| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/02324/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 329
2020 оны 02 сарын 04 өдөр Дугаар 184/ШШ2020/00329 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Лд холбогдох,
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Лгийн хамаарал бүхий “Уран ган” ХХК, “Далай омбо” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд бариулсан Хан-Түшээ хорооллын орон сууц зуучлан борлуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах зэрэг хэргүүдэд 3 жил гаран хугацаанд ажиллаж байна. Б.Л нь 2018.03.13-ны өдөр Хятад улсын хөрөнгө оруулалттай “Мэ юань” ХХК, “Ихэр нева” ХХК, “Далай омбо” ХХК, мөн Б.Лгий өөрийнх нь эрх ашигтай холбогдолтой иргэний хэргүүдэд түүний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан. Гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, түүнийг ноцтой хохироосон гэх Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.02.22-ны өдрийн 184ШШ2018/00445 дугаар шийдвэр захирамж нь Б.Лгийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөг бүхий барилга болон газрыг “Монжанхэр” ХХК шилжүүлсэн шийдвэр байсан. Энэ шийдвэр захирамжийг 2018.04.03-ны өдрийн 184/2018/03884 шүүхийн захирамжаар хүчингүй болгоход түүний өмнөөс эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Б.Л өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний 4.2-т зааснаар үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, түүний алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. “Голден адвокэйтес хуулийн фирм”-д ажиллаж байхдаа бид Б.Л Ч.Бээжинхүү нарын 80 сая төгрөгийн маргаан шийдвэрлэгдсэн ба хэн хэнийх нь хүсэлтийг үндэслэн талуудад ашигтайгаар шүүхээр хэргийг зохигчийн эвлэрэхэд тусалсан нь үнэн. Үүнийг хожим мушгиж хэн 1 талд ажилласан мэтээр ойлгуулах нь ямар 1 зорилго агуулжээ гэж ойлгож байна. Харин
хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн хувьд өөр асуудал юм. Түүний ‘‘манай найзаас надаар зуучлуулан байр авсан, үнэгүй явж дуусгана” гэдэг худал, түүний хүү Б.Золбоогийн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Далай омбо” ХХК дээр Б.Л, Ч.Бээжинхүү нарын хувьцаа эзэмшдэг “Ихэр нева” ХХК-ийн ашиглах эрхтэй Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг шилжүүлснээр Б.Л, Ч.Бээжинхүү нар нь тус газар дээр баригдах “Хан түшээ” хороолол төслөөс хувьцааны хэмжээгээр ашиг олох зорилго бүхий эрх ашигт нь нийцүүлэн газар шилжүүлэхтэй холбогдсон хууль зүйн туслалцааг тухайн үед манай хуулийн фирмаас үзүүлсний 100 сая төгрөгийн хөлс авахаар гэрээгээр харилцан тохиролцсон харилцаа юм. Харин газар “Далай омбо” ХХК-ийн нэр дээр шилжиж Б.Л, Ч.Бээжинхүү нар 8 тэрбум төгрөгийн ашиг олсноос хожим Ч.Бээжинхүү гэх хувьцаа эзэмшигчээ 3 тэрбум 200 сая төгрөгөө өгөхгүй хохироосон нь илэрч эхэлсэн тул би Б.Лхагварүрэн түүний хамаарал бүхий компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж эхэлсэн юм. Манай фирмийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өмгөөллийн хөлсөнд авах төгрөгийн урьдчилгаанд 15 сая төгрөгийг өгч үлдэгдэл 85 сая төгрөгийг өгөхгүй байсан тул Б.Лгийн “Уран ган” ХХК-ийн ажилчдын байранд 2 өрөө байр тооцон авсан. Уг байр 102 сая төгрөгийн үнэлгээтэй гэсэн тул 85 сая төгрөг дээр байрны доор 1 машины зогсоолын хамт би 27 сая төгрөгийг нэмж өгч авсан. Шийдвэр гүйцэтгэл гээд 500,000 төгрөг нь Уран ган ХХК-иас “Уорлд трейвэл” ХХК-д холбогдох 1 тэрбум 400 сая төгрөг гаргуулах иргэний хэрэгт Нүхтийн аманд байрлах 400 сая төгрөгийн үнэтэй 2 хаус нэмж битүүмжлэхэд төлсөн шийдвэр гүйцэтгэлийн зардал хураамж юм. 2016 оны урьдчилгаа 50, 30 сая төгрөг нь “Уран ган”, “Уорлд трейвел” ХХК-д холбогдох хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний төлбөрийн урьдчилгаа юм. Хан-Уул дүүргийн 11 хорооны П.Ганбат нарын нэр бүхий 6 хүний нэхэмжлэлтэй “Далай омбо” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт оролцож хэрэгсэхгүй болгосон тул өмгөөллийн хөлсөнд 15 сая төгрөгөөс 10 сая төгрөгийн чек өгсөн. Хариуцагчаас тайлбартаа хавсаргасан баримтын жагсаалтын хашаа, өмгөөллийн хөлс, зээл гэсэн бусад төлбөрийг би өмнө нь сонсож дуулаагүй, хэргийн өмгөөллийн хөлсийг ийм байдлаар цувуулж төлсөн төлбөр гэж ойлгож байна. Б.Лгээс ямар ч Ренжровер машин аваагүй, 28 сая төгрөгийн Дисковери маркийн лүүкээр нь ус орсноос комьпютер нь шатсан автомашиныг төлбөрт тооцож авч, уг автомашиныг буцааж аваагүй тул 8 сая төгрөгөөр засварлаж 5 сая төгрөгөөр зарсан. Хариуцагчийн тайлбарт байгаа 200 сая төгрөгийг н.Гамбаа гэх хүнд авч өгсөн нь бас үндэсгүй бөгөөд “би байрны мөнгийг нь нэхдэггүй байсан” гэсэн зэрэг нь “манай найзын байрыг авсан” гэсэн өмнөх тайлбараа үгүйсгэж байх тул үндэслэлгүй гэдгийг ойлгож болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.22-ны өдрийн 00445 захирамж нь Б.Лгийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөгийн барилга болон газрыг “Монжанхар” ХХК-д шилжүүлсэн шийдвэртэй хэрэгт би хууль зүйн туслалцаа үзүүлж оролцохдоо шүүгчийн туслахад удаа дараа хүсэлт тавьж, Б.Лг дагуулан шүүгчтэй уулзаж, цааш шүүх хуралдаанд оролцсон байхад “уг захирамж хүчингүй болсон талаар Г.Н мэдээгүй, хэрэг ингэж дууссан тул төлбөр төлөхгүй болсон” гэдэг нь худал юм. Иймд Иргэний хуулийн 359.1-д зааснаар хөлс 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь 2007 онд миний нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ч.Бээжинхүүгийн өмгөөлөгч хийж байхдаа надад урван ирж үйлчлүүлэгчийнхээ эсрэг шийдвэр гаргуулж, манайд ашигтай шийдвэр гаргаж өгье, 10,0 сая төгрөг өгчих гэснийг нь би үл зөвшөөрч 4,0 сая төгрөг өгч уг шийдвэр гарч байснаар анх
танилцсан. Үүнээс хойш надаар зуучлуулан манай найзын байрнаас 20,0 сая төлөөд танай хэрэгт үнэгүй явж байгаад төлөөд дуусгана гэснээр манайд ажиллах болсон. Энэ хугацаанд манай хэрэгт ажилласан ч байрны мөнгөө төлөлгүй байсаар уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ надад байсан. Г.Н үл хөдлөхийн гэрчилгээг надад байгааг мэдсээр байж үрэгдүүлсэн гэж шинээр гэрчилгээг гаргуулан улмаар байраа цааш нь зараад зугтсан юм. Бас дээд шүүхэд танил талтай манай н.Гамбаа ах дээд шүүхийн тамгын газар байдаг, бүх шүүгчийг атгадаг шийдвэр гаргуулахад шүүгчид нь юм өгөхгүй бол ялна гэж байхгүй, нөгөө талаасаа илүү юм өгч байж л ялна гэж намайг хуурч мэхлэн залилан 200 гаран сая төгрөг авсан. Би энэ бүхэнд нь итгэж явсан бас байрны мөнгийг нь нэхдэггүй байсан. Ингээд түүнийг өмгөөлөгчийн нэр ашиглан шүүгчид өгнө гэж залилсан мөнгө, бас бусдын 2 өрөө байрыг залилан зарж их хэмжээний хохирол учруулсан хэргээр БГД-ийн Цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Гэтэл “Ихэр нева” ХХК болон манай компаниудын хэрэгт Г.Нг явуулах шаардлага гарсан. Уг хэрэг нь миний хамаарал бүхий “Ихэр нева” ХХК-ийн захирал Ч.Бээжинхүү нь “Мэй юань” ХХК-ийн нэхэмжлэж байсан 1,6 тэрбум төгрөгийг зөвшөөрч оронд нь БОЯ-ны аялал жуучлалын зориулалттай 2.5 га газрыг өгөхөөр эвлэрсэн гэрээ хийсэн байсан. Энэ хууль бус эвлэрлийн гэрээг ХУД-ын шүүхийн шүүгч Т.Батсүх нь баталгаажуулан 2018.02.22-ны өдөр захирамж гаргасан. Энд ямар ч 24 тэрбумын асуудал байхгүй 1,6 тэрбумын нэхэмжлэл байсан. Тэгээд уг шүүгч өөрийн гаргасан захирамжийг 2018.04.03-ны өдөр хүчингүй болгосон байсан. Харин Г.Н нь 2018.03.13-ны өдөр гэрээ хийсэн атлаа миний эрх ашгийг хамгаалж огт яваагүй, энэ хэргийг шийдвэрлэгдэхэд огт оролцоогүй хаясан байсан. Аргаа бараад би 2018.04.20-ны үед шүүгч Т.Батсүх дээр өөрөө орж уг захирамжийн талаар асуухад хүчингүй болгосон гэж хэлсэн. Тэгээд энэ хэрэг шийдвэрлэгдсэн болохыг би олж мэдсэн. Г.Н хэрэг ингэж шийдсэнийг огт мэдээгүй бөгөөд энэ хэргийн талаар ямар ч гомдол санал шүүхэд гаргаж миний эрх ашгийг огт хамгаалаагүй. Би хэрэг дууссаныг Г.Нд хэлсэн. Хэрэг ингэж дууссан тул би төлбөр төлөх шаардлагагүй боллоо гээд гэрээг дуусгавар болгоё гэхэд тэгье гэсэн ч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Н жагсаалтаар нийт 276,700,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 361.1-д зааснаар татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Г.Н нь Б.Лд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ шүүгчийн захирамжийг хүчингүй болгоход түүний эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэн ч хариуцагч нь хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь 2018.03.13-ны өдөр гэрээ хийсэн, миний эрх ашгийг хамгаалж яваагүй, энэ хэргийг шийдвэрлэгдэхэд огт оролцоогүй, шүүгчээс би өөрөө захирамжийн талаар асуухад хүчингүй болгосон гэсэн, нэхэмжлэгч хэрэг шийдсэнийг огт мэдээгүй байсан, энэ хэргийн талаар гомдол санал гаргаж эрх ашгийг минь хамгаалаагүй тул хөлс төлөхгүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.Лтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, “Мэй юань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ихэр нева” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр 00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах үүргийг хүлээж, хариуцагч нь 30,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна.
Гэрээ байгуулсан огноо засвартай, “Ихэр нева” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Далай омбо” ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцох хэсгийг нэмж бичсэн үндэслэлээр хариуцагч маргаж хүсэлт гаргаснаар томилогдсон шинжээч хугацааны хувьд 2018.06.13 гэснийг 2018.03.13 гэж засварласан гэж дүгнэсэн боловч хариуцагч тайлбартаа 2018.03.13 өдөр гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөн байх тул энэ өдрөөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Харин нэмж бичсэн эсэхийг тогтоох боломжгүй, өөр төрлийн балаар бичсэн эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн үндэслэлээр хариуцах боломжгүй талаар шинжээч дүгнэсэн, хариуцагч нь энэ талаар дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд үүссэн эрх зүйн харилцааны хувьд маргахгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.03-ны өдрийн 184/2018/03884 шүүгчийн захирамжаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38.4, 39.1.1-д заасныг зөрчсөн эвлэрлийг баталсан 2018.02.22-ны өдрийн 184ШШ2018/00445 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Иргэний 361 дүгээр зүйлийн 361.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу “Мэй юань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ихэр нева” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр 00445 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах үүргээ биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд дээрх иргэний хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгоогүй байна.
Үүнээс гадна уг иргэний хэрэгт дээрх гэрээний 3.2-т зааснаар хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан, шүүхэд түүний эрх ашгийн үүднээс хүсэлт гаргаж байсан буюу ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр заасан ба талууд ажлын хөлс 30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсний дараа хөлсөө шаардах эрхтэй бөгөөд тохиролцсон ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байгаа, урьдчилгаа хөлс төлөөгүй байгаа зэргээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь гэрээг дуусгавар болгоё гэхэд тэгье гэсэн гэж тайлбараас үзэхэд гэрээнээс татгалзсан агуулгатай байгаа боловч энэ нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.
Тус шүүхийн 2017.04.07-ны өдрийн 04119 дугаар шүүгчийн захирамжаар “Ихэр нева” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Далай омбо” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Н нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байгаа боловч 2018.03.13-ны өдөр буюу хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Б.Лтэй энэхүү хэрэгт оролцож хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 оноос хойш Б.Лгийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой маргаанд оролцохдоо тухай бүр гэрээ байгуулсан байх бөгөөд 2018.03.13-ны өдрийн гэрээнд 2017.04.07-ны өдөр шийдвэрлэгдсэн хэрэгт оролцохоор хөлс тохиролцсон гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л холбогдох, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Нгий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ