| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/0015/И |
| Дугаар | 064 |
| Огноо | 2020-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 064
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Е-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р , хариуцагч байгууллагын төлөөлөгч М, орчуулагч Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Г-с зээлээр авсан шатахууны үнэ, алдангийн хамт нийт 4464630 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Е -ны захирал Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баяннуур сумын Е нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус сумын Г тай “Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх тухай” нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилласан. Гэрээний талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 2.976.420 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гарсан. Гэтэл сумын Г гэрээгээ зөрчиж, уг өрийг одоо хүртэл төлөхгүй чирэгдүүлж байна.
Гэрээний нөхцөлийн 2.3-д заасны дагуу алданги тооцоход 2.976.420 х0,2 %х360 хоног=2,143.000 төгрөг болж байна. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан тул алдангийг 1.488.210 төгрөгөөр бодож тооцон нэхэмжилж байна.
Иймд Г-аас 2018 онд зээлээр авсан шатахууны үнэ болох 2.976.420 төгрөг, хугацаа хэтэрсний алданги болох 1.488.210 төгрөг, бүгд 4.464.630 төгрөгийг гаргуулан Е-г хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г-дарга М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баяннуур сумын Г Е той гэрээ хийж, шатахуун авч байсан нь үнэн. Би ажил авах үед 3900000 төгрөг байсан. Харин 2018 оны сүүлд би 1000000 төгрөгийг байгууллагаас төлүүлж өгсөн. Бид нар шатахуун авсан үнэн, төлөх нь үнэн төлж өгөх болно. Санхүүгийн байдлаас болж одоо хүртэл төлж чадаагүй байгаа. Энэ жил бас Е ноос шатахуунаа авч байгаа. Энэхүү шатахууны зээл бол 2018 оных ба 2020 онд бол өр зээл байхгүй. Е-ны нэхэмжилсэн шатахууны үнээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е -ны захирал Р нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Г -шатахууны үнэ 2976420 төгрөг, алданги 1488210 төгрөг, бүгд 4464630 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ”-г хариуцагч Г-ыг төлөөлж тус газрын дарга М нь нэхэмжлэгч Е ны захирал Р тай 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан ба уг гэрээний 2.1, 2.3-т тус тус зааснаар гэрээний хугацаанд шатахууныг зээлээр авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг сард нэг удаа буюу сарын 20-25-ны хооронд тооцоо нийлж бүрэн барагдуулахаар, энэ хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол төлөөгүй дүнгийн 0.2%-ийн алдангийг худалдагчид хоног тутам төлөхөөр тохирсон болох нь нотлогдож байгаа ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч байгууллага нь гэрээний хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Е д шатахууны үнэд 2976420 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № 001 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байгаа ба уг төлөгдөөгүй байгаа 2976420 төгрөгийн өглөг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл авч хэрэглэсэн нефтийн бүтээгдэхүүний үнэ болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон дээрх тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шатахууны үнийг зөвшөөрч байгаа ба түүнд зохигчид маргаагүй болно.
Талууд хооронд нефтийн бүтээгдэхүүнийг зээлдэн нийлүүлэх гэсэн нэртэйгээр гэрээ байгуулсан ба гэрээний агуулгын хувьд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг тусгаагүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан нефтийн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзлээ.
Хариуцагчийн байгууллагын төлөөлөгчөөс шатахууны үнээс үлдсэн 2976420 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байгаа ба харин алдангийг төлж чадахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
Гэтэл талуудын хооронд байгуулсан “нефтийн бүтээгдэхүүнийг зээлдэн нийлүүлэх гэрээ”-ний 3.1-д худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 2.3-т зааснаар “худалдан авагчаас шатахууны үнийг алдангийн хамт шаардах эрхтэй” гэж мөн гэрээний 5.1-д “энэхүү гэрээтэй холбогдох үүсэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг хэлэлцээний журмаар шийдвэрлэж тохиролцоонд хүрэхгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Е ны захирал Р нь хариуцагч Г -худалдаж авсан шатахууны үнэ болон гэрээнд заасан алдангийг нэхэмжлэх эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Е нь хариуцагч Г -шатахууны үнэ 2976420 төгрөг дээр алданги 1488210 төгрөг нэмж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г-ээс шатахууны үнэ 2976420 төгрөг, алданги 1488210 төгрөг, бүгд 4.464.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86384 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 83384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Г-ээс шатахууны үнэ 2976420 төгрөг, алданги 1488210 төгрөг, нийт 4464630 төгрөгийг гаргуулан Е-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 86384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж