Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 406

 

                                                                                     

                                            

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр                 Дугаар 184/ШШ2020/00406                            Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дд холбогдох,

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 922,202 /есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баасандорж, хариуцагч Ч.Д, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Д нь тус СӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд сар бүр 25,600 төгрөг төлөх үүрэгтэй ба 2016 оны 9 сараас 2019 оны 8 сар хүртэлх 36 сарын төлбөрийг төлөөгүй тул Сууц өмчлөгдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар 922,202 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ байрны 108 тоотод 2015.12.27-ны өдөр нүүж орсон анхны оршин суугч билээ. Нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч буй учир СӨХ-ны төлбөрийг зайлшгүй өгөх нь иргэний үүрэг хэдий ч СӨХ-ны хариуцлагагүй үйл ажиллагаанд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас надаас гадна маш олон иргэд хохирч үлддэг нь харамсалтай байна. 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар дуустлах хугацаанд СӨХ-ийн удирдлага 2 удаа солигдсон ч үзүүлж буй үйлчилгээ маш муу, үйл ажиллагаа эмх цэгцгүй, тайлан тооцоо замбараагүй байсан ба 2019 оны 01 сараас дахин шинэ удирдлагатай болж үйл ажиллагаа сайжирсан тул төлбөрөө сар бүр хугацаа хэтрүүлэлгүй төлж эхэлсэн. Д СӨХ-ны 2016-2018 оны хугацаанд хамаарагдах төлбөрийг нэхэмжлэлд дараах шалтгааны улмаас бүрэн төлөх боломжгүй байна. Үүнд: Дөнгөж ашиглалтад орсон шинэ байранд оршин суугчид бүрэн орж жигдрээгүй байхад үндэслэлгүй СӨХ-ны төлбөрийг өндөр тогтоосон. Манай байр тус хотхоны хамгийн эхнийх бөгөөд гадна тохижилт, орчин гэх зүйлгүй, барилгын шороон дунд эхний 2 жилийг өнгөрөөсөн. Иймд орцны болон байрны эргэн тойрны цэвэрлэгээ, үйлчилгээ туйлын хангалтгүй байсан учир энэ хугацаанд оногдох төлбөрийг төлөхгүй. Хогийн бункер дэх хог байнга дүүрсэн байдалтай, орчин тойрныг муудсан ялзарсан үнэрээр бохирлуулж цаг хугацаандаа ачилт хийдэгтүй байсан тул хогны төлбөрийг төлөхгүй. Байрны гадна дотно гэрэлтүүлэг хангалтгүй, шатаж муудсан ч цаг тухай бүрдээ солилгүй уддаг. Шинээр ашиглалтад орсон байрны засвар үйлчилгээг тухайн барьсан компани 3 жил хариуцдаг

тул засвар үйлчилгээнд зориулсан хуримтлалд мөнгө төлөхгүй. Харуул хамгаалалт хангалтгүй ажилладаг, ажлын байранд согтуу байдаг. 2016 оны 3 сард байрны гадаах зогсоол дээр өөрийн эзэмшлийн 6795 УНУ улсын дутаартай приус маркийн автомашины зүүн талын толио хулгайд алдсан. 2017.07.27-нд машины арын салхивчны шилээ хагалуулсан. 2017.11.15-нд машины ар талын гупер болон хажуу талын хаалганы хэсэгт шүргүүлсэн. Энэ бүх тохиолдолд камер шүүлгэх гэсэн боловч ажилладаггүй камертай байдаг гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Д” СӨХ нь Ч.Дд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 922,202 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь шаардлагаас 348,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, СӨХ-ы үйл ажиллагаатай холбоотойгоор 574,202 төгрөгийг төлөхгүй гэж маргалаа.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасан байна.

 

Хариуцагч Ч.Д нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхэд маргаагүй тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 46,15 м2 талбайтай орон сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон төлөх зардлыг 25,538 төгрөг гэж тогтоосон байх тул энэ хэмжээгээр Ч.Д нь сар бүр төлөх үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан Төрийн банкны нэхэмжлэх баримтаар 2016 оны 9-12 сар, 2017 он бүхэлдээ, 2018 оны 11 сар хүртэл, 2019 оны 8 сарыг дуустал буюу 35 сарын баримт байх тул нийт 36 сар бус 35 сарын зардлаас 31 сарын зардлыг хариуцагч төлөхөөр байна.

Тогтоолоор 25,538 төгрөг тогтоосон, банкны баримтаар 25,600 төгрөг гэж байх тул тогтоолыг үндэслэн /31х25,538/ нийт 791,678 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь заалтаар тодорхойлжээ.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг сар бүр төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй үеэс мэдсэн, 2016 оны 09 сараас шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэл гаргаж байгаагүй тул 2019 оны 12 сард нэхэмжлэл гаргаж, 2016 оны 9-12 сарын зардлыг нэхэмжилсэн нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчаас 791,678 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130,524 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тайлбараар татгалзаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэлийг тусдаа бие даан гаргах эрх нь нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 23,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Дөөс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 791,678 /долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулан, “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, шаардлагаас үлдэх 130,524 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 23,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ