Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00453

 

“........... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2020/000027 дугаар магадлалтай,

“........... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

О.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38,708,533 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 38,708,533 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Бгээс зээлийн гэрээний үүрэг болох 38,708,533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Бгээс 351,493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,493 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2020/000027 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

4. Хариуцагч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч О.Б миний бие анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Хариуцагч болох О.Б миний бие 2018.05.28-ны өдрийн 17/631 тоот, 2019.03.04-ний өдрийн 19/1286 тоот, 2019.05.28-ны өдрийн 19/1396 тоот зээлийн гэрээний хавсралт гэрээний салшгүй хэсэг болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн байхад зээлийн гэрээний 4.2, 4.2.2 дахь хэсэгт зааснаар  зээлдүүлэгч гэрээг цуцлахгүй гэрээний хугацааг дуустал гэрээг үргэлжлүүлсэн, мөн  хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй хугацааг сунжруулсан, барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтуудаар зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн үр дагаврыг зээлдэгч хариуцахгүй бөгөөд зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж заасан.

Мөн “........... ББСБ” ХХК нь О.Б намайг дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2019 оны намар болон 2020 оны хавар гомдол гаргаж залилангийн хэргээр 2 удаа шалгуулж байсан. Энэхүү цагдаагийн байгууллагад зээлдүүлэгч “........... ББСБ” ХХК-ийн гомдлоор шалгагдсан хугацааг хүртэл зээлдэгч хэтрүүлсэн гэж дүгнэн зээл төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүг зээлдэгчээр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан нь дээрх Иргэний хуулийн 223, 224 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

4.2. Хариуцагч О.Б миний бие нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК-д нийт 3,762,640 төгрөгийг төлсөн байдаг. Үүнийг зээлдүүлэгч тал үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд “зээлдэгч өөрөө үүргийн гүйцэтгэлээ сонгоогүй бол аль хүнд нөхцөлтэй үүргийн гүйцэтгэлээс эхэлж хасч тооцно” гэж заасан байдаг. Иймд зээлдэгч О.Б миний төлсөн 3,762,640 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “38,708,533 төгрөг” гэснийг “23,970,560 төгрөг” болгон өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаас 14,737,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 21,800,000 төгрөг, хүү 15,178,133.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,709,899.39 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 38,708,533 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн талаар “...үндсэн мөнгийг төлөхөд татгалзахгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй” гэсэн тайлбар гаргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан 2018.05.28-ны өдрийн 9.800,000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай, 2019.03.04-ний өдрийн 6,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2019.05.14-ний өдрийн 6,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн гэрээ нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний агуулгатай болох, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж үүргээ биелүүлсэн, хариуцагч зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, нийт 3,762,840 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй талаар хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь үндсэн зээл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

9. Хариуцагч гомдолдоо, “нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ч шүүхэд нэн даруй хандаагүй, үүргийн гүйцтэтгэлийг фидуцийн зүйл болох автомашинаар хангуулах шаардлага гаргаагүйгээс зээл, хүүгийн хэмжээ нэмэгдсэн, нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсаныг хоёр шатны шүүх анхаараагүй”, иймээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 14,737,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10. Хэргийн баримтаас үзвэл, эхний зээлийн гэрээний хугацаа 2019.01.28-ны өдөр, хоёрдохынх 2019.06.06.04-ний өдөр, гуравдахь гэрээнийх 2019.11.28-ны өдөр тус тус дуусгавар болсон, нэхэмжлэгч шүүхэд 2020.06.08-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргажээ.

10.1 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан, хуулийн энэ агуулга талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2, 4.2.2-д тусгагджээ.

Харин энэ нь гэрээ болон хуульд зааснаар зээлдүүлэгч банкинд олгогдсон эрх байх бөгөөд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй, эрхээ нэн даруй хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчим нь гэрээний аль ч талд хамааралтай ба хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, үүрэг зөрчигдсөн, 2019.10.11-ний өдрөөс төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч шаардаж улмаар 2020 оны 06 сард нэхэмжлэл гаргасныг эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх, улмаар гэрээгээр тохирсон хугацаанд буюу сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагчийг зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нь хууль зөрчинө.

11. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” үндэслэл нь гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоос бус гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоогүй байна.

Тодруулбал, дээрх зохицуулалтын “Үүрэг гүйцэтгүүлэгч хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхийн тулд хоёр талын гэрээнд харилцан үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээгээр нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс шалтгаалсан, зайлшгүй шаардлагатай ямар нэгэн үйлдэл эхэлж хийсний дараа нөгөө тал үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх тохиолдлын тухай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан “үүрэг гүйцэтгэхээс татгалзах” буюу нэг тал эхэлж үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах утга юм.

Иймээс нэхэмжлэгч олгосон зээлээ хариуцагчаас шаардаагүйг “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарлах нь хуульд нийцээгүй тул хариуцагчийг 3 зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2.3-т заасан нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 204/МА2020/000027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Бгийн 2020.11.05-ны өдөр 231,640 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ