Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 11

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0446/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Яндаг

Хохирогч                                       Х.Т-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолтой, Д-ын Б-д холбогдох, 1918006920490 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Х.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь:

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86.2., 239.3., 278.1.т зааснаар 20 жил хорих, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1.т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3.т зааснаар 5 жил 1 сар  хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. ********** регистрийн дугаартай, Е- овогт Д-ын Б-.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн 15 длугаар багийн нутаг дэвсгэр “Комфорт” зочид буудлын 401 тоот өрөөнд Х.Т-тай маргалдаж улмаар архины шил хагалан зүүн шуунд хатгаж эрүүл мэндэд нь зүүн шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Е- овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Б-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Д.Б-д оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хохирогч нь эмчилгээтэй холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Т- давж заалдах гомдолдоо:

2019 оны 12-р сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээтэй байгаа. Гэтэл 2019 оны 12-р сарын сүүлээр шүүгчийн туслах гэж хүн над руу утсаар ярьж загнаж зандарч ёс зүйгүй хандсан үүнээс болж бид хоорондоо маргасан.

Тухайн үед намайг Дархан уул аймгийн шүүх дээр ир гэж хэлсэн. Харин шүүх хурал болох талаар юу ч хэлээгүй, Би шүүх хурал хэзээ болохыг мэдээгүй. Гэтэл 2020 оны 01-р сарын 12-нд шүүх хуралдаан болсныг шийтгэх тогтоолыг шуудангаар хүлээн авч мэдлээ.

Миний бие 2019 оны 12-р сарын 15-наас 22-ны хооронд эмчилгээтэй эмчлүүлж байсан. / Баримтыг хавсаргав /

Би мөн өмгөөлөгчтэй, өмгөөлөгч хэрэг шалгагдаж байхад байнга ярьж асууж сураглаж байсан. Гэтэл миний өмгөөлөгчид ч бас хуралдааны товыг мэдэгдээгүй байна.

Иймд хохирогч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4.т заасныг үл харгалзан хохирогч намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Нөгөөтэйгээр шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Х.Т- намайг гэрч Х.Т- гэж шүүхийн шийтгэх тогтоол бичсэн нь хохирогч намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж ингэж зориуд буруу бичсэн юм уу гэж үзэж байна.

Мөн шүүх Д.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар , шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзжээ.

Үүнийг би эсрэгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болох  эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зөрчигдөж байгааг дурдвал:

Миний зүүн гарын шуу руу архины шилээр хатгаж татсаны улмаас шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөс тасарч маш хүнд хагалгаанд орсон ба одоо дахин судас буюу шөрмөс залгах хагалгаанд орох шаардлагатай бөгөөд энэ хагалгааг Монгол улсад хийх боломжгүй тул Солонгос улс руу гэмтлийн болон эмчилгээний бүх баримтаа явуулаад хариу ирсэн бөгөөд 70 сая төгрөгөөр хагалгаанд орох шаардлагатай гэсэн үнийн болон эмчилгээний баримт нь ирсэн. /Энэ баримтыг хавсаргав/

Мөн энэ гэмтлээс хойш миний өрөөсөн талын гар одоогоор мэдээгүй болсон бөгөөд ямар ч ажил үүрэг гүйцэтгэх чадваргүй хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа бөгөөд нэг ёсондоо энэ хүнийн буруутай үйлдлээс болоод өрөөсөн гаргүй болоод байгаа, шүүгдэгч Д.Б- эмчилгээ, сувилгааны зардал нэг ч төгрөг төлөөгүй, би гомдолтой байхад анхан шатны шүүх хор уршиг арилгасан гэж үзсэнийг гайхаж байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулсан гэж тогтоолд бичсэн нь Д.Б- нь 1994 онд хүн амь, зэвсэг хэрэглэн танхайрсан хэргээр тус тус, 2008 онд мөн хүнд гэмтэл учруулсан хэргээр, 2011 онд мөн зэвсэг хэрэглэн танхайрсан хэргээр удаа дараа зэвсэг барьж хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хироосон байхад дүгнэлт хийхгүйгээр торгох ялаар шийтгэж байгаа шударга ёсны зарчим ноцтойгоор зөрчигдөж байгаа нь тодорхой харагдаж байна.

Эцэст нь хэлэхэд би бүрэн бүтэн гартай болж ажил хөдөлмөрөө урьдийн адил хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаа бөгөөд одоо эмчлэгдсэн болон хойшид эмчлэгдэх бүх зардлыг Д.Б-гаас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Т- тайлбартаа:

Би гомдолтой байна., давж заалдах гомдлоо дэмжиж байгаа, шүүх нэг талыг барьж миний эрхийг хасаж намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хурлыг хийсэн гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:

          Хохирогч өөрөө шүүх хуралдаанд ирээгүй, утсаа аваагүй байна. Энэ нь шүүх хуралдаан хийхэд саад болохгүй. Иймд  анхан шатны шүүх хууль зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-г 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн 15 дугаар багийн нутаг дэвсгэр  “Комфорт” зочид буудлын 401 тоот өрөөнд хохирогч Х.Т-тай маргалдаж улмаар архины шилээр зүүн шуунд нь цохиж  эрүүл мэндэд нь зүүн шууны дотор талын мэдрэлийн судас, шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд  Д.Б-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн ял оногдуулжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзвэл шүүх хохирогч Х.Т-ын эрхийг зөрчсөн байна. Тухайлбал:

Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш 14 хоногийг дотор шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй  бөгөөд хэрэгт хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байхгүй., шуудангаар  илгээсэн  баримт нь хаяг буруу гэсэн үндэслэлээр шүүхэд буцаж ирсэн байгаа нь хохирогч шүүх хуралдааны товыг мэдээгүйгээс түүний шүүх хуралдаанд оролцох, үг хэлэх, тайлбар гаргах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргах эрх нь зөрчигджээ.

Үүнээс гадна шүүгчийн туслах хохирогчийн 99345005 дугаарын гар утас руу  хуралдааны товыг мэдэгдэхээр залгасан гэх боловч хохирогч шүүх хуралдааны товыг  мэдсэн эсэх нь тодорхойгүй байгаагаас үзвэл хохирогч шүүх хуралдааны товыг мэдсээр байгаад ирээгүй учраас түүний оролцоогүйгээр шүүх хуралдаан хийжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч Х.Т-ын гаргасан  ... шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан., би шүүх хуралдааны товыг мэдээгүй, өөрөө шүүх хуралдаанд оролцож санал бодлоо хэлж,  эмчилгээ хийлгэсэн зардал болон энэ талаарх баримтаа шүүхэд өгөх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлэн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

             Харин хохирогч Х.Т- нь хэдийгээр гэмт хэргийн улмаас хохирсон нь үнэн  боловч Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль болон шүүхийг хүндэтгэн үзэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан түүний ******** дугаарын гар утас руу   хуралдааны товыг мэдэгдэхээр залгасан., мөн хэрэгт өөрийнх нь өгсөн оршин суугаа газрын хаяг руу шуудангаар  хүргүүлэхэд “Х.Т- гэдэг хүн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 50 дугаар байрны 33 тоотод  оршин суудаггүй” гэсэн үндэслэлэээр буцаж ирсэн нь шүүх хохирогчтой холбогдох талаар зарим ажиллагаа хийсэн байна.

              Мөн хохирогч Х.Т- анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө, /х.хийн 5-р хуудас/  хохирогчоор тогтоож мэдүүлэг өгөхдөө,  /х.хийн 22-р хуудас/  эмчилгээ хийлгэсэн өвчний түүх  болон  /х.хийн 38-р / яаралтай тусламжийн хуудас дахь  гэрийн хаяг гэсэн хэсэгт  / х.хийн 60-р хуудас / Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 50 дугаар байрны 33 тоотод оршин суудаг гэж тэмдэглүүлсэн бөгөөд хэрвээ оршин суугаа газраа  болон утасны дугаараа өөрчилсөн бол энэ тухай  шүүхэд  заавал мэдэгдэх нь хохирогчийн өөрийн үүрэг болохыг  цаашид анхаарах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д-ын Б-д холбогдох, 1918006920490 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

              2. Хэрэг анхан шатны шүүхэд очитол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА