| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0951/З |
| Дугаар | 221/МА2025/0667 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0667
“Т” ХХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Т” ХХК
Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т
Гуравдагч этгээд “П” ХХК
Гомдлын шаардлага: "Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Төрбатын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0071484 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0531
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Н.Т
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2023/0951/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т” ХХК нь Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т-д холбогдуулан "Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т-ын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0071484 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0531 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2 дахь заалт, 3.3 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус баримтлан гомдол гаргагчаас Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-н 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0071484 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.2-т "... хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Т” ХХК-ийн захирал И.Г нь өөрөө дуудлага, мэдээлэл өгч 2023 оны 7 сараас хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцсон хэдий ч холбогдогч болохынхоо хувьд нэг ч удаа тайлбар, хүсэлт, гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах гэх мэт эрхээ ч эдлээгүй, эдлэх цаг хугацааны боломж байгаагүй, амралтын өдөр үдшийн цагаар дуудаж тайлбар авах гэхэд нь өмгөөлөгч авъя гэсэн боловч эрх бүхий албан тушаалтан тэр өдрөө маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь түүний Үндсэн хууль бусад хуулиар эдлүүлэхээр тодорхойлсон эрхийг ноцтой зөрчсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй" гэж үзэн шийдвэрлэжээ.
Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн, мөн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхөд нь эрх бүхий албан тушаалтны зүгээс Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч нарын дүгнэлтийг танилцуулсан.
Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн ба ийнхүү шийтгэл хуудсыг үйлдэхдээ дээрх И.Г-д 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөх үед нь танилцуулсан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12/123 тоот дүгнэлтийг үндэслэл болгосон. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дахин шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлэх 40 хоногийн хугацаа байхад хэрэгжүүлээгүй. И.Г-ийн гаргасан хүсэлтийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагад хандсан хэдий ч татгалзсан хариуг хүргүүлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдаад буй И.Г нь өмгөөлөгч авсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хуудаст хэрхэн өөрчлөлт орох байсан талаарх үндэслэл бүхий дүгнэлт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өмгөөлөгч оролцуулж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд дутуу хийгдсэн ажиллагааг гүйцээх боломжтой байсан хэдий ч мөн л эрхээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин оролцоогүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0531 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *** таун, *** дүгээр байр, *** тоотод гал түймэр гарсан байна” гэх гомдлыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авч[1], “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *** тауны зоорийн давхарт *** тоотод иргэн И.Г-ийн 108 м.кв оффисын байрны угаалгын өрөөнд гал түймэр гарч бохирын хоолой цоорч, бараа материал усанд автаж хохирол үүссэн гэх асуудалд гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулах” зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг нээжээ.[2] Үүний дагуу “Т” ХХК-ийн төлөөлөгч И.Г-аас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр[3], 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр[4] тус тус гэрчийн мэдүүлэг авсан байна.
3. Хамгийн сүүлд “Т” ХХК-ийн төлөөлөгч И.Г-аас 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 18 минутад холбогдогчоор мэдүүлэг авч эхэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байгаа эсэхийг асуухад И.Г “Миний хувьд өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэж хариулснаар мэдүүлэг авах ажиллагаа 19 цаг 52 минутад дууссан байна[5].
4. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 0071484 дугаартай шийтгэлийн хуудсаар[6] “Т” ХХК-д Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
5. Анхан шатны шүүхийн “...гомдол гаргагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гэрэлтуяагийн гомдол, мэдээллээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-д дурдсанчлан түүнийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авч байсан атлаа хэрэг бүртгэлтийн хугацаа дуусахаас өмнөх өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Г-г гэнэт холбогдогчоор мэдүүлэг авахаар дуудан ирүүлж /бямба гарагийн 19 цаг 18 минутад/ эрх, үүргийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг тодруулсан байх бөгөөд И.Г нь "өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байна, тайлбар өгөхгүй" гэсэн байтал түүний эрхийг эдлүүлэхгүйгээр мөн өдрөө №0071484 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль бус байна гэж шүүх үзлээ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 3.3 дугаар зүйлийн 1-д “Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.”, 2-т “Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.”, 4.1-д “холбогдогчтой ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих, тэмдэглэлд тусгуулах”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... хууль зүйн туслалцаа авах... эрхтэй.” гэж тус тус заажээ.
7. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Т нь гомдол гаргагч “Т” ХХК-ийн төлөөлөгч И.Г-аас буюу холбогдогчоос 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах эрхтэйг нь танилцуулаад, мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байгаа эсэхийг нь асуухад “өмгөөлөгч авах хүсэлтэй байна, мэдүүлэг өгөхгүй” гэж илэрхийлсэн байтал хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэлгүйгээр тус өдрөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан байна.
8. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж тус тус заасны дагуу улсын хяналтын байцаагч Н.Т нь хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй буюу “Т” ХХК-ийн төлөөлөгч И.Г-ийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... өмгөөлөгч авсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хуудаст хэрхэн өөрчлөлт орох байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт байхгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах ёстой бөгөөд нэгэнт “Т” ХХК-ийн төлөөлөгч И.Г-ийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0071484 дугаар шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА