| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0544/З |
| Дугаар | 221/МА2025/0658 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0658
“Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг "Э" ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0565 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0544/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг "Э" ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0565 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э" ХХК-ийн гаргасан "2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг "Э" ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг дахин гаргасан. Учир нь шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт зайлшгүй авагдах ёстой байсан Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ирсэн бичгийн бүртгэл, ирсэн бичгийн бүртгэлд “Э” ХХК-ийн нэхэмжлэх, хүсэлт байгаа бол тухайн үед ямар хүсэлт, нэхэмжлэх холбогдох баримтууд ирүүлж байсан болохыг нотолсон баримтууд, цахим хаягаар нэхэмжлэх ирүүлсэн баримтуудыг хэрэгт авагдаагүй байсан.
"Э" ХХК-ний нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэрэгт Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичигт 2022 оны гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас хүлээн авсан албан тоот, нэхэмжлэлийн маягт, хөнгөлөлттэй олгосон эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт архивлагдан хүлээлгэн өгсөн талаар дурдсан байсан бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны ирсэн бичгийн бүртгэл нь зөвхөн төрийн байгууллага хоорондын ирсэн бичгийн бүртгэл байх бөгөөд тухайн сард гэрээт эмийн сангуудаас хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлүүд олноор ирдэг тул эргэлзээтэй шаардсан нотлох баримтыг бүрэн ирүүлээгүй гэж үзсэн тул дахин хүсэлт гаргасныг шүүх хангаагүй атлаа хугацаа хоцроосон шалтгаанаа нотлоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нөгөөтээгүүр энэхүү хүсэлтийг хангаагүй тохиолдолд “Э” ХХК болон Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хооронд нэхэмжлэл цахимаар мэйл хаягаар хүргүүлсэн баримтууд байгаа эсэхийг тодруулж шалгаагүй гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянан үзэж анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. “Э” ХХК болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ДУ-04/021 дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г[1] байгуулж, тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь, хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэдэг байна.
2.2. Тус гэрээний 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ”, 2.4.4-д “тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх” гэж заажээ.
2.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн нэхэмжлэхийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 17 минутад g******* yahoo.com цахим хаягаас [email protected] хаяг руу илгээсэн байна. [2]
2.4. Үүний дагуу Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс [email protected] хаягаас g********yahoo.com хаяг руу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “...Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.4.4, 2.4.5 заалтын дагуу үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага тус гэрээний 2.1.7, 2.1.7.2 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна.” гэх хариуг илгээсэн байна.
2.5. Маргаан бүхий Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дүгээр албан бичигт “...Манай газартай байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.1.7. дахь хэсгийн 2.1.7.2. гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд танай ирүүлсэн албан бичгийг судалж үзэхэд байгууллагын дотоод асуудал байх тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна. Иймд гэрээний 2.4.4-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ирүүлсэн хүсэлтийн дагуу хоцроосон нэхэмжлэхийг хянаж, санхүүжилт олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Цаашид дээрх зөрчил давтагдвал гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана уу.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн “...Гэрээний 2.1.7.2-т "гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл" гэдэгт энэхүү маргааны үйл баримт хамаарах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзахаар гэрээний 2.1.7-д заасны дагуу санхүүжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна... нэхэмжлэгчээс дээрх 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг цаасан хэлбэрээр Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст өгсөн гэх боловч Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ирсэн баримт бичгийн бүртгэл"-д бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй...” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “...Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ирсэн бичгийн бүртгэл, ирсэн бичгийн бүртгэлд “Э” ХХК-ийн нэхэмжлэх, хүсэлт байгаа бол тухайн үед ямар хүсэлт, нэхэмжлэх холбогдох баримтууд ирүүлж байсан болохыг нотолсон баримтууд, цахим хаягаар нэхэмжлэх ирүүлсэн баримтууд хэрэгт авагдаагүй... нэхэмжлэл цахимаар мэйл хаягаар хүргүүлсэн баримтууд байгаа эсэхийг тодруулж шалгаагүй” гэх үндэслэлүүдээр үл хүлээн зөвшөөрч, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээг байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.”, 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.” гэж тус тус заасан.
Мөн талуудын хооронд байгуулагдсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ”, 2.4.4-т “тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх”, 2.4.7-д “Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх”, 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.7.2-т “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээнд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариуцагчид цахимаар хүргүүлэх ёстой байтал 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 16/86 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтаар[3], мөн нэхэмжлэгчээс 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлээ бичгээр өгөөгүй нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтрээр[4] тус тус тогтоогдож байна.
7. Тодруулбал, нэхэмжлэгч “Э” ХХК нь “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-д заасан үүргээ зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанаас хоцроон санхүүжилтийн нэхэмжлэлээ илгээсэн нь дээр дурдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байх энэ тохиолдолд хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох боломжгүй буюу өөрөөр хэлбэл хариуцагчаас гэрээний 2.1.7, 2.1.7.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
8. Мөн анхан шатны шүүхийн “...Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/6247 тоот албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ талаарх нотлох баримтыг шаардсан бөгөөд түүний дагуу хариуцагчаас Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 04-09 дүгээр сарын "Ирсэн баримт бичгийн бүртгэл"-ийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан агуулгаар дахин нотлох баримт шаардах нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах асуудлаар нотлох баримтыг бүрэн цуглуулжээ.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА