| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/03750/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 387
2020 оны 02 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2020/00387 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Э.Дтэй анх 2010 онд оюутан байхдаа танилцаж, 2016 онд их сургуулиа төгстөл тус тусдаа амьдарч байгаад 2016 оны намар миний бие Төв аймаг Сэргэлэн суманд их эмчээр ажилд орсноор Төв аймагт байр хөлслөн хүүгийн хамт амьдрах болсон. 2012 оны 7 сарын 13-нд хүү Д.М төрж, 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний бие ажилд орж ажил хийх болсон үеэс Э.Дгийн хий хардах ихсэж, хоорондоо маргалдан үл ойлголцох асуудал удаа дараа үүссэн. Оюутан цагаасаа хардаж доромжилж, гар хуруу гэмтээх, түлхэж унагаах агсан тавих гэх мэт асуудал гарч байсан ч цуг амьдраад ирэх үед энэ байдал өөрчлөгдөнө хэмээн уучлан амьдарч байсан. Гэвч цуг амьдрах үед элдэв хэлэх хэлэхгүй үгээр голд ортол доромжилж, хүүхдийнхээ дэргэд уурлан бухимдах, ар гэр, ээж дүүг минь доромжлох, ажлын байран дээр согтуу ирж агсан тавьж ажилчдын дэргэд элдэв үгээр доромжлон айлган сүрдүүлэх тохиолдол гарч байсан тул би 2018 оны 5 сард гэрээсээ салж явсан, бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Одоо би өөр хүнтэй гэр бүл болсон, 6 сартай жирэмсэн тул гэрлэлтээ цуцлуулна, эмээ өвөө 2 нь өдийг хүртэл өсгөж байгаа тул хүүгээ аавд нь үлдээнэ, хуульд зааснаар тэтгэлэг төлнө гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Бтэй 2008 онд анх оюутны байранд танилцаж, улмаар 2010 оноос оюутны байрандаа хамтран амьдарч, улмаар 2012 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 7 сарын 13-нд хүү Д.М төрсөн. Бидний анхны хүү Д.М төрөхөд бид оюутан байсан тул миний аав, ээж хүүг 9 сартайгаас нь эхлэн одоог хүртэл асран халамжилж байгаа, би аав, ээж, хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Биднийг оюутан байхад манай аав, ээж хоёр бидэнд байнга хоол хүнс зөөж, бидний сургалтын төлбөрийг төлдөг байсан, намайг оюутан байхад миний төрсөн ах Э.Содхүү надад машин авч өгсөн тул би ч оюутан байхаасаа таксины үйлчилгээ хийж хоол унд, хэрэглээнд нэмэрлэдэг байсан. Би Э.Бгээс 2 жилийн өмнө буюу 2014 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Шүүх шинжилгээний албанд шинжээч эмчээр ажилласан. Бид 2018 оноос тусдаа амьдарсан, хүү энэ цаг хугацаанд надтай амьдарсан тул өөрийн асрамждаа авна, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Э.Б нь Э.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид нь 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2012 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.М төрсөн болох нь тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулсан боловч амжилтгүй болжээ.
Зохигч гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүл болсон, 6 сартай жирэмсэн болсноор цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э.Д, Э.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Д.Мыг эцгийнх нь асрамжид үлдээлээ.
Хүүхдийн эрх ашгийн үүднээс тэтгэлэг тогтоох нь зүйтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Д.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эхээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Э.Бг эх хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э.Дд даалгав.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг, нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70,200 төгрөг, хариуцагчаас 70,200 төгрөг төлснийг тус тус орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хураамжид хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д, Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Мыг эцгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Д.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эхээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг, нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э.Бг эх хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Э.Дд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70,200 төгрөг, хариуцагчаас 70,200 төгрөг төлснийг тус тус орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хураамжид хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ