| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/03055/И |
| Дугаар | 00056 |
| Огноо | 2019-12-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 00056
| 2019 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2020/00056 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А нь Баянгол дүүргийн *******,******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зоос банкны мэдэлд байсан хураагдсан байрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Одоо орон сууцанд амьдарч байгаа хүмүүс өөрийн хүсэлтээр байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул алдбан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй байр нь С.Аын өмч биш бөгөөд тухайн иргэн хэрхэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан түүнийг хэрхэн бүртгэл хийлгэсэн талаар огт мэдэхгүй. Тухайн Баянгол дүүргийн 4 хороо Голден Парк хотхоны 107 байрны 125 тоот 1 өрөө байр нь анх 2009 онд ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэл дээр 2 өрөө байр гэж байрны гэрчилгээг гаргасан нь огт ойлгомжгүй зүйл юм. Энэхүү байрыг анх ашиглалтад ороход нь шинээр нь миний өвөг эцэг Ж.Д-д Монгол улсыг чөлөөлөх Халх голын дайнд оролцсон гавьяаг нь төр засгаас үнэлж 2009 оны 09 сард өгсөн. Миний өвөг эцэг нь миний эх Д.Ц-ын асрамжид амьдардаг байсан бөгөөд тухайн байранд хариуцагч миний бие болон миний дүү эх нарын хамт амьдарч ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн байрандаа 11 дэх жилдээ амьдарч байна. Энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийн талаар огт мэдэхгүй бөгөөд энэхүү байр нь банкны барьцаанд тавигдсан мөн зээлийн төлбөрт хураагдах гэж буй талаар миний бие нь энэхүү нэхэмжлэлтэй танилцаад олж мэдлээ. Шүүхээр тухайн байрыг зээлийн өрнөдөө өгөхөөр болсон бол тухайн шүүхээс эвлэрлийг батлахдаа хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй талаар судалж шүүхийн шийдвэрийг үнэн зөв нэг мөр гаргах байсан болов уу гэж миний бие үзэж байна. Миний өвөг эцэг Ж, Д нь 2009 оны 06 сард нас барсан бөгөөд насан эцэслэхээсээ өмнө дайнд орсон гавьяагаа төр засгаас үнэлүүлэн шинэ байранд орох нь гэж хөөр баяртай байсан бөгөөд харамсалтай нь тухайн байрандаа орж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний эх Д,Ц нь тухайн байранд үр хүүхдүүдийнхээ хамтаар орж амьдарч байгаад 2010 оны 01 сард мөн хорвоогийн мөнх бусыг үзүүлж нас барсан. Түүнээс хойш Б,Б миний бие нь дүү нарын хамт амьдарч байгаад 2013 оноос эхнэр хүүхдүүдийн хамтаар энэхүү маргаж буй байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн байрны гэрчилгээ гарах үед миний бие болон миний дүү нар нас бага байсан учир хэрхэн гэрчилгээг авах талаар ойлголтгүй байсан бөгөөд өвөг эцгийн минь өгсөн байр бидэнд өвлөгдөөд ингээд ирж байна гэсэн ойлголттой өнөөдрийг хүрсэн. Гэтэл 11 жил амьдарсны дараагаар энэхүү 1 өрөө байр нь огт танихгүй хүний нэр дээр 2 өрөө байрны гэрчилгээтэй болсон биднийг тухайн байрнаас гаргахаар шүүхэд хандаж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Б.Б миний бие нь энэхүү байранд 11 жил амьдарч тухайн байртай холбоотой бүх зардал төлбөрийг төлж ирсэн билээ. Энэхүү байрандаа шударгаар амьдарч шударга өмчлөгч байх ёстой иргэн гэж өөрийгөө үзэж байгаа билээ. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа энэхүү тайлбараараа илэрхийлж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь Баянгол дүүрэг, *******, Голден парк хотхоны 107 дугаар байрны 125 тоот орон сууцыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгч тул чөлөөлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч С.А нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036070 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *******, Голден парк хотхон /16010/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 дугаар байрны 125 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000167469 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, хариуцагч Б.Б уг орон сууцад амьдарч байгаа болох нь Баянгол дүүрэг, *******ны Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
Дээрх орон сууцны өмчлөх эрх нь анх 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Зигзинханд /НБ73010907/-ын өмчлөлд бүртгэгдэж, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 936 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Ариунтуяа /МЕ72102209/-ийн өмчлөлд, 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 346 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Эрдэнэчимэг /МБ83011800/-ийн өмчлөлд, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 346 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Пүрэврэнцэн /МБ73011812/-ийн өмчлөлд, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 71 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн С.А ------ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Шүүхэд гэрч Д.З нь маргаан бүхий орон сууцыг түүний эцэг Ж.Д-д Халх голын дайнд оролцсон гавьяаг нь төр засгаас үнэлж өгсөн боловч орон сууц олгох үед эцэг Ж.Д нас барсан байсан учир Д.З түүний эгч нар ярилцаж тохирсны дагуу өөрийнх нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэрээр банкнаас авсан зээлээ төлөх боломжгүй болсонтой холбоотой уг орон сууцыг Ц.А, Б.Э, Б.П нарын нэр дээр шилжүүлж, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Ат худалдсан байна. Орон сууцыг С.Ат худалдахдаа тодорхой хугацаанд үнэ төлбөргүй эзэмшихээр хүсэлт гаргасан. Түүнээс хойш хугацаанд өөрийнх нь болон эгч Д.Ц, Д.Цэ-ын хүү Б.Б нар гэр бүлээр амьдарч байгаа. С.А орон сууц чөлөөлж өгөхийг шаардсантай холбоотойгоор өөрөө буцаан худалдан авах гэсэн боловч боломжгүй байсан. Энэ талаар Б.Бд хэлсэн ч зөвшөөрөөгүй талаар гэрчилсэн.
Нэхэмжлэгч С.А, Д.З нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүсч, дуусгавар болсон байна. Харин хариуцагч Б.Б нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч Б.Б нь маргаан бүхий орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмших, ашиглах эрхгүй тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх үүрэгтэй.
Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036070 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *******, Голден парк хотхон /16010/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 дугаар байрны 125 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036070 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *******, Голден парк хотхон /16010/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 дугаар байрны 125 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР