Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00447

 

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/00483 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 947 дугаар магадлалтай,

“........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Э, У.С нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 269,162,043.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “........” ХХК нь хариуцагч С.Э, У.С нарт холбогдуулан үндсэн зээл 109,996,585.26 төгрөг, зээлийн хүү 134,126,925.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,038,532.72 төгрөг, нийт 269,162,043.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Э “хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/00483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Эээс 244,123,511 төгрөгийг гаргуулж “........” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,038,532 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох У.Сгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 37-Б байр, 6 тоот хаягт байршилтай, 133 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,573,961 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 1,378,568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “........” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 947 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/00483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...244,123,511 төгрөг...” гэснийг “257,011,188 төгрөг” гэж, “...25,038,532 төгрөг...” гэснийг “12,150,855 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1,378,568 төгрөг...” гэснийг “1,443,006 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,143 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хсэгт заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2014.05.02-ны өдөр ЗГ1170010672 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээтэй холбогдуулан мөн өдөр Ипотекийн гэрээ байгуулагдсан болно. Зээлийн гэрээний 3.4.1 дэх хэсэг болон 4.1 дэх хэсэгт “Хэрэв зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн Хавсралт №2-д заасан барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлнэ.” гэж заасан. Хариуцагчийн зүгээс Нэхэмжлэгчтэй ийнхүү зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг нэг жилийн хугацаанд төлнө гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр байгуулсан бөгөөд хэрэв энэ хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд  үндсэн зээл 110,000,000 төгрөг болон түүний хүү 17,652,493.15 төгрөгийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар ойлгож байсан. Гэтэл зээлдүүлэгчид 2015.05.02-ны өдрөөс буюу гэрээний хугацаа дууссан үеэс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж бий болсон боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэлгүй 2019 оны 10 сар хүргэж, улмаар хугацаа хэтэрсний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас үндсэн зээл, хугацаа хэтрүүлсний хүүг гаргуулж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ зээлийн гэрээ болон ипотекийн гэрээний хоорондын уялдаа холбоог ялгаж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр нэн тэргүүн үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Гэтэл Голомт банк нь ипотекийн гэрээг хэрэгжүүлэлгүй зориуд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг өсгөж барьцаа хөрөнгөөр хангуулахаар 4 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс үүн дээр үнэлэлт дүгнэлт өгч чадалгүй зөвхөн зээлийн гэрээний заалтын дагуу шийдвэрлэсэн болно. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг хэргийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүүгээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг (12,887,677) хангахдаа давж заалдах шатны шүүх яагаад ямар үндэслэлээр гэдгийг огт дурдаагүй болно.

4.2. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч миний бие шүүх хуралдааны товыг асуухад тов тодорхойгүй байсан бөгөөд шүүхээс мэдэгдэнэ гэсний дагуу миний бие хүлээж байсан. Гэвч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчид хурлын товыг мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн болно.

Иймд дээрх үндэслэл тайлбарын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч С.Эийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “........” ХХК нь хариуцагч С.Э, У.С нарт холбогдуулан үндсэн зээл 109,996,585.26 төгрөг, зээлийн хүү 134,126,925.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,038,532.72 төгрөг, нийт 269,162,043.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Э “...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан, хариуцагч У.С нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч С.Эээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 244,123,511 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, тэрээр төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хариуцагч У.Сгийн өмчлөлийн барьцааны зүйл болсон орон сууцаар хангуулахаар, харин нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн шүүхэд анх хандсан 2019.06.11-ний өдөр хүртэл зээлийн тооцооллыг хийж, хариуцагчаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 257,011,188 төгрөг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Зохигчийн хооронд 2014.05.02-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч С.Э нэхэмжлэгч “........” ХХК-аас зээлсэн 110,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтад тусгагдсан хуваарийн дагуу 12 сарын туршид хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээнд заасан зээл, гэрээгээр тохирсон хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл бий болсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлнө”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

10. Анхан шатны шүүх үндсэн зээл, гэрээний хугацаан дахь болон хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын хүрээнд хариуцагчаас гаргуулж, харин нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагын үндэслэж буй баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэл муутай болсныг (үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг нэгтгэн гаргасан баримт хэргийн 24-р талд авагдсан) давж заалдах шатны шүүх залруулжээ.

11. Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж анх 2019 оны 06 дугаар сард шүүхэд хандаж байсан боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд дахин нэхэмжлэл гаргахдаа зээлийн үүргийг 2019.09.27-ны өдрөөр тодорхойлсныг давж заалдах шатны шүүх анхны шаардсан 257,011,188 төгрөгөөр гүйцэтгэвэл зохих үүргийг тогтоосныг үгүйсгэх боломжгүй, энэ талаар ч нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

12. Барьцааны зүйл нь хариуцагч У.Сгийн өмчлөлийн хөрөнгө ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй, тухайлбал, хариуцагч С.Э нь зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, уг дуудлага худалдаа зохион байгуулахыг шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон нь хуулийн дагуу байна.

13. Хариуцагч гомдолдоо “...гэрээний хугацаа дууссан 2015.05.02-ны өдрөөс хойш нэхэмжлэгч барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжийг ашиглаагүй 4 жилийн хугацаа өнгөрснөөс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ихэссэн, энэ нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, ...давж заалдах шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй хэргийг шийдвэрлэсэн” үндэслэл заажээ.

13.1. Гэрээний хугацаа 2015.05.02-ны өдрөөр дуусгавар болж, нэхэмжлэгчид зээлийн үүргийг шаардах эрх үүссэн хэдий ч хариуцагч талаас 2016, 2017, 2018, 2019 онуудад удаа дараа зээлийг төлөх баталгаа гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдэх хүртэл хугацааг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн тухай баримтууд хэргийн 25-31-р талд авагдсанаас үзвэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн нь нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж зээлийн төлбөр шаардаж шүүхэд хандаагүйтэй холбоогүй байна.

Мөн үндсэн буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэх хугацааг хариуцагч өөрөө хүсэлт гаргаж хойшлуулж байсан тул тухайн үүрэгтэй салшгүй холбоотой барьцааны эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй, иймээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ ашиглаагүйгээс төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэсэн гомдол үндэслэлгүй.

13.2. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020.04.29-ний өдөр товлож, зохигчдод шүүх хуралдааны товыг хүргүүлжээ. Хариуцагч С.Эийн гар утас руу шүүхээс 2020.04.22, 23, 24-ний өдөр залгахад холбогдох боломжгүй байснаас түүний гэрийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн нь хэргийн 101-102-р талд авагдсан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 947 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч С.Эийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Эийн 2020.08.26-ны өдөр 221,153 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД