендерт шалгаруулсан тухайд,

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэгт техникийн тодорхойлолтыг тодоройлохдоо (1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал) “тухайн барааны үзүүлэлт бүрийг жагсааж бичих..., дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж тус тус заасан.

 6.2.Тодруулбал, АП ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар тал) нь  Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэгт техникийн тодорхойлолтыг тодорхойлохдоо  “тухайн барааны үзүүлэлт бүрийг жагсааж бичих..., дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж заасны дагуу ирүүлээгүй буюу зөвхөн стандартын шаардлага хангасан, нийцсэн гэснээр техникийн тодорхойлолтыг бүрэн ирүүлсэн гэж үзэхгүй.

6.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч АП ХХК нь техникийн тодорхойлолт дахь шаардлагыг нэгэнт хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон төдийгүй Сангийн яамнаас гомдол хянасан тухай албан бичигт энэ талаар дурдсан талаар Үнэлгээний хороо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

7. Үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт” гэж заасанд нийцсэн. Уг шийдвэрийн дагуу захиалагчаас гарсан шийдвэр мөн хуулийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”: 28.1.1.”хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.1.3.”шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасанд нийцсэн.

8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч АП ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байгааг Сангийн яамнаас тогтоосноос хойш энэхүү шаардлагыг хангасан үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс ийнхүү тогтоосон Сангийн яамны шийдвэртэй маргаагүй тул  энэ талаарх Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

9. Харин тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.”Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.”, 28.3.”Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаа байгаа боловч уг алдаа нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүрэхүйц алдаа биш байна.  

10. Үүнээс үзэхэд, хариуцагчаас “техникийн тодорхойлолтоо ирүүлсэн, мөн бага үнэтэй 1 дүгээрт эрэмбэлэгдсэн” гэж үзээд Ир ХХК-ийг шалгаруулснаас “бага үнэтэй 1 дүгээрт эрэмбэлэгдсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй гэх шалтгаанаар Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн тул хариуцагчаас гэрээ байгуулсан захиргааны үйл ажиллагааг мөн хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй. 

11.Эдгээр хэрэгт авагдсан баримтуудаар Үнэлгээний хорооны үйл ажиллагаа алдаатай боловч нэгэнт нэхэмжлэгч АП ХХК-ийн техникийн тодорхойлолт шаардлагад нийцээгүй энэ тохиолдолд хамгаалагдах эрх байхгүй учраас дээрх захиргааны актуудыг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгаснаар “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШШ2025/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

              ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

    ШҮҮГЧ                                                 Ц.САЙХАНТУЯА

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН