Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/943

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2308000001118 тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдаргчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, *******ны ... дүгээр гудамж ... тоотод оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 694 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******гийн *******, /РД:......../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, *******ны 29 дүгээр гудамжны 118 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ******* Б.*******ийг хэл амаар доромжлон агсам тавьж “шинэ авах гэртээ энэ зуухыг чинь оруулахгүй шинийг авна” гэж зуухаа өшиглөж Б.*******ийг үсдэж чирж газар унаган толгойн дээр нь дэвсэх хамар руу нь өшиглөх, зуух мөргүүлэх, газар мөргүүлэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, *******ны 29 дүгээр гудамжны 118 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ******* Б.*******ийг хэл амаар доромжлон агсам тавьж “шинэ авах гэртээ энэ зуухыг чинь оруулахгүй шинийг авна” гэж зуухаа өшиглөж, Б.*******ийг үсдэж, чирж газар унаган толгойн дээр нь дэвсэх, хамар руу нь өшиглөх, зуух мөргүүлэх, газар мөргүүлэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Л.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Архи уусан болохоор уур хүрээд зодсон. Салъя гэж бодож байсан...” гэв.

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ийн өгсөн “…2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 5 цагийн орчимд хадам эгчийн хүүхэд ******* найзтайгаа 0.5гр “Сэнгүр” нэртэй 4 лааз пиво авч ирээд бид нар уугаад манай нөхөр тэр гурав гарч яваад архи уугаад согтоод намайг дуудаад би манай гэрээс холгүй байх ******* гэх айлаас очиж аваад гэртээ ирээд хамт унтсан. 15 цагийн орчим сэрээд байж байхад ******* сэрээд чи надаа хоол өгөхгүй ганцаараа идээд байгаа юмуу жингэр минь гэхээр нь би чи бас идээч гээд аягатай хоолоо өгөхөд хүйтэн байна гичий минь гээд нүүр рүү нулимаад аягатай хоолоо газар тавиад “пизда минь өөр идэх хоол байхгүй юу” гэхээр нь хиам, өргөст хэмх авч идээд би зуухны урд сандал дээр сууж байхад ******* босож ирээд “би шинэ авах гэртээ энэ зуухыг чинь оруулахгүй шинийг авна” гээд зуухаа өшиглөөд намайг үсдээд чирээд газар унагаад толгойн дээр дэвсээд үсдээд зуух мөргүүлээд миний хамарнаас цус гарахад “цусаа арч битгий жүжиглээд бай” гэхээр нь би дуугараагүй чимээгүй зай бариад байж байхад гаднаас Тайван эгч орж ирээд юу болоод байгаан гээд зуух босгож тавиад нүүр чинь яасан юм гээд би гэрээс Тайван эгчтэй гарч гэрт нь орж 2.5 литртэй “Сэнгүр” пиво уугаад байж байхад төрсөн эгч Энхзаяа ирээд юу болсон гээд гэрт ирэхэд ******* найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд цагдаа дуудсан. ******* толгой дээр дэвсээд хамар луу өшиглөсөн. Зуухыг дух хэсгээр мөргүүлсэн. Үсдэж чирээд газар мөргүүлсэн. 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй. Архи уух бүртээ намайг зоддог. 2018 онд миний дух хамарыг цөм өшиглөсөн. Шүүхээр ороод нийтэд тустай ажил болон торгуулийн арга хэмжээ авч байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7236 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Б.*******ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн хацар, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/  

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Л.*******ын өгсөн: “…2023 оны 6 дугаар сарын 01-ний 6 цагийн орчим гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, *******ны 29 дүгээр гудамжны 118 тоотод ******* *******ийн хамт байж байтал *******, найзтайгаа хамт 4 лаазтай пиво авч ирээд бид гурав хувааж уугаад дуусгасан. ******* түүний найз бид 3 гэрээсээ гарч айлд очиж дахин архи ууж байхад ******* ирж авсан. Тэгээд гэртээ хариад унтаад сэрэхэд ******* архи уусан байдалтай байхаар нь би уурлаад чи хаашаа яваад ирж байгаа юм гэхэд ******* “зайл” гэхээр нь би *******ийн үснээс зулгааж байгаад нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний биед гэмтэл үүсээгүй. *******ийн нүүр хөхөрсөн байсан. ******* бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өмнө *******ийг зодож 1 удаа шүүхээр орж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

5.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: ...Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох саналтай байна... гэв.

 Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хохирол, хор уршигт хүргэсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч  өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна” гэж зааснаар хохирогч Б.******* нь шүүгдэгч Л.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн мөн болно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

Иймд шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх тул  шүүгдэгч Л.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Л.*******т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, зан үйлээ засах сургалтанд хамрагдах саналтай байна...” гэв.

           Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөлд байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Л.*******т шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.                                                       Шүүгдэгч Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх ба долоо хоногт 1 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улсын яллагчийн зүгээс эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж, шүүгдэгч Л.*******т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглож хязгаарлалт тогтоов.

Энэхүү эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх хэрэв болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл уг албадлагыг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх талаар түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Дөрөв. бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001118 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглож хязгаарлалт тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд тус тус хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт  зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах, хэрэв болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх талаар түүнд мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХЦЭЦЭГ