| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овгийн Ж-ын Д-д холбогдох 2313001910177 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 44 минутад хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн 11-6 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овгийн Ж-ын Д-, регистрийн дугаар БЮ............/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18-19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн машин дотроо тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Н-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед Т.Н-г өөр машинд суусан тул хардалтын улмаас зодсон. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. 2313001910177 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Т.Н-гаас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 00 минутад гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),
2.2. Хохирогч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Ж.Д-той нэг жил найзалж байна. ...Би 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орой 18 цагийн үед гэрээс гараад 1 дүгээр багт байрлах надтай хамт ажил хийж байсан нэг хүний гэрт очих гээд явж байхад зам дагуу манай ээжийн найз болох Е- гэх хүний хүүхэд Г- тааралдаж намайг 1 дүгээр багт байрлах очих гэсэн айлын ойролцоо очиход миний үерхэж байсан найз залуу болох Ж.Д- өөрийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлтэй ирээд миний явж байсан гэх тээврийн хэрэгслийн урд талын замыг хаагаад надад буугаад ир гээд сигнал дараад тус машиныг явуулахгүй байхаар нь би буугаад очсон. Очоод Ж.Д-ын тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр суусан. Тэр үед намайг дөхүүлж өгөх гээд явж байсан тээврийн хэрэгсэл хөдлөөд яваад өгсөн. Тэр үед Ж.Д- урд жолооч талын суудал дээр сууж байсан ба эргэж хойшоо хараад баруун талын гараар миний дух хэсэгт нэг удаа цохиж миний хацар болон чих бусад хэсэгт цохиод үсдээд авсан. Дараа нь тээврийн хэрэгслээсээ бууж ирээд намайг цаашаа суу гэхээр нь би суухгүй байж байхад энэ чиний эцгийн хөрөнгө биш гэж хэлээд өшиглөсөн. Мөн тээврийн хэрэгслээс буух гээд хаалганаас нь барихад энэ чиний эцгийн хөрөнгө биш гараа ав гээд бас цохиж өшиглөж зодсон. Тэгээд намайг зодож байгаад тээврийн хэрэгслээ асаагаад манай гэрийн доод талын гудамжинд авч ирээд тээврийн хэрэгслээс буулгаад яваад өгсөн. Намайг зодож байгааг харсан үзсэн хүн байхгүй. Бид хоёр маргахад Ж.Д-ын тээврийн хэрэгсэл дотор байсан ба тээврийн хэрэгсэлд бид хоёроос өөр хүн байгаагүй. ...100.000 төгрөгөөр эм худалдаж авсан, гаргаж өгөх баримт байхгүй. ...Ж.Д-д хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 14 дэх тал),
2.3. Гэрч Е.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд Н- “энд миний найз залуу явж байгаа юм байна” гэж хэлээд миний машинаас хурдан буугаад тухайн машинд очоод суусан. Тэгээд би яваад өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
2.4. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Х-ын гаргасан 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 401 дугаартай “...1.Т.Н-гийн биед тархины доргилттой, духны баруун хэсэгт хавдартай, хамрын нуруунд шалбарсан, хамрын нурууны мурийлттай, баруун шуунд, баруун алганд, баруун бугалгад, баруун мөрний урд хэсэгт, зүүн бугалгад, баруун бугалгад, баруун гарын сарвуунд дээд гадаргууд, баруун гуяны урд гадаргууд, баруун гуяны хажуу талд, баруун шилбэний урд хэсэг, баруун тахим орчим, зүүн өвдгөнд, зүүн шууны урд хэсэгт, зүүн гуяны баруун хажуу талд, зүүн өгзгөнд тус тус хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын хэнгэргийн хальс бүтэн улайж хавдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо, 2-оос дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Т.Н-гийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11/38 дугаартай “...Тус багийн оршин суугч Ж овогтой Д нь /БЮ............/ тоот регистрийн дугаартай. Ам бүл 4. Эцэг, дүү нарын хамт Өлгий сумын ... дүгээр баг, Бүркит ... гудамж, 6щ... тоотод оршин суудаг. Ж.Д- нь төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй. Өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, 8.-.8 БӨА улсын дугаартай Рruis 20 маркийн авто машинтай болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал),
- Шүүгдэгч Ж.Д-ын иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал)
- Хаан банкны харилцагч Ж.Д-ын 5197............ тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн иргэн Т.Н-гаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), хохирогч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 11, 14 дэх тал), шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 401 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал), гэрч Е.Г-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.2. Шүүгдэгч Ж.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18-19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө 85-48 БӨА улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор хардалтын улмаас найз охин нь болох хохирогч Т.Н-г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогчийн биед тархины доргилт, духны баруун хэсэгт хавдар, хамрын нуруунд шалбарсан, хамрын нурууны мурийлт баруун шуу, алга, бугалга, мөрний урд хэсэгт, баруун гарын сарвуунд дээд гадаргууд, баруун гуяны урд гадаргуу, баруун гуяны хажуу тал, баруун шилбэний урд хэсэг, баруун тахим орчим, зүүн өвдөг, зүүн шууны урд хэсэг, зүүн гуяны баруун хажуу тал, зүүн өгзөг болон зүүн бугалгад тус тус хөх ягаан туяатай цус хуралт, зүүн талын хэнгэргийн хальс бүтэн улайж хавдсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогджээ.
5.1. Шүүгдэгч Ж.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
5.2 Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон, шүүгдэгч Ж.Д-ын хохирогч Т.Н-г хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Т.Н-гийн биед нь үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд нь учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
5.6. Иймд шүүгдэгч Ж.Д-ыг хохирогч Т.Н-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.7. Хардалт, шүүгдэгчийн бие барьж чаддаггүй хувийн байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлжээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
6.2. Хохирогч Т.Н-д учирсан хор уршиг буюу эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
6.3. Иймээс шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч цаашид гэм хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Ж.Д-ыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д- нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 46-49 дэх тал),
2.3. Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг 500.000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Ж.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. 2313001910177 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Н-д 100.000 төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овгийн Ж-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Д-д сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2313001910177 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогчид 100.000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Н- нь гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК