| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 221/2024/0053/З |
| Дугаар | 221/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Нэхэмжлэгч: Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.З*******
Хариуцагч: Боловсролын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ын 2.2, 2.3, 4.2, 5.2 дахь хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, Ч.Б*******, иргэдийн төлөөлөгч Л.Ж******* нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 221/2024/0053/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасны дагуу маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн бөгөөд энэ нь хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж зааснаар хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгэлд эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх урьдач нөхцөлийг шаарддаг.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх хэдий ч эрх зүйн үйлчлэлгүй ийм журмыг хэрэгжүүлж, Кембриджийн сургуульд элсэлт авч байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад бодит байдал дээр Кембриджийн хөтөлбөртэй сургуульд сурагч элсүүлэх үйл ажиллагааг зохицуулж байгаа нь тус сургуулиудад элсэн суралцах сурагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хариуцагч нь хуульд заасны дагуу актыг эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад түүнийг хэрэглэж байгаа нь хууль бус байна.
Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуульчилсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг баталсан. Энэхүү журам олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн 4 ерөнхий боловсролын сургуульд хамаарна.
Журам бүр захиргааны хэм хэмжээний акт байх боломжгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актын талаарх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэж үзнэ. Энэхүү журмыг нийт төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрдөхгүй, зөвхөн олон улсын хөтөлбөрийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрийн өмчийн 4 ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрддөг. Түүнчлэн маргаан бүхий актыг хуулиар батлах эрх олгоогүй тул захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Тус журам нь захиргааны хэм хэмжээний актад тавих шинжийг бүрэн агуулаагүй тул захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх боломжгүй юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-аар төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд элсэгчдээс шалгалт авдаг. Энэхүү төрийн өмчийн 4 сургуулийн 3 сургууль 5 дугаар анги төгссөн, тухайн жилд 6 дугаар ангид элсэн суралцах суралцагчдаас тодорхой түвшний шалгалт авч элсүүлдэг. Үлдэх 1 сургууль 8 дугаар анги төгссөн, тухайн жилд 9 дүгээр ангид элсэн суралцах суралцагчдаас тодорхой түвшний шалгалт авч элсүүлдэг. Дээрх 4 ерөнхий боловсролын сургууль нь Кембриджийн сургалтын хөтөлбөрийн стандарттай уялдуулан Кембриджийн их сургуулийн олон улсын шалгалтын төвөөс тавих шаардлагыг хангах үүрэгтэй байгууллага юм.
Дээрх 4 ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцагч нар 6 болон 9 дүгээр ангиас шууд Кембриджийн сургалтын хөтөлбөрийн дагуу англи, монгол хос хэл дээр хичээллэх тул тодорхой шалгуур хангасан байх зайлшгүй шаардлагатай. Энэхүү шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, мөн элсэн суралцах нээлттэй боломжийг хүүхэд бүрд олгох зорилгоор тодорхой түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулдаг. Ингэснээр элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд бүрийг ялгаварлах байдал үүсэхгүй, өрсөлдүүлэх замаар тэгш боломжийг олгож байгаа явдал болно.
Дээрх сургуулиудад 6 болон 9 дүгээр ангид элсэн суралцахад хос хэлээр хичээллэх тул тодорхой шаардлага хангахгүй суралцагчийг элсүүлснээр тухайн суралцагчид маш их ачаалал, дарамт үүсгэх, мөн багшлах хүний нөөц хомс энэ үед багш нарт маш их ачаалал үүсэх, элсэхийг хүссэн суралцагч бүрийг элсүүлэх төсвийн болон бусад эх үүсвэр хүрэлцэхгүй байх сөрөг үр дагавартай юм.
Хэрэв энэхүү журмыг хүчингүй болгох эсвэл хүчин төгөлдөр бусад тооцох тохиолдолд олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд суралцагч элсүүлэх үйл ажиллагаа тодорхой бус болох, Кембриджийн их сургуулийн олон улсын шалгалтын төвтэй байгуулсан санамж бичиг, гэрээгээ Монгол Улс хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрэх болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч Л.Ж******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Олон улсын Кембриджийн хөтөлбөрийг Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд эхлүүлэх, суралцагчдын тоог хязгааралахгүй байх нь зөв санагдаж байна. Боловсролын мэдээллийг цахимаар нээлттэй явуулж, хүүхдийн мэдлэг боловсролыг тэлж, суралцах боломжийг нэмж, бусад хүүхдүүдийг хөгжүүлэх, хүүхэд бүрт хүртээмжтэй тэгш эрхтэй байлгах. Суралцагч биш эцэг эхийн оролцоотойгоор шийдэлд хүргэх нь зөв гэж бодож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 877 дугаар тогтоолоор:
“…Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг зөвхөн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”, “Хэнтий аймгийн Бэрх сумын гэсэн Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын 4 сургуулийн 6, 9 дүгээр ангид элсэгчдэд хамааралтай буюу тэдгээр ангид элсэгчдээс авах элсэлтийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулсан байгааг улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэлтэй гэж үзэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн …захиргааны акт гэсэн үндэслэлээр тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй…” гэж дүгнэсэн шүүгчийн мөн оны 1999 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо:
“…уг журмыг зөвхөн дээрх 4 сургуулийн 6, 9 дүгээр ангийн элсэгчдэд хамааралтай гэж тусгайлан заагаагүй, зөвхөн эдгээр сургуульд элсэгчдэд хамаарах гэж үзэх үндэслэлгүй, харин Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэх хүсэлтэй нийт улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 5 болон 8 дугаар ангийн сурагчдаас сонгон шалгаруулах элсэлтийн журам гэж үзэхээр байна…” гэж дүгнэсэн,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амаар болон бичгээр гаргасан “…журам хэм хэмжээний биш, захиргааны акт…” гэсэн тайлбартай холбогдуулан, мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод анх байгуулж, улмаар Сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар дээрх нэр бүхий 3 сургуулийн элсэлтийн журмыг баталж, харин одоогийн маргаан бүхий журмын хүрээнд эдгээрт Хэнтий аймгийн Бэрх сумын сургууль нэмэгдсэнээс бус Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөтөлбөрийн сургалттай дээрх 4 сургуулиас өөр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль байхгүй ч “хэм хэмжээний акт” мөн эсэх талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоос агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд Боловсролын сайдаас шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/1488 дугаар албан бичгээр маргаан бүхий журмыг Захиргааны ерөнхий хуулийн 37.7-д заасан шинжийг агуулсан захиргааны акт гэж үзэж байгаа, тийм ч учраас захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй, нэгэнт дээрх тогтоолоор хэм хэмжээний акт гэж үзсэн энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүн маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Уг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан, гэвч маргаан бүхий журам энэхүү шаардлагыг хангахгүй байгаагаас мөн зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-т “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэсэн үр дагаварыг бий болгохоор байна.
Харин өмгөөлөгч Б.З*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа уг журмын 2.2 буюу “6 дугаар ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0 хувь, түүнээс дээш байх”, 2.3 буюу “9 дүгээр ангид элсэхийг хүсэгчийн ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 80.0 хувь, түүнээс дээш байх”, 4.2 буюу “Шалгалтын сэдэв боловсруулах, батлах, танилцах, хамгаалахтай холбоотой асуудлыг Ажлын хэсэг хариуцна”, 5.2 буюу “9 дүгээр ангид элсэн суралцах шалгуулагчдын 2 шалгалт тус бүрийн анхны оноог хэмжээст оноо руу шилжүүлнэ. Энэхүү журмын 1.3-т заасан шалгалт тус бүрийн босго оноог давсан суралцагчдыг хоёр шалгалтын хэмжээст онооны дунджаар нь эрэмбэлж, хяналтын тоонд багтсан суралцагчдыг элсүүлнэ” гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор өөрчилсөн, гэвч Боловсролын яамнаас уг журмыг захиргааны акт гэж үзэж хэм хэмжээний актад бүртгүүлээгүйгээс хуульд заасан дээрх шаардлага хангагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагад хязгаарлагдалгүйгээр журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэв.
2.Түүнчлэн маргаан бүхий журмыг баталсан Сайдын 2023 оны А/78 дугаар тушаалын үндэслэл болсон Бага, дунд боловсролын тухай хуулийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон нь мөн өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөгдсөнөөр, өөрөөр хэлбэл олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах талаарх хариуцагчид эрх олгосон зохицуулалт ийнхүү хүчингүй болсон байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзсан болно.
3.Давж заалдах шатны шүүхээс журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч, 2.2, 2.3 дахь зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчилан элсэлтийн шалгалтад орох суралцагчдыг жилийн эцсийн үнэлгээгээр буюу дүнгээр нь ялгаварласан гэж үзэхгүй.
Учир нь улсын хэмжээний төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5, 8 дугаар ангийн нийт суралцагчдын тоо, олон улсын хөтөлбөрийн сургалттай дээрх 4 сургуулийн багтаамж, хүрэлцээ, хүчин чадал, нөөц боломжийн хүрээнд элсэн суралцахыг хүссэн суралцагчдад элсэлтийн шалгалтад орох шалгуурыг тухайн суралцагчийн суралцах суурь чадварын илэрхийлэл болсон жилийн эцсийн үнэлгээний дунджийг 5 ангид 90.0 хувь, 8 дугаар ангид 80.0 хувь болон түүнээс дээш байхаар тогтоосныг буруутгахгүй, энэ нь Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх” боловсролын бодлого, үйл ажиллагаанд баримтлах зарчимтай зөрчилдөхгүй.
Нэхэмжлэлд улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд 700.000 гаруй, харин нэр бүхий 4 сургуульд 1000 гаруй хүүхэд тус тус суралцаж байгаа талаар дурдсанаас үзэхэд ч 5-аас 6 дугаар анги руу, 8-аас 9 дүгээр анги руу шилжин элсэхийг хүссэн суралцагчдад тодорхой шаардлага, шалгуур босго тогтоох нь зүй ёсны асуудал бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Кембриджийн их сургуулийн олон улсын шалгалтын төв хооронд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Засгийн газар 2010 онд эхний лаборатори сургуулийг байгуулж шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлэх, тухайн сургуульд Кембриджийн стандарттай уялдуулан шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийн туршилтыг хэрэгжүүлэх, туршилтын үр дүнгээс хамаарч үндэсний хэмжээнд өргөжүүлэх, цаашлаад Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн 30 лаборатори сургуулийг байгуулах зэргээр хамтран ажиллахаар харилцан ойлголцсон байгаагаас гадна энэ нь шат дараатай, урт хугацаанд хэрэгжих үргэлжилсэн үйл явц тул эхний ээлжинд байгуулагдсан нэр бүхий 4 сургуульд элсэн суралцагчдад шалгалтад орох тодорхой шалгуур тавихаар журамласныг хуульд заасан дээрх зарчимтай зөрчилдсөн гэж үзэхгүй.
4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Ж******* “…дүнгээс хамаарч хүүхдийн сурах эрх хаагдах тал байдаг, үүнээс шалтгаалж бусдаасаа ичих, зарим тохиолдолд хичээлдээ явахгүй байх ч эрсдэл үүсч болзошгүй, иймд шалгуур үзүүлт болсон дүнгийн босгыг бага зэрэг анхаарч, боломжтой болгож өгвөл эерэг нөлөө нь нэмэгдэх болов уу, мөн цаашдаа болж өгвөл Кембриджийн хөтөлбөрийг 3, 4 сургуульд гэлтгүй улсын хэмжээнд бүх сургуулийн сурагчдын энэ хөтөлбөрөөр суралцах эрхийг нээж өгөхийг хүсье…” гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан.
Гэвч нэхэмжлэгчийн хувьд дүнгийн босго их байна, эсхүл босгыг багасгах ёстой гэж бус харин элсэн суралцагчдад шалгалтанд ороход огт босго тавих ёсгүй гэж маргасан тул дүнгийн босгыг хэрхэн тогтоосноос хамаарч суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй эсэхэд дүгнэлт өгөхгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх …хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан болно.
Цаашдаа Кембриджийн хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэх талаарх иргэдийн төлөөлөгчийн дээрх санал, дүгнэлт өмнө дурдсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас боловсролын талаарх авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд шат дараатай хэрэгжих боломжтой болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, Бага, дунд боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.З*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ