Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/944

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

улсын яллагч Г.Янжиндулам

хохирогч Н.

шүүгдэгч Ё.*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү /1986/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2308000000937 тоот 1 хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилдаг гэх, ам бүл 3, хамтран амьдаргч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ******* хорооллын ...-... тоотод түр оршин суух, ******* аймгийн ******* суманд байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Ё.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ******* хорооллын 107-1 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.г үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж улмаар толгойг нь хана мөргүүлж хоолойг нь багалзуурдан боож хөл нуруу нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулай баруун дал, баруун тохой зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал баруун хацар, хүзүү, цээж, зүүн шилбэнд зулгаралт, дух, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бдит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага блгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ё.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ******* хорооллын 107-1 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.г үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж улмаар толгойг нь хана мөргүүлж хоолойг нь багалзуурдан боож хөл нуруу нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зулай, баруун дал, баруун тохой, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал баруун хацар, хүзүү, цээж, зүүн шилбэнд зулгаралт, дух зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Ё.******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд:

   1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.*******ийн өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй, эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдэж байсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..” гэв.

   2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.гийн өгсөн: “…Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...гэв.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.гийн өгсөн: “…2023 оны 4 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед би хамтран амьдрагч *******, *******ийн дүү , эхнэр Мөнх-Эрдэний хамт дөрвүүлээ Сэнгүр 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Шөнө 02 цагийн бид хэд салаад *******тэй хамт гэрлүү орсон. *******ийн утас унтарчихсан байсан чинь чи муу янхан миний утсыг унтраасан байна утас цэнэглэж өг гээд маргасан. Манай 5 настай хүү сэрчихсэн байсан. Хамтран амьдрагч хүүг босоод ир тоогоо цээжилсэн үү гээд 1 удаа алгадсан. Хүүхдээ өмөөрөөд маргалдсан. Хальт гэрээсээ гарч ирээд нойлд намайг байх үед чи наад нойлд хэнтэй янхандаад байгаа юм гээд заазуур барьж аваад намайг ална гэж дайрсан. Миний хоолойг боож нилээн зууралдсан. Будуу агшаагч шидсэн. 2 удаа аяга шидсэн. Эхэлж шидсэн хуванцар аяга миний толгойн баруун дээд духны хэсэгт оносон ба тэр хэсэгт хөхөрч овойж хавдсан хөндүүртэй байна. Тэгээд хана мөргүүлээд толгойны зүүн талын хэсэг өвдсөн. Хоолой хүзүүний хэсэг улаан эрээн болсон. Миний нүүр лүү олон удаа алгадаж цохисон. Бас нуруу хэсэг рүү юугаар цохисонг мэдэхгүй байна ямарч байсан цохисон өвдөж байна. *******тэй маргалдах үед хажууд хүүхэд байсан. ******* бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүүхэд маань өөр хүний хүүхэд байгаа юм. Урьд өмнө цохиж зодсон асуудал байгаагүй. Би 2 сар гарантай жирэмсэн юм.../хавтаст хэргийн 7 дахь хуудас/...******* намайг зоддог өдөр ******* намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх хуудас/, 

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н.н өгсөн: ...Би тэр үед гэртээ ганцаараа байж байхад аав ээж хоёр орж ирсэн. Аав согтуу байсан. Ээж эрүүл байсан ба аав ээж хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд аав гараараа нэг удаа алгадсан. Аав ээж рүү юм шидээд аав ээжийг гараараа зодоод газар унагаад зодоод байсан. Тэгээд цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Тэр үед ээжийн биед гэмтэл учирсан. Миний биед гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 16-17 дахь хуудас/  

 5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5431 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: ...Н.гийн биед тархи доргилт, дух зулай баруун дал баруун тохой зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал баруун хацар хүзүү  цээж зүүн зүүн шилбэнд зулгаралт дух хүзүү бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох өшиглөх маажигдах үйлчлэлээр 2023 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 19-20 дахь хуудас/   

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Ё.*******ийн өгсөн: “…2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед дүү Хүдэрээгийн гэрт буюу ******* хороололд Хүдэрээ болон түүний эхнэр манай хамтран амьдрагч бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00-01 цагийн үед хамтран амьдрагч гийн хамт гэрлүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын 107-1 тоотод ороход манай дагавар хүүхэд болох гэртээ унтаж байсан. Гэрт ороход миний утас унтарчихсан байсан тул г утсаа цэнэглээрэй гэхэд өөдөөс янз бүрийн юм яриад утсаа цэнэглэхгүй байхаар нь би г цохиж зодсон. гийн биед учруулсан гэмтлийг би цохиж зодож учруулсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул яаж хаашаа хаашаа нь цохиж зодсоноо санахгүй байна. бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. г өмнө зодож байгаагүй. г жирэмсэн  гэдгийг мэдэж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь хуудас/

 7.Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-3 дахь хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь хуудас/, гэрлэлт дуусгавар болсны лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх хуудас/, аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37 дахь хуудас/, захиргааны зөрчлийн лавлагаа /хавтаст хэргийн 39-40 дэх хуудас/, яллагдагчаар татсан тогтоол /хавтаст хэргийн 42 дахь хуудас/, хохирогчийн хяналтын карт /хавтаст хэргийн 55-57 дахь хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 58 дахь хуудас/, яллах дүгнэлт гардан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дахь хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: ... Шүүгдэгч Ё.******* нь хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санатай байна. ..” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгээс: ...Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү? гэж шүүхээс хүсэж байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ё.*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрх”-д халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна” гэж зааснаар хохирогч Н. нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч мөн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

Хохирогч Н. нь жирэмсний хяналтын картаар тухайн хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд жирэмсэн байсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч жирэмсэн болохыг нь мэдэж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн Ё.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг байх ба шүүгдэгч өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Ё.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцоход тус хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч  нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хёр:  Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н. нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ё.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ё.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Ё.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгээс: Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрч байх боловч уг ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Учир нь энэ хоёр маань гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдраад нэг жил болж байгаа. Эхнэр нь жирэмсэн, бага насны хүүхэдтэй. Ар гэрээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд ажил хийж мөнгө олох шаардлагатай. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн 10 дугаар сард үндсэн хаяг буюу ******* явна. Үүнд шүүх анхаарч үзэн, ялын хугацаа дуусаагүй бол ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар зохицуулж өгнө үү... гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ё.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүхээс шүүгдэгч Ё.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. .  

Шүүгдэгч Ё.*******д шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг түүний байнга оршин суух хаягийн бүртгэлээр ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000000937 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн , 2  дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ё.*******д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, биелэлтэнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХЦЭЦЭГ