Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/654

 

 

 

 

 

 

 

   2023          8           15                                     2023/ШЦТ/654

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-н Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***” ХХК-д инженер ажилтай,  ам бүл 4, өвөө, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар  хороо, ***  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Х овогт Н-н Ц.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Ц- нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” байрны гадна Б.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ын хохирогчоор өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд төрсөн эгч Б.Э, Б.А нартай хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын зам дагуу байдаг “**”  дэлгүүрээс хүнс аваад гэр рүүгээ орох гэж байхад өмнө нь харж байсан гурван залуу хоорондоо элдэв янзын хараал хэлээд маргалдаад байсан. Бид 3 хажуугаар нь зөрөөд гэр рүүгээ орох гэхэд Ц гэдэг залуу асаагуур шидээд тэр нь газар ойгоод А эгчийн хацарт онохоор нь Э эгч бид хоёр тэр хүнд хандан “олон нийтийн газар биеэ зөв авч яв, шидсэн асаагуур чинь миний эгчийг оночихлоо” гэж хэлсэн. Гэтэл Ц гэх залуу уучлаарай ч гэж хэлэлгүй “янхан шиг яриатай охидууд дагуулчихаад яасан том бацаан бэ” гэж хэлсэн. Тэгтэл шоотой ороолт, хар өнгийн хүрэмтэй залуу шууд миний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Гэтэл шар үстэй, хар өнгийн хүрэмтэй шар царайтай залуу миний араас татаж унагаагаад тэр гурав нийлээд намайг зодсон. Шоотой ороолттой залуу зугтаах гэхээр нь эгч Э зугтаалгахгүй гээд бариад авахад тэр залуу эгчийг хавирч унагаагаад цээж рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Шар үстэй залуу бас зугтах гэхээр нь эгч А бариад авсан. Гэтэл тэр залуу эгчийн нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон. Намайг босох гэсэн чинь Ц толгой дээр дэвсээд босгохгүй байсан. Тэр үед хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд цагдаа ирэх хооронд тэр 3 цагдаа нараа дуудаач, яагаад ирэхгүй удаад байгаа юм, би хорооллын 33 дугаар байрных та нарыг ёстой хараагүй юм байна, хоёр гичий минь амыг чинь барина гэж заналхийлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-ийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19-20 цагийн орчимд би төрсөн дүү нар болох Б.А-, Б.Аы хамт байрны гадаа байдаг “С” дэлгүүрээс хүнсээ аваад гэр рүүгээ орох гэж байхад согтуу 3 залуу хоорондоо хэрэлдэж байсан. Гэтэл цагаан куртка, саравчтай малгайтай, хар биеийн тамирын хослолтой 24 орчим насны залуу асаагуур шидсэн. Тэр нь газар ойгоод А-ы хацрыг оносон. Тэгэхээр нь тэр хүнд хандан олон нийтийн газар биеэ зөв авч яв, шидсэн асаагуур чинь миний дүүг оночихлоо гэж хэлэхэд цагаан хүрэмтэй залуу янхан шиг яриатай охид вэ, хоёр охин дагуулсан их байна чи гэж хэлсэн. Шоотой ороолт, хар өнгийн хүрэмтэй залуу манай дүү А-н нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл нөгөө 2 залуу нь нийлж манай дүүг зодсон. А бид хоёр салгах гээд дийлээгүй. Шоотой ороолттой залуу зугтах гэхээр нь би зугтаалгахгүй гээд бариад авсан. Гэтэл тэр залуу намайг хавирч унагаагаад миний цээж рүү баруун гараараа нэг удаа цохисон. Шар үстэй залуу бас зугтах гэхэд нь дүү А бариад авсан. Гэтэл тэр залуу дүүг хавирч унагаагаад цохисон. Тэр үед А цагаан хүрэмтэй залуутай зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19-20 цагийн орчимд найз Д, Ц нарын хамт “***” байрны өмнө Д, Ц нар мөнгөнөөс болж маргалдсан. Ц барьж байсан асаагуураа шидэхэд газар унаж дэлбэрсэн. Тэр үед цаана нь явж байсан хүмүүс олон нийтийн газар биеэ зөв авч яв гэж хэлэхэд Ц чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Гэтэл хамт явж байсан залуу нь ална шүү, аятайхан байгаарай гэж, Ц за аятайхан байгаарай гэж орилсон. Д юм ярих гэж байгаа бололтой яваад очсон. Гэтэл тэр залуу гараа далайгаад цохих гэсэн чинь Д цохиулаагүй бултсан. Нэг харахад нэг залуу Д-г заамдсан байсан. Ц куртикээ тайлаад хүрээд ирсэн. Тэр үед хамт явж байсан 2 эмэгтэй нь нөгөө залуугийн хойно зогсоод Цтой маргалдаж байгаад түлхэлцээд тэр залуу, нэг эмэгтэй бас би давхралдаад унасан. Д тэр залууг газар унасан байхад нь нэг удаа өшиглөсөн. Тэр залуу босож ирээд Цтой заамдалцсан. Тэр хоёр бие биеэ нэг, хоёр удаа цохисон. Нэг эмэгтэй нь Цыг бариад авсан. Нөгөө эмэгтэй нь утсаараа хүн дуудсан. Удалгүй байрны булангаас 3 залуу гарч ирээд Цыг нийлээд цохиод байсан... Би хар өнгийн хүрэм, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай байсан. Ц цагаан өнгийн хүрэм, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн пүүзтэй байсан. Ц цагаан өнгийн хүрэм, хар өнгийн бэлтгэлийн өмд саарал өнгийн пүүзтэй байсан. Д хар өнгийн хүрэм, бараан өнгийн шоотой ороолт, хар ноосон өнгийн малгай, хар өнгийн жинсэн өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ы хохирогчоор өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, *** байрны гадаа эгч Б.Э, дүү А нарын хамт гэр рүүгээ орох гээд явж байхад цагаан хүрэмтэй согтуу залуу нь хамт явж байсан хүмүүстэйгээ муудалцаад шар өнгийн асаагуур газар шидсэн чинь ойгоод миний   нүүрэн дээр оносон. Би хүүе миний нүүрийг оночихлоо гэж хэлсэн чинь хүүе оночихсон уу, яасан янхан шиг яриатай охин бэ гэж хэлсэн. Хар хүрэмтэй залуу нь миний дүү Алтанбаярын толгойг тэврээд газар хэвтсэн. Манай эгч салгах гээд байж байсан чинь хар хүрэмтэй залуу нь намайг хавирч унагаад толгой дарж унагаасан. Би араас нь гүйж бариад найз залуу руугаа утасдахад манай найз залуу гарч ирсэн. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай Б.А-т тархи доргилт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ ээж Норовсүрэнтэй хамт пиво хувааж уусан. Орой харанхуй болоод гэрээсээ гараад танил дүү М-тай уулзаад Модны хоёрын голын замаар алхаж байх үед миний зээл төлөх гэж байсан 350.000 төгрөгийг М тоглоод үрсэн байсан тул М-тай муудалцаад шар өнгийн асаагуурыг М руу шидсэн.  Миний шидсэн асаагуур газар ойж таараад цаана явж байсан хүмүүс яаж байна, юу шидчих вэ, нэг юм оночихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би асаагуур шидсэн чинь газар ойгоод  оносон юм шиг байна гэж хэлсэн. Тэр үед үл таних эрэгтэй яаж байна гэж хэлээд М-тай зууралдаж муудалцаад хамт явж байсан 2 эмэгтэй дундуур нь ороод тэд нар бүгд газар унасан. Босож ирэх хооронд нь би үл таних эрэгтэйг нэг удаа зүүн гараа атгаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон. Тэр үед миний эмзэг эрхтэн рүү үл таних эмэгтэй нэг удаа өшиглөсөн. Тэгээд үл таних эмэгтэй манай ах одоо гарч ирнэ, чи байж бай гэж хэлэхээр нь байж байтал байрны орцноос үл таних 2 эрэгтэй гарч ирээд намайг 4-5 удаа цохисон. Харин толгой дээр нь дэвссэн зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 90 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108 дахь тал/ зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч Н.Ц- нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” байрны гадна хохирогч Б.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.А-ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Н.Ц- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Н.Ц- нь олон нийтийн газар гудамж талбайд өөрийн биеийг зөв боловсон авч яваагүй, хүндэтгэлтэй харьцаж хандаагүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц- нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” байрны гадна хохирогч Б.А-ыг зодож, тархи доргилт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Н.Ц-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н.Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ц-од Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ц-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Н.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч Б.А- нь хохирол нэхэмжилсэн талаар баримт хэрэгт хавсаргаагүй байх ба шүүх хуралдаан тов мэдэгдэхэд хохирогч Б.А-аас “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 131 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Ц-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Иймд хохирогч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хохирол төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ц-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Х овогт Н-н Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ц-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч Н.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ