Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00543                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З /,

 Хариуцагч: Я нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,182,523.05 /арван гурван сая нэг зуун наян хоёр мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, С.Эрдэнэбаяр, хариуцагч Г.Я, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.З нь 2016.06.30-ны өдөр ЗГ1705113411 гоот Зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн     хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийг, тус гэрээнд 2018.03.23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ1705113411-А тоот гэрээг байгуулж 7,250.000 төгрөгийн зээлийг 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн нэмэлт зээл тус тус авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019.12.04-ний байдлаар зээл 368 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн 10,895,958.84 төгрөг, зээлийн хүү 2,232,488.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,076.19  төгрөг, нийт 13,182,523.05 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Я шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хүлээн зөвшөөрч байна, одоо ажилтай болсон тул хуваарь гарган төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Г” ХХК нь П.З, Г.Я нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,182,523.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Я нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Харин хариуцагч П.З нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

П.З нь “Г” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1705113411 тоот Зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зориулалтаар зээл авчээ.

 

Талууд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хамтран зээлдэгчээр Г.Яг оролцуулан, нэмж 7,250,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авч ЗГ1705113411-А тоот гэрээг байгуулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл Зоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгчнь зээлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны хүүний хамт хуваарийн дагуу 10,895,958.84 төгрөгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг нэхэмжлэгч нь утсаар мэдэгдэж байсан, хариуцагч энэ талаар маргахгүй байна.

 

Талууд Зээлийн гэрээний 3.3.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцжээ. 

 

Ийнхүү гэрээнд зааснаар хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ 12 сараас дээш сарын хугацаагаар биелүүлээгүй, нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалж, тухайн зээлийг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгааг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар талууд зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр тохиролцсон ба гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү 2,232,488.02 төгрөг байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.9 дэх заалт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцэж байх тул хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэмэгдүүлсэн хүү 54,076.19  төгрөг төлөх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч П.З, Г.Я нараас зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 10,895,958.84 төгрөг, зээлийн хүү 2,232,488.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,076.19 төгрөг, нийт 13,182,523.05 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 223,862 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 223,862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч П.Зт энэ өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд ньхэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан З, Я нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,182,523.05 /арван гурван сая нэг зуун наян хоёр мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулан, “Г ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 223,862 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 223,862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ