Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 47

 

“Баянмараат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01283/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-д холбогдох

          “63.752.030 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдоос:

2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Сүлд ивээл констракшн” ХХК-тай байгуулж хамтран ажиллахаар болсон. 2014 оны 05 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж 2 орцтой 5 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед байгууллага хоорондын тооцоо нийлээгүй бөгөөд “Сүлд ивээл констракшн” ХХК-аас санал болгосны дагуу манай компаний барьж байсан барилгаас 2015 оны 01 дүгээр сард 3 өрөө 59.41 м.кв орон сууцыг барилгын ажлын хөлсөнд тооцож өгч авахаар тохиролцсон. Уг 3 өрөө орон сууц нь нийт 74.262.500 төгрөгний үнэтэй бөгөөд үүнээс бид толгой компани болох “Минж проперти” ХХК-ийн ажлын хөлснөөс 18.100.030 төгрөг, охин компани болох “Сүлд ивээл констракшн” ХХК-ийн ажлын хөлснөөс 35.000.000 төгрөг нийт 53.100.030 төгрөг төлсөн бөгөөд 21.162.470 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас ажлын хөлснөөс хасагдсан 10.652.000 төгрөгийг хасахаар нийт 10.510.470 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-аас нийт 63.752.030 төгрөгийг гаргуулж эсвэл байрны үлдэгдэл төлбөрийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс:

Манай компаниас иргэн н.Пүрэвдорж нь 4 давхар 59.41 м.кв талбай бүхий 3 өрөө байрны төлбөрийг дараа төлөхөөр тохиролцож авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна. Бид гэрээтэй холбоотой төлбөрийг төлж дууссан. Бетон цутгах болгондоо графикийн дагуу мөнгөө төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-аас 63.752.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.711 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 476.711 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд нийцүүлж бодит байдлаар үнэлээгүй. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны дансаар 1.800.000 төгрөг орж ирсэн хуулга байгаа гэж хэлсэн боловч уг мөнгийг хасч тооцоогүй. Хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримт нь шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байна уу гэсний дагуу хуульд заасан үндэслэлээр шүүх хуралд хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 5 гэрчүүдийг оролцуулах саналыг гаргасан боловч шүүх энэ хүсэлт ач холбогдолгүй гэсэн тайлбар гаргаж хүсэлтийг хангахгүйгээр орхиж, хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Баянмараат” ХХК хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-нд холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 45.652.000 төгрөг, “Минж проперти” ХХК-иас өгөх ажлын хөлсийг “Сүлд ивээл констракшн” ХХК-ийн байрны төлбөрт шилжүүлсэн 18.100.030 төгрөг нийт 63.752.030 төгрөг гаргуулах, эсхүл байрны үлдэгдэл төлбөрийг төлмөгц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 63.752.030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч “Сүлд ивээл консракшн” ХХК төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон хэргийн үйл баримтад үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

Талууд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан захиалсан барилгыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм дүрмийн хүрээнд технологийн дагуу чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулах ажлыг тодорхой хугацаа, графикийн дагуу хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

Гүйцэтгэгч “Баянмараат” ХХК гэрээгээр тохиролцсон ажлыг заасан хугацаанд гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч “Сүлд ивээл констракшн” ХХК хууль болон гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ажлын нийт үнэ 160.452.000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын нийт үнээс 114.800.000 төгрөг төлж, үлдэгдэл 45.652.000 төгрөг төлөөгүй нь хэрэгт авагдсан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар төлбөрийн үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй байна.

2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 16.500.000 төгрөг нэхэмжлэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэж хариуцагч талын гэрч Х.Эрхэмбаяр мэдүүлдэг боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Пүрэвдорж бэлэн мөнгө авч байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж маргаж байгааг нотлох бичгийн өөр баримт хэрэгт авагдаагүй.

Хэргийн зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй, 2015 оны 01 дүгээр сард “Сүлд ивээл констракшн” ХХК-ний 74.262.500 төгрөгийн үнэтэй 3 өрөө орон сууцыг үлдэгдэл төлбөртөө суутгаж авахаар харилцан тохиролцож, “Сүлд ивээл констракшн” ХХК-иас авах ёстой байсан 45.652.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг урьдчилгаанд суутгуулж, “Минж проперти” ХХК-ний ажлын хөлснөөс “Сүлд ивээл констракшн” ХХК-руу шилжүүлсэн 18.100.030 төгрөгийг байрны төлбөрт тооцож, үлдэгдэл 21.162.470 төгрөгөөс ажлын хөлснөөс хасагдсан 10.652.000 төгрөгийг хасч, 10.510.470 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж нэхэмжлэгч тал  тайлбарладаг, хариуцагч тал нэхэмжлэгчээс байрны төлбөрт өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэж маргадаг бөгөөд энэхүү байр авсан, өгсөн, төлбөр тооцоог хэн, хэзээ, хэрхэн хийх талаар тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй, талууд энэ талаар хуульд заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй болно.

Хэргийн 125, 126 дугаар талд авагдсан харилцагчийн гүйлгээний баримтууд, 57-59 дүгээр талд авагдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс үзвэл “Минж проперти” ХХК-иас “Баян мараат” ХХК-нд өгөх ёстой байсан 18.100.030 төгрөгийг “Сүлд ивээл констракшн” ХХК-руу шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1- д зааснаар хариуцагчаас 18.100.030 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг хүлээн аваад хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнээд хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл бүхий байна гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд нийцүүлж бодит байдлаар үнэлээгүй, Худалдаа хөгжлийн банкны дансаар орсон 1.800.000 төгрөгийн баримт байсаар байхад хасч тооцоогүй гэж давж заалдсан гомдолдоо тайлбарладаг ба хэргийн 16, 18, 19, 23, 24, 74 дүгээр талд авагдсан банкны дансны хуулгуудаас үзвэл шилжүүлсэн мөнгөний нийт дүн 114.800.000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан гэж тайлбарладаг мөнгөний дүнтэй тохирч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1.800.000 төгрөгийг нийт төлөх төлбөрөөс хасч тооцогдох ёстой гэдгээ баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.711 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЦЭЦЭГ                   

                                                                                                                      Л.АМАРСАНАА