Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 188/2023/0265/Э/220/2023/0317 |
Дугаар | 2023/ШЦТ/939 |
Огноо | 2023-08-09 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Ж.Баяраа, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Жамьяны Баяраад холбогдох эрүүгийн 2208000002009 тоот 1 хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, 3 дугаар ангийн боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, ач нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага наран ...-... тоотод оршин суух,
Урьд: Ажилчдын районы шүүхийн 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1978 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх, Боржигон овогт Жамьянгийн Баяраа, /РД:ИЭ62051413/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 44-52 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Б.Азжаргалыг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 44-52 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Б.Азжаргалыг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Ж.Баяраа гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баяраа мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ж.Баяраагийн өгсөн: “…Би 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 11 цагийн үед дэлгүүр орж 100 гр хэмжээтэй нэг шил Хараа нэртэй архи авч гэртээ ирж ганцаараа уусан. Тэгээд 13 цагийн орчим эхнэр Нурмаа нь үдийн цайгаа бэлдээд аягалаад эхнэр Нурмаа, охин Азжаргал, ач охин Анх-Очир бид дөрөв ширээн дээр цайгаа уух гээд сууж байхад манай эхнэр Нурмаа нь архи уулаа гээд загнахаар нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь эхнэр намайг архичин муугаар дуудаад байхаар нь би 100гр л уулаа гэж хэлээд уурандаа өөрийнхөө хоол идэж байсан хоолтой аягаа газар шидэж хагалсан. Тэгээд эхнэртэйгээ жоохон маргалдаад байж байхад манай охин Азжаргал нь гэнэт уурлаад манай ач Анх-Очир луу дунд хуруугаа, салаавч гаргаад пиздагаар нь дуудаад байхаар нь би Азжаргалд хандаж чи яахаараа дандаа дүүгээ ингээд байдаг юм бэ? гэхэд чам шиг гичийд ямар хамаатай юм гэж хэлчихээд цаашаа явж байхаар нь би уурандаа ширээний хажууд байсан жижиг хуванцар сандал аваад охин Азжаргалын толгой руу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь толгойноос нь цус гарчихсан байхаар нь харсан чинь толгойны арьс нь язраад цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Азжаргалын өгсөн: “…Тус өдөр яг цаг хугацааг нь сайн санахгүй байна. Манай аав Баяраа гэртээ ганцаараа Хараа нэртэй архи уусан бөгөөд аав өөрөө хоолоо бэлдэж байтал ээж гаднаас орж ирээд аавыг архи уулаа гэж хэрүүл маргаан хийгээд байхаар нь би хоорондоо хэрэлдэхээ боль гэж хэлсэн юм. Тэр үед дүү Анх-Очир намайг гичий гээд байхаар нь би дунд хуруугаа гаргатал хажуунаас аав уурлаад чи дүүгээ загнаж болохгүй гэж хэлээд ширээний хажууд байсан хуванцар сандал аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гараад эмнэлэг ирж үзээд толгой боогоод яваад өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 221 дүгээр хуудас/
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нурмаагийн өгсөн “…Би 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэртээ нөхөр Баяраа болон сэтгэцийн өвчтэй охин Азжаргал, ач Анх-Очир /10н эр/ нарын хамт байсан. 13 цагийн үед би нөхрөө архи уулаа гэж загнасан юм. Тэгсэн нөхөр Баяраа уурлаад өөрийнхөө аягатай хоолоо газар шидсэн. Тэгээд манай сэтгэцийн өвчтэй охин Азжаргал дуурайж уурлаад ширээ рүү шидээд том өрөө рүү явсан. Тэгээд манай нөхөр араас очоод хуванцар сандлаар Азжаргалын толгой руу нь цохиж байгаа харагдсан. 2 удаа цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Т.Анх-Очирын өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хичээлээ тараад эмээтэйгээ хамт гэртээ орж ирэхэд манай өвөө жоохон архи уучихсан байхаар нь эмээ...чи одоо ханиалгаад эм ууж байгаа биз дээ яагаад архи уугаад байгаа юм... гэж загнасан. Тэгээд бид нар хамт хоол идэж байхад эмээ өвөөг архи уусан гэж загнахаар нь манай өвөө “...ямар ядаргаатай юм бэ...” гэж уурлаад аягатай хоолоо газар шидэхээр нь Азаа аниа бас өвөөг дуурайгаад миний аягатай хоолыг аваад газарт шидэж над руу салаавч дунд хуруугаа гаргахаар нь манай өвөө Акаа аниад “...яагаад дандаа дүүрүүгээ дунд хуруу гаргадаг юм...” гэж уурлаад Азаа аниагийн толгой руу хуванцар сандлаар нэг удаа цохиод гэрээс гарч явах гээд байхаар нь эмээ өвөөг гаргахгүй байсан. Тэгээд би өөрхийнхөө өрөө рүү ороход Азаа аниа над руу “ ... зайлаад өгөөч чи би чамайг алчихна шүү...” гэж уурлаад байсан. Тухайн үед Азаа аниагийн толгойноос цус гарсан байхыг эмээ хараад цагдаа дууд гэхээр нь би хороон дээр очиж хорооны цагдаагаа дуудсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
6. Мөрдөн шалгах ажиллаганы шатанд гэрч А.Отгонтөгсийн өгсөн”...Манай хүргэн ах Ж.Баяраа нь төлөв даруу зантай ажилсаг хичээнгүй ямар нэгэн муу зуршил байхгүй хань ижил үр хүүхдүүддээ халамжтай ах дүү нар хамаатан садан дунд нэр хүнд сайтай аливаа юманд хичээнгүй тууштай чин сэтгэлээсээ ханддаг. Баяраа ах урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж агсам согтуу тавьж байгаагүй. Тухайн өдөр гэмтэл дээр очиж нэг оёдол тавиулсан. ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15332 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...Б.Азжаргалын биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 486 дугаар дүгнэлт “...Б.Азжаргал нь сэтгэцийн хувьд F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. Б.Азжаргал нь дээрх эмгэгийн учир Сонгинохайрхан дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд группт байдаг гэх өвчний карттай. Б.Азжаргалын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн гэх баримт үгүй байна. Б.Азжаргал нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Азжаргал нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэцийн хувьд F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна...” /хавтаст хэргийн 214 дүгээр хуудас/
9.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/, хохирогчийн өвчний карт /хавтаст хэргийн 77-109 дүгээр хуудас/, аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 111-115 дугаар хуудас/, хохирогч Б.Азжаргалын өвчний түүх /хавтаст хэргийн 188-208 дугаар хуудас/, хохирогч Б.Азжаргалын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт /хавтаст хэргийн 224 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 235 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар хуудас, 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын зүгээс: Шүүгдэгч Ж.Баяраа нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа учраас гэм буруутай байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч цаашид нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж байгаа...” гэжээ.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай тодруулж, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хохирол, хор уршигт хүргэсэн байхыг шаарддаг.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно гэж зааснаар хохирогч Б.Азжаргал нь шүүгдэгч Ж.Баяраагийн асрамжинд байгаа гэр бүлийн гишүүн мөн болно.
Хохирогч Б.Азжаргал нь Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 дугаартай дүгнэлтээр: Б.Азжаргал нь сэтгэцийн хувьд F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. Б.Азжаргал нь дээрх эмгэгийн учир Сонгинохайрхан дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд группт байдаг гэх өвчний карттай. Б.Азжаргал нь удамд сэтгэцийн эмгэгтэй хүн гэх баримт үгүй байна. Б.Азжаргал нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Азжаргал нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэцийн хувьд F70 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна...” /хавтаст хэргийн 214 дэх хуудас/ гэж дүгнэгдсэн байна.
Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг ашигласан байхыг хэлнэ. “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, тухайн нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаардана.
Хохирогч Б.Азжаргалын хувьд сэтгэцийн өвчний улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдал, түүнчлэн болж байгаа явдлыг зөв тусган авч, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.Баяраагийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Баяраагийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Азжаргалын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Азжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж.Баярааг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Баяраа нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “..гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна..” гэв
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:”...Хувийн байдлын хувьд ам бүл 5, хохирогч хамт амьдардаг. Эхнэр нь саяхан эмнэлэгт хэвтээд даваа гарагт гарсан. Өөрөө 61 настай тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байна...” гэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ж.Баяраад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ж.Баяраагийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2208000002009 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баярааг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баяраад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баяраа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Баяраад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ