Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Х

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Хариуцагч:      ...  аймгийн ... сумын ЗДТГ-ын дарга

Өмнөговь аймгийн ......... Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 1 946 725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Х нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны Б/05 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын Эрүүл мэндийн төв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сан, Барьцаа хөрөнгийн сан, Мал хамгаалах санг хариуцсан нягтлан бодогчоор томилогдон байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан билээ. Л.Х нь хүүхдээ эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тул 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гарган чөлөө хүссэний дагуу Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тушаал гарч хүүхэд асрах чөлөө олгосон. Хүсэлтдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хуулбарлаж хавсаргаад хүүхдээ 3 нас хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал чөлөө авсан болно. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа орохоор очиход Засаг даргын тамгын газрын дарга ******* эзгүй байсан. Хэд хоногийн дараа ******* дарга ирээд Л.Х-ыг бичиг хэргийн эрхлэгч *******гаар дуудуулсан. Очиж уулзахад ажилдаа орох юм уу гэсэн. Би ажилдаа орно чөлөөний хугацаа дууссан гэж хэлсэн. Тэгэхэд ******* өөр нягтлан бодогчтой сольж өөр байгууллагын нягтлан бодогчоор ажиллуулна гэхэд нь зөвшөөрч тушаал гарахыг хүлээсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас хална гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн үед Л.Х нь бие нь өвдсөн тул эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн болсон байсан. Эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөх болсон тул эрүүл мэндийн дэвтрээ авахаар ажил дээрээ очоод 09 сарын нийгмийн даатгал нь төлөгдөөгүй байгааг мэдсэн. Ингээд өөрийгөө жирэмсэн болсон тухайгаа байгууллагадаа мэдэгдээд нийгмийн даатгалын шимтгэлийг нь таслахгүй төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичиг хэргийн ажилтан ******* утсаар залган Л.Х-ыг 11 цагт Засаг даргын тамгын газарт ирэхийг мэдэгдсэн. Очиход сонсох ажиллагаатай хурлын зааланд ор гэсэн. ******* дарга ажилчдаа цуглуулан Л.Х-ыг халах болсноо хэлж зарим хүмүүс нийгмийн даатгалаа төлүүлээд ажлаа хийхгүй хэдэн жил төрөөд яваад байна гэж дургүйцлээ илэрхийлсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас хална гэж тайлбарласан. Ажилчдыг саналаа өг гэхэд Санхүүгийн албаны дарга ажилчдын саналаар даргын шийдвэр өөрчлөгдөх үү гэхэд ******* дарга үгүй гэсэн. Л.Х би жирэмсэн тул ажлаас халж болохгүй, өөр ажил ч болсон олж өгөх ёстой биз дээ гэж хэлсэн боловч түүний саналыг хүлээж аваагүй. Ингээд хурал тарсан. Л.Х-ыг ажлаас чөлөөлөх талаар сонсох ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн боловч ажлаас чөлөөлсөн тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан байсан. Л.Х нь ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан удаа байхгүй болно.

Иймд Л.Х-ыг урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгаж өгнө үү. Мөн Л.Х нь 2019 оны 09 дүгээр 03-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 1946725 төгрөгийг Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын даргаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х-ыг ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын тамгын газрын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг тушаал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсгийг баримталсан байдаг. 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд 37.1.8 дахь хэсэгт өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байдаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.2 дахь хэсгийг баримталсан байгаа. 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас халах гэсэн хуулийн заалтыг баримталсан. 47.1.4 дэх хэсэгт энэ хуульд заасан бусад үндэслэл гэж заасан. 47.2 дахь хэсэгт энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана гэсэн хуулийн заалтыг үндэслэжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.4, 40.5 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэсэн. 40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг үндэслэсэн. Энэ нь Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг үндэслэжээ. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэсэн. 18 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт гээд 18.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. 19.5, 19.6, 19.7 гэж үндэслэсэн заалтууд нь хуульд одоогоор байдаггүй заалтууд. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7 дах хэсгийг баримталсан. 20.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна. 20.1.7 дахь хэсэг мөн хуульд байхгүй, хүчингүй болсон заалт байдаг юм. Мөн уг тушаалдаа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийг үндэслэсэн байгаа. 19 дүгээр зүйлд төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох чөлөөлөх гээд 19.7 дахь хэсэгт төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27,5 дахь хэсгийг үндэслэсэн. Энэ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байдаг. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.4 дэх хэсгийг үндэслэсэн. Энэ нь ажлаас халах шийтгэл оногдуулахад харгалзах нөхцөлүүдийн талаар тусгасан байгаа. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаал Өмнөговь аймгийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гээд тогтоолд дурдсанчлан заалтуудыг мөн байгууллагын дотоод журмын 6.5.6 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж эс зөвшөөрч байгаа юм. Байгууллагын дотоод журмын 6.5.6 дахь хэсэгт ажилтан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж F үнэлгээ авсан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн байгууллагын дотоод журамд заасан заалтуудыг үндэслэсэн. Л.Х-ын хувьд байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар, Л.Хумбага нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогддог. Л.Х нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан. Төсвөөс санхүүждэг байгууллагын ажилтан. Гэтэл Л.Х-тай үр дүнгийн гэрээ байгуулсан мэтээр тушаалдаа буруу ташаа бичиж түүнийг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх томилох үйл ажиллагаа зохицуулагдана гэж үзэж байгаа. Энэ нь 40.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гээд үүн дээр Өмнөговь аймгийн төрийн өмчит аудитын газрын дүгнэлтийг үндэслэж ажил албан тушаалдаа тэнцэхгүй байдал бий болж байна гэсэн үүднээс хариуцагч хариу тайлбараа ирүүлсэн байгаа. Энэ аудитын газрын дүгнэлт нь тухайн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар Аудитын тухай хуулийг зөрчсөн байна, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж гараад байхад үүнийг ганц Л.Х-тай холбогдуулсан. Энэ нь тухайн Засаг даргын тамгын газын дарга Дэлгэрмаад буюу байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг хүний хувьд түүнд хамаарагдаж байгаа. Гэтэл нягтлан бодогч дан ганц буруутай байсан мэтээр арга хэмжээ авч ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Х нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө байгууллагын даргаасаа авсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу чөлөөг авсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөний хугацаагаа дуусгаад эргээд ажилдаа очиход Засаг даргын тамгын газрын дарга байгаагүй. Ингээд хэсэг хугацаа алдсаны дараа таныг өөр ажил албан тушаалд шилжүүлье гэсэн санал тавьсан. Өөр ажил албан тушаалд шилжүүлэх юм байна гэж бодоод байж байтал гэнэт ажлаас халах тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаараа ажилтан хүүхэд асрах чөлөө аваад эргээд ажилдаа томилогдоод дараа нь хуульд заасан зөрчил гаргасан гэж үзвэл ажлаас чөлөөлөх ийм процесс явагдах байсан. Гэтэл энэ хүнийг хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа ороогүй байхад нь шууд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.  Л.Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан учраас жирэмсэн эсэхээс үл хамааран ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Ямар ямар зөрчил гаргаад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаад байгаа гэдгээ ажил тасалсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Л.Х бол нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөг өөрийнхөө хуульд заасан эрхийнхээ дагуу авсан. Ингээд эргээд ажилдаа очсон боловч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь авч ажиллуулаагүй. Харин чамайг өөр байгууллагын нягтлан бодогчоор ажиллуулна гээд эргэж хариу өгөөгүй, ажлыг нь хийлгээгүй байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Хэрэв энэ хүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа бол Л.Х-ыг ажилдаа ирээгүй гэдгийг нотолсон ажлын цагийн бүртгэл байх ёстой. Ажлаа тасалсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байгаагаас Л.Х-ын тайлбар нь үндэслэлтэй тайлбар болох нь харагдаж байна. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт өгөөд миний  бие жирэмсэн, намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй тул өөр ажил албан тушаалд ч хамаагүй томилж өгөөч ээ, намайг ажлаас халах боломжгүй шүү гэсэн зүйлийг хүсэлтээ дурдсан байдаг. Бас нэг зөрчлийг төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн. Энэ зөвхөн Л.Х-ын нэр дээр гарсан, Л.Х-ын буруутай үйл ажиллагаа, ажлын мэргэжил ур чадвар нь хүрээгүй буруутай үйл ажиллагаа байна гэж тогтоогдоогүй. Аудитын дүгнэлт нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ганц албан тушаалтан дээр гардаггүй юм. Энэ бол тухайн байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа хэр үнэн зөв, доголдолгүй явж байна гэдгийг шалгадаг дүгнэлт гэж ойлгож байна. Мөн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Уранчимэг гэдэг хүнээс ирүүлсэн ажил албан тушаалдаа Л.Х-ыг тэнцэхгүй байна гэсэн албан бичгийг үндэслэж ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгосон гэж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс энэ хүнийг мэргэжлийн ур чадвартаа тэнцэхгүй, алдаа гаргасан гэдгийг тодорхойлдог байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй байна. Байгууллагын дотоод журмын 6.5.2-т хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Энд дараах зөрчлүүд хамаарна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуугаар ажилдаа ирсэн, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эрүүлжүүлэгдсэн, албаны нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж ёс зүйн хорооны хурлаар орсон. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл хөдөлмөрийн дотоод журамд зааснаараа Л.Х-д аль нь ч хамаарахгүй байна. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа гаргаж, зөрчил гаргаж байсан гэсэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус хэрэгт хариуцагчаар татагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын газрын дарга ******* нь 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Л.Х-тай холбоотой асуудлаар хурал хийж Л.Х-ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болох нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын шалгалтын албан шаардлага, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Уранчимэгээс ирүүлсэн албан бичиг болон Л.Х-ын өөрийнх нь гаргасан тайлбар зэргээр хангалттай нотлогдож байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, мөн Л.Х нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, чөлөөний хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчлүүдийг давтан гаргасан байдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Л.Х-ыг эрхэлж байсан ажил албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байдаг. Ингээд энэхүү Л.Х-ын гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг хурлаар хэлэлцээд дээрх үндэслэлүүд болон нотлох баримтынхаа талаар Л.Х-д тайлбарласан байдаг бөгөөд бичиг хэргийн ажилтан Л.Х-г ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаартай тушаалын огноог буруу бичсэн техникийн шинжтэй алдаа нь энэхүү тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш учраас тус тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймээс “Ажилдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/22 дугаартай ******* ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Л.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасан зөрчлүүдийг гаргасан байгаа учраас дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тодруулбал тухайн байгууллагад аудитын тайлан хийгддэг. Энэ аудитын тайлангаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар нь хязгаарлагдмал санал дүгнэлт авсан. Үүнтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч тэр талаараа аудитын газарт мэдэгдэхийг төрийн аудитын албан шаардлага буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/31 дугаартай албан шаардлагаар ирүүлдэг. Хязгаарлагдмал санал дүгнэлт авсан учраас холбогдох албан тушаалтнууддаа сахилгын шийтгэл ногдуулж хариуг мэдэгд гэсэн байдаг. Яг энэ хугацаанд Л.Х хүүхэд асрах чөлөө аваад явчихсан байсан учраас тухайн үед нь арга хэмжээ авах боломжгүй байсан. Үүнтэй холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  Б/02 дугаартай Гурвантэс сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын тамгын газрын дарга болох *******д 3 сарын хугацаатай сануулах арга хэмжээ аваад мөн тушаалынхаа 2-р хэсэгтээ Засаг даргын тамгын газрын ажлын хариуцлага алдсан холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ тооцож ажиллахыг Засаг даргын тамгын газрын даргад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл Засаг дарга Баттогтох нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд *******д арга хэмжээ авсан. *******г доод албан тушаалтандаа буюу нягтлан бодогчдоо арга хэмжээ авч ажиллаарай гэсэн захирамжийг гаргасан. Энэ хавтаст хэргийн 85-р хуудсанд байгаа. Мөн Л.Х нь хүүхэд асрах чөлөөгөө 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс аваад 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уг чөлөөний хугацаа дуусдаг. Чөлөөний хугацаа дуусаад чөлөөний хугацааг хэтрүүлсэн. Энэ нь ээлжийн амралт болон чөлөөний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно гээд хөдөлмөрийн дотоод журмынхаа 5.5.10-т заасан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил албан тушаалаа хийхээр очсон гэдэг боловч энэ нь нотлогддоггүй. Анх 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан нь өөрийнх нь гаргаж өгсөн хүсэлтээр нотлогддог. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 25 хоног ажил тасалсны дараагаар Л.Х нь ажилд орох хүсэлтээ гаргасан. Ингээд Л.Х нь дахин зөрчил гаргадаг. Мэргэжил ур чадварын хувьд яагаад тэнцэхгүй гэж үзсэн бэ гэхээр Л.Х нь нягтлан бодогч мэргэжилтэй биш. Энэ нь мөн өөрийнх нь хүсэлтээр тогтоогддог. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтдээ би улс төр, бизнесийн удирдлагын академид нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байгаа гэсэн зүйлийг илэрхийлдэг. Л.Х-ын ажил мэргэжил ур чадвартай холбоотой мөн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар буюу төрийн сангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Уранчимэгээс мөн албан тоот ирүүлдэг. Үүн дээр нягтлан бодогчид тавигдах шаардлагыг Л.Х нь хангахгүй байна гэсэн зүйлүүдийг тухайн албан бичгээр хүргүүлсэн байдаг. Өмнө дурдсан Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаал байдаг. Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нарт тавигдах шаардлага гээд энэхүү шаардлага буюу 3.5-т төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаалаас нь чөлөөлнө гээд 3.5.2-т Монгол улсын хууль тогтоомж санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Мөн Төсвийн тухай хуульд нягтлан бодогч нарт тавигдах шаардлагын талаар тусгагдсан. Л.Х нь нягтлан бодогчид тавигдах шаардлагыг хангахгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүн байгаа. Тиймээс Л.Х-ыг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Л.Х нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээд хурал хийсэн. Хурал хийхэд би жирэмсэн гэсэн зүйлийг ярьдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т 40.1.4-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халж болохгүй гэж заасан. 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд тухайн этгээд жирэмсэн байсан эсэхээс үл хамааран ажлаас чөлөөлж болно гэсэн утга агуулга бүхий заалт байгаа. Гэтэл Л.Х нь өөрөө сахилгын зөрчил давтан гаргасан учраас энэ 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөгдөж байгаа. Иймээс түүнийг жирэмсэн учраас ажлаас чөлөөлөхгүй гэдэг зүйл харагдахгүй байна. Ерөнхий дөө Л.Х нь байгууллагынхаа анхан шатны бүртгэл, тайлан тооцоог  буруу хийсэн, ийм ийм зөрчлүүдийг удаа дараа гаргасан учраас дээрх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Яагаад дахин зөрчил гаргасан гэж үзсэн гэдэг үндэслэлүүдээ тайлбарласан. Л.Х нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 25 өдөр ажил тасалсан. Энэ нь нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс анх ажилдаа орохоор хүсэлт гаргасан байдлаас харагддаг. Мөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус Засаг даргын тамгын газар нь Л.Х-тай холбоотой асуудлаар хурал хийсэн байдаг. Энэ хурал дээр Л.Х-ын зүгээс хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орох хүсэлт гаргаагүй нь миний буруу гээд өөрөөр хэлбэл өөрөө тухайн үед ажил тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Аудитын дүгнэлт дээр холбогдох хүмүүст арга хэмжээ ав гээд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг даргын тамгын газрын дарга болон энэ үйл ажиллагааг явуулдаг нягтлан бодогч хоёрт арга хэмжээ авч тооцох тухай аудитын газраас мэдэгдэл албан шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Засаг даргын тамгын газрын даргад нь ч арга хэмжээ авсан. Энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Ингээд даргад нь арга хэмжээ аваад одоо наад нягтлан бодогчдоо арга хэмжээ ав гэдгийг аудитын газраас ч, Гурвантэс сумын Засаг дарга Баттогтохоос ч захирамжаараа *******д ирүүлдэг. Ингээд хоёр дахь зөрчил гарсан байгаа. Иймээс давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мэргэжил уч чадварын хувьд ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэдэг нь санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Уранчимэгийн албан бичгийг үндэслэсэн гэж байгаа биш түүгээр тогтоогдож байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан. Л.Х өөрөө энэ шаардлагыг хангадаггүй. Иймээс мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн байгаа. Иймд Засаг даргын тамгын газрын даргын гаргасан Б/22 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Х нь ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргад холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 1 946 725 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч тал нь Л.Х-ыг сахилгын зөрчил давтан гаргасан, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас халсан гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргадаг.

... аймгийн ... сумын ЗДТГ-ын дарга нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.Х-ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.5 дахь заалт, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6, 19.7 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, 105 дугаар зүйлийн 105.2.3, 106 дугаар зүйлийн 106.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалын 3.5, 3.5.2 дахь заалт, Өмнөговь аймгийн төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/7ӨМА-2019/63/СТА-ТШЗ-ын албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 121/ӨМА-2019/60/СТА-ТШЗ-ын албан шаардлага, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5.6 дахь заалтыг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн б/05 дугаартай тушаалаар Л.Х-ыг Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын, Эрүүл мэндийн төв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сан, Барьцаа хөрөнгийн сан, Мал хамгаалах санг хариуцсан нягтлан бодогчоор томилжээ. 

Улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж дарга ******* нь Л.Х-тай хугацаагүй, ТҮ-8-3 шатлалаар 572 230 төгрөгийн цалинтай байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /хх-43/

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг /ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон/, 40.1.4 дэх хэсэг /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, 40.5 дахь хэсэг /Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ/-ийг тус тус үндэслэжээ.

1. Л.Х-ыг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх талаар: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж “Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Уранчимэгээс Л.Х-ын ажил мэргэжил ур чадвартай холбоотой албан тоот ирүүлсэн байдаг. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалаар баталсан журмын 3.5-т заасан нягтлан бодогч нарт тавигдах шаардлагыг хангаагүй, мөн журмын 3.5.2-т заасан Монгол улсын хууль тогтоомж санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ажлаас чөлөөлнө гэж заасны дагуу Л.Х-ыг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогддог” гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаарх салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог.

Хэрэгт авагдсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Уранчимэгээс ирүүлсэн албан бичиг нь Л.Х-ыг нягтлан бодогчийн ажилд томилох эсэх талаар зөвшилцсөн албан бичиг байх ба Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/26 дугаартай албан шаардлага нь зөрчил  арилгахыг шаардсан, мөн өдрийн 1/31 дугаартай албан шаардлага нь холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахыг шаардсан албан бичгүүд байх тул дээрх бичгийн баримтуудыг Л.Х-ыг энэ албан тушаалд тэнцэхгүй гэснийг дүгнэсэн албан ёсны дүгнэлт шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Иймд Л.Х-ыг ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, түүнийг нягтлан бодогчийн үүрэгт ажилд тэнцэхгүйг тогтоосон мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчиж байна гэж үзэв.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Х-ыг дээрх шаардлагыг хангаагүй, мэргэжлийн, мэргэшсэн нягтлан бодогч биш гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг баримтаар няцаахгүй байна.

Гэвч боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг  мэргэжил,  ур  чадварын  хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.   

2. Л.Х-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэх талаар:

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална”-ийг үндэслэж Л.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч тал Л.Х-ыг “Хүүхэд асрах чөлөөний хугацааг хэтрүүлсэн буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 25 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журмын 5.5.10-т заасан үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан” гэсэн тайлбарыг гаргадаг.

Л.Х-д 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө олгосон, чөлөөний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан болох нь Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний б/07 дугаартай тушаал болон нэхэмжлэгчийн “...хүүхдээ 3 нас хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал чөлөө авсан...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Л.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан болох нь түүний гаргаж өгсөн хүсэлт, Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог.

Байгууллагын дотоод журмын 6.3.4-т “Дараах тохиолдолд ажилд тасалсанд тооцно гээд “с”-д ...ажилд ирээгүй тохиолдлыг заажээ. Л.Х-ыг 25 хоног ажилдаа ирээгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг байгууллагын дотоод журам зөрчиж ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Байгууллагын дотоод журмын 5.5.10-т “Захиргааны чөлөө, ээлжийн амралт, албан томилолтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно.” гэжээ.

Ажил олгогч нь Л.Х-ыг захиргааны чөлөөний хугацааг ямар шалтгаанаар хэтрүүлснийг тогтоолгүйгээр ажил тасалсанд тооцсон нь учир дутагдалтай байна.

Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын албан шаардлагуудаас үзвэл Гурвантэс сумын Засаг даргын тамгын газарт бүрдэл дутуу баримтаар ажил гүйлгээ бүртгэсэн зөрчил илэрсэн тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.7-д заасныг хэрэгжүүлж ажиллахыг тус Засаг даргын тамгын газрын дарга ******* болон нягтлан бодогч Л.Х нарт даалгасан, мөн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар нь хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ноогдуулахыг шаардсан шаардлагууд байх ба улмаар Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын дарга *******д арга хэмжээ тооцсон баримтууд байна. Эдгээр нь Л.Хыг сахилгын зөрчил гаргасныг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Л.Х-ыг ажил тасалсан нь тогтоогдоогүй, тамгын газарт бүрдэл дутуу баримтаар ажил гүйлгээ бүртгэсэн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Х-ыг ажлаас нь чөлөөлөх үед тэрээр жирэмсэн байсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолт /хх-13/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-14/ зэргээр нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заажээ.

Л.Х-ыг сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй байхад түүнийг жирэмсэн эсэхээс үл хамаарч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Л.Х-ыг Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын, Эрүүл мэндийн төв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сан, Барьцаа хөрөнгийн сан, Мал хамгаалах санг хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Х нь уг албан тушаалд сарын 834 311 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг байсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ө.Сувданшүрийн гаргасан тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж  цалин хөлс тодорхойлох журам”-ын 7/а-д “...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” заасны дагуу тооцож олгох нь зүйтэй гэж үзэв. Нэг сарын үндсэн цалин 834 311 буюу нэг өдрийн 27 811 төгрөг,

2019.09.03-2019.09.30-ны өдрийг дуустал 27 хоног буюу 750 897 төгрөг,

2019.10.01-2019.10.31-ний өдрийг дуустал 31 хоног буюу 834 311 төгрөг,

2019.11.01-2019.11.14-ний өдрийг дуустал 14 хоног буюу 389 354 төгрөг, нийт 1 974 562 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 946 725 төгрөг гаргуулахыг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргаас 1 946 725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэжээ.

Мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Л.Х-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон тул дээрх үүргүүдийг ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргад даалгах нь зүйтэй гэж үзэж, Л.Х-ын ажилгүй байсан хугацаан дахь нийгмийн болон эрүүлэн мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Л.Х-ыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилсугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Х-ын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан цалин 1 946 725 төгрөгийг ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргаас гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Х-ын ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргад даалгасугай.

4. Нэхэмжлэгч Л.Х нь улсын тэмдэгтийн хураамж 46 098 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... аймгийн ... сумын ЗДТГ-ын даргаас улсын тэмдэгтийн хураамж 46 098 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ