Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ренчинханд хөтлөн,

Улсын яллагч Б.Энэрэл

Шүүгдэгч П.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд /0968/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2308015251142 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******д /РД:ЙЮ*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарамд байх *******ийн задгай тоотод насанд хүрээгүй О.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан загнаж гар дээр нь суниалгах явцдаа түүний дал хэсэгт заазуур шидэж оносны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарамд байх *******ийн задгай тоотод насанд хүрээгүй О.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан загнаж гар дээр нь суниалгах явцдаа түүний дал хэсэгт заазуур шидэж оносны улмаас эрүүл мэндэд нь баруун даланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-35 дугаар хуудас/, гэрч П.Нямсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч О.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/, 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2038 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дугаар хуудас/, хуудас 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2037 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2073 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хавтаст хэргийн 1-2 дахь хуудас/, яллагдагч П.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 104 дэх хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 106-113 дахь хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/, шүүгдэгчийн дипломын хуулбар /хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын бид тохиролцсон гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, хэргийн материал танилцуулсан тухай баримт /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/ яллагдагч П.*******гийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/ яллах дүгнэлт гардуулсан баримт /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.*******ийн эрүүл мэндэд нь баруун даланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс  нэхэмжилсэн 2.000.000 төгрөгт тохиролцсон гомдол саналгүй гэх хүсэлтийг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч П.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цамц, 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цамц, 1 ширхэг заазуур зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХЦЭЦЭГ