Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/976

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Г.Мөнхтүвшин /томилолтоор/,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2308000001183 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, “*******” захад ******* түрээсэлж *******ы ******* зардаг ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, *******ын *******ын ....-... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******гийн ******* /РД:ЧВ/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Б.******* нь нь 2023 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах - гэх нэртэй амралтын газарт хохирогч Ю.тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар гарын хумсаар түүний зүүн нүдийг маажиж зүүн нүдний эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах - гэх нэртэй амралтын газарт хохирогч Ю.тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар гарын хумсаар түүний зүүн нүдийг маажиж зүүн нүдний эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байна ...” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.*******ийн өгсөн: “…2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах - амралтын газарт  найзууд болох , , бид хэд  төрсөн өдөр тэмдэглээд байж байхад ирэхээр болж нөхөртэйгөө хамт ирсэн. Төрсөн өдөр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байгаад тай ялихгүй зүйлээс болж муудалцсан. Бид хоёр харилцан бие биенээ үсдэж цохисон, би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Өмнө миний төрсөн өдөрт ирээд агсам тавиад нилээн бусниулсан. Тэгээд ыг ирнэ гэхэд нь нилээн дургуй байсан болохоор согтсон үедээ энэ зүйлээ яриад маргалдсан байх.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ю.ын өгсөн“…2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах - амралтын газарт  миний найзууд болох нь найзын төрсөн өдөр болж байна ирэх гэж байна уу гэхээр нь нөхөр тэй орой 21 цагийн үед очиход хүмүүс халамцуу байсан. Би 2 Сэнгүр пиво уусан. ******* Хонгороо гэдэг баян хүүхэн ирэнгүүт та нар долигонолоо гэж хэлээд агсам тавиад байхаар нь би юу яриад байгаа юм бэ? гээд бид хоёр барьцалдаж аваад байшингийн гадаа ноцолдсон. Намайг янзан бүрийн үгээр доромжилоод бид хоёр ахиад барилцаад маргалдаж байхад миний зүүн нүдрүү гараараа майжихаар нь би үсдээд доош нь дарахад хүмүүс салгасан асуудал болсон. Би *******ийн үснээс үсдсэн, нүүр лүү нь нэг удаа алгадсан….” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

 4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрч Д.Мөнхтулгын өгсөн“…2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах - амралтын газарт  төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тухайн үед , , ******* өөр 2 дүүгийн хамт байсан. нөхөр ийн хамт ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , ******* нар нь чи миний төрсөн өдрийг бусниулаа биздээ гээд маргаад байсан. Зодолдоод байна гэхээр нь харахад хүмүүс салгаад байж байсан….” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7575 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Ю.ын биед зүүн нүдний эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

6. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 27-33 дугаар хуудас/, ХААН банкны дансны хуулга /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 58 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын зүгээс: ...Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ю.тай маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.  

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ю.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан. Хэргийг согтуугаар үйлдсэн...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, өрх толгойлсон ганц бие эх болох түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001183 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ