Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        08            22                                     2023/ШЦТ/307

 

                       

   

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун, 

улсын яллагч Ж.Батбаатар

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Цид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хапитатын **** тоот хашааны гадна байсан хохирогч Д.Бын эзэмшлийн Лексус ар экс 450 /Lexus RX 450/ маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд хаалгыг хүрзээр зурж, цохин хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Цийг согтуурсан үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

-Хохирогч Д.Бын: “...Би 2023 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хапитатын **** хаалгыг янзалж байсан тул би өөрийн Лексус ар экс 450 /Lesus RX 450/ маркийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэглийг дүүгийнхээ хашааны гадна талд цоожилж орхисон. Маргааш өглөө нь 06 цагаас ажилтай байсан тул өглөө ажил  дээрээ очиж гадна талын зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгслийг орхисон. Орой 20 цагийн орчимд ажлаасаа гарч ирээд өөрийнхөө тээврийн хэрэгслийг үзэхэд миний машины жолоочийн эсрэг талын урд хаалга дотор тал руугаа  хонхойж, зурагдсан ард хаалга хоёр газар бага зэрэг зурагдчихсан доод хаалт хагарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би өөрийн дүү Эрдэнэбулган руу яриад ахынх нь машины хаалга зурагдаад хонхойчихсон байна гэсэн чинь манай дүү шөнө манай хажуу айлын залуу согтчихсон орилоод байхаар нь цонхоороо харахад таны машины хаалгыг чинь татаад зогсоод байсан, гарч асуух гэхэд эхнэр маань гаргаагүй тэгээд намайг хараад зогсож байхад манай хөрш гэх Ц.Ц гэр рүүгээ орж байсан. Тэгэхээр нь би дүүдээ чи хөрш айлынхаа Ц.Ц гэх хүний утсыг олоод өгөөч гэж хэлээд харьж амарсан. Тэрнээс хойш 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай дүү хөрш айлынхаа Ц.Ц гэх хүний утасны дугаар ******** гэх дугаарыг өгч манай эхнэр Эрдэнэчимэг утсаар ярихад Ц.Ц нь би санахгүй байна согтчихсон байсан, гэрийнхнээсээ асуугаадхая гэж хэлээд салгасан. Удалгүй буцаж залгаад би таны машиныг эвдэлсэн юм байна, та хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ дүүгийнхээ гэрт ороход Ц.Ц нь манай дүүгийн гэрт ороод ирчихсэн “танай ахын машиныг эвдэлчихсэн юм байна” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд надтай хамт манай дүүгийн гэрээс гарч ирээд миний машины зургийг дараад маргааш би таньтай холбогдож машиныг чинь янзалж хохиролгүй болгоод өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ц гэх залуу холбогдож Ветнам засварт зургийг чинь үзүүлтэл машиныг нь харна гэж байна, та машинаа аваад ир гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учир эхнэрийгээ явуулж уулзуулсан. Тэгэхэд Ц.Ц нь Ветнам засвар оролгүйгээр хорооллын эцэст миний таньдаг засвар байгаа тийшээ очиж үзүүлье гэж хэлээд 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр засварт оруулахаар болсон. Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ц.Цтай холбогдож Ветнам завсарт оруулмаар байна, орж ирээд удаагүй, будаггүй машин байгаа болохоор гэж хэлэхэд Ц.Ц дүүгийнх нь боломж болохгүй байна гэж хэлсэн. Ц.Цд хандан чи миний машиныг хэдэн төгрөгөөр янзлуулах гэж байгаа юм гэхэд 400,000 төгрөгөөр янзлуулах гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь 400,000 төгрөгөө өгчих би Ветнам завсараар янзлуулна, үлдэгдэл 100,000 төгрөгийг нь би өөрөө өгье гэхэд Ц.Ц нь хэсэг байж байгаад залгая гэж хэлээд салгасан. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц.Ц гэх залуу руу залгахад би ер нь таны машиныг цохиогүй юм байна. Та цагдаад мэдэгд гэсэн болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. Би Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 530,000 төгрөг болсон тул үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Гэрч Г.Э-ы “...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим манай хадам ах Д.Б манай гэрт ирсэн. Тухайн үед би хашааныхаа хаалгыг янзалж байсан болохоор ах Д.Б нь Lexus RX 450 маркийн тээврийн хэрэгслийг хашаан дотор оруулалгүй хашааны гадна  талд тавьж орой 23 цагийн орчим амарсан. Тэгээд унтаж байхад үүрээр 04 цагийн орчимд хүн орилоод байхаар нь би гайхаж цонхоор харахад манай хөрш айлын Ц.Ц гэх залуу согтуу гудамжинд орилж, манай ахын машины цонхоор харж, хаалгыг нь татаад байсан. Тэгэхээр нь би гарч уулзах гээд гэрийн хаалга онгойлгоход манай эхнэр Б намайг гаргахгүй байсан. Ц.Ц нь гэрийнхээ хашаа руу гүйж ороод гартаа хүрз бариад ална гээд орилоод байсан... машиныг тойроод хаалганаас нь татаад гартаа хүрз бариад орилж, юм цохиод байсан... Орой 19 цагийн орчим манай хадам ах Д.Б над руу залгаж миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд хаалгыг юмаар цохисон юм шиг байна гэж ярьсан... Ц.Ц гэх залуутай уулзаж чи манай ахын машиныг хаалгыг цохиод эвдэлсэн байна гэхэд Ц.Ц нь би анх удаа архи ууж байгаа, би юу болсон талаар мэдэхгүй байна гэхээр нь  түүнийг хүрз барьчихсан ахын машиныг тойроод яваад байсан гэж хэлэхэд Ц.Ц нь манай эхнэр намайг  хашаанаасаа гараагүй гэж хэлж байна гэсэн. Тэгээд би Ц.Ц гэх хүнийг хадам ах Д.Бтай уулзуулсан. Ц.Ц нь манай ахтай уулзаад би машиныг чинь засаж янзлуулж өгье гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 305 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 530,000 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

-Яллагдагч Ц.Цын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим найзуудтайгаа гэрийнхээ ойролцоо пиво ууж байгаад 04 цагийн орчим найзууд явж би гэртээ орсон. Намайг гэртээ орох үед манай гэрийн хаалга онгорхой, үхэр орчихсон байсан. Тэгэхээр нь би хашаан дотор байсан улаан өнгийн хүрзээр хашаан дотор байсан үхэрнүүдийг хөөж гаргасан... Би архи уугаад байдаггүй болохоор тухайн үед согтчихсон. Надаар хашаа болон  гэрээ харуулдаг хүмүүст уурлаж, хашаандаа хэсэг орилж байгаад тасарчихсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хөрш айлын хүн залгаж чи 2023 оны 06 дугаар сарын 18-ны өглөө миний машин дээр очоод хараад яваад байсан, янзалж өг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Д.Б гэх манай хөрш айлын хүний ахыг дуудаж, та машинаа авч ирээд үзүүлчих гэж хэлсэн. Орой нь Д.Б гэх ах манай гэрийн гадна ирчихээд намайг дуудахаар нь би гарч машиныг нь үзэхэд зүүн талын урд, ард хаалга доод хэсгээрээ зурагдчихсан, хаалганы доод хамгаалалт хэсэг нь цөмөрсөн байсан. Тэгэхээр нь би уучлалт гуйж төлж өгөхөөр болсон. Би тухайн машиныг гарч цохисноо санахгүй байгаа. Би архи уудаггүй болохоор амархан тасарчихдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хапитатын *** тоот хашааны гадна байсан хохирогч Д.Бын эзэмшлийн Лексус ар экс 450 /Lexus RX 450/ маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд хаалга гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 530,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хапитатын *** тоот хашааны гадна байсан хохирогч Д.Бын эзэмшлийн Лексус ар экс 450 /Lexus RX 450/ маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд хаалгыг хүрзээр зурж, цохин хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Д.Бын: “...Манай дүүгийнх хашааныхаа хаалгыг янзалж байсан тул би өөрийн Лексус ар экс 450 /Lesus RX 450/ маркийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэглийг дүүгийнхээ хашааны гадна талд цоожилж орхисон. ...би өөрийн дүү Э руу яриад ахынх нь машины хаалга зурагдаад хонхойчихсон байна гэсэн чинь манай дүү шөнө манай хажуу айлын залуу согтчихсон орилоод байхаар нь цонхоороо харахад таны машины хаалгыг чинь татаад зогсоод байсан гэсэн. ...Утсаар холбогдоход удалгүй буцаж залгаад би таны машиныг эвдэлсэн юм байна, та хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ дүүгийнхээ гэрт ороход Ц.Ц нь манай дүүгийн гэрт ороод ирчихсэн “танай ахын машиныг эвдэлчихсэн юм байна” гэж хэлээд зогсож байсан....” гэх мэдүүлэг,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 305 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 530,000 төгрөг...” гэх дүгнэлт, үнэлгээний тайлан,

Яллагдагч Ц.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би уг машиныг гэмтээгээгүй” гэж тайлбар гаргаж байх боловч энэ нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “би үйлдлээ сайн санахгүй байна, хүрз бариад орилоод яваад байсан минь үнэн” гэх мэдүүлгээр, хохирогчийн “утсаар холбогдоход би эвдэлсэн юм шиг байна, төлж өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбулганы “унтаж байхад үүрээр 04 цагийн орчимд хүн орилоод байхаар нь би гайхаж цонхоор харахад манай хөрш айлын Ц.Ц гэх залуу согтуу гудамжинд орилж, манай ахын машины цонхоор харж, хаалгыг нь татаад байсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг” нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Ц.Цийн үйлдлийн улмаас 530.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Ц.Цийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хохирогч Д.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Хохирол төлбөрт 575.000 төгрөг гаргуулна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Ц.Цаас хохирогчийн автомашинд учирсан 530,000 төгрөгний хохирлыг гаргуулан хохирогч Д.Бт олгох нь зүйтэй байна. Харин хохирогчийн нэхэмжилсэн үнэлгээний хөлс 45.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг нотлох баримт хэрэгт байхгүй байх тул шүүхээс уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч Ц.Ц нь “...тусгайлсан санал хүсэлт байхгүй...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цаас 530.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгож, хохирогчийн нэхэмжилсэн 45.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР