Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/ШШ2024/0014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Нэхэмжлэгч: “Х” УТНам

Хариуцагч: МУСЕХ, УАГ

Нэхэмжлэлийн шаардлага: “МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Н-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч “Х” УТН-ын дарга О.З, хариуцагч МУСЕХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч УАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 221/2024/0019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” УТН нь МУСЕХ, УАГт тус тус холбогдуулан “МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Наранчимэгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 50 дугаар тогтоолоор “Х” УТН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу хүргүүлээгүй үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд бүртгэхээс татгалзжээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолд “Х” УТН нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан зарлагын эцсийн тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй тул бүртгэхээс татгалзсугай гэжээ.

3.1. Сонгуулийн ерөнхий хороо УАГ-ын Санхүү нийцлийн аудитын газрын захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгээр “Х” УТН сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүй гэснийг үндэс болгосон байна.

3.2. Гэтэл уг нам нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 135/20 тоот албан бичгээр сонгуулийн зардлын эцсийн тайланг УАГ хүргүүлсэн байна. Тус намын 2020 оны архивын материалаас холбогдох 19 хуудас баримтыг хавсаргав. Хэд хоногийн дараа Үндэсний аудитын газраас танай тайлан алга гэхэд архивын материалаа барьж очоод хүргэж өгсөнөө нотлоход тэд өгсөн байна гээд гар бариад салсан. Намын дарга уулзсанаас хойш 3 хоногийн дараа УАГ-ын албаны утсаар манай намын тайланг олсон уу гэж асуухад олсон гэснээр энэ асуудлыг боллоо гэж ойлгосон. Чимээгүй байж байгаад 4 жилийн дараа тайлан ирүүлээгүй гэсэн албан тоот өгснийг ойлгохгүй байна.

3.3. УАГ-ын хариуцлагагүй ажиллагааны улмаас улс төрийн нам хохирох ёсгүй гэж үзэж байгаа тул МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Наранчимэгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү”,

4. Хариуцагч МУСЕХ нь хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэхээр хуульчилсан бөгөөд үүнд сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй гэсэн. Дээрх хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн хүсэлтийг хуульд заасан баримт бичгийн хамт хүлээн авч, нягтлан шалгасны үндсэн дээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

4.2. Үүнтэй холбоотой баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулах авах эрхтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1170 дугаартай албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын тайлан”-г ирүүлсэн. Тус тайланд “Х” УТН нь сонгуулийн зардлын явцын тайлан болон эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй гэж дурдсан.

4.3. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар тодруулахаар дахин албан бичиг хүргүүлэхэд Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 дүгээр албан бичигт “... ******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүй болно” гэсэн учраас хуульд заасан журмыг зөрчөөгүй байх шаардлагыг хангаагүй *******ыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн”,

5. Хариуцагч УАГ нь хариу тайлбартаа: “Х” УТН-ын УАГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. “Х” УТН нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу УАГт сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/20 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.

5.2. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.3-д заасны дагуу сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүй болох нь УАГ-ын 2020 оны 08 дугаар сарын 06-10-ны өдрийг хүртэлх ирсэн бичгийн бүртгэлээр нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... УАГт тайлангаа хүргэж өгсөн ... гар бариад салсан” гэх тайлбарууд нь бодит байдалд нийцэхгүй, нотлогдохгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” Улс төрийн намаас /цаашид УТН/ МУСЕХ, УАГт тус тус холбогдуулан “МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Н-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.2. “Х” УТН нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Х нам нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 135/20 тоот албан бичгээр сонгуулийн зардлын эцсийн тайлангаа УАГт хүргүүлсэн. Үндэсний аудитын газраас танай тайлан алга гэхэд архивын материалаа барьж очоод хүргэж өгснөө нотлоход өгсөн байна гээд дараа нь утсаар асуухад танай тайланг олсон гэснээр энэ асуудлыг боллоо гэж бодсон. УАГ-ын хариуцлагагүй ажиллагааны улмаас улс төрийн нам хохирох ёсгүй тул МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Н-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл УАГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1190 дүгээр албан бичгийг МУСЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэд хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “Танай 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/280 дугаар бичгийн дагуу мэдээллийг хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайланг баталгаажуулах аудитаар Их эв нам болон ******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтын дагуу сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүй болно ...” гэжээ.

2.1. Улмаар хариуцагч МУСЕХ УАГ-ын дээрх албан бичгийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 50 дугаар тогтоолоор “Х” УТНамыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд бүртгэхээс татгалзсанаар энэхүү маргаан үүсжээ.

3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 28.3-д “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ”, 28.3.7-д “сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан, зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.

3.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нь 2020 оны сонгуулийн санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, зардлын тайлангаа аудитын дүгнэлтийн хамт УАГт хүргүүлснээр 2024 оны сонгуульд оролцох хуулийн шаардлага хангагдаж, хуульд заасан шаардлага хангасан нам, эвслийг Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны сонгуульд оролцуулах асуудлыг шийдвэрлэхээр байна.

3.2. Гэтэл “Х” УТНамаас сонгуулийн зардлын эцсийн тайлангаа УАГт хүргүүлсэн гэж маргаж байгаа ба захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмын хүрээнд нэхэмжлэгч намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Х, жолооч Б.О нарыг шүүхэд гэрчээр асуусан бөгөөд Д.Х шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... *******ын 2020 оны сонгуулийн зардлын тайланг 135/20 дугаартай албан бичгээр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүргэж өгсөн. Хүлээж авсан хүн нь “за, болсон” гэж хэлсэн” гэж тайлбарлах боловч ямар албан тушаалтай, хэн гэдэг хүнд хүлээлгэж өгсөн нь тодорхой бус, хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

3.3. Түүнчлэн “Х” УТНамын 2020 оны сонгуулийн зардлын тайланг хүргүүлсэн, хүлээн авсантай холбоотой баримтуудыг хариуцагч Үндэсний аудитын газраас шаардан гаргуулсан бөгөөд үүний дагуу Үндэсний аудитын газраас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/1262 тоот албан бичгээр ирүүлсэн баримтуудыг үзвэл нэхэмжлэгч “Х” УТН нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Сонгуулийн зардлын явцын тайлан”-гаа УАГт ирүүлсэн талаар нотлогдох боловч сонгуулийн зардлын эцсийн тайлангаа аудитын дүгнэлтийн хамт хүргүүлээгүй болох нь тус газрын “Ирсэн бичиг”-ийн бүртгэлийн дэвтэр, архивын баримтуудаар тогтоогдож байна.

3.4. Мөн нэхэмжлэгчээс 2020 оны сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт болох “Х” УТН-ын УАГт хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Сонгуулийн эцсийн тайланг хянуулах тухай” 135/20 тоот албан бичигт дурдсан “Намын аудитлагдсан тайлан”-г шүүхэд гаргаж өгөөгүй.

3.5. Шүүх хариуцагч УАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан “... “Х” УТН нь хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулахдаа байгуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргуулах” хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчид дээр дурдсан баримтуудыг гаргаж өгөх боломж олгосон боловч мөн адил гаргаж өгөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

4.1. Нэхэмжлэгч “Х” УТН нь 2020 оны сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлсэн болох нь нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагч УАГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1190 тоот албан бичгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.

4.2. Уг албан бичгийг үндэслэн МУСЕХноос гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 50 дугаар тогтоол нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Энэ хуулийн 28.3-д заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж заасантай нийцсэн байх тул мөн адил хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5. Иргэдийн төлөөлөгч А.Х нь эрүүл мэндийн шалтгаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа шүүхэд мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогчдоос “иргэдийн төлөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэснийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 113 дугаар зүйлийн 113.1, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” УТН-аас МУСЕХ, УАГт тус тус холбогдуулан “МУСЕХны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоол, УАГ-ын санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Н-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1190 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” УТН-аас нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ