| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0294/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/300 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/300
2023 08 10 2023/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З.А” худалдааны төвд цахилгаан багажны худалдаа эрхэлж байх үедээ хохирогч У.Утэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн баруун хөлийн шилбэ тус газарт нь автомашины угаагч автомат бууны хошууг шидэн онож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З.А” худалдааны төвд цахилгаан багажны худалдаа эрхэлж байх үедээ хохирогч У.Утэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн баруун хөлийн шилбэ тус газарт нь автомашины угаагч автомат бууны хошууг шидэн онож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “100 айл” барилгын материалын дэлгүүрээс худалдаа хийхээр ороод цахилгаан багаж болон туслах хэрэгслийн лангуунаас тасдагч багажийг 100,000 төгрөгөөр авахаар болж, та жаахан хямдруулаад өгөөч гэхэд худалдагч нь наадах чинь доод үнэ гэсэн. Тэгвэл НӨАТ-ыг нь хасаад өгчих гэхэд наадах чинь НӨАТ-ын үнэ ороогүй, хэрэв НӨАТ-ын үнэ орох юм бол 110,000 төгрөг болно гэхээр нь чи тэгвэл эхнээсээ НӨАТ-ын үнийг нь хэлэхгүй яасан юм бэ гээд бид хоёр маргалдаж эхэлсэн... Би гартаа барьсан байсан жижиг цаасан хайрцагтай гэрлийг худалдагч руу шидтэл цээжин хэсэгт нь онож газарт унасан. Би юм аа авъя гэсэн чинь худалдагч надад авч өгөөд би чамайг мэднэ шүү дээ, чи өмнө нь 100 айлын тавилгын лангуунд ажиллаж байхдаа бөгс байсан шүү дээ гэж хэлэхээр нь би дахин цаасан хайрцагтай гэрлийг худалдагч руу шидэхэд гараараа хаасан... Би лангууных нь араар тойрч ороод сандал дээр нь гишгэж цаасан хайрцагтай гэрлээ авсан чинь “чи муу шээстэй гутлаараа гишгэлээ” гээд нэг зүйл авч шидсэн. Шилбэний ард оносон. Тэгээд би цаасан хайрцагтай гэрлээ авч нөхөртэйгөө хамт гарч явтал хөл өвдөөд байхаар нь хартал өмд цус болчихсон байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, “Жүр үр” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/44 дугаартай тушаал, хавсралт /хавтаст хэргийн 50-53 дахь хуудас/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12 дахь хуудас/, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 595 дугаартай “...У.Уийн биед баруун хөлийн шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун хөлийн шилбэнд шарх, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 3.4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх, шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч У.У нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР