Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг

Хохирогч Д.Э

Хохирогчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Д холбогдох 1929002060134 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Э гомдлоор үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, , ам бүл 3, эцэг, эхийн хамттоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 7-844 тоотод иргэн Д.Э гэртээ харина гэж хэлчхээд харьсангүй” гэх шалтгаанаар буюу хардалтын улмаас зодож, зүүн хацар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд болон доод зовхи, баруун сүвээний цус хуралт, цээжний ар дээд хэсэг дэх эсгэгдсэн шархнууд, баруун далны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Т.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Т.Д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д 600000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д 1298340 төгрөг гаргуулж хохирогч Д.Э олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16110311 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Э гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Д нь 2019.07.22-ны өдрийн 17 цагийн үед надтай уулзаж танилцсан. Танилцах үедээ миний бие шөнө юм харахгүй, өдөр ойрын зайнаас хардаг, 3 өнчин хүүхдээ тэжээхийн тулд Ц хашааг засаж өгөх ажлаар ирсэн тухайгаа тайлбарласаар байтал биеэ хамгаалах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй гэдийг мэдсээр байж шөнийн 01 цагт унтаж байхад амгалан тайван байдлыг алдагдуулж айлын хаалгыг цөм цохиж эвдэж орж, танхай хэрэг үйлдэхдээ “цахилгаан тогооны шилэн таг”, “чихрийн шилэн таваг”-аар  зодож гэмтээсэн. Түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь одоо болтол арилаагүй байхад гэмтлийн зэргийг “хүндэвтэр” гэж үзэж Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Мөн Д нь унтаж амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжилж Эрдэнэсүх миний биед олон тооны хүнд гэмтэл мөн Ц нүүрэн тус газар нь цохиж хөхрүүлсэн гэмтэл учруулж танхайрсан байхад асуудлыг нарийвчлан шалгаагүй.

Мөрдөн байцаагч “цахилгаан тогооны шилэн таг”, “чихрийн шилэн таваг”-аар зодсон эд мөрийн баримтыг хэргийн газраас авсан. Зодуулсны дараа миний биеийн харагдах байдлын зургийг гар утсаараа авч баримтжуулсан атлаа хавтаст хэрэгт эд мөрийг баримт болгож хавсаргаагүй орхигдуулсны улмаас хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.

Миний бие 90 хувийн харааны бэрхшээлтэй, бичиг үсэг мэдэхгүй, зодуулсны улмаас сонсгол муудсан тул хууль ёсны төлөөлөгчөөр эгч Д.С авах талаар аман хүсэлтийг мөрдөн байцаагчид удаа дараа гаргасан. Мөн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж прокурорт утсаар уламжилсан. Шүүх хуралд орохын өмнө дээрх хүсэлтийг бичгээр гаргасаар байхад хүлээж аваагүй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 1, Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад тусгасан эрхээ, Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан эрхээ бүрэн эдэлж чадалгүй шүүх хуралд оролцсон. Болж буй үйл явдлыг үнэндээ юу болоод байгааг огт ойлгож чадаагүй. Сүүлд шийдвэр гарсны дараа хүнээр тайлбарлуулж ойлгосон.

2019 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Д зодуулсны дараа миний бие Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод эмнэлэгт СТ1 буюу томографийн шинжилгээ хийж үзэхэд “...хүзүүний ясны хугарал, хамрын таславч мурийлттай, хацрын яс цөмөрсөн... зэрэг” гэмтэл учирсан гэдгийг тогтоосон.

Мөрдөн байцаалтын шатанд Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 452 дугаар шинжээчийн дүгнэлт хүзүүний ясны хугарал, хамрын таславч мурийлттай зэргийг тусгаагүй тул дахин дүгнэлт гаргуулах талаар мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан.

Анхан шатны шүүхийн мэтгэлцээний шатанд өмгөөлөгч, шүүгч нар улсын яллагчаас асуухад шаардлагагүй гэж үзээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь хүсэлтэд он сар байгаагүй, 2-рт хавсаргаж өгсөн шинжилгээнүүд нь эх хувь биш гэж хариулсан. Өөрөөр хэлбэл мөрдөгч, улсын яллагч 2 нийлж хохирогчийг шууд хуурсан.

Гэм буруутай этгээдэд ял завшуулахын тул хуйвалдаж хохирогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар худал мэдээлэл удаа дараа өгдөг, хуурдаг, шүүх хурал дээр улсын яллагчийн байр сууринаас бус яллагдагчийг хамгаалсан байр сууринаас оролцож байгаа зэрэг нь бидэнд эргэлзээ төрүүлж байна.

Миний бие нь Өмнөговь аймгийн эмнэлэгт өөрийгөө хянах чадваргүй, ухаан орон гаран, мэдрэлгүй 4 хоноход эгч Д.С сахиураар хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн картыг хавтаст хэрэгт хавсаргаагүй.

Өвчтөний биеийн байдлын талаар бүрэн мэдээлэл аваагүй. Мөрдөн байцаагч нь миний эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн 3 картыг эх хувиар нь авсан атлаа хавтас хэрэгт хийгээгүй нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нь 2019 оны 07-р сарын 30-ны өдөр хохирогч Э миний биеийн байдалд газар дээрх үзлэг, эмнэл зүйн оношилгоог 2 м зайнаас хийсэн.

Эмч миний биеийн байдлыг асууж байсан атлаа өвчний зовуурь шаналлыг дүгнэлт болон оршил хэсэгт тусгаагүй. Хамар муруйг оршил хэсэгт тусгасан атлаа дүгнэлт хэсэгт бичээгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 452 дугаар шинжээчийн дүгнэлт Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Гавал, тархины”, “С1- С7 хүзүүн”-ий тодосгогч бодисгүй томографын шинжилгээний дүгнэлтэд дурдсан хүзүү, хамрын хугарлын талаар сторт бичсэн чихний х <т >р >1 цоорсон, сонсгол муудсан зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын оношны дүгнэлтийг харгалзан үзээгүй.

Дээрх Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тухай хүсэлт гаргасныг мөрдөн байцаах шатанд шийдвэрлэж өгөөгүй тул шинжээчийн дүгнэлтийг өөр бүрэлдэхүүнтэй дахин гаргуулах хүсэлтэй байна.

Биеийн байдал хүнд байсан тул Өмнөговь аймгийн эмнэлэгт 4 хоног сахиуртай байсан, шүүх хуралд орох, Улаанбаатар хот руу оношилгоо шинжилгээнд явахад харгалзах хүн хэрэгтэй байсан зэргээс шалтгаалж эгч С ажлаасаа чөлөө авч явсан. Үүний улмаас орлогоо алдсан гэж 7 хоногийн цалин 552680 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Эм, тариа, үзлэг, оношилгоо 1365380 төгрөг, шатахуун замын зардал, буудлын хөлс 1527140 төгрөг, өмгөөлөгчийн зардал 750000 төгрөг, алдсан орлого 14688000  төгрөг, асран хамгаалсан хүний цалин 552680 төгрөг бүгд 18883200 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүхээс 2298300  төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс Д төлсөн 1000000 төгрөгийг хасаж үлдэх 1298300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Миний гэм хорын хохирлын баримт хангалттай байхад хохирлыг бүрэн шийдэж өгөөгүй. Мөн гэм хорын хохирлын баримтад дүн шинжилгээ хагас дутуу хийсэн зэрэгт гомдолтой байна. Эрүүгийн энэхүү хэргийн шинжээчийн дүгнэлтээр Д гэх этгээдэд зодуулсны улмаас хүзүү, хамар хугарсан гэдгээ тогтоолгож чадаагүй нөхцөлд бид хүзүү хамраа эмчлүүлсэн зардлыг гаргуулж авч чадахгүй нөхцөлд хүрэх буюу хохирч үлдэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшиж, эрх чөлөөтэйгөөр дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байгаад бид маш их гомдолтой байна.

Иймд дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаал хийлгэхээр прокурорын газарт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэнийг тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар прокурорын шатанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийг ирүүлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогч болоод түүний өмгөөлөгч, оролцогч нараас прокурорын шатанд прокурорт хүсэлт гаргасан бол тухайн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Гэтэл ямар ч хүсэлт ирээгүй. Хэрвээ Цагдаагийн байгууллага албан тушаалтанд хэргийн материал, нотлох баримтыг гаргаж өгч байгаа бол хуульд заасны дагуу нотлох баримтыг гаргаж өгч түүнийг тэмдэглэл үйлдэж хүлээж авдаг. Гэтэл хохирогчийн зүгээс гаргасан 3 ширхэг картыг хүлээж аваагүй. Иймд хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт зохих журмын дагуу хяналтаа тавьж шийдвэрлэсэн.

Шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрх нь байсан. Шүүх хуралдаанд оролцохоос өмнө хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцсаны дараа шүүх хуралдаанд оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд, болон давж заалдсан гомдолдоо өөрийгөө 90 хувийн харааны бэрхшээлтэй гэж ярьдаг.

Гэвч хавтаст хэргийн хүрээнд хохирогчийн хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нотлох баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ хэргийн хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ц нар нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хохирогчийн зүгээс 18 408 671 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилдэг 14 680 000 төгрөгийн орлого олдог байсан, өмгөөлөгчийн зардалд 750 000 төгрөг, эгчийнхээ 7 хоног ажил хийлгээгүй учраас 552 680 гэх мэт мөнгөн дүнг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэнийг дэмжиж байгаа.

Өөрөөр хэлбэл хохирогч хэдэн төгрөгийн орлого олдог, ямар ажил эрхэлдэг талаар мэдээлэл байдаггүй. Хаан банкны депозит хуулга гаргаж өгсөн боловч Д.Э орлого олдог баримтууд биш байсан. Тухайн дансны орлого, зарлагыг харуулсан баримт байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар 600 нэгжээр торгох ялыг оногдуулсан. Энэ нь хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна” гэв.

Хохирогч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч ерэн хувийн харааны бэрхшээлтэй. Энэ нь өдрийн цагаар юм харж чадна. Бүдэг харанхуй үед харах ёстой зүйлийнхээ 90 хувийг хардаггүй. Зөвхөн урдаа байгаа зам мөрөө харж чаддаг. Энэ хүнийг хохироогоод одоог хүртэл явж байгаад үнэхээр харамсаж байна.

Шинжээчийн дүгнэлт 07 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Үүнээс хойш 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд эмчид үзүүлсэн баримтуудаараа дахин шинжээч томилох хүсэлтийг мөрдөгчид өгсөн. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан. Үүнд 3 ширхэг карт, 9 хуудас материалыг өгсөн. Үүнтэй прокурорыг танилцаагүй байгаад гайхаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй. Хохирогчид одоогоор зовиур үүсгэж байгаа хүзүүний хугарал, хамрын ясны таславчийн хугарал зэрэг нь шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Иймээс цаашид гэм хорын хохирлоо нэхэмжлэхэд үнэхээр бэрхшээлтэй байна.

Гэмтлийн зэргийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүзүүний ясны хугарал, хамрын мурийлт, хацрын хугарлууд нь хүнд гэмтэлд хамаарах боломжтой байна. Ийм учраас хэргийг прокурорт буцааж, дахин шинжээч томилуулах нь зүйтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцэж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгч Б.Цэенрэгзэн нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч Т.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх цахилгаан тогооны тагийг эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрөл авахаар хяналтын прокурор В.Төгсбаярт санал гаргасан /хх-9/ байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т “...мөрдөгч эд зүйл хураан авах ажиллагааг хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна”, 5-д “...мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах саналыг прокурорт хүргүүлнэ”, 6-д “...мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт санал гаргаж болно” гэсэн заалтуудыг хяналтын прокурор В.Төгсбаяр нь хэрэгжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 10 дахь заалтуудыг зөрчиж хэрэгт эд мөрийн баримтыг шийдвэрлээгүй, хохирогчийн өмгөөлөгч Д.Ц, хохирогч Д.Э нараас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн гэх  “Сондра” нүдний эмнэлгийн үзлэгийн карт 9 хуудас баримтыг мөрдөгч, прокурор нь хэрэгт тусгаж хавсаргаагүй, мөн дээрх хүмүүсийн “шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай” хүсэлтийг шийдвэрлээгүй /хх-35/ нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй байна гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Дид оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэсэн заалтыг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн шийтгэх тогтоолд ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар заасан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг анхан шатны шүүх шийтгэх  тогтоолоо бичихдээ зөрчсөн байна.

Иймд хохирогчийн “эрүүгийн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт  буцаах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Д холбогдох 1929002060134 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ