| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/04217/И |
| Дугаар | 471 |
| Огноо | 2020-02-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 471
2020 оны 02 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2020/00471 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,
Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэрдамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүслэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Солонго, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би цахим хуудсанд тавигдсан зарын дагуу БЗД, 14 хороо, 14 хороолол, Нарны зам, 55 дугаар барилга “Смарт” авто сэлбэгийн худалдааны төвийн 5 давхарт 2 тоот павильонд Олон үндэстний хоол хийх үйлчилгээ явуулах зорилгоор “Д” ХХК-ийн захирал Б.Нарансүрэнтэй 2019.06.27-ны өдөр “Ажлын байр түрээслэх” 17 тоот гэрээг байгуулсан. “Д” ХХК нь гэрээний 1.1-д заасны дагуу павильоныг түрээслүүлэх, 1.4-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөрийг 2,5 сая төгрөгөөр, 3.4-т түрээслэгч нь түрээсийн барьцаа болох 5,0 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгөх үүрэгтэй ба гэрээ дуусгавар болоход түрээсийн байр, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид ямар 1 эвдрэл гэмтэл, хохирол учраагүй, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд буцаан авна гэж харилцан тохиролцсон. Түрээслэгч барьцаа 5,0 сая төгрөгийг гэрээ байгуулахаас 10 хоногийн өмнө Б.Нарансүрэнгийн Хаан банк дахь 5135039442 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн, талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болжээ. Гүйцэтгэх захирал Б.Нарансүрэн нь “Ажлын байр түрээслэх” гэрээг 2019.06.17-ны өдөр байгуулсан мөртлөө засвар хийж байгаа шалтгаанаар павильоныг хүлээлгэж өгөөгүй, олон үндэстний хоол хийх үйлчилгээ явуулах боломж олгоогүй олон хоног сар хүлээлгэж эрх ашгийг зөрчиж хохироосон, гэрээний 2.5-д заасан гэрээнийхээ үүргийг огт биелүүлээгүй гэм буруутай тул Иргэний хуулийн 318.5, 294.2.1-д заасны дагуу гэрээг дуусгавар болгох үндэслэл болж байна. Гэрээний 3.4 дэх заалт нь эд хөрөнгө барьцаалсан Иргэний хуулийн 156-д заасан барьцааны гэрээний заалт орсон нь түрээсийн гэрээний үндсэн зорилгыг зөрчиж хийсэн. Гэрээний баруун дээд өнцөгт батлав “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нарансүрэн гэсэн болон тус гэрээний эцэст түрээслүүлэгч дээр дарсан тамга “ЖИДБ ХХК” байгаа нь ойлгомжгүй, өөр компанийн тамга дарж баталгаажуулсан тул гэрээ хууль бус байна. Гэрээний 3.14-т “Түрээслүүлэгчийн буруугүй шалтгаанаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, цуцлахыг хориглох бөгөөд энэ тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх торгууль төлнө” гэж заасан нь түрээслэгчийн эрхийг хязгаарласан, хориглосон төдийгүй 2,5 сая төгрөгийг ямар хуулийн заалтыг үндэслэн түрээслүүлэгчээр төлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй. “Д” ХХК хоолны үйл ажиллагаа хийх эрхгүй, түрээсийн гэрээг бүртгүүлээгүй, барилгын өмчлөгч бүртгэгдээгүй байна. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Смарт авто зах засан сайжруулалт хийж байсан нь үнэн. Гэхдээ Смарт авто зах 6 сарын дундуур үйл ажиллагаагаа эхэлж, түрээслэгч нар маань үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш Б рүү Смарт авто захын нарийн бичиг хэд хэдэн удаа залгаж үйл ажиллагаагаа эхлэх боломжтойг хэлсэн. Олон үндэстний зоог нь тус тусдаа онгорхой задгай павильонууд байгаа тул түрээслэгч өөрөө ямар 1 байдлаар хаалт хийж түгжих байсан учраас манайхаас түлхүүр гардуулах зүйл байхгүй. Нэхэмжлэгчид ямар 1 байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд саад учруулаагүй, гэрээ байгуулсан өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхийг сануулж байсан, 6 сарын дундуур манай үйл ажиллагаа жигдэрсэн. Торгуулийн хувьд хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Манайх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2019.06.27-ны өдөр Ажлын байр түрээслэх 17 тоот гэрээ байгуулагдсан гэдэг дээр маргахгүй, энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээний дагуу харилцан тохиролцон 5,0 сая төгрөгийг барьцаанд шилжүүлснээр гэрээ хэрэгжиж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш түрээслэгч өөрөө ороод ажиллах боломжтой байсан, ямар 1 байдлаар лацдаж, цоожлоогүй, задгай павильонууд байдаг. Түрээслэгчийн утсаар хэлсэн татгалзал бол доод лангуунууд үйлчлүүлэгчидтэй болохоор эхлүүлнэ гэсэн тайлбар байсан. Иргэний хуулийн 318.3-т заасан түрээсийн гэрээг бүртгүүлээгүй нь үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй, хэсгийг нь түрээсэлсэн тул хүчин төгөлдөр бус болох зохицуулалтаар нэхэмжлилсэн нь үндэслэлгүй. Барьцаа гэдэг нь үүргийн гүйцэтгэл хангаагүй тохиололд түрээслүүлэгч өөрийгөө эрсдлээс хамгаалах заалт учраас оруулсан. Гэрээ дуусгавар болоход түрээсийн байр, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид ямар 1 эвдрэл гэмтэл, хохирол учраагүй, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд буцаан авна гэж заасан, мөн гэрээний 3.14-т түрээслэгчийн буруугүй шалтгаанаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, цуцлахыг хориглоно гэсэн. Түрээслэгч ямар шалтгаанаар ажлын байранд үйл ажиллагаа явуулаагүй нь түрээслүүлэгчээс хамаарахгүй, ажлын байрандаа ороогүйд түрээслүүлэгчийн буруу байхгүй. Доор лангуу түрээслэгч нар бага, одоо үйл ажиллагаа явуулбал ашиг орлого бага гээд ороогүйг үгүйсгэхгүй, өөрсдөө ирж үйл ажиллагаагаа явуулаагүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.Б нь “Д” ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ засвар хийж байгаа шалтгаанаар павильоныг хүлээлгэж өгөөгүй, үйлчилгээ явуулах боломж олгоогүй, барьцааны гэрээний заалт орсон нь түрээсийн гэрээний зорилгыг зөрчсөн, өөр компанийн тамга дарсан, түрээслүүлэгч тал давуу эрхтэйгээр байгуулсан, түрээсийн гэрээг хуульд зааснаар бүртгүүлээгүй, түрээсийн байрны өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэлгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь тус тусдаа онгорхой задгай павильонууд байгаа тул түрээслэгч өөрөө ямар 1 байдлаар хаалт хийж түгжих байсан учраас манайхаас түлхүүр гардуулахгүй, түрээслүүлэгчээс хамаарахгүй, нэхэмжлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэхэд саад учруулаагүй, 5,0 сая төгрөгийг барьцаанд шилжүүлснээр гэрээ хэрэгжсэн, үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус хэсгийг нь түрээсэлсэн тул гэрээг бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр, барьцааны нь түрээслүүлэгч өөрийгөө эрсдлээс хамгаалах заалт учраас оруулсан гэж маргав.
“Д” ХХК нь Н.Бтэй 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Ажлын байр түрээслэх” 17 тоот гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, түрээслүүлэгч нь павильоныг түрээслүүлэх, түрээслэгч 1 сард 2,500,000 төгрөг түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцжээ.
Хэрэгт БЗД, 14 хороо, 14 хороолол, Нарны зам, 55 дугаар барилга “Смарт” авто сэлбэгийн худалдааны төвийн 5 давхар барилгын өмчлөгч бүртгэлгүй талаар лавлагаа ирүүлсэн боловч хариуцагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь Ж.Мөнхбаяр, У.Хулан нар гэж тайлбарласан ба 2020.02.17-ны өдрийн 99 дугаар итгэмжлэл баримтад дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ү-2204022462 улсын дугаарт бүртгэгдэж, 000685037 дугаар гэрчилгээтэй байх бөгөөд өмчлөгч нар гэрээний хувьд маргаагүй, түрээслүүлэгч түрээсийн зүйлийн өмчлөгч байхыг хуулиар шаардаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 289 дүгээр зүйлийн 288.1.1-д хөлслүүлэгч буюу хариуцагч нь хөлслөх гэрээний турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй гэжээ.
Дээрх хууль болон гэрээнд заасны дагуу түрээслүүлэгч “Д” ХХК нь түүрээслэгч Н.Бгийн эзэмшил, ашиглалтад Олон үндэстний хоол хийж, үйлчилгээ явуулахад нь зориулж 2 тоот павильоныг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж хариуцагч тайлбарлах ч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг засвар хийж байгаа шалтгаанаар павильоныг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг 2019 оны 10 сард гаргасан, энэ өдрийн хуралдаанд хариуцагч тал засварыг 10 сард дуусгасан гэж тайлбарласнаар хариуцагчийн түрээсийн зүйлийг шилжүүлсэн талаархи тайлбар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч нь барьцааны заалт орсон нь түрээсийн гэрээний зорилгыг зөрчсөн гэж тайлбарлах ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрхийг “Д” ХХК эдлэх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.
Хариуцагч нь зуучлалаар дамжуулан түрээсэлж, тухайн зуучлагч компанийн тамга дарагдсан гэж, нэхэмжлэгч нь цахим хуудсанд тавигдсан зарын дагуу түрээсэлсэн гэж тайлбарласан тул түрээсийн гэрээнд зуучлагч компанийн тамга дарагдсанд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 318.4-т ийнхүү бүртгүүлээгүй түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх буюу анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг ойлгох ба хуулиар хориглосон хэм хэмжээг үндэслэн гэрээ байгуулагдсан бол хууль зөрчсөн хэлцэлд хамааруулах юм.
Иймд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын байр түрээслэх” тухай 17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлсэн бол гэрээг бүртгүүлэхгүй байхыг тодорхойлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөхөөр заасан тул 2019.06.27-ны өдрийн “Ажлын байр түрээслэх” 17 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг “Д” ХХК-иас буцаан гаргуулж, Н.Бд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 165,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын байр түрээслэх” тухай 17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Д” ХХК-иас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан, Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 165,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ