Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0198

 

 

 

 

 

 

 

    2022         03          16                                       128/ШШ2022/0198          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Хо” ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Ц,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлал яам.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мнарын хоорондын тусгай зөвшөөрлийн талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан яамны цахим мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хо” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “...Увс аймгийн Хяргас сумын нутаг Ичээт хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-010882 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75,58 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг, Увс аймгийн Хяргас сумын нутагт Шар Уул хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-015606 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг” тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн 06б/5450 дугаар албан бичгээр Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд хандан “Увс аймгийн Хяргас сумын нутагт MV-010882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Хо” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд Ичээтийн гол байгаа эсэх, ямар горимтой, голын сүлжээний аль ангилалд хамаарах болон хэдэн булаг байдаг талаарх мэдээллийг нягталж тайланг цаасан хэлбэрээр албажуулж ирүүлнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг илгээсэн.

Энэ дагуу Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтэст Увс аймгийн Хяргас сумын Ичээтийн голд ажилласан ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг хүргүүлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авч, байгаль орчны мэдээллийн сангийн усан сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэснээр “Хо” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй газарт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн 81.24 га талбайн 36.81 га талбай, Ичээт нэртэй газарт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882 дугаар тусгай зөвшөөрлийн 130.54 га талбайн 75.58 га талбай нь тус тус усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болсон.

3. Нэхэмжлэгч “Хо” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/14 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан “...тусгай зөвшөөрлийн талбай нь ямар этгээдийн шийдвэр, дүгнэлтээр усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, холбогдох дүгнэлт, шийдвэрийг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан дагуу  Байгаль орчин,  аялал жуулчлалын яамнаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/4641 дүгээр албан бичгээр “...тус хамгаалалтын бүсийг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авсан байна. Сав газрын захиргаанаас ирүүлсэн дүгнэлтийг хавсаргав” хэмээн хариу өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс анх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тус компанийн хуулийн дагуу эзэмшиж буй MV-010882, MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулсан бүртгэл хийхдээ мөн Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаартай албан бичгээр 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхдээ манай компанид аливаа байдлаар мэдэгдээгүй болно.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон Увс нуур, тэсийн голын сав газрын захиргааны дээрх үйлдэл, шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж, 26.2-д "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ." гэж тус тус заасан заалтыг зөрчсөн.

2. Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргахдаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь уг дүгнэлтийг үндэслэн Гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг үндэслэн гарсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг давхцуулан бүртгэхдээ ямар хууль тогтоомжийг үндэслэсэн  нь тодорхойгүй байна.

Нөгөө талаас тус компанийн эзэмшиж буй MV-010882 болон MV-015606 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур, завхан голын сав газарт хамаардаг бөгөөд Увс нуур, тэсийн голын сав газрын захиргааны харьяалан эрхлэх үйл ажиллагаанд хамааралгүй болно.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно." гэж, 4.3-д "Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно." гэж, 4.5-д "Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй." гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015, 2016 онуудад тус тус албан бичгээр тодорхойлолт авч байсан.

Түүнээс хойш Засгийн газрын тогтоолд аливаа нэмэлт, өөрчлөлт ороогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Хууль зөрчин 2007 онд олгогдсон MV-010882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2010 онд олгогдсон MV-015606 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцуулан бүртгэсэн байна.

 Манай компанийн хувьд дээр дурдсаны дагуу 2021 он хүртэл нийт 855 орчим сая төгрөгийг үйл ажиллагаандаа /хайгуулын ажил, баримт бичиг боловсруулах зардал, татвар, төлбөр гэх мэт/ зарцуулсан хэдий ч хууль, журмын дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас зардлаа нөхөх боломжгүй болж, 855 сая орчим төгрөгөөр хохирч үлдээд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж, 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж тус тус заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг бүртгэсэн үйлдлээс хамаарч манай компани хуулийн дагуу эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг бүртгэсэн үйлдэл нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, тогтоосон үйлдэл байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

 Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор "... Увс нуур, тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийн тухайд .... нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим мэдээллийн сан дахь "усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянахдаа дээрх дүгнэлтийн үндэслэлийн талаар дүгнэж шийдвэрлэх боломжтой" гэж дүгнэсэн тул ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Увс аймаг бол тусдаа Завхан руу очих эрх байхгүй. Завхан тусдаа аймагт байдаг газар. Тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бүгд хүчин төгөлдөр байж байгаа. Дүгнэлт гарахаар бид нар ямар ч асуудалгүй гэж байгаа. Гол яриад нь байна, энэ бол гол биш. Хавцалаар гол бууж ирнэ. Бороо орохгүй бол ямар ч ус байхгүй сайр юм. Манай компанийн зүгээс соёлын төвийг барьж өгсөн. н.Анхбаяр гэдэг хүнтэй байнга уулзсан. Миний хувьд тохирох гэж хичээсэн. н.Анхбаяр ерөөсөө үгүй гэж хэлдэггүй. Анхнаасаа яах гэж төлөвлөгөө баталсан бэ? Бид хуулийн дагуу явж байгаа. Манай компани хохирол амсаад л явж байна. Ганцхан ажлаа хийж мэдэхгүй хүний төлөө ийм зүйл болж байна. Цаана нь өчнөөн мөнгө төгрөгийн асуудал байдаг. Болохгүй бол наад зогсоолоо ав, гаргасан зардлаа олж авна гэхээр ямар ч төсөв байхгүй байгаад байна. Зөвшөөрлийн дагуу бүх үйл ажиллагаа явагдана. Бид Завхан аймгийн хүмүүстэй уулзахад ямар ч асуудал байхгүй гэсэн. Ажлыг хийсэн гол хүн н.Цэрэнбат гэж хүн байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Хо” ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-010882 , MV-015606 гэсэн хоёр тусгай зөвшөөрлийг 2010 онд анх авсан. 2010-2021 он хүртэл жилүүдэд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 55,000,000 сая орчим төгрөгийг төлсөн. “Хо” ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш санхүүжилт  болон банкнаас авах зээл санхүүгийн асуудлыг шийдсэний дараагаар 2015 онд ашиглалтын үйл ажиллагааг 20 орчим хоног явуулсан байдаг. 2020 оны эхээр нутгийн удирдлага болон тухайн нутгийн иргэдтэй уулзаад ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар харилцан зөвшилцөж хүрээд үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмал, газрын тосны газраас уулын ажлын төлөвлөгөө батлуулах хүсэлт өгсөн.  Ашигт малтмал, газрын  тосны газраас төлөвлөгөө батлахгүй гэсэн. Шалтгаан нь юу вэ? гэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим мэдээллийн санд танайх Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан усны хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэдэг үндэслэлийг амаар хэлсэн. Хэлсний дараагаар “Хо” ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тодруулга хүссэн. Яамнаас ямар хариу өгсөн бэ? гэхээр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тогтоолоор баталсан усны хамгаалалттай бүстэй давхцалтай байна гэсэн хариу өгсөн. Хариуг авснаас хойш “Хо” ХХК нь Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаад тусгай зөвшөөрөл бүхий талбайг  усны сан бүхий газартай давхцуулсан мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн учраас Увс аймаг дах захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг батлаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мөн дахиад хандсан асуудал юу вэ? гэхээр мөн тус шүүхийн шийдвэрийн дагуу усны сан бүхий энгийн хамгаалалттай бүсэд давхцуулан бүртгэсэн бүртгэлээс хасаж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа гаргахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар нэгэн хариу өгч байгаагүй. Гэтэл 2021 онд мөн дахиад үйл ажиллагаа явуулах гэж байна, мэдээллийн сангаас манайхтай холбоотой бүртгэлийг хасаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад яамнаас 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хариу албан бичгээр Увс нуур тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр танай хоёр тусгай зөвшөөрлийн талбай нь холбогдох хэсгүүд нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэдэг хариу манайд өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийн талаар хариуцагч яаманд очоод цахим мэдээллийн санд бүртгэгдсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн албан бичгээс олж мэдэж байгаа. Манай компани нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Үйл ажиллагаа зогсооход тэрбум төгрөгийн санхүүгийн төсөв тооцоогоо гаргасан байсан. 

Ямар үндэслэлээр манай газрыг усан сан газарт авч байгаа вэ? гэхээр хууль зүйн үндэслэл тодорхой бус байна. Бүртгэл хийж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар “Хо” ХХК-д огт мэдэгдээгүй тайлбар аваагүй. Санал хүсэлт авахгүйгээр шууд шийдвэрийг гаргаад нэхэмжлэгчийг эрх ашгийг зөрчсөн. Ямар үндэслэлээр тухайн бүртгэлийг эсэргүүцэж байгаа вэ? гэхээр “Хо” ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа холбоотойгоор 2015 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай давхцалтай юу? гэдэг тодорхойлолтыг 2015, 2016 онуудад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч байсан. Тухайн үед 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 05/4645 болон 2016 оны оны 4 сарын 06-ны өдрийн 04/1841 тоот албан бичгүүдээр танайх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай давхцалгүй байна гэсэн тодорхойлолтыг манай компанид өгч байсан. Гэтэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолд өөрчлөлт ороогүй гэсэн мөртлөө гэнэт одоо болохоор давхцалтай байна гэдэг бүртгэл хийсэн. Бүртгэл хийхдээ манайд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн бүртгэл хийж байгаа гол үндэслэл бол Хяргас сум Завхан голын сав газрын ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбай нь нутаг дэвсгэрийнхээ харьяаллаар Хяргас нуур Завхан голын сав газарт хамаардаг. Гэтэл манайд огт харьяалал байхгүй эрх хэмжээ олгогдоогүй байхад манайд дүгнэлт гаргаад Увс нуурын захиргааны хууль бус дүгнэлтийг үндэслэж хариуцагч яам бүртгэл хийж байна. Увс нуур тэсийн голын сав газрын захиргааны ажлын хэсгийн дүгнэлтийг харахад ажлын хэсэг томилсон тушаал байхгүй. Ажлын хэсэгт орсон бүрэлдэхүүн харахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан усны тоо бүртгэх, явуулах журам болон мэдээллийн сан бүрдүүлэх журамд заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох ёстой шаардлагатай хүмүүс ороогүй. Компанийн зүгээс удирдлагыг оролцуулахгүйгээр шууд ажлын хэсгийн дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ойн ус тус хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн сангийн лавлагааг нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж өгсөн нийтэд илэрхий баримт юм. Кадастрын лавлагаанаас харахад манайд харьяалах сав газрын захиргаа Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа гээд мэдээллийн сангийн лавлагаанд тодорхой бичсэн. Байгаль орчны ерөнхий үнэлгээ гаргаад холбогдох баримт бичгийг цуглуулаад явж байхдаа Монгол Улс төрийн өмчид үйлдвэрийн газраас ус ашиглах тухай дүгнэлтийг гаргаж байсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтийн төслийн байршил харахад Увс нуур Завхан голын сав газарт хамаарна гээд тодорхой бичсэн. Эрх хэмжээ олгогдоогүй байхад өөр сав газар дүгнэлт гаргасан асуудал байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд хавсаргаж байгаа фото зургийг харахад зун бороо ус ихтэй зураг байгаа. Энгийн үед хайрга чулуу хуурай газар байдаг. Ерөөсөө ус тогтдоггүй. Бороо ус ихтэй үед хур борооны ус тогтдог газар байгаа. Гэтэл бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуралдааны явцад 015609 дугаар талбайтай холбоотой ямар нэгэн ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Гаргасан дүгнэлт нь тус талбайтай холбоогүй дүгнэлт болох нь харагдаж байна. Зөвхөн 010882 дугаар талбайтай холбоотой дүгнэлт хийгдсэн. Үүнтэй холбоотой Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай давхцаж байгаа талаар шалгалт явуулсан эсэх асуудал тодорхой боллоо. 015606 дугаар талбайтай холбоотой дүгнэлт гаргаагүй байхад түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлаар баримт байхгүй байна. Баримт судалж байхад анх удаа тусгай зөвшөөрөл олгогдсон талбай биш, 2006 оноос хойш олгогдоод 2010 онд эрх аваад хувийн компаниас сонгон шалгаруулалтаар шилжиж ирсэн талбай болох нь харагдлаа. Учир нь төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй байна. Мөн ашигт малтмалын газраас энэ талбайд оролцож болно гээд дүгнэлт аваад яам орон нутгаас тусгай хэрэгцээнд төлбөрийн аваад хоёр удаагийн албан бичгээр давхцал байхгүй гээд явдаг. Ямар ч харьцах ёсгүй этгээд өөр тусгай хамгаалалттай бүсээс бичиг авч байна. Сайдын болоод хэн нэгэн даргын зүгээс ажлын хэсэг байгуулах эрх байхгүй. Харин сав газар өөрөө усны тоолуур явуулах эрхтэй гэсэн тайлбарыг хоёр удаа хэллээ. Гэтэл яахаараа өөр сав газрын бүсийг өөр газарт очиж хянуулаад хамааралгүй хүмүүсээр дүгнэлт гаргуулаад байсан.  Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчөөд байна. Сав газрын захиргаа байгуулагдаад  улмаар Монгол Улсад хамаарахгүй сав газрын нэгж талбай гэж байхгүй. Бүгд сав газарт хамаардаг. Бидний маргаж байгаа талбай нь Увс аймгийн Хан-Хөхий нуруугаар явж байгаа. Өвөр хэсэг нь урд талын сав газрын бүс нутаг юм. Цаг хугацааны хувьд харахад Улсын Их Хурлын сонгуулийн асуудал байгаа. Завхан гол Завхан аймгийн захиргаа нь Улиастай хотод байдаг. Тэсгийн голын захиргаа нь Увс аймагт байдаг. Ажлын хэсгийг томилсон тоотод иргэдийн өргөдөл гомдол ерөөсөө байхгүй. Ажлын хэсэг шалгаад байна гэдэг зүйл ярьдаг. Дүгнэлтийг энгийн нүдээр бичсэн гэдэг зүйл хэлдэг. Дүгнэлтийн эхэнд уул уурхайн дамжсан газарт шинээр горьдлого үүссэн гэсэн. Мэргэжлийн дүгнэлт огт байхгүй. Энэ талбайг гар аргаар ашиглах эрхгүй этгээдийн талбай гэж байдаг байсан. Улмаар жижигхэн талбайг зохих ёсоор ашиглаад ажиллагаа хийх нь шар уулынхаа  ажилд илүү үр дүнтэй гэж үзэж байна. Орон нутаг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болоод малчдын зүгээс санал гомдол байхгүй. Иргэдийн өвөлжөөтэй давхцаж байгаа зүйл биш. Хяргас нуурын элсэн манхан бүс нутаг байгаа. Баруун аймгийн тухайд цас бараа ордог учир голын хөндий хэсэг байдаг. Ийм зүйлийг харгалзаж үзээд эрхгүй этгээдээс дүгнэлт гаргуулсан байна. Мөн хуулийн дагуу ажиллагаа хийгдээгүй байна. Хоёр талбай цуцлахдаа 010882 дугаартай талбай дээр ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гарсан байхад түүнийг үндэслэж хоёр тусгай зөвшөөрөл дээр хоёуланг нь үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хо” ХХК-ийн эзэмшдэг МV-010882 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75.58 га талбайг, мөн MV-015606 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим мэдээллийн санд бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ...” гэж мөн зүйлийн 2-т “...Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална. 1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх; 2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; 3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; 4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх. 5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах. Гэж мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т "...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж 1-т “...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж заасан байдаг.

 Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д .Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно..." гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дугаар тогтоол гарсан.

Мөн зүйлийн 4.5-д “..Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.." гэж заасан.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "...2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно.

 "Хо” ХХК-ийн эзэмшдэг MV-010882 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75.58 га талбай, мөн MV-015606 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно..." гэж заасан

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.30 “усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;", 10.1.3. усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хэрэглээний норм тогтоох, усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, ЭЗЭМШИХ, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах”, 17.1.4. “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам"-д тус тус заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам Сав газрын захиргаа болон тухайн нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн усан сан бүхий газарт тооцож, усны мэдээллийн санд бүртгэх бүрэн эрхтэй.

Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А-86 дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 зүйлийн 4.3-т зааснаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийн холбогдох  мэдээллийг улсын хэмжээний мэдээллийн санд төвлөрүүлэх нь хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны үүрэг болно.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т " нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар"-ыг "усны сан бүхий газар" гэж тодорхойлсон болно.

Мөн Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ус ашиглагч, хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан сав газрын захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т "...усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах..." гэж заасны дагуу Увс нуур-тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 137 тоот албан бичгийн дагуу усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий бүртгэлийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Увс аймгийн Хяргас сумын нутаг Ичээт хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-010882 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75,58 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг, Увс аймгийн Хяргас сумын нутагт Шар Уул хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-015606 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг дараах үндэслэлээр хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Увс нуур, тэсийн голын сав газрын захиргааны  Ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг үндсэн бүртгэлийг хийхдээ ирүүлэхдээ манай компанид аливаа байдлаар мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн.

2. Тус компанийн эзэмшиж буй MV-010882 болон MV-015606 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаардаг байтал Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн бүртгэлийг хийсэн.

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас өмнө нь манай компанид тухайн талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй тухай тодорхойлолтыг 2015, 2016 онуудад гаргаж өгч байсан бөгөөд энэхүү бүртгэлийн улмаас компани хуулийн дагуу эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тус тус маргаж байна. Үүнд:

1.  “Хо” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын нутагт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882 болон MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаардаг ч тус сав газрын захиргаа Завхан аймгийн төв Улиастай хотод байрладаг тул яамнаас газрын ойрыг нь харгалзан Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд уг дүгнэлтийг гаргахыг даалгасан,

2.  Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар сав газрын захиргаа нь яамны даалгаснаар энэхүү дүгнэлтийг гаргах эрхтэй,

3. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл нь Ичээт голын урсац, хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь Ажлын хэсгийн дүгнэлт, зурган мэдээлэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байгаа өмнө ямар учир шалтгааны улмаас яамнаас давхцалгүй гэсэн албан бичиг явсныг ойлгохгүй байна зэргээр үндэслэлээр.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч “Хо” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй газарт 81.24 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-015606 дугаар, Ичээт нэртэй газарт  130.54 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-010882 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан ашигт малтмал ашиглалтын MV-015606, MV-010882 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/687 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

“Хо” ХХК-ийн эзэмшиж буй Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй газарт орших 81.24 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-015606 дугаар, Ичээт нэртэй газарт орших 130.54 га талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-010882 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын лавлагааны мэдээллийн санд Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаардаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын лавлагааны мэдээллийн сангийн лавлагааны мэдээлэл болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч “Хо” ХХК-нд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 05/4645, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04/1841 дүгээр албан бичгүүдээр тус тус “...Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрт орших MV-015606, MV-010882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг өгч байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 05/4645, 2016 оны 04/1841 дүгээр албан бичгүүдээр,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн 06б/5450 дугаар албан бичгээр Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд хандан “Увс аймгийн Хяргас сумын нутагт MV-010882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Хо” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд Ичээтийн гол байгаа эсэх, ямар горимтой, голын сүлжээний аль ангилалд хамаарах болон хэдэн булаг байдаг талаарх мэдээллийг нягталж тайланг цаасан хэлбэрээр албажуулж ирүүлнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг илгээсний дагуу Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас Ажлын хэсэг байгуулан 2018 оны 8 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд “Ичээтийн голын голдирол, төлөв байдлыг дүгнэх зорилгоор” ажиллан, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Увс аймгийн Хяргас сумын Ичээтийн голд ажилласан ажлын хэсгийн дүгнэлт”-ийг гарган Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06б/5450 дугаар албан бичиг, “Увс аймгийн Хяргас сумын Ичээтийн голд ажилласан ажлын хэсгийн дүгнэлт”, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2018 оны 137 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

Өнөөгийн байдлаар нэхэмжлэгч “Хо” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын Шар уул нэртэй газарт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн 81.24 га талбайн 36.81 га талбай нь, Ичээт нэртэй газарт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882 дугаар тусгай зөвшөөрлийн 130.54 га талбайн 75.58 га талбай нь тус тус усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн мэдээлэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын лавлагааны мэдээллийн санд болон хөндлөнгийн этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд тус тус бүртгэлтэй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын лавлагааны мэдээллийн сангийн лавлагааны мэдээлэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 8/687 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална хэмээн, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” хэмээн,

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 3.1.9-т "онцгой болон энгийн хамгаалалтын бүс" гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг”, 3.1.30-д “усны тоо, бүртгэл" гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг",  7 дугаар зүйлийн 7.1-д “Улсын усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.4-т сав газрын захиргаа “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах" хэмээн,

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” хэмээн,

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч “Хо” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882, MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй гэсэн агуулга бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 05/4645, 2016 оны 04/1841 дүгээр албан бичгүүд нь хууль зүйн үндэслэлтэй эсэх,

“Хо” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын нутагт эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882, MV-015606 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаарч байхад чухам ямар шалтгаанаар тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай холбогдуулан “Ичээтийн голын голдирол, төлөв байдлыг дүгнэж” дүгнэлт гаргах асуудлыг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд даалгасан болох,

Ерөөс аль сав газар дүгнэлт гаргасан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч “Хо” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын MV-010882, MV-015606 дугаар тусгай зөвшөөрөл бүхийн талбайн давхацсан гэх Ичээтийн гол нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг “...тодорхой улиралд үеийн болон шар ус урсдаг сайр, гуу” юм уу

эсхүл Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан “...Хадтай ам, Улаан ам, Суваргын ам зэрэг түр горимын болон байнгын урсацтай булаг бүхий салаа, уулыг ам орж ирдэг ... байнгын урсацтай уулсын гол” эсэх зэрэг нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр дээрх бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий бүртгэлийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Увс аймгийн Хяргас сумын нутаг Ичээт хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-010882 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75,58 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй, Увс аймгийн Хяргас сумын нутагт Шар Уул хэмээх газарт байрлах “Хорикавметал” ХХК-ийн эзэмшлийн MV-015606 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай хэмээн бүртгэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээллийн сангийн бүртгэлийг тус тус дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн Хяргас сумын нутаг Ичээт хэмээх газарт байрлах “Хо” ХХК-ийн эзэмшлийн MV-010882 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 75,58 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй, Увс аймгийн Хяргас сумын нутагт Шар Уул хэмээх газарт байрлах “Хорикавметал” ХХК-ийн эзэмшлийн MV-015606 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 36.81 га талбайг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай хэмээн бүртгэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

                 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М