Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0645

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Цогтбаярын *******г Ховд аймгийн Үенч сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3538818 /гурван сая таван зуун гучин найман мянга найман зуун арван найм/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгуулж, 3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацаанд олгогдох олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар суутган тооцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд даатгуулагчийн хувьд нэхэмжлэгч болон ажил олгогчоос төлсөн шимтгэлийн хэмжээг бүртгэж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.   

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж, татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг сахилгын ноцтой зөрчил гаргасан этгээдэд олгох тухай шударга бус шийдвэрийг гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Ц.*******гийн Төрийн албаны тухай хуулийн 13 зүйлийн 13.1.5, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.1, 5.1.4, 5.2.1, “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм”-ийн 2.5.1 заалтуудыг зөрчин нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэн Бөхчулууны Балхүүд: 1. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй хуурамч тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагчийн тэмдгийг ашиглан хууль бусаар нээж өгсөн. 2. Б.Балхүү нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нь үнэн болно. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй гэсэн хуурамч тодорхойлолт зэргийг бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан сахилгын зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрчээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.*******д дээрх сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон сахилгын зөрчилд буруу үнэлэлт хийсэн.

Сахилгын зөрчил нь үүсэх, үргэлжлэх, дуусгавар болох гэсэн шат дараалалтай  үйл баримт байдаг. Сахилгын зөрчил үргэлжилсэн шинжтэй бол дуусгавар болж, таслан зогсоогдсон цаг хугацааг нарийвчлан тогтоох нь сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. 

Нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй байсан бөгөөд энэхүү зөрчил нь таслан зогсоогдож, дуусгавар болсон хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдээр тайлбарлагдана.

Тодруулбал Хаан банкны Ховд салбарын тооцооны төв хариуцсан ажилтан Д.Бадамсэд нь 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирж, хариуцагч Г.Нямдэмбэрэл надтай уулзаж, зээл төлөгдөхгүй байна, Б.Балхүү нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг эсэх талаар лавласан.

Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг иргэдийн мэдээллийн сангаас шүүлт хийхэд Б.Балхүү нь тэтгэвэр авдаггүй болох нь тогтоогдож, энэ тухай хариуг тэр даруйд нь Д.Бадамсэдэд өгсөн.

Гэтэл Д.Бадамсэд нь Б.Балхүүгийн тахир дутуугийн тэтгэвэр, Үенч сумын нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт тэтгэврийн хувийн хэрэгт байгаа талаар хэлсэн тул Хаан банкнаас Б.Балхүүгийн тахир дутуугийн тэтгэвэр барьцаалсан зээлийн хувийн хэргийн материалыг хуулбарлуулан авч танилцсан.

Ингэхэд Үенч сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.******* нь тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд тэтгэврийн дэвтэр, тодорхойлолт бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан зөрчил нь дуусгавар болж, таслан зогсоогдсон болно.

Хаан банкнаас ирүүлсэн тахир дутуугийн тэтгэвэр барьцаалсан зээлийн хувийн хэргийн материалаас үзэхэд иргэн Б.Балхүүгийн нэхэмжлэгч Ц.*******гийн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчин олгосон тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийг барьцаалан зээл авах хүсэлтийг нь Хаан банкны Үенч сумын тооцооны төвийн ажилтан С.Батцэнгэл, эрхлэгч Д.Дашцэрэн нар хүлээн авч зээл олгох эсэх асуудлыг судалсан байдаг.

Зээл олгох асуудал судлагдах явцад Б.Балхүү нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг эсэх нь эргэлзээтэй байсан тул тухайн үед Үенч сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.*******гаас лавлахад “Б.Балхүү нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нь үнэн болно. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй” гэсэн хуурамч тодорхойлолт бичиж, өөрийн тэмдэг дарж Б.Балхүүд олгожээ.

Иргэн Б.Балхүү нь нэхэмжлэгч Ц.*******гийн  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчин олгосон тахир дутуугийн тэтгэвэр, тодорхойлолтыг үндэслэн 2015 оны 12 сарыг хүртэл тэтгэврийн зээл авсан байдаг.

Нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг иргэн Б.Балхүү ашиглаж, 2015 оны 12 дугаар сар хүртэл тэтгэврийн зээл авч ашигласаар байхад Үенч сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.******* нь таслан зогсоох арга хэмжээ аваагүй, Б.Балхүүг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэх, мэдээллийн санд оруулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, сахилгын зөрчлөө нуун дарагдуулсан байдаг.

Хаан банкны ажилтан Д.Бадамсэд лавлагаа авч, Хаан банкнаас зээлийн хувийн хэргийн материал ирүүлэхэд л Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  Үенч сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.*******гийн Нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан сахилгын зөрчлийг таслан зогсоосон.  

Үүнээс үзэхэд Үенч сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.*******гийн улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан сахилгын зөрчил нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон асуудал огтхон ч биш гэдэг нь нотлогдоно.

Ийм байхад анхан шатны шүүх төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон сахилгын зөрчил таслан зогсоогдож дуусгавар болсон цаг хугацааны талаар буруу дүгнэлт хийж, маргааны бүхий захиргааны актад зөв дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч Ц.*******гийн сахилгын зөрчил таслан зогсоогдож, дуусгавар болсон цаг хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байхад анхан шатны шүүх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж тогтоон, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ. 

Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох материал сумын нийгмийн даатгалын байцаагч, тэтвэрийн байцаагч, хяналт шалгалтын байцаагч, үйлчилгээний албаны дарга, хэлтсийн дарга гэсэн шат шатаар хянагдсны эцэст тэтгэвэр олгогддог хууль, журамтай. 

Гэтэл нэхэмжлэгч Ц.******* нь хууль бусаар бичиж олгосон тэтгэврийн дэвтэр, тодорхойлолт нь Хаан банкны зээлийн хувийн хэрэгт авагдаж, хувь хүний нууцад хамрагдсан зэргээр түүний нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан сахилгын зөрчлийг таслан зогсоогдох боломжгүй байжээ.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжид зааснаар банк нь харилцагчийн зээлийн мэдээлэл, зээлийн хувийг хэргийн материалын нууцлалыг чандлан хадгалах, мэдээлэл задруулах тохиолдолдолд харилцагчаас зөвшөөрөл авах зарчимд үндэслэдэг.

Иймдээ ч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс дотоод хяналт шалгалт явууллаа ч нэхэмжлэгч Ц.*******гийн сахилгын зөрчлийг тухайн үед нь илрүүлэх боломжгүй байсан. 

Тэтгэвэр авах эрх үүсээгүй, тэтгэвэр тогтоолгохоор иргэн нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй байхад нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэг ашиглан, тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг хууль бусаар бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулах боломж олгосон нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтын тухайд сахилгын ноцтой зөрчил гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч Ц.*******д ногдуулсан төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилдөө тохирсон байх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан зохицуулалтад нийцсэн болно.

... Сахилгын ноцтой зөрчил гаргачихаад дахин төрд ажиллая, тэр ч байтугай цалин хөлс авахыг шаардаж байгаа нь нэхэмжлэгчийн хэр ёс зүйтэй төрийн албан хаагч байсныг бэлхнээ харуулна.

Энэ мэт ёс зүйгүй төрийн албан хаагч этгээдэд сахилгын шийтгэл ногдуулж хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг тавих ёстой байхад түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, улмаар татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг олгох нь шударга ёс яав ч биш.

Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчмын асуудал гэж үзэж байгаа бөгөөд  сахилгын зөрчил гаргасан хаагчид зохих хариуцлагыг хүлээлгэж байх нь хариуцагчийн Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.

Нэхэмжлэгч Ц.*******гийн сахилгын зөрчилд холбогдох хариуцлагыг тооцохгүй орхигдуулах нь хуульд нийцээгүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй хууль бус үйлдэл болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2016/21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ц.*******гийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангаснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй Б.Балхүүд “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нь үнэн. Хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй ...” гэсэн хуурамч тодорхойлолтыг хийж, тэтгэврийн дэвтэр нээж өгчээ. Уг тодорхойлолтыг ашиглан Б.Балхүү нь 2015 оны 12 дугаар сарыг хүртэл тэтгэврийн зээл авсан, Ц.******* нь энэ байдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан байх бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг зөрчлийг мэдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Хаан банкны Ховд аймаг дахь салбарын тооцооны төв хариуцсан ажилтан н.Бадамсэдийн мэдүүлэг, бусад баримтаад тогтоогдож байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.*******гийн зөвхөн хуурамч тодорхойлолт, дэвтэр бичиж өгсөн өдрийг сахилгын зөрчил гаргасан өдөр гэж үзэж, зөрчил гаргаснаас хойш 1 жил 1 сар 26 хоног өнгөрсөн гэж дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Ц.*******гийн хуурамч дэвтэр, тодорхойлолт бичиж өгснөөс гадна хуурамч тодорхойлолт бичихдээ “... 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй” гэж бичсэн, өөрөөр хэлбэл Б.Балхүү өөрийнх нь хийж өгсөн хууль бус тодорхойлолтыг уг хугацаа хүртэл ашигласаар байгааг мэдсээр байж нуун дарагдуулсаар байсныг ч төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж үзэхээр байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь хуулийг сахин биелүүлэх, тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдсан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих нийтлэг үүргийг хүлээхээр заасан бөгөөд захиргааны албан хаагч нь төрийн алба эрхлэх бүхий л хугацаанд уг үүргийг биелүүлэх ёстой.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь Ц.*******гийн “нийгмийн даатгалын баримт бичгийг бусад этгээд хуурамчаар ашигласаар байгааг мэдсээр байж нуун дарагдуулсаар байсан” сахилгын ноцтой зөрчлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Ховд салбарын тооцооны төв хариуцсан ажилтан н.Бадамсэдээс мэдэж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албаны тухай хуулийн 26.4-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2 настай нялх хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн ...” гэх боловч нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасантай адил төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан “сахилгын ноцтой зөрчил” гаргасан байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ