Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/984

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Г.Ууганцэцэг /томилолтоор/

шүүгдэгч Б.*******,

хохирогч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2308000001265 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамж .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:УТ*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын сагсны талбай дээр хохирогч Н.*******тэй үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын сагсны талбай дээр хохирогч Н.*******тэй үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруу зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн “...Тухайн үед найзтайгаа сагс тоглохоор болоод ******* хороолол дээр очоод сагс тоглосон. Тэгэхэд ******* гэдэг залуу манай дүү нартай тоглож байгаад хожигдоод суусан. Би найзтайгаа дүүтэйгээ 1 баг болж тоглоод 1 оноо авч чадаагүй 20-23 минут болж байхад ******* хажууд зогсоод ямар суга юм бэ гээд элдэв янзаар хараагаад байсан. Тэгэхээр нь би чи яагаад ингэж харьцаад байгаа юм бэ 1 оноо авахад хэцүү, ядараад байна гэтэл намайг ямар том амтай юм бэ гээд хараагаад байсан. Тэгэхээр нь зүгээр харьцаад байхад чи яагаад байгаа юм бэ гээд өөрөө явж очсон. Заамдалцсан зүйл байхгүй байж байтал нуруун дээгүүрээ миний ар нуруу, дагзаар газар авч шидсэн. Тэр үед би уурандаа босч ирээд *******гийн нүүр рүү цохисон. Цохисоны дараа нүд болон хамраас нь цус гараагүй, хажуу талд дараагийн багийн хүүхдүүд хараад зогсож байсан. Тэгээд салсаны дараа би юм бодолгүй тоглоод явж байхад ******* дараагийн багийн хүүхдүүдтэй тоглох гээд сууж байснаа удалгүй хартал ******* явчихсан байсан. Намайг найзтайгаа цуг гэртээ харих гээд явах гэтэл *******гийн дүү ирээд манай ах яръя гэж байна, түр байж байгаарай гэхээр нь хүлээж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Цагдаа дээр очиход хэн гэдгийг нь мэдэхгүй байцаагч өрөөндөө оруулаад *******гээс гомдолтой байна уу гэж асуухад гомдолтой байна гэж хариулж байсан. Тэр байцаагч хэлэхдээ *******г гомдолтой байна гэх юм бол та 2 ийш тийшээ явахад толбо болж үлдэнэ, чамайг харахад хөнгөн бэртэл байна, та 2 тохиролцоод эмнэлэгт үзүүлж, эмчилгээний зардлаа төлүүлээд ав гэхээр нь бид 2 тохиролцоод гомдолгүй гэж хэлээд явсан. Тэгээд би ахыгаа дуудаж ******* болон ээжтэй нь хамт гэмтлийн эмнэлэг яваад шөнө болтол оочирлож байгаа үзүүлсэн. ******* эмчилгээ бичүүлээд гарч ирэхдээ үнэхээрийн хүнд бэртэл гэсэн гээд 3 эм бичүүлж авсан байсан. Би эмчтэй нь уулзах гэтэл уулзуулаагүй, эмчийн бичгээ харуулаагүй, би ямар эм бичиж өгсөн юм бол гээд эмийн сан руу хамт ороод эмийн баримтыг нь авах гэтэл өгөөгүй. Эмийн санч надад баримтыг нь шинээр шивж чамд хэрэг болно гээд өгсөн. Тэр эмнүүд нь кальци, өвчин намдаах эм гээд 40.000 гаруй төгрөг болсон. Тэгээд маргааш нь *******тэй цуг ЭХО-нд үзүүлэхээр болоод гэрт нь хүргэж өгсөн. ******* мөнгөө бэлдэж байхгүй юу гээд мөнгөний талаар л яриад байсан. Надад захиргааны арга хэмжээ авна гээд 100.000 төгрөгөөр торгосон болохоор хэрэг хаагдана гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь *******г залгахаар нь утасаа аваагүй Дархан руу эхнэр хүүхэд рүүгээ явсан. Наадмын дараа цагдаагаас намайг дуудаад ямар хэрэгт холбогдсноо мэдэж байгаа юу, хохирол 300.000 төгрөг байна үүнийг төлөөрэй гэсэн. Тэгэхээр нь би төлөх гээд *******гийн аавтай уулзахад манай хүүхдийн хамарны хавдар буугаад буцаад далийгаад байна. Тиймээс эмчилгээний төлбөр дахин гарах байх, өөрсдөө мэдээд эмчилгээг нь хийлгээд өгчих гэсэн. Маргааш нь аавтайгаа хамт очоод дахин уулзаад миний буруу юм чинь эмчилгээний төлбөрийг нь төлөөд 200.000-300.000 төгрөг нэмээд өгье гэж хэлэхэд ******* өөрийнхөө амаар манай аавд юу яриад байгаа юм бэ ах, ний нуугүй л яръя, нэмээд 1.000.000 төгрөг өгчих, тэгвэл хохирол гомдолгүй гэж хэлсэн. Тэгээд би хохирлыг нь төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******гийн өгсөн “...Тухайн өдөр 7-8 цагийн орчим найзынхаа дүүтэй цуг сагсны шийд дээр тоглож байсан. Бид 2 сагсны бөмбөгтэй гараад манай баг хожигдсон болохоор хажууд нь хараад зогсож байсан. Манай дүү хажуу талын сагсны шийд дээр тоглож байгаад ирж агаа 2-лаа ингэсгээд явъя, аав дуудаж байна, бөмбөгөө авчихаач гэхээр нь би өөрөө хожигдчихоод бөмбөгөө аваад орох жаахан онцгүй юм даа гээд 2-лаа нэг тоглоод орох уу гэж хэлсэн. Тэгээд түр хүлээгээд зогсож байтал *******гийн баг өөр багтай тоглож байсан. Тэгсэн тэр дунд байсан 1 хүүхэд миний бөмбөгийг өшиглөөд, ус руу оруулаад байхаар нь би болиоч гэж шаардлага тавьсан. Би явлаа бөмбөгөө авмаар байна гэтэл ******* чи юун сүртэй юм, яагаад байгаа юм гээд муудалцсан. Тэгтэл миний өөдөөс алхаж ирээд намайг заамдаад авсан. Би салгах гээд чи яагаад байгаа юм бэ гээд дийлэхгүй болохоор хавирч унагаад холдсон. Холдсоны дараа босож ирээд над руу дайрхад найз нь зодоон цохион хэрэггүй гээд урдуур нь орж, эв зүйгээ олчихъё гээд миний 2 гарыг бариад хойш нь түлхэхэд нь би муудалцах хүсэлгүй байсан тул болъё гээд хойшоо ухарч байтал найзынхаа араас миний нүүр рүү цохисон. Тэр үед нүдний зүүн талын ухархай хэсгээр бага зэрэг сэтэрсэн, хамраас нилээн их цус гарсан. Тиймээс такси бариад гэмтлийн эмнэлэг явж байх замдаа дүүдээ цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгтэл цагдаа хэрэг болсон газар ирчихлээ, чи өөрөө хүрээд ир, цагдаагийн газар очих шаардлагатай гэхээр нь би буцаад очсон. Цагдаагийн хэлтэс дээр нэг байцаагч дуудаж уулзаад бид 2-ыг ойлголцуулсан. ******* надад би гэр бүлтэй гээд хүүхдийнхээ зургийг харуулахаар нь итгээд ээжтэйгээ ярилцаад бид 2 тохиролцохоор болж хохирлын мөнгийг төлнө гэж гарын үсэг зураад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авахуулахад эмч нь энд хамар янзлахаа больчихсон, энэ зураг дээр юу ч харагдахгүй байна, маргааш өглөө хувийн эмнэлэгт очиж томографикийн нарийн зураг авахуулсаны дараа хамраа янзлуул, манайх янзлах боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд би *******д маргааш бас төвөг удах нь дээ, хувийн эмнэлэг орж үзүүл гэж байна гэхэд асуудалгүй, хамт эмнэлэг яваад төлбөрийг нь төлчихье гэж хэлээд эмийн сан орж 3 төрлийн эм авсан. Тэгээд өглөө 8 цагт уулзахаар тохирсон болохоор *******гийн утас руу нь залгахад авахгүй, ээж нь бас утсаа авахгүй байсан. Би 12 цаг болтол олон удаа залгасан, тохирсон юм чинь худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгээд хүлээгээд байсан. Тэгээд ээж бид 2 хувийн зардлаараа зураг авхуулаад, 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлээд хамраа янзлуулсан. Гэртээ хариад буцаж гараад цагдаа дээр очоод *******г ирсэнгүй гэж хэлэхэд тохирчихоод ямар өөдгүй юм бэ гээд хэрэг шинээр нээж тогтоол гаргаж өгсөн. Хэд хоногийн дараа АТМ-с мөнгө аваад явж байхад ******* юм ч болоогүй юм шиг сагсны шийд дээр тоглож байснаа над руу гүйж ирээд цагдаагаас над руу ярьсан, чам руу ярьсан гэж асуусан. Дараа нь *******гийн аав гээд нэг хүн над руу яриад тохиролцох боломж байна уу, хохирлыг нь төлье гэхээр нь та юу ч гэсэн манай гэрийнхэнтэй уулзчих гэж хэлсэн. Тэр оройноо манай гэрийнхэнтэй уулзаад маргааш нь тохиролцохоор болсон. Тэгтэл өглөө нь *******гийн аав залгаад ах нь 200.000 төгрөг өгье, ахын дүү гомдолгүй гээд гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн. Би тэр үед ахаа та ямар сонин хүн бэ хамар чинь зүгээр үү гэж асуухын оронд мөнгө яриад байх юм гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг,

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.*******гийн өгсөн: “…2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын сагсны талбай дээр сагс тоглож байхад талбайн хажууд зогсож байсан нэг танихгүй хүүхэд хурдан дуусга та нар ямар суга юм бэ? гэхээр нь тэр залууд хандан 1 оноо авах хэцүү байна ш дээ ядарч байна гэж хэлэхэд суга пизда гэх мэтээр дуудаад байсан. Нилээн удаан дуугаа байхад нөгөө хүүхэд янз бүрийн юм хэлээд байхаар нь тухайн хүүхдийг чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд байж байхад тухайн хүүхэд намайг мөргөчихвий гэж бодоод зайгаа бариад байхад намайг үүрч аваад толгой хэсгээр нь унагачихсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд босож ирээд тухайн хүүхдийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон юм. Тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд тухайн хүүхэд яваад өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн цохиулсан гээд байгаа хүүхэдтэй утсыг нь аваад ярихад Гэмтлийн эмнэлэг рүү үзүүлэх гээд явж байна гэхэд цагдаа утас аваад тухайн хүүхдийг дуудсан юм. Тухайн үйл явдал 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх хуудас/

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Н.*******гийн өгсөн“…2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын сагсны талбай дээр 19 цагийн орчимд очиж тоглож байсан хүмүүстэй хамт тоглосон. Сагсны талбай дээр зүс таньдаг хүүхэдтэй тоглож байгаа маргалдаад заамдалцаж авсан ба би хавираад газар унагаад босгосон. Тухайн залуу хүрч ирээд заамдаад дахиад бариад авсан ба хамт тоглож байсан залуу дундуур орж ирээд салгасан. Тэгтэл тухайн залуу салгаж байсан залуугийн араас нь гараа атгаж байгаад миний хамар, зүүн нүд хэсэгт оносон. Хамар нүдний хэсгээс цус гарсан. Намайг цохисон залууг ******* гэдэг 94145650 гэсэн дугаартай. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Медтравма хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамрын хугаралтай байна гэж эмчийн дүгнэлт гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.*******ын өгсөн“…2023 оны 7 дугаар сарын эхээр яг хэзээ гэдгээ санахгүй байна найз *******гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр нилээн удаан тоглож байхад толгохгүй сууж байсан танихгүй хүүхэд хурдан тоглооч ямар удаан пиздаанууд вэ? гэхээр нь ******* бид нар ядарч байна ш дээ гэсэн чинь тухайн хүүхэд чи ямар том дуутай хүүхэд вэ гэж хэлээд ******* тухай хүүхэдтэй маргалдаж муудалцаж байхад тухайн танихгүй хүүхэд манай найз *******г үүрч аваад шидчихсэн чинь найз ******* босож байхдаа тухайн танихгүй хүүхдийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Манай найз *******г үүрч унагааж шидсэн. Харин зөрүүлээд ******* тухайн танихгүй хүүхдийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх хуудас/

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8726 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: ...Н.*******гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/,

7. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 25-31 дэх хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь хуудас/, хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 39-41 дэх хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 43-44 дэх хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 61 дэх хуудас/, шүүх хуралдааны завсарлага авч  хохирол төлж барагдуулсан баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын зүгээс: ...Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******тэй маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Н.*******гээс: ...Б.*******гээс 303.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан. Цаашид эмчилгээний баримтаа бүрдүүлэн, эмчилгээнд гарах зардалаа нэхэмжлэх болно... гэв.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол эмчилгээний зардалд 303.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.******* гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг   энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан ...хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001265 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ