Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 318

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Оюунболд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0426 дугаар магадлалтай, Н.Г-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн/ 41 дүгээр зүйлийн 41.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №Б/657 дугаар сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0426 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1. дэх хэсэгт “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн’’ гэх заалтыг зөрчин магадлал гаргасан гэж үзэж байна.

1. Магадлалын хянавал хэсэгт “Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд Н.Г-ын зөрчлийн шинж байдалд тохируулан хэрэглэсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж, хуулиар олгогдсон хариуцагчийн эрх хэмжээнд халдан өөрчлөх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна” гэж үзсэнд дараах хуульд нийцсэн үнэн зөв няцаалтыг хийж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 29-д “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”’ зарчимд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Н.Г-ын гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр, мөн эрх бүхий байгууллагын зүгээс холбогдох хэргийг нь гэмт хэрэг биш хэмээн үзэж шийдвэрлэсэн байхад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цолыг хураан авсан шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэснийг хууль ёсны үндэслэл бүхий буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэмээн үзэж байна.

2. Магадлалын хянавал хэсэгт “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай” 04 дүгээр тогтоолоор Н.Г-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан үүрэгтээ хайнга хандаж, хүнд хор уршиг учруулснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Амаржаргалын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгохдоо Н.Г-ыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзээгүй, харин албан тушаалдаа хайнга хандснаас “хүнд хор уршиг учраагүй” буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна.

2. Шүүхээс Н.Г-ыг онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах хэргийг гүйцэт шалган тогтоолгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзжээ.

Албан тушаалтан хууль дүрмээр оногдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт өөрийн албан тушаалын эрх мэдэл, чиг үүрэгт хамаарч байгаа хийх ёстой ажил, үйл ажиллагаа явуулаагүй байдал хамаарна.

Тэгвэл Н.Г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, энэ хуулийн 28.2.2-д “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргах” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлсэн байдаг. Тэрээр хуульд заасан журмын дагуу өөрийн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг зохих ёсоор гүйцэтгэснийг илэрхийлж байна.

Мөн Н.Г-ыг эрүүгийн 201625012573 дугаартай хэргийг шалгахдаа албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Мөрдөх байцаах газрын Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн тус гомдлыг шалгаж байсан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Амаржаргал нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтуулд хүргүүлсэн.

Улмаар прокурор хуулийн хүрээнд хянан албан үүрэгтээ хайнга хандсанаас “хүнд хор уршиг” учирсан болох нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 4 дүгээр тогтоол гаргасан бөгөөд энэхүү тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Албаны шалгалт явуулж, шалгалтын үр дүнгээр албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулан улмаар уг үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдсэн боловч эрх бүхий байгууллагын зүгээс гэмт хэрэг биш хэмээн үзэж Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал нь Н.Г нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзээд байгаа асуудлыг нь үгүйсгэж Н.Г нь албаны үүрэгт ажилдаа хайнга хандаагүй.. зөрчил гаргаагүй гэдгийг харуулж байна. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1. дэх хэсэгт “ ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэх заалтыг зөрчин магадлал гаргасан гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Цагдаагийн байгууллагад өөрийн амьдралын 20 жилийн цаг хугацааг зориулан хөдөлмөрлөчихөөд тэтгэвэрт гарахаас 2 жилийн өмнө ийм шалтгаанаас болж халагдаж байгаа нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх түүнийгээ үнэлүүлэх эрх ашгийг зөрчиж байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Н.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, “цагдаагийн хошууч” цолыг хураахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцжээ.  

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 13.1.11-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байхаар, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй буюу энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхаар тус тус зохицуулсан байна.    

Нэхэмжлэгч Н.Г нь чиг үүргийн дагуу эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хийх ёстой ажиллагааг дутуу хийж, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, албан тушаалдаа хайнга хандсан болох нь албаны шалгалтаар тогтоогдсон, энэ талаар шүүхүүд тодорхой дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр ажлаас халахаар заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж ажлаас халаагүй, харин уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Мөн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан авах шаардлагагүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас Н.Г-д ногдуулсан сахилгын шийтгэл нь мөн зүйлийн 26.1-д заасан “зөрчлийн шинж байдалд тохирсон байх” шаардлагыг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол хүчинтэй..., ...сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0426 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ