Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/975

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн (томилолтоор),

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ******** 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0679 тоот хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ****** оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо,********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********.**********.*********

2. Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул, уурхайн эксковаторын операторчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо, ****** хотхоны ******* байрны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *************,***********,********

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00000 0679 дугаартай хэргээс:

 

Улсын яллагчаас хохирогч ******,******** нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 12-13 дахь тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3885 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3857 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 40-41, 47-48 дахь тал), иргэн *** гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шүүгдэгч *****, ****** нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58, 68 дахь тал)

шүүгдэгч ***** өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал), *****” ХХК-д ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал),

шүүгдэгч ****** өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), бусад хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 97-101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *****,******** нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч **** нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын **** тоотод хохирогч **** эхнэрээ элдвээр хэлж доромжиллоо гэж уурлан маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиход ***** нь Х***** толгой, цээж хэсэгт нь өшиглөх, баруун мөр хэсэгт нь өшиглөх, дэвсэх зэргээр зодсоны улмаас ******* эрүүл мэндэд баруун атгаал ясны хүзүү хэсгийн хугарал, зулайн хуйх, зүүн дээд зовхи, хүзүүнд зулгаралт, зулайн хуйх, зүүн зовхи, хамрын үзүүр, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, ****** эрүүл мэндэд хоёр ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт нь хохирогч ***** “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ...нэлээд тоглоод ууж байгаад би хадам аав, баз ах ***** нарын хамт хадам аавын гэрт ороод дахиж нэг шил виски задлаад талдаа орж байтал манай эхнэр **** орж ирээд “гэртээ харья” гэхээр нь би хүмүүстэй тухтай суулгасангүй гээд уурлаад эхнэрээ “пизда, гичий” гээд хараасан чинь эхнэр уурлаад гараад явсан. ...намайг эхнэрээ муухай үгээр хараагаад хөөгөөд гаргасны дараа баз ах **** “чи муу гөлөг минь, ямар том болсон баас вэ” гээд ирээд миний нүүр баруун нүд болон хамар руу гараараа 2-3 удаа үргэлжлүүлээд цохихоор нь би юм хэлээгүй нүүрээ дараад доошоо хараад сууж байсан чинь ***** ах босож ирээд миний толгой руу алгадахаар нь би уурлаж босоод ****** ахтай барилцаад зууралдаж байгаад бид хоёр аавын гэрт байдаг модон орон дээр давхралдаад унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

хохирогч ***** “...2023 оны 03 дугаар сарын 16-ны орой ...***** хадам аав бид гурав хадам аавын гэрт орж уугаад сууж байтал ********* эхнэр орж ирээд “одоо харъя архи чинь хэтэрлээ” гэж хэлтэл “би явахгүй, чи хүнийг тайван юм идүүлж уулгахгүй, гичий янхан” гэх мэтээр хараагаад байхаар нь би “чи яагаад байгаа юм, яагаад эхнэрээ ингэж дуудаад байгаа юм” гэж хэлээд бид хоёр маргалдаж байтал **** намайг “гуйлгачин, халаасандаа мөнгөгүй” гэх мэтээр хэлээд байхаар нь би аягатай ус байсныг нүүр лүү нь цацтал “намайг ална, чамайг алчихсан байхад яадаг юм” гээд босоод ирэхээр нь би мөр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж суулгаад “эхнэр хүүхдэдээ яаж харьцаад байгаа юм” гэж хэлээд сууж байтал эхнэр нь дахиад орж ирээд гутлыг нь өмсүүлж байтал ********* эхнэрээ хөөгөөд “янхан, гичий” гэж дуудаж байгаад хоймрын орон дээр хэвтэж байгаад босоод гарч явснаа удалгүй буцаж орж ирээд дахиад л надтай маргалдаад байсан. ...Тэр үед ******над руу хүрч ирээд миний толгой руу хоёроос гурван удаа өшиглөөд байхаар нь би хөлөөс нь таттал ***** дахиад миний баруун мөр хэсэг дээр нэг удаа хоёр хөлөөрөө зэрэг дэвсэхэд миний мөр дугараад өвдөөд явчихсан. ...Тэгээд би цагдаа болон дүү нараа дуудчихаад хашааны гадаа сууж байтал ****** дахиад гарч ирээд миний цээж рүү хоёр гурван удаа өшиглөхөд **** болон ******* эхнэр гарч ирээд аваад орсон. Тэгээд цагдаа болон манай хуурай дүү нар ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний гар хугарсан байна гэсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

гэрч ****** “...аавын гэрт ороход ******ах нэлээн согтчихсон сууж байсан бөгөөд тэр үед гаднаас манай эгч ****** орж ирээд “хүүхдүүдээ аваад харья” гэтэл **** ах согтчихоод явахгүй гээд байсан бөгөөд “би явахгүй зайл гичий минь” гээд орилсон чинь хүргэн ах ****** босож ирээд *** руу пивоны лааз шидээд, ус цацаад байсан бөгөөд удалгүй тэр хоёр энэ асуудлаас болоод маргалдаж байснаа **** ах ******хамар болон нүүр рүү нь 2-3 удаа ...цохисон чинь ***** ах дуугүй сууж байснаа уурлаж босож ирээд барилцаад авахаар нь би дундуур нь ороод салгах гээд ноцолдож байтал тэр хоёр орон дээр тэврэлдээд унахаар нь би татсан чинь газар унасан. Тэр үед **** ах түрүүлж босож ирээд **** ахын толгой орчимд 1-2 удаа өшиглөж харагдсан бас үргэлжлүүлээд баруун шуу гар хавьд нь 1 удаа өшиглөхөөр нь би очоод салгасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3885 дугаартай “...******* биед хоёр ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3857 дугаартай “...******* биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн хугарал, зулайн хуйх, зүүн дээд зовхи, хүзүүнд зулгаралт, зулайн хуйх, зүүн зовхи, хамрын үзүүр, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), шүүгдэгч ****,****** нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58, 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь матриаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч *****,******* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохирол нь харилцан бие биенийхээ нүүрэн тус газар нь гараараа цохих, толгой, цээж, мөр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, дэвссэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа биед нь халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч *****,***** нарын дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч **** нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 548,291 төгрөг нэхэмжилж баримтыг хэрэгт хавсарган шүүхэд шилжүүлсэн (хавтаст хэргийн 22, 32-37 дахь тал) боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь “эвлэрсэн тул бие биедээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч ********** 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч ******** өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан ялын саналыг хөнгөрүүлэх, шүүгдэгч ***** өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж санал, дүгнэлтээ гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй байна.

 

Харин харилцан бие биедээ учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан торгох ялын хэмжээг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***********,********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

шүүгдэгч *******,*******,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, ******** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*********** нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *********,********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРАНЖАРГАЛ