Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2018/00017

 

   2018            05              16                                             202/МА2018/00017

 

Б.Ж-гийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай  

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, 130 дугаар байрны.... тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Т овогт Б-ийн  Ж /РД:..../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, .... дугаар байр, ... тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, С овогт З-ын Г /РД:..../-д холбогдох,

 Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 993 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч З.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие охин Атой хамт 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бадрах өргөө зочид буудлын урд талын явган хүний гарцаар зам гарч явахад З.Г нь ... УНЕ улсын дугаартай приус маркийн автомашинтай ирж биднийг мөргөж осол гаргасан. Тухайн өдрөө охины хамт яаралтай түргэн тусламж дээр очиж үзүүлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэвч эмнэлгийн зүгээс Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гэж үзэж, 13а маягт хийж өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр онош тодруулсан. Биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг 2017.09.14-ний өдөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх дүгнэлт 2017.09.20-ны өдөр гарч З.Год 20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь 2017.09.22-ны өдрүүдэд тус тус гарсныг миний бие 2017.09.27-ны өдөр Замын цагдаагийн Гүрдоржтой уулзаж мэдсэн. Гэмтэл тогтоох шинжилгээгээр охин бид хоёрт хөнгөн зэргийн гэмтэл учирсан, булчингийн чангаралт, зөөлөн эдийн гэмтэлтэй, охин А айж цочирдсоны улмаас шөнө болгон уйлж, сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна. Миний хувьд эмч үзээд цаашид нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн. Уг шийдвэрт гомдол гаргаж прокурорын байгууллагад 2 ч удаа хандсан боловч хүлээж аваагүй болно. Иймд биед учирсан гэмтлийн зардал 695 000 төгрөг, замын зардал 280 800 төгрөг, бусад зардал 66 425 төгрөг, нийт 993 800 төгрөгийг З.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж нэхэмжлэлээ багасгаж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 993 800 төгрөгөөс эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардлаас ясны сийрэгжилт оношлогооны төлбөр 15 000 төгрөг, замын зардлаас 94 900 төгрөг, бусад зардлаас өмгөөлөгчөөр өргөдөл бичүүлж, зөвлөгөө авсан төлбөр 30 000 төгрөг, нотариатын төлбөр 8 000 төгрөг, нийт 147 900 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эм тариа, эмчилгээний зардал 680 000 төгрөг, замын зардал 185 900 төгрөг, нийт 865 900 төгрөгийг хариуцагч З.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Дорноговь аймаг Сайншанд сум, 2 дугаар баг, Бадрах өргөө зочид буудлын урд талд УНЕ ...улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодон явж байтал гэнэт хүүхдийн тэрэг хурдтайгаар автомашины урдуур орж ирэхэд автомашиныг бүрэн зогсоох арга хэмжээ авч зогсоосон. Зогсоох үед хүүхдийн тэргийг мөргөөгүй, хүүхдийн тэрэг босоо байсан. Тухайн үед авто замын засварын ажил хийгдэж байсан болохоор миний зорчиж байсан талд замын гарц байгааг анхааруулах, заах тэмдэг дохио байхгүй байсан боловч зам дээр чулуу, шороо байсан тул хурдыг сааж 10 км/цаг хүртэл бууруулсан байдалтай явж байсан. Иргэн Б.Ж, А.А нарын биед автомашинаар шүргэсэн явдал огт гараагүй. Автомашинаас буугаад хэрэг болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэний дараа зураг авч баталгаажуулах гэсэн боловч Б.Ж зураг авхуулахгүй гэсэн тул зураг аваагүй болно. Нэхэмжлэгч Б.Ж нь тухайн үед архи уусан байсан ба би зүгээр, та нар явчих гэж хэлж байсан. Миний зүгээс цагдаа дуудчихсан, ирэхээр нь учраа олъё гээд замын хажууд суусан. Б.Жгийн биед гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл болоогүй тул нэхэмжилж байгаа зардлыг төлөхгүй. Нотлох баримт үнэн зөв бол надаас нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч З.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би зарим хэсгийг нь зөвшөөрч байгаа. Улаанбаатар хот руу явсан 5 удаагийн галт тэрэгний зардал 97 500 төгрөг, бумба авсан 10 000 төгрөг, ”Ач үйлс дэлгэрэх “эмнэлэгт үзүүлсэн Агийн төлбөр 5000 төгрөг, ”Ач үйлс дэлгэрэх” эмнэлэгт Ад 5 хоног физик эмчилгээ хийлгэсний төлбөр 10 000 төгрөг,  нийт 122 500 төгрөгийг би төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн төлбөр 16 000 төгрөгийг төлнө гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Гоос 865 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Гоос улсын тэмдэгтийн хураамж 25 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч З.Г давж заалдсан гомдолдоо: Миний бие З.Г 2017.09.10-ны өдрийн 19 цагт Дорноговь аймгийн Бадрах өргөө буудлын урд талын замд Приус 20 маркийн .... УНЕ дугаартай машин жолоодон явж байтал замын явган хүний гарц тэмдэглэгээ байхгүй, зам засвартай, явган хүний гарц, цагаан шугам огт байхгүй, овоолгоотой шорооны хажуугаар хурдыг сааж, 10 км цагийн хурдтай явж байхад иргэн Ж, эгч Урнаа нар нь согтуугаар охин Аг хүүхдийн тэрэгтэй түрээд гарч байсан. Тухайн үед би дөхөж очоод зогссон. Ж, Урнаа нарыг согтуу байхад замын цагдаа Чулуунбат шалгаагүй, намайг согтуу байна гэж аппаратаар шалгасан. Ж, А нарыг мөргөөгүй, тулж очоод зогссон. Ж нь ах, эгчээ би зүгээр, ингээд явчихъя гэж хэлсэн. Утсаараа бичлэг хийе гэхэд Ж хийлгээгүй, замын хойно сууж байсан. Би өөрөө иргэний үүргийн дагуу зохих журмын дагуу эмнэлэг, цагдаа дуудсан. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-аар Ж очоод клиникийн урьдчилсан оношоор, тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцралт гэж эмч урьдчилсан онош тавьсан. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4248 тоот өвчний түүхэнд уг оношийг баталгаажуулахын тулд цээжний рентген зураг авч оношлоход өөрчлөлтгүй, шээс цус, биохими шинжилгээнүүд ямар нэгэн өөрчлөлтгүй гарсан. Хавтаст хэргийн 12-т 13а маягтаар өөрийн хүсэлтийн дагуу ГССҮТ-д илгээсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Гантулга нь рентген зураг шинжилгээ биохими, цус, шээсэнд өөрчлөлтгүй гэж 13а маягт бичиж өгсөн. Иргэн Ж, А нарын биед миний машин хүрээгүй, мөргөөгүй, ямар нэгэн хохирол, гэмтэл учраагүй нь дээрх шинжилгээгээр батлагдаж байна. Аймгийн анхан шатны шүүх аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх болох 4248 тоот түүхийг хуулбарлан баталгаажуулж, рентген зураг, шинжилгээнүүдийг нотлох баримт болгон хэрэгт хавсаргаагүй. Би энэ нотлох баримтыг тайлбартаа олон удаа бичсэн. Ж шүүхэд тайлбар гаргахдаа би ГССҮТ-д 2017.09.14-нд огт үзүүлээгүй гэж 2018.02.08-ны өдрийн 136 дугаар шүүгчийн захирамж гаргуулсан. Ж нь хуурамчаар эмнэлгийн дүгнэлт эмчид үзүүлээгүй мөртлөө эмчид үзүүлсэн гэх өдөргүй, гарын үсгээ таталсан эмчийн бичилт хийлгэж, улсын эмнэлгээр шинжилгээ, зураг, рентген зураггүй, батлагдсан оношгүй, мөн Браймбу сүм эмийн сангаас эмч эм бичиж өгөөгүй байхад ижил төстэй эм авсан гэж шүүхэд тайлбар гаргаж, биднээс мөнгө авах гэж хууран мэхэлсэн арга заль, үйлдэл гарган, худал хуурамч материалуудыг бүрдүүлсэн байгаа нь тодорхой байна. Энэ хууль бус үйлдлийг анхан шатны шүүх сайн шалгаж нотлохгүй, үнэн мөнөөр шүүж тунгаан шүүхийн шийдвэр гаргаагүй. Энэ хугацаанд бид сэтгэл санаа, эрүүл  мэнд, эд материалын хохирол амсч, Ж муухай ааш авир гаргаж, үүнээс болж байнгын айдастай түгшүүртэй байсан. Энэхүү эрх зүйн үндэслэлгүй, хуурамч бичиг баримт, шаардлага хангаагүй иргэний хэргийг бүрдүүлсэн тул дахин үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэнэ үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмч Д.Гантулга нь Жг клиникийн урьдчилсан оношоор тархи доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл гэсэн оноштойгоор 2 хоног хэвтүүлээд, өөрийнх нь хүсэлтээр 13А маягт /хх-54/-ыг өгч Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үзүүл гээд явуулсан байгаа. Ж 13А маягтаа аваад ГССҮТ-д үзүүлнэ, нарийн мэргэжлийн шинжилгээ өгнө гээд явсан атлаа эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Нэхэмжлэгч Ж нь ГССҮТ-д бус Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн, Брайбу эмийн сангаас эм авсан гэх 209000 төгрөгийн эмийг эмч бичиж өгөөгүй талаар эмч тайлбар гаргасан гэж байгаа. 4248 дугаар өвчтөний түүхийг хэрэгт хавсаргуулмаар байна гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Жд рентгэн зургаар ямар ч өөрчлөлт илрээгүй, шинжилгээнүүдээр эрүүл гээд гарсан байгаа. Тухайн үед бид нар машинаар мөргөөгүй болохоор хариуцлага хүлээмээргүй байна. Замын цагдаа Чулуунбатаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Ж эгчтэйгээ согтуу, хүүхдийнхээ тэргийг түрээд, зам хөндлөн гарч байсан. Согтуу байна гэдгийг нь шалгуулъя гэхэд Чулуунбат өөрөө шалгаагүй мөртлөө эрүүл байсан гэж Жгийн талд мэдүүлсэн байсан.  Машинд жолоочоос гадна 3 хүн байсан, тэр хүмүүс үхээгүй шүү гэдгийг би Чулуунбатад хэлсэн. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаяр нь 4248 дугаар өвчтөний түүхийг үндэслэж дүгнэлт гаргахдаа клиникийн урьдчилсан онош батлагдаагүй байхад батлагдсанаар, мөн эм аваагүй байхад эм авсан мэтээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг тархины өнгөт бичлэг хийж байгаа. Жд тархины өнгөт бичлэг хийсэн байх ёстой. Ж эрүүл болохоор тэр баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй байгаа. ГССҮТ-д үзүүлээгүй мөртлөө ямар ч он, сар байхгүй баримтаар үзүүлсэн гээд байгаа. А гэдэг охиныг мөргөсөн гээд байгаа. Огт мөргөөгүй байхад тархи доргилт гээд физик эмчилгээ хийлгэсэн байгаа. Үнэхээрийн мөргөсөн бол хохирол төлбөрийг бид нар төлнө. Жг мөргөөгүй учраас хариуцлага хүлээж, мөнгө төгрөг төлмөөргүй байна. Аг үзүүлсэн ямар ч баримт байхгүй байгаа. 305, 306 шинжээчийн дүгнэлтэд эрүүл гээд гарчихсан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй. Хэргийн материалтай танилцахад нотлох баримтууд дутуу, дотоод шүүрлийн эмч Мөнгөнчимэгийн  өвчтөний түүх шиг гар бичмэл байхгүй байсан. энэ талаар шүүгчийн туслахаас асуухад та худлаа хэллээ гэсэн. Энэ хүнийг мөргөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч З.Г-д холбогдуулан өөрт болон өөрийн охин А.Агийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 993800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 865900 төгрөг болгон өөрчилжээ.

Хариуцагч З.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Ж болон түүний охин А.А нарын эрүүл мэндэд хохирол учруулаагүй буюу гэм буруугүй, мөн нэхэмжлэгч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэхь хэсэгт заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч З.Г эс зөвшөөрч “ ... хүсэлт шийдвэрлээгүй, ... нэхэмжлэгч Б.Ж болон түүний охин А.А нарыг мөргөөгүй, ... анхан шатны шүүх нотлох баримтыг сайн шалгаж, нягтлаагүй, ... хуурамч нотлох баримтыг үндэслэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, маргаанд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч З.Гыг нэхэмжлэгч Б.Ж болон түүний охин А.А нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв боловч хэрэгт цугларсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэм хор, хохирлын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан , тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Хариуцагч З.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Эрх чөлөөний гудамж Бадрах Өргөө зочид буудлын урд талын засмал замаар 80-96 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, зорчих хэсгийн явган хүний гарцан дээр явган зорчигч Б.Ж болон түүний охин А.А нарыг мөргөж, тэдний эрүүл мэндэд буюу Б.Жгийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл, А.Агийн биед тархи доргилт гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-97/, шийтгэврийн хуудас /хх-23/, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн дүгнэлт №305 /хх-20/, №306 /хх-25/, гэрч Н.Чулуунбатын мэдүүлэг /хх-111/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Хариуцагч З.Г нь өөрийгөө гэм буруугүй буюу Б.Ж болон түүний охин А.А нарыг мөргөөгүй, осол гараагүй, замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй гэх боловч зам тээврийн ослын газар ажилласан цагдаагийн албан хаагч буюу гэрч Н.Чулуунбатын “ ...урдаасаа хойшоо чиглэлтэй гарцаар Б.Ж нь хүүхдээ түрээд /тэрэг/ явж байсныг З.Г нь машинаар мөргөөд, хүүхдийн тэрэг нь талаар харуулж унасан байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг, мөн хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д заасныг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 38-д зааснаар 20000 төгрөгөөр торгуульсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч төлсөн зэргээс үзэхэд хариуцагч З.Гыг нэхэмжлэгч болон түүний охины эрүүл мэндэд гэм хор учруулаагүй буюу гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Энэ талаар анхан шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч З.Гын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Ж болон түүний охин А.Агийн эрүүл мэндэд гэм хор учруулсан тул хариуцагч нь ийнхүү эрүүл мэндэд учирсан хохирлыг буюу зайлшгүй  бүх зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Гэхдээ анхан шатны шүүх гэм хорын хэмжээг тооцохдоо энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зарим зардал нь түүний болон охин А.Агийн эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардал болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхаараагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 

Үүнд: 1. Нэхэмжлэгч Б.Ж нь эм тариа болон эмчилгээ, шүүх эмнэлгийн шинжилгээний зардалд нийт 680000 төгрөг нэхэмжилсэн ба бумба авсан 10000 төгрөг, Брайбу эмийн сангаас эм авсан нийт 209000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт бүтэн нурууны MRI шинжилгээний 430000 төгрөг, нийт 649000 төгрөгийн зардлыг хэн гэдэг эмчийн ямар зөвлөгөөгөөр, ямар эмчилгээнд хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс эдгээр зардлыг эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй. 

Тодруулбал хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн дүгнэлт №115-р Брайбу эмийн сангаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан эмнүүд нь өвчин намдаах үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон боловч  эдгээрийг эмийн жороор аваагүй буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ач үйлс дэлгэрэх ХХК-ийн эмчийн бичсэн энгийн эмийн жороор /хх-98/ зөвлөсөн эм биш, мөн  Брайбу эмийн сангаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан эмнүүд нь ямар өвчинд, яагаад хэрэглэсэн нь тодорхойгүй, мөн эмийн жороор аваагүй,  Мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэсэн бүтэн нурууны MRI шинжилгээг нэхэмжлэгч Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн эмчийн зөвлөсний дагуу хийлгэсэн гэх боловч энэ талаарх хавтаст хэргийн 61, 62 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлд бүтэн нурууны MRI шинжилгээг хийлгэх шаардлагатай болохыг дурдаагүй байна.

Түүнчлэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №305 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Жгийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэснийг болон 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эмнэлэгт өвчтэн илгээх хуудас буюу Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-13А маягтанд “ЦЕШ, ШЕШ, Биохими өөрчлөлтгүй, Рентген голомтод өөрчлөлтгүй” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгч Б.Ж нь бүтэн нурууны MRI шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

2. Нэхэмжлэгч нь эмчилгээ, оношилгоо хийлгэсэн замын зардалд гэж нийт 185900 төгрөг нэхэмжилсэн байх боловч 2017 оны 10 дугаар сарын 06, 2017 оны 10 дугаар сарын 23, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ямар ажлаар Улаанбаатар хот зорчсон нь тодорхойгүй ба осол 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан, улмаар шинжээчийн 305, 306 дугаар дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч болон түүний охины эрүүл мэндэд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан гэснээс үзэхэд дээрх хугацаанд дахин эмчилгээ оношилгоо хийлгэх зайлшгүй ямар шаардлагатай байсан нь хэрэгт цугларсан нотох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. 

Харин хэрэгт авагдсан Ач үйлс дэлгэрэх эмнэлэгийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот албан бичгээр /хх-63/ нэхэмжлэгчийн охин А.А нь тус эмнэлэгт 2017 оны 09 дүгээр сарын 15-нд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн, мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 5 хоногийн хугацаанд физик эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон байх тул энэхүү зардалд нийт 15000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эмнэлэгт өвчтэн илгээх хуудсаар /хх-54/ нэхэмжлэгч Б.Ж нь онош тодруулахаар Улаанбаатар хот зорчсон байх тул үүнд замын зардал буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-нд Сайншандаас Улаанбаатар хүртэлх галт тэрэгний зардал  19000 төгрөг /хх-55/, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн буцах зардал буюу Улаанбаатараас Сайншанд таксины зардал 30000 төгрөг /хх-60/, замын зардалд нийт 49000 төгрөг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн тул түүний үнэ 16000 төгрөг /хх-7/, нийт 80000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болно. 

Хариуцагч З.Г нь давж заалдсан гомдолдоо Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн № 4248 тоот өвчний түүхийг хуулбарлан баталгаажуулж, рентген зураг шинжилгээнүүдийг хэрэгт хавсаргах хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлын хувьд авч үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нээс 2018 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4248 дугаартай өвчний түүхээс 209000 төгрөгийн 7 ширхэг эм ав гэсэн жор бичсэн эмчийн бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулахаар хүсэлт /хх-47/ гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 136/Ш32018/00217 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-65-66/ хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн гомдолд дурдсанчлан өвчний түүхийг хуулбарлан баталгаажуулж, рентген зураг шинжилгээнүүдийг хэрэгт хавсаргах гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 865900 ... “ гэснийг “80000” гэж, “... олгосугай” гэснийг “олгож” гэж, дараа нь “ нэхэмжлэлээс үлдэх 785900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, 

2 дугаар заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 25332 ...” гэснийг “4550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                     Х.БАЙГАЛМАА