Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/311

 

   2023         08            24                                  2023/ШЦТ/311

                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х  

Улсын яллагч Г.А

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.М,

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн урд талд шалтгаангүйгээр хохирогч Э.С-ын нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн хацар ясны хугарал, хамрын ясны хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: 

    Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; Хурд хамтлагийн тоглолтыг үзэж байгаад дуусгаад Уламбаяртай холбогдож 14 дүгээр сургуулийн урд Цэрэнтогтох, Анударь, Уламбаяр гуравтай уулзаж байхад 2 таксинаас хүүхдүүд бууж ирээд нэг хүүхэд нь гүйж ирээд шууд миний хамар руу цохисон. ...Цагдаагийн газарт ирээд байж байхад намайг цохисон хүүхдийг Э.Б гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Яллагдагч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...6-11 дүгээр байрна гадна байж байхдаа үл таних хүмүүст зодуулсан. 5-13 дугаар байрнаас 4 найз болох О, Т, Б, Ж нарыг дагуулаад намайг зодсон хүмүүсийг Согоот багийн нутаг дэвсгэрээр хайж байгаад 14 дүгээр сургуулийн урд очиход хүмүүс орилолдоод байсан. Тэнд очиход биш байсан. Э.С гэх хүн яасан бацаан минь гээд байхаар нь шанаа хэсэгт нь цохичихсон... Намайг заамдаж аваад толгой хэсэг рүү 4 удаа цохихоор нь зөрүүлээд хамар руу нь 1 удаа, хэвлий хэсэгт нь 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/

гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...Үл таних хүүхэд гүйж ирээд найз Э.С-ын нүүрэн тус газарт нь цохичихсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...14 дүгээр сургууль орж гитар тоглоод сууж байхад үл таних хүүхэд гүйж ирээд нүүрэн тус газар нь цохичихсон. Тэгтэл араас нь хоёр хүүхэд гүйж ирээд андуурчихсан байна гээд буцаад явчихсан. Тэр хооронд би цагдаагийн байгууллагда дуудлага өгсөн.. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...14 дүгээр сургууль орж гитар тоглоод сууж байхад үл таних хүүхэд гүйж ирээд найз Э.С-ын нүүрэн тус газарт цохисон. Тэгтэл араас нь хоёр хүүхэд гүйж ирээд андуурчихсан байна гээд буцаад явчихсан... гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 17-18 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .....Баяржавхлан нь хэн нэгнийг цохиж байхыг хараагүй. Харин цагдаагийн газарт ирсний дараа Т нь цагдаад Б-г цохиж байхыг харсан гэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Цохиулсан гэх хүний хамар нь муруйчихсан бас хавдсан, цус гарсан байхаар нь би эмнэлэгт үзүүлээд цагдаагийн газар  ирээрэй гэж хэлсэн. Миний цагдаагийн газарт авч ирсэн хүүхэд миний хамт явж байсан хүүхэд цохисон гэж хэлж байсан. Баяраа билүү Баяржавхлан гэж хэлж байсан санагдаж байна.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн урд хүн зодуулсан гэх дуудлага мэдээллийг эмэгтэй хүн өгсөн. Тухайн дуудлага мэдээллийн хаягаар 14 дүгээр сургууль дээр очиход дуудлага мэдээлэл өгсөн хүн байхгүй байсан. Дуудлага мэдээлэл өгсөн хүний утсаар холбогдоход Согоот багийн авто замын аюулгүйн тойрог өнгөрөөд наадмын талбай руу зодсон гэх хүүхдүүдийг дагаад явж байна гэхээр нь Тө-тын хамтаар наадмын талбай руу гардаг нүхэн гарцын ойролцоо очоод машинаасаа буухад хэдэн хүүхдүүд явж байгаад зугтчихаар нь сүүлд үлдсэн нэг хүүхдийг нь барьж аваад цагдаагийн газарт хүргэж ирсэн. Хамгийн сүүлд үлдсэн гэх хүүхдийг барьж аваад зогсож байхад цохиулсан гэх залуу машинд суучихсан, машиныг нь эмэгтэй хүн жолоодчихсон байсан. Харин найзууд гэх хоёр эрэгтэй хүн цохисон гэх хүүхдүүдийн араас дагачихсан явж байсан... хамар нь муруйчихсан, хавдчихсан, цус гарчихсан байсан... Сүүлд үлдсэн гэх хүүхдийг аваад цагдаагийн газар руу явж байхад Баяраа билүү Тулгаа гэх хүний нэрийг хэлээд байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр  тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ..Баяржавхлан нэг ахын хамрыг цохисон. Нөгөө ах шууд доошоо суухад тэр цохиулсан ахтай хамт явж байсан өндөр бор ах Бархасын бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн. Цаанаас нь 14 дүгээр сургуулийн манаач ах  гарч ирээд салгахаар нь бид нар зугтсан. Араас хоёр ах хөөсөн. Бид нар нүхэн гарцаар зугтаан явж байтал Э.Б нөгөө араас хөөж байсан ах нарыг хэл амаар хоргоогоод байсан. Намайг хамгийн ард явж байтал хөдөлгөөнт эргүүлийнхэн барьж авсан. Би Баяржавхлангийн утас руу залгаж намайг цагдаа нар аваад ирчихсэн байна та нар хүрээд ир гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 573 дугаартай “...Э.С-ын биед зүүн хацар ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн хацар ясны хугарал, хамрын ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Шинжээч эмч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; ...Зүүн хацар ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын таславчийн муруйлт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрэнд цус хуралт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх бүх гэмтлүүд нь нийлбэрээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр зүүн талын хацар яс хоншоорийн хөндий рүү цөмөрч бяцарсан шинэ хугаралтай гэж дурьдсан байх ба энэ нь 573 дугаартай дүгнэлтийн зүүн талын хацар ясны хугарал гэж дурьдагдсан хэсэг юм. Зүүн талын хацар яс нь аль хэсгээр яаж хэрхэн хугарч гэмтсэнийг дэлгэрэнгүй байдлаар хоншоорын хөндий рүү цөмөрч бяцарсан шинэ хугаралтай гэж дурьдаж бичсэн байх. Хацрын ясны хугарал гэмтэл нь цөмөрсөн, бяцарсан зэрэг нь гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөхгүй ба зүүн хацар ясны хугарал нь цөмөрч бяцраагүй байсан ч гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Э.С нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Бд прокурорын гаргасан саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний үйлдсэн хэргийн шинж, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа хувийн байдал, бүрэн дунд сургуульд сурч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Хохирогч Э.С эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан, цаашид миний бие гомдол саналгүй /хавтаст хэргийн 98-р тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзэж, харин хохирогч Э.С-ын биед зүүн хацар ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал зэрэг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан гэмтэл учирсан байх тул уг байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Өсвөр насны шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 сарын  хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бд оногдуулсан  1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

            4. Өсвөр насны шүүгдэгч Э.Б нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Э.С энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Өсвөр насны шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР