Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 47

 

  


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0062/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, 
Хохирогч ***, 
Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201609000583 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/,   *** төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт ***тоотод оршин суух бүртгэлтэй, *** жижүүр ажилтай, 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 186 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй. 
        
Шүүгдэгч ***нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 5 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***” хүнсний дэлгүүрийн гадна ***ын ***ыг өөрийг нь цээжин тус газар цохиход түүнийг зайлуулахын тулд шатан дээрээс түлхэн унагааж, бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим хүнсний дэлгүүр орж юм авах гээд дэлгүүрийн довжоон дээр
зогсож байхад цаанаас хохирогч *** гүйж ирээд “*** аа, юу хийж яваа юм бэ?” гээд миний цээж рүү цохисон. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж түлхэхэд шатан дээрээс уначихсан юм. Ингээд татаад босгоход “таньд тамхи байна уу?” гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь “би ингээд гэртээ орлоо” гэж байсан. Тэгээд би дэлгүүрээс гараад ирэхэд хохирогч байхгүй байсан. Ингээд нөгөөдөр нь ажлаа хийж явахад “та ***ыг шатан дээрээс түлхсэн байна, камерын бичлэгт бичигдсэн байна” гээд асуудал үүссэн. 
…өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Миний 4 хурууны үзүүр л ***д хүрсэн. Хохирол төлбөр нийт 5000000 төгрөг төлсөн. Өндөр насыг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний дүү *** нь тухайн хэрэг болсон өдрөөс хойш тархиндаа хүнд гэмтэл аваад эмнэлэгт очиж хагалгаанд ороод 23 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоогоор бол хоол, цайндаа сайн боловч толгой эргэх, өвдөх зэрэг зовиуртай байгаа бөгөөд групп тогтоолгосон байгаа. П.*** нь хохирол, төлбөрөө төлж барагдуулсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Иймд П.***ад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5/, 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-10/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тийм ээ, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Эхлээд 15 цагийн орчим дуудлага ирж байсан санагдаж байна. Энэ дуудлагын дагуу түүний хаягаар очиход биеийн байдал хүнд, ухаангүй, толгойн дагз хэсэгтээ гэмтэлтэй, зүүн гарын булчингууд чангарсан хэвтэртээ бие зассан байдалтай байсан. Түүнээс асуулт асуухад авиа гаргаж байсан. Тэгэхдээ үг нь ойлгогдохгүй байсан учир цус тогтоох тариа хийгээд биеийн байдал дээрдэхгүй бол дахин дуудлага өгөөрэй, биеийн байдал муу байна хэвтэх шаардлагатай шүү гэдгийг сануулсан. Хэсэг хугацааны дараа том хүү дахин дуудлага өгсний дагуу очоод биед үздэг хийхэд биеийн байдал хүнд хэвээрээ байсан тул яаралтай эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гээд түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж, аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн. 
…Түүний толгойн ар хэсэгт гэмтэлтэй цус гарчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28/, 

 -Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байсан санагдаж байна яг хэдэн цагийн үеийг нь сайн санахгүй байна. Намайг дэлгүүр дотроо ганцаараа байж байхад *** гаднаас өөрийн бага хүүхдээ дагуулсаар манай дэлгүүрт согтуу гэмээр архи уусан байдалтай орж ирээд тэрээр намайг “архи, пиво зээлээч” гэхээр нь би түүнд зээлэхгүй гэсэн чинь тэрээр манай дэлгүүр дотор нилээн удаан зогсож байгаад хүүхдээ уйлуулаад гараад явсан. Надад өмнө нь ***ын эгч Бямбаа гэж хүн манай дүүд архи битгий зээлж байгаарай харин идэж уух юм бол зээлж байгаарай гэж хэлдэг. Би өмнө нь ***д архи, пиво зээлээгүй, өмнө нь идэж уух юм зээлж байсан. Хэсэг хугацааны дараа *** гаднаас ганцаараа дахин орж ирээд тэрээр намайг архи зээлээч гээд байхаар нь би түүнд архи өгөөгүй. Тэрээр мөн манай дэлгүүр дотор зогсож байсан чинь манай нутгийн *** гэж дууддаг залуу орж  ирсэн тэгсэн чинь *** нар хамт манай дэлгүүрээс гараад явсан. Тэгээд түүнээс хойш *** манай дэлгүүрээр орж ирээгүй. 
…Биед нь ил харагдах гэмтэл шарх надад мэдэгдээгүй, харин архи уусан гэмээр согтуу байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34/,

 -Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш байсан цаг минутыг нь сайн санахгүй байна. Би Улаанбаатараас Хонгор суманд ирээд төв зам дээр таксинаас буугаад гэр рүүгээ алхаж явтал “***” нэртэй дэлгүүрийн хажуугаар явж байсан чинь *** жаахан хүүхдээ дагуулчихсан байдалтай согтуу явж байсан. Түүний хүүхэд нь даарсан байхаар нь би түүнд хандаж “хүүхэд чинь даарчихлаа шүү дээ, гэртээ оруулаач” гээд дагуулж явж байсан хүүхдийг нь үнсээд цааш би ганцаараа гэр рүүгээ харьсан. Харин *** дагуулж явж байсан хүүхдийнхээ хамт “***” дэлгүүрийн гадаа үлдсэн. Тэгээд би гэр рүүгээ харьчихаад буцаж гэрээсээ гараад “Бүрд” нэртэй хүнсний дэлгүүр рүү ороход *** ганцаараа тэр дэлгүүрт зогсож байсан. Дэлгүүрийн худалдагч *** эгчээс архи зээлчих гээд байсан би ***ыг надаас архи шаналгаад байж магадгүй гэж бодоод дэлгүүрээс гарахад араас *** гэрч ирсэн. Би тэндээс харих гээд явж байтал найз *** “гэрийн чинь гадаа байна” гэхэд нь би шууд гэр лүүгээ харьж ***той уулзсан.
…би ***тай хэрэлдэж маргалдаагүй. *** тэр дэлгүүрийн гадна үлдсэн. Би тэндээс “***” дэлгүүр рүү орж архи авах гэхэд тэр байгаагүй. Энэ үед гадаа гэгээ тасраад харанхуй болж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36/,
 
-Гэрч Ч.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Хонгор суманд хувийн ажлаар очсон. 19 цагийн үед буцах гэхэд Дархан руу явах машин олдоогүй тул багын  найз ***гийн гэрт нь хонохоор очсон тэр гэртээ байгаагүй. Би *** рүү утсаар ярьж хаана байгаа талаар асуухад Соёлын төвийн хажууд байна яваад очъё гээд удалгүй 10 орчим минутын дараа гэртээ ирсэн түүнийг ирэхэд ойролцоогоор 19 цаг 30 минут болж байсан. 
…***бусадтай хэрэлдэж маргалдаж зодолдсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37/,
 
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан орой гэгээ тасарсан байхад *** манай дэлгүүрт ганцаараа орж ирээд 2 бил үү 3 ширхэг гөөхий худалдаж аваад гараад явсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 07 цагийн орчимд би гэрээсээ дэлгүүр дээрээ ирээд дэлгүүрийн хойд талын хаалгаараа дотогш ороод дэлгүүрийн урд талын цасаа цэвэрлэхэд дэлгүүрийнхээ урд талын хаалгаар гарахад манай дэлгүүрийн довжоон дээр ***ын өмсдөг хар саравчтай малгай байхаар нь тоохгүй орхисон”. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40/, 

-Гэр *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим аав /***/ ээжийг Дарханаас авч ирнэ гээд гэрээс гараад явсан юм. Ингээд би гэртээ орой 17 цагийн орчим дүүгээ хараад байж байхад аав гаднаас согтуу орж ирж сууж байгаад манай дүү ***д дэлгүүрээс юм авч өгнө гээд дагуулаад гараад явсан юм. Би гэрт үлдээд аавыг орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад хайгаад явж байхад “Бүрд” дэлгүүрийн гадаа аав нэг танихгүй хүнтэй юм яриад зогсож байсан бөгөөд манай дүү *** намайг хараад холоос гүйгээд ирсэн юм. Тэгэхээр нь би дүүгээсээ “аав хэнтэй зогсож байгаа юм бэ?” гэж асуухад манай дүү *** “*** ахтай юм ярьж байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би дүүгээ дагуулж гэртээ орж ирээд, дүүгээ дагуулаад *** ахын гэрт очиж хоноод 2016 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг 30 минутад сэрээд харахад ээж *** ахын гэрт хоносон байсан. Би ээжээс “хэзээ ирсэн юм бэ?” гэж асуухад ээж “шөнийн вагоноор ирсэн” гэж надад хэлсэн. Ингээд ээж бид 2 гэрт очиход аав шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд хамарнаас нь цус гарсан байсан. Би хичээлийн цаг болсон болохоор хичээлдээ явсан юм. Би хичээлдээ сууж байгаад 11 цагт гэртээ орж ирэхэд аав шалан дээр хөнжил нөмрөөд унтаж байсан ээж гэрт байхгүй байсан. Би аавыг сэрээх гээд дуудсан боловч аав сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би ээжийг Нараа эгчийн гэрээс дуудаад аав ерөөсөө сэрэхгүй байна гэж хэлэхэд ээж гэрт ирээд аавын толгойг үзэхэд аавын толгойны арын хэсэг хавдсан байсан бөгөөд тэр газраас нь цус гарсан байсан юм. Тэгээд Бямбаа эгчийг гэрээс нь дуудаад дараа нь эмнэлэг дуудсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42/,   

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** архи уусан үед заримдаа хүүхдүүд нь манай гэрт хонодог юм. Тэд хэлэхдээ аав согтохоороо агсам согтуу тавиад байдаг гэж ярьдаг. Тэр өдөр 18 цагийн орчим байсан санагдаж байна гадаа бүрэнхий болж байсан юм. ***ын хүү Баттулга бага дүү Нармандахыг дагуулж орж ирээд “танайд хонож болох уу?” гэж асуусан. Би “юу болсон юм бэ?” гэхэд “аав согтуу байна” гэж хэлсэн. Би тэр хоёрыг хонохыг зөвшөөрсөн. Тэгээд тэр хоёр манайд хоол идчихээд унтсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад санагдаж байна, унтаж байхад Наранцэцэг хаалга тогшоод орж ирсэн. Тэр “гэр лүү орсон чинь нөхөр согтуу унтаж байна” гэсэн. “Манайд хоёр хүүхэд чинь байгаа шүү дээ” гэхэд “танайд хоёр хүүхэдтэйгээ хоночихоод явъя” гэсэн, тэгээд тэр хоёр хүүхэдтэйгээ цуг хоносон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43/, 
 
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны  10 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр шалан дээр дээшээ хараад унтаж байсан бөгөөд манай нөхрөөс архи үнэртэж байсан болохоор би босч ирээд агсам тавьж магадгүй гэж бодоод нөхрийгөө сэрээлгүй гарч яваад ***ын гэрт очиход тэнд миний хоёр хүүхэд унтаж байсан. Тэгээд 2 хүүхдийнхээ хажуугаар орж унтаад өглөө босоод хоёр хүүхдээ дагуулаад гэртээ очиход манай нөхөр байрнаасаа хөдлөөгүй дээшээ хараад унтаж байсан бөгөөд манай нөхөр өмдөндөө шээсэн байдалтай их даарсан унтаж байхаар нь хөнжлөөр хучаад унтуулсан юм. Тэгээд 11 цаг хүртэл хараад сэрэхгүй болохоор нь хадам эгч Бямбааг дуудаад тэгээд эмнэлэг дуудсан юм. 
…Манай нөхөр /***/ архи уухаараа их агсам зантай болохоор би сэрээгээгүй. гэрээсээ гарч яваад ***ын гэрт очиж хоносон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44/, 

-Гэрч П*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би ***тай 2016 оны 10 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө Хонгор сумын уурын зууханд  хамт жижүүртэй хоноод, 23-ны өглөө 08 цагт ээлж буугаад салсан. Уурын зууханд нэг ээлжинд 2 л хүн хонодог, тухайн өдөр *** бид 2 л уурын зууханд хоносон юм. *** ажил дээрээ хүнтэй маргалдаж, зодолдоогүй, архи ч уугаагүй. *** архи уугаагүй эрүүл байхдаа даруухан ажилсаг хүн юм. Архи уусан үедээ их агсам зантай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49/, 
 
-“…Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх малгай дээр цус илрээгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9741 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51/,

-Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар малгайнд гарсан 6х2мм, хар хөх куртикэнд гарсан 12х12мм, 1х1см, 2х2.7 см, 16х8мм, 1.1см, 10х5мм, 6х5мм, 12х3 мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогдох татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна. Хар малгайнд гарсан 7мм хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдсэн уранхай байна. Хар хөх куртикэнд гарсан 3х3мм, 2х2мм, 3х2мм хэмжээтэй цоорхой халалтын улмаас гарсан, хуучин түлэгдсэн цоорхой байна. Хар хөх куртикэнд гарсан 5.5см, 1.1см, 10х5 мм хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Хар хөх куртикэнд гарсан 5.5см хэмжээтэй уранхайны зах ирмэг бага зэрэг бохирлогдсон байх тул шинээр гарсан байж болно. Харин бусад уранхайны зах ирмэг бохирлогдсон байх тул хуучин уранхай байна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6707 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-57/,  

-“…Ш.***ын биед гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал дунд зэрэг, дагз чамархай, суурь ясны битүү хугарал, дагз чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цус хуралт, дагзанд шарх, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх  2016 оны 11 дүгээр сарын 1-ний 1163 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69/, 

-“…Ш.*** нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр биедээ гэмтэл авснаас хойш түүний сэтгэцэд өөрчлөлт орсон байна. Ш.*** нь болсон үйл явдлын талаар үнэн зөв тусгаж мэдүүлэг чадваргүй. Ш.***ын сэтгэцэд өөрчлөлт орсон эдгэж боломжтой эсэхийг одоогоор тодорхойлох боломжгүй болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа ¹15 /1 дүгээр хавтаст хэргийн 73/, 

-Ш.***ын өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 78-137/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 179/, 
-Хохирол төлсөн гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 4, 8, 33/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч гэмт ***нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн *** дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***” хүнсний дэлгүүрийн гадна ***ын ***ыг өөрийг нь цээжин тус газар цохиход түүнийг зайлуулахын тулд шатан дээрээс түлхэн унагааж бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч П.*** нь өөрийн эрх ашгийг Ш.***ын халдлагаас хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн байх боломжтой” гэж мэтгэлцэж байна.

Ш.*** нь хэрэг учрал болох үед шүүгдэгч П.***ын цээжин хэсэг рүү цохисон болох нь шүүгдэгч П.***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч тухайн халдлагын улмаас шүүгдэгч П.***ын бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй, мөн амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсээгүй байх тул Ш.***ыг түлхэж шатан дээрээс унагасан шүүгдэгч П.***ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***нь хохирогч ***д хохирол төлж барагдуулсан болох нь хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “…П.*** нь хохирол, төлбөрөө төлж барагдуулсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Иймд П.***ад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирол төлсөн гэх баримтаар /2 дугаар хавтаст хэргийн 4, 8, 33/ тус тус нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /1 дүгээр хавтаст хэргийн 179/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, Ш.***ын өмсөж явсан куртик, малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***д буцаан олгож, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч ***ын эзэмшлийн haier фермийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч ******ад 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, Ш.***ын өмсөж явсан куртик, малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***д буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ын эзэмшлийн haier фермийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т ***ад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***ад мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ