Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/674

 

 

 

 

 

 

 

 

    2023          8          22                                    2023/ШЦТ/674

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч И.Э,

хохирогч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт И-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсрлтой, мэргэжилгүй, “***” ХХК-д армотурчин ажилтай гэх, ам бүл 3, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэлгүй, Дархан овогт Ишдоржийн Э /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч И.Э нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд Х.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Эын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.П-гийн өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дүүгийнхээ гэрт очих гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь бид нар буудалд орсон. Маргааш өглөө нь Э манай нөхөртэй яриад эхнэртэйгээ хамт 23 цаг өнгөрч байхад буудалд ирсэн. Миний цүнхэнд архи байсан тул тухайн архийг хувааж ууцгаасан. Би 2 хундага уусан. Тухайн зочид буудлын 211 номерт манай нөхрийн дүү ирчихсэн байсан учраас манай нөхөр орж гараад яваад байсан. Архиа ууж дуусаад байж байтал дахиад нэг архи аваад ир гэхээр нь Д бид хоёр архи авчирсан. Д, Э, Б нар тухайн архийг хувааж уусан. Б, Э хоёр усанд орчихоод гарч ирээд бид нартай юм яриад хөзөр тоглосон. Б уухаараа нилээн агсам зантай нөхөрлүүгээ уурлаад Э, Б нар хоорондоо маргалдаад байсан. Д дүү ирчихлээ гээд явчихсан. Манай нөхөр архи уугаад тасарсан байсан. Намайг сандал дээр сууж байхад Э намайг түлхэж  унагаахад  сандал эвдэрсэн. Буудлын жижүүр дээр очиж цагдаа дуудсан. Эмчилгээний зардал 1.150.000 төгрөгийн төлбөр гарсан. Буудлын сандлын төлбөр 210.000 төгрөгийг би төлсөн. Үүнийг Эаас нэхэмжилнэ. Э надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.П-гийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр Н, найз Ч, А, Д нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн зочид буудлын 207 тоот өрөөнд орсон. Тэгээд өрөөнийхөө хугацааг сунгаад байж байтал Э эхнэр Б-гийн хамт ирсэн. Тэд нарыг ирэхээр нь би дайлж архи задалсан. Бид нар архиа уугаад дуусчихаад дахин дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи нэмж авч ууцгаасан. Би тухайн үед архи уухгүй гээд уугаагүй. Тухайн үед манай нөхрийн дүү 211 тоотод байрлаж байсан ба нөхөр тэнд байсан. Архиа ууж дуусгаад Ч, А нар унтаад өгсөн. Э эхнэртэйгээ хамт усанд орчихоод гарч ирсэн. Б нилээн согтсон байхаар нь хувцасаа өмсөхөд нь туслаж байтал Б, Э нар хоорондоо маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод болиулсан. Тэгээд би Эд хандаж чи уучихаараа битгий ийм огцом ууртай зан гаргаж хэрүүл маргаан гаргаж байж гэж хэлэхэд Э намайг “уу, уу” гээд шахаад байхаар нь би өгсөн 2 хундагыг нь уусан. Тэгээд манай нөхөр орж гараад яваад байсан чинь Б манай нөхөрт уурлаад бид нарыг хүндэлсэнгүй, байнга орж гараад яваад байх юм гэхээр нь би хажуу өрөөнд дүүтэйгээ уулзаад орж гараад байгаа юм гэж тайлбарласан. Э, Д нар хөзөр тоглоод сууж байтал Ч сэрээд Д бид хоёрыг архинд гаргаж 1 шил архи авсан. Би одоо ууж яах юм бэ, одоо амарцгаая гэхэд Э хажуунаас гараа атгаж байгаад миний толгой тус газарт 3 удаа цохисон. Би Эд “манай нөхөр ч намайг цохиж байгаагүй, чи яагаад хүний тархи толгой руу цохиж байгаа юм гэж хэлээд Эыг алгадаад цагдаа дуудлаа гэж хэлчихээд нойл ороод буцаад гараад ирэхэд Э, Б нар явчихсан байхаар нь нөхөртөө хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...

Би одоогоор эмчилгээнд нийт 1.350.000 төгрөг зарцуулсан. Мөн сандалын 210.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Н-н гэрчээр өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “***” төвийн зочид буудлын 207 тоот өрөөнд тавуулаа ороод 2 хоносон. 2 хоногийн дараа манай дүү Сайнхүү нэг эмэгтэйн хамт ирээд өрөө аваад бид нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би согтсон байсан тул С-н өрөөнд орж унтсан байсан. Дараа нь манай эхнэр П орж ирээд намайг Э зодчихлоо гэж хэлсэн. Э явчихсан байсан тул бид нар унтаж амарч байгаад өглөө нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд нь цус хурсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн гэрчээр өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Э бид 2 ажлаа хийгээд байж байтал Эын найз Наранбаатар залгаад хүрээд ир, буудалд байна гэж дуудсан. Нөхөр бид хоёр оройн 19 цагийн үед ажлаа дуусгаад “***” төвд ирсэн. Тухайн үед Н, түүний эхнэр, үл таних 2 эрэгтэй байсан. Э бид хоёр очиход Н-н эхнэр нь 1 шил архи задалсан. Архиа хувааж уугаад дуусаж байтал дахин нэг архи гаргаж ирсэн бөгөөд Наранбаатар Э бид хоёрыг хоночихоод яв гэхээр нь Э бид хоёр усанд орчихоод гараад иртэл үл таних 2 эрэгтэй унтчихсан байсан. Наранбаатар нөгөө талын орны хойгуур ороод суучихсан эхнэр нь нөхрийгөө гаргахгүй гээд хэрүүл хийгээд цохиод байсан. Гэтэл манай нөхөр Э П-г болиоч гэж хэлээд татаад орон дээр суулгасан. Тэр үед У /П/ манай нөхөр рүү чи муу найзыгаа өмөөрөөд гэж хэлээд манай нөхрийн үснээс нь зулгаагаад гар, хацраас нь хазаад эхэлсэн. Тэр үед УлаУанаа манай нөхрийг зайл гээд хөөхөөр нь Э бид хоёр гараад явсан. Бид хоёрыг гарах гэж байхад Н, У хоёр хэрэлдээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай Х.Пгийн биед тархины хөнгөн зэргийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, бугалга, шуу, эрүүнд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Шинжээч Б.Баяртогтохын “...Хоёр гарын бугалгын хөхрөлт гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархины хөнгөн зэргийн няцрал, хоёр нүдний хөхрөл нь нэг механизмын үйлчлэлээр үүсэх боломжтой ба хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.С-н гэрчээр өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд “***” төвийн зочид буудалд 24 цагаар ээлжийн үүрэг гүйцэтгэхээр13-14 цагийн хооронд ээлж хүлээлцэхэд 207 тоот өрөөг авсан хүмүүс нэг өдөр сунгуулсан гээд тэр өдөр нь өрөөгөө сунгуулаад хоносон. Тэгээд 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 207 тоот өрөөнд байсан хүмүүс архидаад орилолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг очиход нэг эмэгтэй эд нар нийлээд намайг зодоод байна гэхэд хамт байсан эмэгтэй нь манай нөхөр энэ эмэгтэйг цохиогүй, энэ эмэгтэй өөрөө нөхөртэйгээ маргалдаад уурандаа манай нөхөр Э-тай маргалдсан. Тэрнээс сүртэй юм болоогүй гээд нөхрийгөө аваад гарсан. Намайг ороход өрөөний эд зүйл эмх цэгцгүй, 2 ширхэг сандал эвдэрсэн, ширээний нэг булан хугарсан байсан, ус буцалгагч эвдэрсэн байсан. Зодуулсан гэх эмэгтэй нь надад 500.000 төгрөг төлөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн өгнө, одоогоор барилга дээр ажиллаж байгаад гараа гэмтээсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 46 дэх тал/,

2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Наранбаатар над руу залгаад хаана байна, Таван шард буудалд байна, хүрээд ир гэхээр нь би орой ажлаасаа тараад 9 цагийн үед “***” зочид буудалд эхнэр Бтэйгээ хамт очсон. Бид хоёрыг очиход Н түүний эхнэр У болон үл таних 2 залуу юм яриад сууж байсан. Тэгээд Н-н эхнэр 1 шил архи гаргаж ирээд уг архийг бид нар хувааж уусан. Н намайг эхнэртэйгээ хамт энд хоночих гэхээр нь тэгье гээд эхнэртэйгээ усанд орсон. Усанд орчихоод гарч иртэл Н, У 2 маргалдсан байдалтай байхаар нь би “та хоёр яах гээд маргалдаад байдаг юм бэ” гээд Улаанааг татаад орон дээр суулгатал Улаанаа миний үснээс зулгаагаад нүүр самардаад, гар нүүрнээс хазаад үснээс тавихгүй байхаар нь би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад Улаанаа намайг хөөгөөд байхаар нь би эхнэртэйгээ хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/, хохирлын талаарх баримт /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч И.Э нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд Х.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Х.П-гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч И.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч И.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч И.Э нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд Х.П-тэй маргалдаж тархины хөнгөн зэргийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, бугалга, шуу, эрүүнд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос И.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч И.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Э-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч И.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Х.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хохирогч Х.П нь мөрдөн шалах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...эвдэрсэн сандлын үнэ 210.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн эмчилгээнд 1.350.000 төгрөг нэхэмжилж байна, баримтаа авч чадаагүй байгаа...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч И.Э-аас 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Пд олгох нь зүйтэй байна.

Тодруулбал: хохирогч Х.П шүүх хуралдаанд “…намайг сандал дээр сууж байхад Э намайг түлхэж  унагаахад  сандал эвдэрсэнгэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд Н.С-н гэрчээр өгсөн мэдүүлэгт “...5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 207 тоот өрөөнд байсан хүмүүс архидаад орилолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Намайг ороход өрөөний эд зүйл эмх цэгцгүй, 2 ширхэг сандал эвдэрсэн, ширээний нэг булан хугарсан байсан, ус буцалгагч эвдэрсэн байсан. Зодуулсан гэх эмэгтэй нь надад 500.000 төгрөг төлөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч И.Э нотлох баримтаар нэхэмжилсэн 210.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Пд олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Х.П уг хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхээ хангуулах эрхтэй байна.  

 

Шүүгдэгч И.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Д овогт И-н Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч И.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-аас нийт 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Х.П-д олгосугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Х.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Шүүгдэгч И.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтооыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ