Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/987

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч П.Эрдэнэбат (томилолтоор),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2308 00996 0651 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эгч, хүү, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг .....................оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********,**********,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр ахтайгаа таньдаг ахындаа очоод ах надаас авсан гар утсаа алга болгосноос болж маргалдсан. Намайг элдвээр хэлсэн учраас бухимдаад гэмтэл учруулсан. Гэм буруу, зүйлчлэлд маргах зүйлгүй...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “...Тэр өдөр би гадуур явж байсан. Гэнэт цагдаагаас дуудаад ийм зүйл болсон гэж хэлсэн. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2308 00996 0651дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал), аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2904 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 81-85 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шуурхай удирлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-15, 16-24 дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-30, 31-33 дахь тал) баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “нэмэлтээр шинжлэн судлуулах баримтгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ***** нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Залуус хорооллын *** байрны ******* тоотод иргэн ****** гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ******* маргалдаж, зүүн гуянд нь хутгалж, зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь гэрч **** “...Тэр хоёр манайд намайг хиам талх зүсээд зогсож байхад гэнэт хэрэлдэж эхэлсэн бөгөөд *****г нь ах *******зууралцаж байсан бөгөөд намайг жорлонд бие засах гэж ороод гараад ирсэн чинь ******ахынхаа дээр гараад суучихсан баруун гартаа хутга барьчихсан ********* зүүн талын гуяны гадна талаас цус гарсан байсан. Би жорлонгоос гарч ирээд *****хараад салгах гэсэн боловч дийлээгүй тэгээд хаалгаа онгойлгож байгаад тусламж дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

гэрч ****** “...хүний бие муудаад байна буян болооч гэхэд хаалга онгорхой байхад харахад цонхны хажууд эрэгтэй хүн бэлхүүснээс доош хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан, тэгээд би цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...намайг эмнэлгийн байгууллагад хандахад тэр эрэгтэй босч ирээд суугаад ёолж байсан...хажууд нь зогсож байсан эмэгтэй хүн тонгойсон байдалтай гар нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2023 оны 02 дугаар сарын 23-ны орой ...19 цагийн үед миний утас руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ярьж байна, та ****,****,********,********** нарыг таних уу, ...хутганы хэрэг гарсан байна та ирж энэ хоёр хүнийг авах хэрэгтэй байна...” гэж хэлсэн. ...Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд манай эрэгтэй дүү талийгаач *****хаалганы баруун талд сандал дээр тонгойгоод сууж байсан мөн тухайн үед эмэгтэй дүү ******* над руу хүний утсаар залгаад “эгчээ намайг Баянгол дүүрэг рүү эрүүлжүүлэхээр авч явж байна” гэж ярьсан. ...мөрдөгчийн өрөөнд сууж байсан хүн гарахаар нь дүү хүү бид гурав хамт орж уулзсан ба тэр мөрдөгч нь манай дүүгээс овог, нэр, регистрийн дугаар асуугаад, нэг бичиг хийж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг байгаа доор жижүүр дээр батлуулаарай гэж хэлсэн. Тэр үед манай эмэгтэй дүү ******* хүлээлгийн өрөөнд ирсэн байсан ба цагдаагийн жижүүрээс намайг үлдээрэй, манай дүүг шүүх эмнэлэгт очоод үзүүлээрэй гэхээр нь би эмэгтэй дүүтэйгээ хамт цагдаа дээр үлдээд манай хүү **** нь талийгаач ********аваад шүүх эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2904 дугаартай “...****** биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай “...******* биед зүүн гуянд зүсэгдсэн шинэ шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь шинэ, нас барахын өмнө үүсэн үхэлд хүргээгүй байна. Дээрх гуяны шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Талийгаач нь ходоод, улаан хоолойн амсар хэсгийн салстын язрал үүсч хоол боловсруулах замаас цус алдаж нас барсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 81-85 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шуурхай удирлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 70-73 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-15, 16-24 дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-30, 31-33 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-36 дахь тал), яллагдагч ********** сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Амь хохирогч ***** эрүүл мэндэд нас барахаас өмнө учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* зүүн гуя хэсэгт нь хутгаар хатгасан идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч ********** нь төрсөн ах ******** хамт амьдардаг бөгөөд удаа дараа маргалдаж, хэл амаар доромжлох зэргээр таарамжгүй харилцаатай байсан талаар мэдүүлэг хэрэгт авагдсан, мөн аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэлд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “өндөр” гарсан байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***** “...1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялыг багасгах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ******** анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хайрлах, халамжлах үүрэг нь өргөн утгаараа хуулиар хязгаарлагдахгүй, ямар нэгэн хууль, дүрэм журамд үндэслэж үүсдэггүй, илүү ёс суртахуун, жам ёсны шинжтэй бөгөөд шүүгдэгч ******** төрсөн ахынхаа биед хутга хэрэглэн халдаж байгаа үйлдлийн арга нь түүний нийгэмд аюултай зан төлвийн илрэл гэж дүгнэв.

 

Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********,*************,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ