Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 144

 

О.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 1715000080009 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичсэн 5/05 дугаар эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт О-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.А-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.А-оос 32,528,090 төгрөг гаргуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичсэн 5/05 дугаар эсэргүүцэлд “Шүүгдэгч О.А нь 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй газрыг ухаж, ашиглалт, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Б, Б.М, Х.Б, Ц.У, С.Э, Ц.А, Г.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А нь “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэж өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгтэй нийцэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт сэлт гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих зүйлс/ шинжилгээ хийсэн он, сар, өдөр...шинжээчид өгсөн хариулт/-ийг бүрэн тусгаагүй дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, олборлолт явуулснаас байгаль орчин, экологид учирсан хохирлыг гагцхүү үнэлгээ гаргах эрх авсан мэргэжлийн байгууллага болох “Грийн Вишн" ХХК нь үнэлгээг гаргасан байх бөгөөд хөрс, ус, ургамлын, амьтны гэх мэт тухайн байгалийг нөхөн сэргээж хэвийн байдалд нь оруулахад зарцуулах хохирлыг тусгай мэдлэгийнхээ хүрээнд аргачлалын дагуу нарийвчлан тогтоож гаргасан дүгнэлт үнэн зөв гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уул уурхайн маркшейдер С.Цолмонбаатар хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан газарт хэмжилт зураглал хийж, улмаар байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг шинжээч Б.Замбага, Д.Бадрал нарын хамт гаргасан болох нь хавтаст авагдсан болно. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг "Тосонгийн тохой" гэх газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасанчлан энгийн хамгаалалтын бүсэд хамаарах эсэхийг тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь энгийн хамгаалалтын бүсэд хамаарах эсэхийг тогтоосноор хэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирлын хэр хэмжээнд нөлөөлөхгүй юм. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаар л дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангадаг. Харин Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж хуульчилсан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.6 дахь заалтын “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно” гэсний 2.6.1-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд тогтоох”-оор заасан тул энгийн хамгаалалтын бүсэд орж байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Газрын онцлог нь Бүрэгхангай сумын нутгаар дайран өнгөрч байгаа Туул голоос ертөнцийн зүгт 100 метр орчим газрыг ухсан харагдаж байлаа. Мөн ухагдсан газрын урд талаар Туул голоос салаалсан салаа урсаж байлаа” гэж тэмдэглэгдсэн төдийгүй, шүүгдэгч О.А нь Туул голын хажууд ашигт малтмалын эрэл, хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан гэдгийг хохирогч, гэрчүүдийн болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдсон.

Давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч О.А нь техникийн нөхөн сэргээлт явуулсан гэх бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардлыг тогтоолгох, газрын хэвлийд учруулах хохирол хэмээн тогтоогдсон 19,202,148 төгрөг нь биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзнэ..” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, тэгшлэх, шимт хөрсөөр хучих зэргээр биологийн нөхөн сэргээлтэд бэлтгэх ажлын үе шатыг техникийн нөхөн сэргээлт гэж ойлгохоор тодорхойлсон байх тул биологийн нөхөн сэргээлт гэж үзэж дүгнэх боломжгүй юм.

 Түүнчлэн Булган аймгийн прокурорын газраас О.А-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлолт явуулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд О.А- нь ашигт малтмал ашигласан эсэх, олборлолт явуулсан эсэх зэргийг Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн үйлдэл бүрээр нь нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. О.А нь тусгай зөвшөөрөлгүй Туул голын эргээс 100 метр орчим газарт эрүүл газрыг ухаж эрэл, хайгуул хийж, улмаар техник хэрэгсэл, усан буу хэрэглэж ашиглалт, олборлолт явуулсныг бүрэн тогтоосон. “..Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь хавтаст хэрэг/хх-ийн 19-р хуудас/-т авагдсан гэрэл зураг нь хэргийн газрын зураг биш гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд уг зураг нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, хохирлыг тооцон гаргахад нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна ” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч О.А-ын хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан нь хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан зургуудад маш тодорхой төдийгүй шинжээч С.Цолмонбаатар нь газрын зураглал, хэмжилт хийсэн тайланд хавсаргагдсан зургуудтай мөн тохирч байна. Мөрдөн байцаалтыг дуусгаж хэргийн материалыг танилцуулахад дээрх асуудлаар прокурорт гомдол гаргаагүй, анхан шатны шүүхэд хэрэг шилжүүлсэн байхад өмгөөлөгч авч хэрэгтэйгээ танилцсан, анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд дээрх зургийн талаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, хүсэлт, гомдол гаргаагүй байхад шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр өөрийн гэмт буруугаа нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэсэн дүгнэлт хийсэн үндэслэлгүй юм.Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэж дүгнэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “тогтоох” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан "анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэсэн зүйл заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх өөрийн болон оролцогчдын хүсэлтээр урьдчилан хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлтэд О-ын А-ыг хохирол учруулсан гэж дүгнээгүй, О-ын А гэсэн дүгнэлт гарсан. О-ын А-ыг О-ын А-ын гэм буруутай үйлдэлд ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Уг шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн ч шинжээч томилохоос эхлээд алдаатай процесс ажиллагаа явагдсан. Шинжээч дүгнэлт гаргахдаа “маркшейдерийн зураглал”-ыг ашигласан. Гэтэл шинжээч уг зураглалыг 2017 оны 08 сарын 02-ны өдөр гаргасан байхад дүгнэлт зураглалаас өмнө гарсан байсан. Уг шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Булган аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ О.А гэдэг хүнийг яллаагүй, уг яллах дүгнэлтэд түүний нэр байгаагүй. Давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг шинжлэн судлах үед тухайн үед хэрэгт байсан яллах дүгнэлт байгаагүй. О.А нь гардаж авсан яллах дүгнэлтээ давж заалдах шатны шүүхэд өгсөн. Хяналтын прокурор Сувдаа нь би яллах дүгнэлтийг сүүлд сольсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Давж заалдах шатны шүүхэд дээрх нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, хохирогчоос нөхөн сэргээлтийн талаар асууж байгаад хэргийг буцаасан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцсэн атлаа шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж болох нотлох баримтыг судлаагүй байж яллах талын нотлох баримтыг нөхөн бүрдүүлэхгүйгээр буцаасан нь хууль зөрчиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэргийн материал болон прокурорын эсэргүүцэлтэй танилцаад давж заалдах шатны шүүхийн магадлал хууль нийцсэн байна гэж үзсэн. Хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаагүй, учирсан хор уршгийн хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Хэргийг ашигт малтмал хууль бусаар олборлосон гэж зүйлчилсэн атлаа ямар ашигт малтмал олборлож байсан талаар тогтоогоогүй. Ашигласан тоног төхөөрөмжөөс нь харахад алт олборлож байсан байх магадлалтай. Экскаватор 2 ширхэг, ковш 2 ширхэг, “Норт” бенз, “Хова” ачааны машин, буу гурвыг ашиглаж байсан. Орон нутгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас ашигт малтмал олборлохыг тухайн үед зогсоох үйл ажиллагаа хийгээд  байхад зөрж 6 сарын сүүлээр болон 7 сарын эхээр 2 удаа олборлолт хийж, байгаль орчинд 32,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Экологи-эдийн засгийн үнэлгээнд хууль бусаар олборлосон ашигт малтмалын хэмжээг тооцож, хууль зөрчигчөөс нөхөн төлүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг нэмэлт ажиллагаагаар тодорхойлох шаардлагатай гэж тооцсон. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмжийг түрээсэлсэн гэж байгаа боловч түрээсэлж байсан нь тогтоогдоогүй. Хууль бусаар олборлосон ашигт малтмалаа хэнд өгсөн нь тогтоогдоогүй. Үнэлгээний талаар өмгөөлөгчийн ярьж байгаагаар учир дутагдалтай, хууль хэрэглээний талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар байсан бол хохирогч нь өөрчлөгдөх ёстой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичсэн 5/05 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ. 

Хэрэгт авагдсан “Грийт Вишн” ХХК-ийн дүгнэлт бүрэн биш хийгдсэн, шүүгдэгч О.А-ын хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой”  гэх газар ямар хамгаалалтын бүсэд хамаарах, мөн биологийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг хэмжээг тогтоох, газрын хэвлийд учруулах хохирол гэж тогтоогдсон 19,202,148 төгрөг биологийн нөхөн сэргээлтийн зардал мөн эсэхийг тодруулах болон шүүгдэгчийн ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйлдэл бүрээр нь нарийвчлан тогтоох шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулахаар хуульчилсан байтал шүүгдэгч О.А-ын хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулахдаа ашигласан техник хэрэгслийг эсхүл түүний үнийг хураан авах эсэх асуудалд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч О.А-ын үйлдсэн ямар хэрэгт оногдуулах хорих ялыг тэнсэж буйг тодорхой бичээгүй нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ” гэсэн хуулийг шаардлагыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  Булган аймгийн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичсэн 5/05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН