Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 43

 

    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0067/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***д холбогдох 201709000021 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт *** *** /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч ***нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, ***подвальд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн ***ын толгой тус газар архины шилээр цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
   
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч Г.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***тай утсаар ярихад гэртээ байна гэхээр нь би хүрээд ир, бид нар ***подвальд байна гэж дуудсан. ***ыг ирэхэд *** явсан, ***, *** нар байсан. ...*** намайг “урьд ажлын хөлсийг чи авчихсан юм биш үү, залилаад байгаа юм биш үү” гээд над руу дайраад байхаар нь би *** руу уурлаж тэр мөнгийг нь аваагүй гэдгийг тайлбарлахад “...чи идээд байгаа биздээ, ханаж цаддаггүй пизда минь” гээд байхаар нь би уурлаад ширээн дээр байсан 0,5 литрийн Хараа нэртэй архины шилээр ***ын толгойн ар хэсэг рүү цохиход ***ын толгойноос цус гарахаар нь дарж тогтоогоод “эмнэлэг оръё” гэхэд “гайгүй болчихлоо, гэртээ харьж унтая, чи муу миний толгойг шилээр хагаллаа” гэж хэлэхээр нь хүргэж өгөөд гэртээ  харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...цалин хөлсөө авчихаад хүмүүсдээ өгөхгүй өөрөө идчихсэн банди байна гээд орилоод байхаар нь архины шилээр цохичихсон юм. Тухайн үед гэнэт уур хүрээд цохисон. Хохирол төлбөрт 1,050,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим хамт ажилладаг найз *** утсаар яриад ***подвалд “архи ууж байна, хүрээд ир” гэхээр нь би очиход хамт ажилладаг найзууд болох ***, ***, *** нар 1 шил 0,75 литрийн архи уугаад сууж байсан. ***ыг утсаар дуудаад 0,75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд тэр архийг нь ууж байтал ***, *** 2 ширээ дэрлээд унтсан байсан. Би цалин мөнгөнөөс болоод ***тай маргалдаж байтал *** ширээн дээр байсан 0,5 литрийн архины шилийг аваад миний толгойн ар хэсэг рүү цохиход миний ухаан балартаад гайгүй болохоор нь цусаа угаагаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

Гэрч Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 0,5 литрийн Хараа архи нэг шилийг авч очиход ***, ***, Цээгий, *** нар байсан. ***, *** нар хоорондоо маргалдаад байсан. Би 00-ын өрөө орчихоод гарч ирэхэд ***ын толгой хагарчихсан цус гарч байсан. *** бид хоёр толгойг нь боогоод гэрт нь хүргэж өгсөн, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1-р сарын 5-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн “...***ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи голомтот цус харвалт, дагзны хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Хохирогч ***ын өвчний түүх /хавтаст хэргийн 54-61 дүгээр хуудас/,

Эмчилгээний зардлын баримтууд /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

Хохирол төлбөр төлсөн тухай “... нийт 1,050,000 төгрөг сайн дураараа шүүх хурлаас өмнө өгсөн” гэх баримт /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,

Г.***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, ***подвальд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн ***ын толгой тус газар архины шилээр цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***, гэрч Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.***ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1-р сарын 5-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн прокурорын газраас Г.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1-р сарын 5-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ***ын бие махбодид учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна. 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “тархины зөөлөн бүрхүүлийн доорхи голомтот цус харвалт” гэмтэл учирсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж мэтгэлцсэн боловч шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэв.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “тархины зөөлөн бүрхүүлийн доорхи голомтот цус харвалт” гэж заасан боловч хамрах талбай бага тул уг үндэслэлээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нийт 668,000 төгрөг баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч ***нь хохирогч ***ад хохирол төлбөрт нийт 1,050,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч энэ талаар эмнэлгийн байгууллагын тодорхойлолт болон холбогдох баримт гаргаж өгөөгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргах төлбөргүй байна гэж үзсэн ба холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Г.***д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1. *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар *** овогт *** ***д 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Г.***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***нь хохирогч ***ад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,050,000 төгрөг төлсөн, шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч цаашид гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа жич бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Г.***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.***д засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгэй. 

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.ГЭРЭЛТ-ОД