Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Батбаяр,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр ҮД:18-86,

шүүгдэгч Ө.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод  хотод 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ “Энканто-Тауны” спорт цогцолборт камер хянагч ажилтай байсан, ам бүл-5, эхнэр, 4-14 насны  3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16-738 /б/ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай  шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2,  мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж  шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Өлзийдаваагийн Ганбатад /РД:НЮ83013115 /

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт  үйлдсэн эрүүгийн 2016 2501 3917 дугаар 105/2017/0077/Э индекстэй хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ганбат нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг 28 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто-Тауны спорт цогцолборын үүдний танхимд хохирогч Р.Мягмарбаатартай түүний зүй бус харьцаанаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ганбат мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг үнэн тул хэргийн талаар   дахин ярихгүй гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Мягмарбаатарын:..  Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай найз Энгүүн гадаадаас ирсэн учир би найз Чинбилэгтэй хамт очиж уулзахаар Энканто-Тауны спорт цогцолборт 23 цагийн үед ороход үүдний хамгаалагч бололтой нэг залуу манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэхээр нь би танайхаар үйлчлүүлэхгүй манай найз танай саунд байгаа би орж уулзаад гараад ирье гэхэд оруулахгүй гэж байснаа хамгаалагч залуу за за нэг нь ор, саун 7 давхарт шүү гэхээр нь би лифтээр дээшээ 7 дугаар  давхарт гарахад сауны давхар биш байсан. Тэгээд би Энгүүн рүү утасдахад утсаа авахгүй байхаар нь жаахан  хүлээж  байгаад авахгүй болохоор нь найзыгаа гэрт хүргэж өгөх гээд 23 цаг 30 минутын үед гарсан. Тэгээд найз Чинбилэгийг гэрт  нь хүргэж өгөөд харих гээд явж байхад Энгүүн утасдаад  "чи яасан бэ" гэхээр нь би "би очсон чам руу залгаад байхад чи утасаа авахгүй байсан шүү дээ тэглээч хамгаалагч нь оруулахгүй байсан гэхэд  за за би одоо удахгүй гарах гэж байна, одоо хүрээд ир" гэхээр нь би буцаад Энканто спорт цогцолбор дээр очиход цагаан цамцтай хамгаалагч оруулахгүй гэхээр нь би "би саунд орохгүй, хүн аваад буцаад гарна" гэхэд оруулахгүй гээд байхаар нь би лифтэнд ороод дээшээ явах гэхэд дээшээ явуулахгүй гээд лифт хаачаад байхаар нь бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нилээн байж байхад тэр залуугийн уур хүрээд миний хувцаснаас зуураад лифтнээс татаж гаргаад 2 гараараа миний бүсэлхий хэсгээс бариад тэврээд үүдрүү гаргах гээд байхаар нь би эсэргүүцээд байж байхад тэр залуу гараа бүсэлхийнээс аваад баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй миний зүүн хацар шанаа хэсэгт цохисон... Миний зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгний дээд хэсэг, хоёр өвдгөнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлийг энэ хэрэгт шалгагдаж байгаа цагаан цамцтай хамгаалагч залуу буюу Ө.Ганбат надад учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/             Мөрдөн байцаалтад гэрч Б.Чинбилэгийн: ... Би 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр найз үед Мягмарбаатартай хамт түүний найзтай уузлахаар Энканто Тауны спорт цогцолбор луу явсан. Тэгээд орсон чинь үүдний хамгаалагч нь бид хоёрыг  "согтуу байна, манайх согтуу хүн оруулахгүй" гэхээр нь бид хоёр  "бид 2 танайхаар үйлчилүүлэхгүй бид 2 найзтайгаа уулзаад гараад ирнэ" гэхэд тэр хамгаалагч залуу лифтээ дараад зогсоод байсан. Тэгээд ярилцаж байгаад манай найз дээшээ гарахаар болоод дээшээ гарсан. Тэгээд би шууд гадаа гараад байж байхад манай найз удалгүй ганцаараа бууж ирээд бид 2 такси бариад манайхруу яваад намайг хүргэж өгсөн би гэрт ороод унтаад өгсөн. Тэгээд нөгөөдөр нь ийм зүйл болсоныг найзаасаа сонссон.." гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батболдын:"...Би хэрэг болох үед амралтаа авсан байсан...Дараа нь хяналтын камер шүүж үзсэн. Хяналтын камераас бол хохирогч этгээд өндөр согтолттой олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэхээр ажиллагаа хийж байгаа ажилтануудыг хэл амаар доромжилсон, биед нь халдсан үйлдэлүүд харагдаж байна. Мөн асуудлын дараа гар барьж эвлэрч хамт явж байгаа эмэгтэйгээ гарч байгаа бичлэг байсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн үзлэг хийсэн 15021 тоот дүгнэлтэнд:

1.Мягмарбаатарын биед зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгний дээд хэсэг, хоёр өвдгөнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүул мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт шинжээч  эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-20-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд  Ө.Ганбат нь ажил  үүргээ гүйцэтгэж байхад   хохирогч Р.Мягмарбаатар согтуугаар олон  нийтийн  газар  орж ирэхээр нь согтуу хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлага тавихад эсэргүүцэн   маргалдсаны улмаас  Р.Мягмарбаатарын эрх чөлөөнд халдаж  бие махбодид нь  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  байна.

Ө.Ганбат нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг 28 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто-Тауны спорт цогцолборын үүдний танхимд хохирогч Р.Мягмарбаатартай түүний зүй бус харьцаанаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  Ө.Ганбатын гэм бурууг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

Р.Мягмарбаатар нь өөрт учирсан  хохиролд 4.800.000 төгрөгийг авсан цаашид  гомдол санал,  нэхэмжлэх зүйлгүй  гэсэн хүсэлтийг  шүүхэд ирүүлсэн  тул  Ө.Ганбатыг  бусдад  төлөх төлбөргүй  гэж үзэв. / хх-н 117-р тал/

Шүүгдэгч Ө.Ганбат нь урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай  шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2,  мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна./хх-н 27-51-р тал/

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

Ө.Ганбат нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай  шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн  223.1-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацагаар хасч , 2 жилийн   хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн  боловч    шүүхээс ялыг  тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй  болсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Ганбатыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт  хэрэг үйлдэгдэхэд  хохирогчийн буруутай  үйл ажиллагаа нөлөөлсөн  зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Өлзийдаваагийн Ганбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Өлзийдаваагийн Ганбатыг 1 /нэг/ жил 6 /зургаан/  сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ө.Ганбатад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ө.Ганбат нь хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Диг уг хэргийг хадгалах хугацаа  дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.      

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ө.Ганбатад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/  сарын  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ө.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Ганбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ