Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Оийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Гуравдагч этгээд: Ж.Э

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т

Хариуцагч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Гуравдагч этгээд Ж.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 123/2025/0039/З                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Оээс гаргасан “Төв аймгийн Мөнгөнморьт сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйл Нотлох баримт цуглуулах мөн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж заасан ажиллагааг хийх ёстой.  Шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Үүнд шүүхээс дүгнэлт хийгээгүй.

2.2. Мөн Хууль ёсны дагуу байгуулагдаагүй ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                              ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ц.Оээс “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлүүдийг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Маргаан бүхий  Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1.3, 7.1.8, 8.1.3, 8.2.3, 8.2.8-д заасныг тус тус үндэслэн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Оийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

4. Хариуцагч нь ийнхүү шийдвэрлэхдээ Ц.Оийн хэзээ гаргасан ямар үйлдлүүдийг ёс зүйн, эсхүл сахилгын зөрчил гэж үзсэн, аль үйлдлийг нь дээрх хуулийн заалт тус бүрийг зөрчсөн гэж үзэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бодит нөхцөл байдлыг маргаан бүхий актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасныг зөрчсөн, үүний улмаас Ц.Оийн ёс зүйн болон сахилгын зөрчил тус бүрийг холбогдох хууль, журмын дагуу шалган тогтоосон эсэх, хариуцлага нь тохирсон эсэх, холбогдох хууль зүйн үндэслэл тус бүрт шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Харин маргаан бүхий актад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, тухайн өдрийн дүгнэлтийг үндэслэсэн байх тул зөвхөн уг дүгнэлтийн хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч нэхэмжлэлийг шийдвэрлэхээр байна.

6. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн “тухайн Ёс зүйн дэд хороо нь дүгнэлт гаргах эрхгүй, ...” гэж маргасан асуудалд дүгнэлт хийлгүй,  Ёс зүйн дэд хорооны дүгнэлт хүчин төгөлдөр, хүчингүй болгоогүй гэж дурдаж, маргаан бүхий актад заагаагүй бодит нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн зөрчлийг тогтоож, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэснийг Төрийн албаны тухай болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх ба хариуцагчийн маргаан бүхий актад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэхээргүй байна.

6.1. Учир нь Маргаан бүхий актын үндэслэл болсон дүгнэлтийг гаргасан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хуульд заасны дагуу байгуулагдаагүй, мөн харьяалалд нь үл хамаарах асуудлыг хүлээн авч дүгнэлт гаргасан, ингэхдээ ямар арга хэмжээ авахыг томилох эрх бүхий этгээдэд зааж, түүний бүрэн эрхэд халдсан байна.

Учир нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.”,

мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно.”, 13.2-т “Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно.” гэж тус тус заасан.

6.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн дэд хороо нь аймгийн Хурал, түүний нийт албан хаагчдын саналыг аваагүй энэ хуулийн дагуу байгуулагдсан Хороо биш байна.

6.3. Мөн уг хуулийн дагуу байгуулагдсан Ёс зүйн дэд хороо нь зөвхөн өөрийн байгууллагын албан хаагчдын ёс зүйн асуудлыг шийдвэрлэх атал Мөнгөнморьт сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Оийн ёс зүйн асуудлыг аймгийн Хурлын ёс зүйн дэд хороо харьяалж шийдвэрлэсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:”, 13.3.1-т “энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ:”, 14.3.1-д “Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны;” гэж заасныг зөрчжээ.

6.4. Түүнчлэн тус дүгнэлтэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасны дагуу “Ц.Оийг төрийн албанаас халах хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх;” гэж заасан доод шатны Хурлын томилох эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Төрийн албаны Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.12.5-д “дүгнэлт хэсэгт гомдол, мэдээллийг хянан шалгаад ёс зүйн зөрчил гаргасан эсхүл ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэнэ.” гэж заасан эрх хэмжээнээс хэтрүүлсэн байна.

7. Тухайн үед гомдол гаргасанГ.Б нь Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн хороонд хандаагүй, Ц.Отэй хамт ажиллаж байсан хүмүүс нь байсан учраас өөрийн байгууллагын хороонд гаргалгүй, аймгийн Хороонд гаргасан гэсэн нь дээрх хуульд нийцэхгүй бөгөөд өөрийн байгууллагын ёс зүйн дэд хорооны шийдвэр гараагүй байхад хариуцагч сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нь дээрх байдлаар хууль зөрчсөн аймгийн Хурлын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг шууд хэрэгжүүлж Ц.Оийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар олгосон томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоож, сахилгын хариуцлага хүлээлгэх, эсхүл ёс зүйн зөрчил гаргасан талаарх өөрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зохих ёс зүйн хариуцлагыг ногдуулах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргажээ.

8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хүчин төгөлдөр болсноор сахилгын зөрчлөөс ялгаж, улмаар Ёс зүйн дэд хороо нь “ёс зүйн зөрчил” гаргасан талаар дүгнэлт гаргавал тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.

17.2.Төрийн албан хаагч дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээж болно:

17.2.1.хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх;

17.2.2.ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.” гэж төрийн албан хаагчид шууд хариуцлага хүлээлгэхээс өмнө өөрийн ухамсарын түвшинд “гаргасан алдаагаа ухамсарлаж” дахин алдаа гаргахгүй байх боломж олгохоор байхад олгоогүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн “... Хууль ёсны дагуу байгуулагдаагүй ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан, удаа дарааГ.Бээс уучлалт гуйсан” гэх гомдол үндэслэлтэй байна.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий акт нь дээрх байдлаар хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн “... хуульд заасан журмын дагуу гаргасан үйлдлээ эрх бүхий этгээдээр шалгуулах, шалгалтын ажиллагаанд зохих эрхээ эдлэх, мөн шалгаж тогтоогдсон зөрчлийн шинж байдалдаа тохирсон хариуцлага хүлээх” хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу холбогдох шимтгэлийг суутган, олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албан  хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.3.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Оийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, үлдсэн хэмжээгээр Ц.От олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                      З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                      С.МӨНХЖАРГАЛ