| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 2324000000048 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 43 настай, эрэгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *хаягаар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогтой *******ийн ******* /РД:*******/
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг ******* хороололд байрлах өөрийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамран тус газарт гар утас барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны зөрүүгүй хөдлөн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг ******* хороололд байрлах өөрийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамран тус газарт гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хамрын хянга ясны зөрүүгүй хөдлөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч “...Өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Тосонцэнгэл сумын хогийн толгойд ажиллаж байгаад ажлаа тараад 18 цагийн орчим гэр рүүгээ явж байтал манай нөхөр М.******* миний өөдөөс мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд намайг тосож аваад явж байгаад би нөхрөөсөө “утас чинь хаана байна” гэсэн чинь манай нөхөр “өө би сая гэрээр ороод гарсан тэнд орхисон юм шиг байна, замаараа орж хараад аваад явъя” гэж хэлээд би нөхөр ******* болон 3 настай хүүгийнхээ хамт нөхрийн найз ******* гэдэг залуугийн гэр рүү явсан. Бид 3 яваад манай нөхрийн найз ******* гэдэг залуугийн гэрийн гадаа очтол ******* “би энд байна наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид 3 явж очоод манай нөхөр найз *******дээ хандаж “хөгшин нь сая утсаа хаясан байна, танайд байна уу” гэж асуусан. Тэгтэл манай нөхрийн найз ******* хариуд нь “өө тийм үү ороод хар, хар чиний хайрцагтай тамхи чинь байна лээ” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийн найз ******* “чи манай охинтой хамт ороод түлээний сараан дотор харчих, бид нар сараан дотор л байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би охинтой нь хамт хашаа руу нь ороод түлээний сараан дотор орж манай нөхрийн утас байна уу үгүй юу харахад утас нь байхгүй байсан. охин бид 2 буцаад гараад иртэл манай нөхөр найз *******тэйгээ гудамжинд заамдалцаад зогсож байсан. Би тэр 2 дээр явж очоод “та 2 болио яах гээд байдаг юм” гэж хэлээд нөхрөө салгаж аваад цааш эргээд явах гэж байтал араас манай нөхрийн найз ******* “чи ямар овоо пизда бэ, 2-лаа алалцах уу” гэж хэлээд манай нөхөр бид хоёр руу дөхөөд ирсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм, цаашаа бай гэж хэлээд нөхрийн найз цааш түлхэх гэтэл ******* баруун гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Тэгтэл миний нүүр сонин болоод хамраас цус гараад манай 3 настай хүү, охин 2 уйлаад хашхираад эхэлсэн. Миний хамраас цус гараад байж байтал манай нөхөр найз ******* рүүгээ “чи манай эхнэрийг яаж байгаа юм, наад хүн чинь бие давхар шүү дээ” гэж хэлээд *******д хэлж байсан. ...******* хашаанаасаа жижиг машин унаад гараад явсан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гэхэд утас байхгүй болохоор нь хажуугаар явж байсан нэг охины утас гуйгаад цагдаад дуудлага өгсөн... Миний биед гэмтэл учирсан, миний хамар хугарсан, нүүр хэсэг болон толгой маш ихээр өвдөж байна. Миний биед учирсан гэмтлийг манай нөхрийн найз ******* гэдэг залуу учруулсан баруун гартаа гар утас барьж байгаад нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
-Гэрч М. “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим охин г хүргэн ахынхаа гэрт авч очиж өгчхөөд буцаад гэр рүүгээ өөрийнхөө мотоциклтой явж байтал замд манай баз ах таарсан. Тэгээд ах надад хандаж “ах нь шартаж үхлээ нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би дэлгүүр ороод нэг 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэгээд бид 2 дэлгүүрээс ахын гэр рүү явж байтал ******* гэдэг залуугийн гудамжаар ороод явж байтал ******* нэг залуугийн хамт айлын хашаа засаад зогсож байсан. Тэгээд хажууд очиж зогсоод юм ярьж байтал ахын бариад явж байсан архийг хараад “наадхаа задлаач” гэсэн. Тэгэхээр нь би “гудамжинд яаж задлах вэ” гэхэд ******* манайд ороод задалъя гэж хэлсэн. Тэгээд гэрт *******, ах бид 3 ороод нөгөө архиа задлаад уусан. Хэсэг уугаад сууж байгаад гэрээс нь гараад түлээний сараанд нь ороод уусан. Тэгээд бид нарын ууж байсан архи талаасаа доош орж байтал би эхнэрээ авах цаг болоод тэндээс гараад явсан. *******, ах 2 нөгөө архи уугаад үлдсэн. Би гэрээс гараад эхнэрээ 2 дугаар сургуулийн араас аваад буцаад явж байтал манай эхнэр надаас “утсаа яасан” гэж асуусан. Тэгэхээр нь утсаа хаячихсан юм шиг байна, сая гэрээр ороод гарсан тэнд орхисон юм шиг байна гээд утсаа авахаар гэр рүү явсан. Тэгээд гэрийн гадаа очтол гэр нь цоожтой ******* нөгөө айлын хашааг засаад зогсож байсан. Тэгээд эхнэр бид 2-г дуудахаар нь яваад очсон. Тэгээд Би *******эс “би утсаа хаясан байна танайд орхисон байна уу” гэж асуусан. Тэгтэл ******* “манайд орхиогүй байхаа, түлээний сараан дотор орхисон байна уу хардаа” гэж хэлсэн. Тэгээд охин болон манай эхнэр түлээний сараанд нь орж хараад “байхгүй байна” гээд гарч ирсэн. Тэр хооронд ******* надад хандаж “чи намайг утасны хулгайд шаалаа” гэж хэлээд намайг заамдаад машины хамар дээр дараад байж байтал манай эхнэр ирээд салгасан. Тэгээд би цааш эргээд явж байтал ард нэг юм “тас” гээд дугарах шиг болсон эргээд хартал манай эхнэрийн хамраас цус гарч байсан, ******* цааш эргээд явж байсан. Тэгэхээр нь яагаад эхнэр цохиод байгаа юм гэсэн чинь юм ярихгүй цааш яваад өгсөн. ...Эхнэр бид 2 тэнд явж байсан нэг охиныг гуйгаад утсаар нь цагдаа дуудсан. ...Би эхнэрээсээ урд 2 алхмын зайтай явж байсан тэгээд ард юм дугарахаар нь эргээд хартал манай эхнэр хамраа дараад хамраас нь цус гараад сууж байсан ******* цаашаа эргээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч гийн “...2023 оны 07 дугаар сарын 06-ны би ******* гэдэг ахтай гэрийн хашааны хаалга засаад байж байтал танихгүй 2 хүн мотоцикл унаад нэг шил архи аваад ирсэн. Тэгээд тэр 2 хүн ******* гэх ахын гэр рүү ороод нөгөө архи гурвуулаа уусан. Би тэгэхэд өөрийнхөө гэр рүү орсон. Тэрнээс хойш 1 цаг орчим болсон байхаа нөгөө 2 хүн яваад ******* ах гэрээсээ гараад ирсэн. Тэгээд ******* ах бид 2 хашаагаа хадаад байж байтал нөгөө явсан 2 ахын нэг нь эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд ирээд “би гар утсаа хаясан байна танайд байна уу” гэж асуусан. Тэгтэл надтай хамт ажил хийж байсан ******* ах “би чиний утсыг аваагүй” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл тэр ах ******* ахыг барьж аваад хөмсөг хэсэг рүү нь 2 удаа цохисон, тэгтэл хөмсөгнөөс нь цус гарсан. Дараа нь ******* ах нөгөө үл таних хүнийг 1 удаа цохисон. Тэгтэл эхнэр нь голоор нь ороод тэр хоёрыг салгасан. Би ******* ахыг аваад жоохон холдсон. ******* ах бид 2 холдоод машины хажууд байж байтал нөгөө үл таних хүн ирээд ******* ахыг нэг удаа өшиглөхөөр нь би “зүгээр байгаач” гэж хэлээд татахад тэр хүн миний шилэн хүзүүнээс барьж аваад татсан, тэгээд би эргээд хартал эхнэрийнх нь хамраас цус гарсан байсан. Тэрнээс хойш би тэр ах руу дахин ойртоогүй... Уг хэрэг гарах үед ******* ах, охин нь, тэр үл таних ах эгч 2, бас жоохон хүүхэд нь байсан өөр хэн нэгэн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
-Яллагдагч Ч.: “...2023 оны 07 дугаар сарын 06-ны манай гудамжны айлын хүүхэд болох гэдэг хүүхдийн хамт тэдний гэрийнх нь хашааг засаж байтал ******* гэдэг залуу, гэдэг хүний хамт ирсэн. Би гийн хашаа засаад хадаж байсан тул гийн хашааны гадаа ирсэн. *******, 2 "нэг шил архи аваад ирлээ тойруулчих уу" гэхээр нь би “манай хашаа руу орж ууя" гэж хэлээд манай хашаа руу түлээний сараа руу орсон. Тэнд нөгөө нэг шил архийг бид 3 хувааж уугаад тэндээсээ гараад тал, тал тийшээ явцгаасан. Би гийн хамт хашаагаа хадаад үлдсэн. Хашаа хадаад байж байтал нөгөө ******* гэдэг залуу мотоциклтой эхнэрийнхээ хамт ирээд "би утсаа хаячихсан байна, танайд орхисон байна уу” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь манай охиныг дагуулаад манай хашаа руу ороод утсаа харсан байх. Тэр үед би хүний машин гуйж ирээд гийн хашааны гадаа тавиад юм хийж байгаад тэр машин нь асахгүй болохоор нь машины доогуур тонгойгоод харж байтал ******* миний ар нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд би яаж байна аа гээд босоод иртэл миний зүүн талын хөмсөг сэтэрсэн цус гарч байсан. Би босож ирээд нөгөө барьж аваад цээж, мөр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгж байтал эхнэр ирээд бид 2-н дундуур ороод салгаад нөхрөө цааш болгосон. Би тэндээсээ хүүхдээ аваад хөдөө гараад явсан. эхнэрийг нь би очоод цохисон зүйл байхгүй, ******* бид 2-г маргалдах үед салгах гэж дундуур орж ирэхэд санаандгүй цохисон байж магадгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000000244 дугаартай: "... биед гэмтэл учирсан байна. Хамрын хянга ясны зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
-Шүүгдэгч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирлыг бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ч. дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ZXET гэсэн бичигтэй хар өнгийн Жимобайлын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ZXET гэсэн бичигтэй хар өнгийн Жимобайлын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН