| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/03470/И |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 00030
| 2019 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2020/00030 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.С-д холбогдох,
14,370,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.С нь манай зочид буудлыг түрээслэх саналыг удаа дараа тавьсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн гэрээ байгуулж. Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 4-19 тоот хаягт байрлах зочид буудлыг бүхэлд нь нэг сарын 6,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Зочид буудлын ашиглалтын болон урсгал зардлыг түрээсийн төлбөрт багтаасан. Ингэж түрээслэхдээ түрээсийн барьцааны мөнгө болох 2,000,000 төгрөгийг өгөх боломжгүй байна. Түрээсийн хугацаа дуусахад зочид буудлын бүх эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж талууд тохиролцож гарын үсэг зурсан. Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эхний хоёр сарын түрээсийн төлбөрөөс бусад төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа өгөхгүй. Удаа дараа хойшлуулж бага багаар өгч байсан. Миний хувьд сар бүр 5,600,000 төгрөгийн зээл төлдөг энэ зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Ө.С зочид буудлыг түрээслэх хугацаандаа сард дунджаар 10,000,000 гаруй төгрөгийн орлого олж байсан. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 49 хоногийн түрээсийн төлбөр 9,800,000 төгрөг, эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн төлбөрт 3,940,000 төгрөг нийт 13,740,000 төгрөгийг Ө.Саас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ц.С эгчтэй түрээсийн гэрээ байгуулж. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлыг ажиллуулж байсан нь үнэн. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас тухайн зочид буудлын урдуур, цэвэр усны болон дулааны шугам тавих ажил хийгдсэн. Үүнээс шалтгаалан 1 сарын хугацаанд орлого орохгүй, үйл ажиллагаа явагдахгүй байсан. Үүнээс шалтгаалж түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадаагүй. Түрээслэгчийн зүгээс удаа дараа түрээсийн гэрээг цуцлахыг шаардаж байсан. Тухайн газар шорооны ажил дуусахаар түрээсийн төлбөрийг гүйцээж төлөхөөр ярилцаж тохирсон байсан. Эд хөрөнгө хүлээлцэх боломжгүйгээр намайг хөөж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ө.Сад холбогдуулан 14,370,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зочид буудлын түрээсийн төлбөрт 9,800,000 төгрөг, зочид буудлыг түрээслэхэд хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн үнэ 3,940,000 төгрөг нийт 13,740,000 гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зочид буудлын гадна талаар газар шорооны ажил хийгдсэнээс зочид буудал ажиллуулах боломжгүй болсон, хүлээж авсан эд хөрөнгийг бүгдийг нь үлдээгээд гарсан тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ө.Стай 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 4-19 тоот хаягт байрлах Эндо зочид буудлыг 1 жилийн хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг төлж байхаар тохирч, түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.
Хариуцагч Ө.С нь түрээсийн гэрээний дагуу зочид буудлыг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллуулж үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, 318.4 дэх хэсэгт гэрээг бичгээр байгуулж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулийн дээрх зохицуулалтад заасан гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэв. Гэрээ хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд үүссэн маргааныг байгуулсан гэрээний зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэгч 2019 он 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 49 хоногийн түрээсийн төлбөрт 9,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч ...Зочид буудлын гадна талд Барилга хот байгуулалтын яамны захиалгаар усны шугамын газар шорооны ажил явагдсанаас 1 сар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, зуны улиралд орлого муу байдаг гэж тайлбарласан.
Хэдийгээр гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн бол түүнийг эрх бүхий этгээд буцаан шаардах эрхтэй.
Талууд түрээсийн гэрээ байгуулж, харилцан тохиролцсон ч хожим гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон. Хариуцагч нь зочид буудлыг ашигласан хугацаанд нэхэмжлэгч бусдад түрээслэх, түүнээс олох төлбөрийн хэмжээнд хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Харин хариуцагч газар шорооны ажил явагдсантай холбоотойгоор хөрөнгөжсөн байдал тогтоогдохгүй байгаа тул энэ хугацааны төлбөр төлөх үүргийг хүлээхгүй.
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4 дүгээр гудамжинд хорооллын хэрэглэгчдийг ус дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах газар шорооны ажил Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хийгдсэн болох нь Бат комплекс ХХК-ийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Түрээсийн 1 сарын төлбөр 6,000,000 төгрөгөөр тохиролцсон байдал нь бусдад тухайн хөрөнгийн түрээслэх боломжтой үнэ гэж үзэх боломжтой учир үүнээс хохирлыг тооцоход 1 хоногийн төлбөр 200,000 төгрөг болно. Газар шорооны ажил явагдсан хугацааг нэхэмжлэгчийн төлбөр шаардсан хугацаатай тооцож үзвэл 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 31 хоног давхцаж байна. Харин үлдэх 18 хоногт төлөх төлбөр 3,600,000 төгрөг байна.
Нэхэмжлэгч хуванцар сандал 13 ширхэг, гар хийцийн хос буйдан 1 ширхэг, гар хийцийн явган ширээ 6 ширхэг, гар хийцийн тумбучек 5 ширхэг, ханын тавиур 4 ширхэг, хувцасны өлгүүр 2 ширхэг, хөшиг 6 ширхэг, душ 6 ширхэг, зурагтын удирдлага 7 ширхэг, хогийн сав 7 ширхэг, аяга 20 ширхэг, улавч 18 хос, үнсний сав 9 ширхэг, толь 4 ширхэг, хаалга 5 ширхэг, 00 хаалга 7 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, зурагт 6 ширхэг, ханын тогны залгуур 3 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг эд зүйлийн үнэ нийт 3,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зочид буудлыг түрээслэхээр хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгийг тоо, ширхгээр акт үйлдэж шилжүүлэн өгсөн байх боловч хариуцагч зочид буудлын эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөөгүй байна.
Шүүхэд хариуцагч нь зочид буудлын эд хөрөнгийг бүгдийг нь үлдээгээд гарсан гэх тайлбар татгалзлаа, нэхэмжлэгч нь хаалга 5 ширхэг, 00 хаалга 7 ширхэг, ханын тогны залгуур 3 ширхгийг хүлээлгэж өгсөн ч эвдсэн байсан гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотолж чадаагүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заасны дагуу үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.
Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн эд зүйлээс хуванцар сандал 13 ширхэг, гар хийцийн хос буйдан 1 ширхэг, гар хийцийн явган ширээ 6 ширхэг, гар хийцийн тумбучек 5 ширхэг, ханын тавиур 4 ширхэг, хувцасны өлгүүр 2 ширхэг, хөшиг 6 ширхэг, душ 6 ширхэг, зурагтны удирдлага 7 ширхэг, хогийн сав 7 ширхэг, аяга 20 ширхэг, улавч 18 хос, үнсний сав 9 ширхэг, толь 4 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, зурагт 6 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг эд зүйлийг хариуцагч буцаан хүлээлгэж өгсөн нь тогтоогдохгүй байх тул эд хөрөнгийн талаар Далайван аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэ 2,962,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ө.Саас түрээсийн төлбөр, эд хөрөнгийн үнэ нийт 6,567,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,803,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Саас 6,567,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,803,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Сос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Саас120,022 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР