| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0304/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/312 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/312
2023 08 24 2023/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “106” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Дамба овогт Батсуурийн Б.Ст холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х зочид буудлын гадна Х.Хб-ийн жолоодож явсан хохирогч Х.Хын эзэмшлийн 00-00 ОРХ улсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын багажны салхины шилийг гараараа цохиж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Сыг бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан:
- Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,
- Тээвийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
-Хохирогч Х.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойш манай хүү Хб миний эзэмшлийн 00-00 ОРХ улсын дугаартай "Лексус 570" маркийн тээврийн хэрэгслийг найз нартайгаа уулзчихаад ирье гэж хэлээд аваад явсан юм. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай хүү Ханбайгаль үл таних согтуу залууд машины баруун хойд талын багажны салхины шилийг хагалуулсан талаар хэлсэн. Үнэлгээгээр тогтоогдсон 1,430,000 төгрөгийг төлж барагдуулсан харин үнэлгээний хөлс болох 98,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
- Гэрч Х.Хб-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 02-ны 21 цагийн үед миний бие аав Х.Хын 00-00 ОРХ улсын дугаартай "Лексус 570" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Бугат сумаас найз Наранбаатар, Сумъяа, Гийгүүлэн нарыг аваад Орхон аймагт буцаж орж ирсэн. 00 цаг 30 минутын орчим найз Наранбаатарыг Уртбулаг баг 0-00 дугаар байрны хойд талд буюу Х зочид буудлын гадаа буулгаад дөнгөж хөдөлтөл манай найз Наранбаатар найз Гийгүүлэнгийн гар утас руу залгаад буцаад хүрээд ир энд нэг залуу намайг зодох гээд байна барьцалдаад авлаа гэж хэлсэн тэгээд буцаад очтол Наранбаатар үл таних нэг залуутай заамдалцсан байдалтай байж байсан бид 3 машинаас буугаад салгасан тэгтэл тухайн залуу бид нарыг нийлж намайг зодлоо гээд орилоод байсан тэгтэл хажуухан талаас нь нэлээн олон согтуу хүмүүс гүйлдээд ирсэн тэгэхлээр нь айгаад асуудал гарч магадгүй гэж бодоод машиндаа суугаад хөдөлтөл Наранбаатартай маргалдаад байсан залуу миний унаж явсан машины баруун хойд талын багажийн шилийг гараараа цохиод хагалчихсан тэгэхлээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирээд машины шил хагалсан залууг болон бид нарыг аваад цагдаагийн газарт ирсэн. Тэгтэл тухайн залуугийн нэрийг Б.С гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 08 дугаар сарын 02-ны орой найз нарын хамтаар Булган Бугат сумаас орж ирээд хотын төвөөр жаахан явж байгаад 2023 оны 08 дугаар сарын 03-ны 00 цаг өнгөрч байх үед би найз ХБ-ын унаж явсан 00-00 ОРХ улсын дугаартай "Тоёота Лексус-570 маркийн тээврийн хэрэгслээр гэрийнхээ хойд талд байдаг хур буудлын гадаа хүргүүлсэн. Тэгээд машинаас нь буугаад явж байтал үл таних ах намайг "чи юугаа хараад байгаа юм бэ" гэж хэлсэн тэгэхлээр нь би хүн рүү харж болохоо байчихсан юм уу гэхэд тухайн ах над руу ирээд чи яах гээд байгаа бацаан бэ барахгүй шүү гэж хэлээд намайг заамдаад авсан тэгэхлээр нь би зөрүүлж заамдаж аваад нэг удаа мангастсан тэгээд найз нар руугаа гар утсаараа залгаад дуудсан удалгүй манай найз нар буцаад ирсэн. Тэгтэл нөгөө ах “та нар намайг яах гээд байна аа” гэж хэлээд эргэж хараад хүмүүс дуудаад байсан. Бид нар тухайн газраас машинтай хөдлөх үед тухайн ах араас гүйж ирээд Хб-ийн жолоодож байсан машины баруун хойд талын багажны салхины шилийг гараараа цохиж хагалсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгч цагдаагийн газарт ирсэн. Машины шил хагалсан ахын нэрийг Б.С гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- Яллагдагч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“....2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хур зочид буудлын гадаа Х.Х гэх хүний эзэмшлийн 00-00 ОРХ улсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын багажны салхины шилийг гараараа цохиж цохиж хагалсан. Миний бие бусдад учруулсан хохирлоо бүрэн төлжбарагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар тал/,
- “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн тайлан “....заалны шил баруун хойд 1,200,000 төгрөг, Дотор багана салон баруун хойд 80,000 төгрөг, шууд зардал 1,280,000 төгрөг, эд анги солих 150,000 төгрөг нийт 1,430,000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
- Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 62 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон Б.Сын бусдын тээврийн хэрэгслийг гараараа цохиж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1280000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Х.Х шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байхаас гадна шүүгдэгч Б.С нь хохирол төлбөрт 1,528,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР