Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ш.Ням-Очир нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ням-Очирт холбогдох эрүүгийн 2315000000070 дугаартай 163/2023/0088/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Ширнэнболдын Ням-Очир, Булган аймгийн Сайхан суманд 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, 32 настай, эрэгтэй, РД: ГЗ91042511.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ням-Очир нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сайхан сумын нутаг Ганцын даваа гэх газарт цуг явж байсан Ч.Хишигбаяртай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000070 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.Ням-Очир нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сайхан сумын нутаг Ганцын даваа гэх газарт тээврийн хэрэгсэлд цуг явж байсан Ч.Хишигбаяртай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ням-Очирын өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хишигбаяр Булган аймгаас Сайхан сумруу явна гэхээр нь би Дарханаас ирээд цуг явсан. Хишигбаяр аймгаас гарах гэж байхад нэг пиво авчих гэхээр нь Тэрэм дэлгүүрээс нэг пиво аваад гарсан. Тэгээд явж байгаад Хишигбаяр 2 ихэр дэлгүүрээс нэг пиво дахиад авсан. Тэгээд машин бариад явахдаа уусаар яваад Төлүүгийн даваа орохоос өмнө авсан пиво нь дуусаад би Төлүүгийн даваан дээрээс нэг шил архи авч өгсөн. Тэгээд цаашаа явж байхад Хишигбаяр 2013 онд болсон юм яриад намайг цохьчихсон. Би өнгөрсөн юм яриад явах вэ гээд хэсэг маргалдаж байгаад унтаад өгсөн. Тэгсэн нэг сэрсэн Хишигбаяр согтчихоод үглээд миний зөөврийн хөгжмийг эвдчихээр нь би уурандаа 2, 3 удаа түүнийг цохьчихсон юм. Тэгээд уурхай орсон чинь миний ачсан тавилгууд байхгүй байсан. Замд явж байхад Хишигбаяр уурлаад татлага тайлаад тэгээд л тавилганууд унасан байсан. Тэгэхээр нь нүүрсээ буулгачихаад буцаад явж тавилгаа авъя гэсэн чинь чадахгүй би чамтай гэрээ байгуулаагүй гээд яваагүй. Тэгээд манай ахых руу явж байхад машин суучхаар нь би алхах гэсэн чинь надтай зууралдаад миний куртикыг урсан. Хишигбаяр өөрөө худлаа мэдүүлэг өгөөд байна. Миний хувьд хохирчихоод байна би 3.000.000 төгрөгний тавилга авсан байсан, авдар, гүнгэрваа, ширээ, буйдангийн 2 дэр, гудас, шинэ дээл алга болсон. Үүнийгээ нэхэмжилнэ гэв.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Ч.Хишигбаярын өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг 37 минутад Сайхан сумын 6 дугаар багийн иргэн Ням-Очир нь 88977737 дугаарын утаснаас залгаад намайг хөдөө гарах уу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Ням-Очир нь хөдөө гэр рүү ор, буйдан ачих хэрэгтэй байна, намайг хүлээж байгаач гэхээр нь нэг гол усанд амьдарч байгаа хүмүүс гэж бодоод би хүлээсэн. ...Ням-очир Дарханаас ирчихсэн гээд над руу залгаад хүрээд ир гэхээр нь би очиж эд зүйлийг нь машинд ачаад Сайхан сумын төв рүү явсан. Замдаа Дондогийн Булгаас Хөвсгөл нэртэй 2 давхар дэлгүүрээс 1 шил архи аваад өөрөө тэрийгээ ганцаараа ууж байгаад Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Хоот гэх газраас эхлэн надад агсан тавьж эхэлсэн. Манай ах Дагва бид хоёр чамайг хонь хулгай хийж байхыг харсан. 2010 оны 11 цагийн үед чи манай Дагва ахын хонийг хулгайлж илүү гэртээ оруулаад алж байхад нь би харсан гэж надад хэлж байсан. Чи баттай, нотолгоотой юм ярина шүү гэж хэлэхэд чи муу хулгайч гэж хэлээд машинд хашгираад байсан. Тэгсэн намайг шууд хажуу талаас цамцны захаас шууд боож байгаад учир зүйгүй намайг нүдээд эхэлсэн. Би сандраад машинаа хурдхан зогсоож боосон боолтоос нь гарах гээд баруун гараараа хамар нь тус газарт цохисон. Тэгээд тавихгүй улам боогоод байхаар нь би цамцаа урж байгаад салгаад машинаас шууд буусан. Би тойрч очоод машинаас буулгах гэхэд машины хаалга дотор талаас нь түгжээд онгойлгохгүй байсан. Дараа нь би жолооч талаараа машиндаа суугаад машин бариад Ганцын даваа өөд өгсөөд замын дунд явж байхад ахиж намайг цохиод байхаар нь машинаас буу гээд машины татлага тайлаад эд зүйлээ буулга гэхэд хамаагүй хая гэж хэлсэн. Тэгээд би машинаа бариад ганцын давааны орой дээр гарах гээд явж байхад ахиж миний толгой хэсэгт гараараа цохиод байхаар нь би машинаа зогсоогоод Ням-Очирын ах Давга руу залгаад танай дүү намайг зодож нүдээд явуулахгүй юм байна. Дээрээс нь танай хонийг хулгайлж байхад та хамт харсан гэсэн гэж хэлээд та энэ дүүгээ ирээд ав, би замд хаялаа шүү гэж хэлсэн. Би одоо яах вэ дээ ах нь чамайг хулгай хийж байхыг хараагүй юм чинь одоо юу ярих юм бэ гэж хэлж байсан. Тэгээд утсаа салгаад зогсож байхад Ням-Очир нь миний баруун талын нүдэнд баруун гараараа хүчтэй цохиж авсан. Дараа нь миний зүүн нүдэнд ахиж нэг удаа цохиж авсан. Тэгээд би чи одоо больчих тэгэх үү, миний нүд юм харахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн намайг хулгайч, ал минь чи бол надад жижигдэнэ шүү гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Би өөрийн гэрийн гадаа ирээд би гэртээ орсон. ...Ингээд би нийт 554.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад одоогийн байдлаар нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9, 11 дэх тал/,

2. Ч.Хишигбаярын иргэний хариуцагчаар өгсөн: Миний хувьд бол тухайн зүйлсийг эвдээгүй. Нүдний шил хаана хэзээ эвдэрсэн талаар бол мэдэхгүй байна. Маргааш өдөр нь зүүчихсэн явж байсан. Харин зөөврийн хөгжмийг болохоор намайг өөрөө анх боох гэж байгаад хөгжим дээрээ дарж хагалсан. Мөн би Ням-Очирыг машинаас татаж буулгахад өөрөө хөгжимөө давхар татаад хамт газарт унасан. Тухайн үед Ням-Очир нь хөгжимөө хаячих энүүгээр яадаг юм гээд байхад нь би хагарсан ч гэсэн машинд буцаагаад хийсэн. Ням-Очир нь цаг, хугацаа орон зайн хувьд огт баримжаагүй худлаа мэдүүлэг өгөөд байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

3. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай: Магадлуулагч Ч.Хишигбаярын биед зүүн чихний доор шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний эргэн тойронд зөөлөн эд няцрал, хүзүүний баруун доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүссэн. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн. Хохирогчийн биед үүссэн цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай: Ш.Ням-Очирын биед цээж, хамрын нуруу, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

5. Сүлд үнэлгээ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 423/00014 дугаартай: Зөөврийн хөгжим зах зээлийн үнэ 320.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

6. Яллагдагч Ш.Ням-Очирын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Дархан-Уул аймгаас Булган аймгийн төвд 13 цаг өнгөрч байхад ирээд Хишигбаяр руу би ирчихлээ гэж ярихад би ажлаа амжуулаад очъё гэхээр нь гэртээ хүлээсэн. 16 цаг өнгөрч байхад Хишигбаяр манай гэрт ирээд гэрийн тавилга ачаад 17 цагийн үед Сайхан сум руу хөдөлсөн. Булган аймгаас гарах замд байдаг Тэрэм дэлгүүр ороод уух юм юу авах уу гэж Хишигбаяраас асуухад 1 том пиво авчих гэхээр 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 1 ширхгийг аваад цааш хөдлөөд явангаа ууж эхэлсэн. Дондогийн булаг дээр зогсоод замын хойд талын 2 давхар дэлгүүрээс 1 ширхэг 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад шууд задлаад Хишигбаярт 1 хийж өгөөд цаашаа хөдлөөд явж байхдаа уугаад явж байсан чинь Хишигбаяр урьд өмнө болсон юмыг маань ярьж асаад эхэлсэн. Би тамхи асаагаад унтлаа гээд хойшоо налаад хэвтэж байтал Хишигбаяр намайг 1 удаа цохиход миний хамарны цус гоожсон. ...Хишигбаярыг нүүрэн хэсэгт нь 2 удаа баруун гараараа цохисон чинь Хишигбаяр машинаасаа буугаад тойрч ирээд машины хаалгыг түлхүүрээрээ гаднаас онгойлгож намайг чирч буулгаад толгойн хэсэгт 1 удаа өшиглөөд бид 2 ноцолдож эхэлсэн. Би салах гээд хүзүүг нь боосон чинь өөрөө одоо намайг тавь гэхээр нь би болиод нүдний шилээ хайж байх хооронд хөдлөөд явахаар нь машинаас зүүгдээд ачаан дээр нь гарч урд талын салхины шилийг нь хааж байж зогсоогоод хаалгаа онгойлгооч гэхэд нилээн удаж байж онгойлгохоор нь тэвшээр дамжиж кабинд суугаад юу ч ярилгүй орж суугаад Сайхан сумын Сайханы уурхайн төв ороод дэлгүүрийн гадаа очиж Хишигбаяр ачиж очсон нүүрсээ буулгах гээд зогсохоор нь машины ачаан дээр гарч тавилгаа буулгах гэхэд тал тавилга байхгүй байсан. Би Ч.Хишигбаярыг 2 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Хишигбаяр, иргэний хариуцагч Ч.Хишигбаяр нарын өгсөн мэдүүлэг, хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38, 44 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүлд үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 423/00014 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ш.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Ш.Ням-Очир нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумаас Сайхан сум руу Ч.Хишигбаярын машинаар өөрийн гэрийн тавилгыг ачиж явахаар Дархан-Уул аймгаас утсаар Хишигбаяртай холбогдоод Булган аймагт ирсэн байна. Булган аймгаас 16 цагийн үед Хишигбаярын тээврийн хэрэгсэлд авч явах гэрийн тавилгаа ачаад Сайхан сум руу хөдөлсөн бөгөөд замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Булган аймгийн Сайхан сумын нутаг Ганцын даваа гэх газарт цуг явж байсан Ч.Хишигбаяртай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний доор шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний эргэн тойронд зөөлөн эд няцрал, хүзүүний баруун доор зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Ням-Очирын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Хишигбаярын эрүүл мэндэд зүүн чихний доор шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний эргэн тойронд зөөлөн эд няцрал, хүзүүний баруун доор зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 38 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Ш.Ням-Очирын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ш.Ням-Очир нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, үл ойлголцсон нөхцөл байдал болон архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Ням-Очир нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ш.Ням-Очирын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Хишигбаяр нь шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд бензин шатахуунд 237.000, 117.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөг, эм тариа авсан 200.000 төгрөг, нийт 554.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 554.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.Хишигбаярт олгох нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч Ч.Хишигбаярыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд иргэний хариуцагч Ч.Хишигбаяр нь “миний хувьд дээрх зүйлсийг эвдээгүй, нүдний шил нь хаана хэзээ эвдэрснийг мэдэхгүй байна, хөгжмийг Ням-Очир өөрөө дараад эвдчихсэн” гэж, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг 37 минутад Сайхан сумын 6 дугаар багийн иргэн Ням-Очир нь 88977737 дугаарын утаснаас залгаад намайг хөдөө гарах уу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Ням-Очир нь хөдөө гэр рүү ор, буйдан ачих хэрэгтэй байна, намайг хүлээж байгаач гэхээр нь нэг гол усанд амьдарч байгаа хүмүүс гэж бодоод би хүлээсэн. ...Ням-очир Дарханаас ирчихсэн гээд над руу залгаад хүрээд ир гэхээр нь би очиж эд зүйлийг нь машинд ачаад Сайхан сумын төв рүү явсан. ... машин бариад Ганцын даваа өөд өгсөөд замын дунд явж байхад ахиж намайг цохиод байхаар нь машинаас буу гээд машины татлага тайлаад эд зүйлээ буулга гэхэд хамаагүй хая гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хохирогч Ч.Хишигбаяр нь Портер загварын тээврийн хэрэгслийн жолооч бөгөөд түүнийг Булган аймгийн Сайхан сум руу тээврийн хэрэгсэлтэйгээ явах гэж байгааг Ш.Ням-Очир нь мэдэж Дархан-Уул аймгаас холбогдож, Булган аймгийн төвийн гэрт байгаа гэрийн эд зүйлээ Сайхан сум руу түүний тээврийн хэрэгсэлд ачиж хүргэхээр хандсан, тэр дагуу хохирогч Ч.Хишигбаяр нь шүүгдэгч Ш.Ням-Очирын гэрийн эд зүйлийг тээврийн хэрэгсэлдээ ачаад Булган аймгийн Сайхан сум руу хөдөлсөн байна. Замдаа хохирогч, шүүгдэгч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, шүүгдэгч Ш.Ням-Очир нь хохирогч Ч.Хишигбаярыг гараараа толгойн тус газарт нь цохиж, зодсон бөгөөд хохирогч нь уурлаж бухимдахдаа шүүгдэгчийг машинаас эд зүйлээ аваад буухыг шаардаж, ачаан дээрх татлагаа сулласны улмаас шүүгдэгч Ш.Ням-Очирын гэрийн эд зүйлээс авдар, гүнгэрваа, ширээ, буйдангийн 2 дэр, гудас, шинэ дээл, гудас зэрэг нь алга болсон тул эд зүйлийн үнийг нэхэмжлэнэ гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ням-Очир илэрхийлжээ.

Тээврийн хэрэгслийн жолооч нь тээвэрлэж яваа ачааг хүргэх газартаа хүрээгүй байхад машинаас буулгахаар тэвшний татлагыг тайлсан үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг жолооч хариуцах үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуульд зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах нь тээвэрлэгчийн үүрэг бөгөөд гэрээ байгуулаагүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд иргэний хариуцагч Ч.Хишигбаяраас нүдний шилний үнэ 157.500 төгрөг, зөөврийн хөгжимний үнэ 320.000 төгрөг, нийт 477.500 төгрөгийг гаргуулж Ш.Ням-Очирт олгуулж, Ням-Очир нь гэрийн эд зүйлээс алга болсон гэх авдар, гүнгэрваа, ширээ, буйдангийн 2 дэр, гудас, шинэ дээлний үнийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Ч.Хишигбаяраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.

Шүүгдэгч Ш.Ням-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ш.Ням-Очирын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.Ням-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 63-80 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Ням-Очир нь Булган аймгийн Сайхан суманд 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.Ням-Очирын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ш.Ням-Очирыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ням-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ням-Очир нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Ширнэнболдын Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очирыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Ням-Очир нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ням-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Ням-Очироос гэм хорын хохиролд 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Булган аймгийн Сайхан сумын 6-р баг Сайхан овоо гэх газарт оршин суух Ч.Хишигбаяр /ГЗ85052613/-т олгох, иргэний хариуцагч Ч.Хишигбаяраас 477.500 /дөрвөн зуун далан таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан Ш.Ням-Очирт олгож, Ш.Ням-Очир нь тээврийн хэрэгсэлд ачиж явсан гэрийн эд зүйлээс алга болсон эд зүйлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Ч.Хишигбаяраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Ням-Очироос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ