Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч 2023 оны 08 сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... ус гэх газарт өөрийн эзэмшлийн автобус дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу нь халуун саваар цохих, халуун ус асгах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн гуя, шилбэний түлэгдлийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... ус гэх газарт өөрийн эзэмшлийн автобус дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой руу нь халуун саваар цохих, халуун ус асгах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн гуя, шилбэний түлэгдлийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.Бийн мэдүүлэг /хх-ийн 8-9, 16, 74/, гэрч Т.Гийн мэдүүлэг /хх-ийн 10-12/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/291 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж,  мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч болон хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Бийн эсрэг үйлдсэн нь “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

  Иймд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч С.Б “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Бд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Б.Бд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОДБАЯР