Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/ШШ2024/0017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

 

Нэхэмжлэгч: Д.Г /РД: /

Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д-ийн Гыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 221/2024/0028/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д-ийн Г-ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг “... нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” гэж нэмж тодруулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны явцад уг шаардлагын хүрээнд амаар тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжтой гэдгээ илэрхийлсэн тул дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “... Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар ... хянан шийдвэрлэнэ”, 81.5-д “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл гомдол гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авахгүй” гэж тус тус хуульчилсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Г нь Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно”, Намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно” гэж тус тус заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Ардын намын гишүүнээс гарах тухай өргөдлөө харьяалагдах Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Монгол Ардын намын хороонд гаргасан.

2.3. Д.Гыг нэр дэвшүүлсэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагатай бичиг баримтыг хуулийн хугацаанд хүргүүлснийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нягтлан шалгаж, баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзэж хүлээн авсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 67 дугаар тогтоол гаргахдаа: 1. Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооноос ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичигт дурдсанаар Монгол Ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байна гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд 9 дэх заалт, Улсын төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалт, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно”, 32.10-д “Энэ хуулийн 32.9-д заасан эрх бүхий этгээд нь холбогдох лавлагаа, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хугацаанд ирүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан хуулийн заалтуудыг Сонгуулийн ерөнхий хорооноос хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Улсын төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны баримт бичигт тухайн хүний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно” гэх заалтыг зөрчиж ирүүлсэн 06 дугаар албан бичгийг үндэслэн Д.Гыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан “25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрх”-ийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

2.4. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Гыг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно. Намын үндсэн дүрмийн 6.1-д “Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно” гэж заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Ардын намын гишүүнээс гарах тухай өргөдлөө харьяалагдах Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хороонд албан ёсоор өгсөн. Дээрх дүрэмд намын анхан шатны нэгжид заасны дагуу сум, дүүрэг, баг, хорооны намын хороод албан ёсоор бүртгүүлж өгөөд, үүнийхээ дагуу тодотгоод хэлэх юм бол намын тухайн дүүргийн намын хяналтын хороо миний өргөдлийг хүлээж аваад албан ёсоор дээд шатынхаа хяналтын хороонд уламжилсан тухай холбогдох бичиг баримтыг өгсөн байгаа. Намдаа өргөдөл өгөөд, гаръя аа гэдэг хүсэлт өгснөөр намаас гарсныг тодорхойлох хөдлөшгүй баримт юм. Бусад нь намын дотоод асуудал учраас би цаадах асуудлыг яримааргүй байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагуудыг бүрэн хангасан материалыг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Нэмж тодотгох шаардлага гарвал магадгүй аль нэгэн намаас гараагүй байна аа гэхэд аль аль талынхаа тэгш эрх байдлыг хангах ёстой байсан боловч нэр дэвшигч Д.Гоос буюу Үндэсний эвслээс тодруулж, лавлагаа авалгүйгээр зөвхөн нэг талын байр суурийг үндэслээд, магадгүй хатуухан хэлбэл тухайн олон нийтийн байгууллага, намын дүрмийг үндэслээд намайг бүртгэж аваагүй. Маргаан бүхий 67 дугаар тогтоол сонгуулийн хууль тогтоомж болон хүний эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгуулийн ерөнхий хороо нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар тогтоол гаргахаас 2 хоногийн өмнө нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооноос 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 06 тоот албан бичгийн дагуу тухайн бичигт дурдсан “Монгол Ардын Намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй” талаар тодорхойлолт хийж, нэр дэвшигчээс татгалзсан. 6 тоот бичигт дурдсан агуулга нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллана уу гэж зааж, зааварласан шинжтэй, гарчгаас эхлээд л энэ хууль хэрэгжүүлж ажиллах тухай гэсэн тус Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж байгаа маягтай бичиг ирсэн байна. Дээрх бичгийн агуулга, утга, санааг авч үзэхээр Монгол Ардын нам ерөөсөө Сонгуулийн ерөнхий хороонд зааварчилгаа өгөөд, 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх 67 дугаар тогтоол гарсан. Тус бичгээс үүдэж Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээс татгалзах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Татгалзсан үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан шаардлагууд байгаа. Дээрх шаардлагыг хангасан материалыг Үндэсний эвслээс буюу нэхэмжлэгч бүрэн бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Бүрдүүлж өгсөн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хянан шалгах үүрэгтэй.  Сонгуулийн ерөнхий хороо дээрх 06 тоот бичгийг хүлээж аваад 2 хоногийн дараа 05 дугаар сарын 30-ны өдөр 67 дугаар тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх төрийн үйл ажиллагаанд тусгай зарчим зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмууд бас алдагдсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагаа явагдаж байхад ирсэн 6 тоот бичгийн дагуу үүссэн нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ач холбогдолтой ажиллагаа явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, шинжлэх нэрийдлээр Сонгуулийн ерөнхий хороо хуулийг ялгамжтай байдлаар хэрэглэсэн. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгийг дагаж мөрдөх журмын тухай хууль байгаа. Хариуцагч хариу тайлбартаа үүнийг дурдсан байсан. Тэгэхээр дээрх хуулийн 2 дугаар заалтад “нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор хэрэгжүүлэх бөгөөд энэ тухай өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ” гэсэн агуулгаар заасан. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д хугацааг тодорхойлох зохицуулалтыг хуульчилчихсан байгаа. Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эхлэн тоолно гэж байгаа юм. Дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл нь намд чиглэсэн өөрчлөлт. Үүнийг 07 дугаар сарын 01-нээс хойш гэж байгаа болохоос биш, одоо энэ маргаж байгаа харилцаанд үйлчлэхгүй гэж үзэж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны 67 дугаар тогтоол сонгогчийн сонгох, сонгогдох үндсэн эрхийг зөрчихөөс гадна Сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн тухай хуулийнхаа холбогдох зүйл заалтыг зөрчсөн учраас хууль бус байдлыг тогтоож өгөөч гэж хүсч байна. Нэгэнт шүүхээс хууль бус гэж тогтоовол нэр дэвшигчээр Д.Гыг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг даалгаж өгөөч ээ гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд эдгээр тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө тогтоох эрхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авахаар хуульчилсан болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглодог.

4.2. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасан. Гэхдээ энэхүү зохицуулалт нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж хуулийн дээрх зохицуулалтын хэрэгжилтийг хангах, нийцүүлэх арга хэмжээ авах хугацааг тусгайлан тогтоож хуульчилсан байна. Иймд намын гишүүнчлэлтэй холбоотой харилцаа нь намын дүрмээр зохицуулагдана.

4.3. Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр “тус намын гишүүнээс гараагүй, намын гишүүнчлэлтэй Д.Г өөр эвслээс нэр дэвшсэн байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байгаа” талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Лавлаа авах тухай” 1/439 дугаар албан бичгийг Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд тус албан бичгийн дагуу Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Тус албан бичигт Д.Г нь намын гишүүний цахим бүртгэлд бүртгэлтэй бөгөөд намын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлыг Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, шийдвэр гараагүй байна гэсэн лавлагааг ирүүлсэн.  

4.4. Үндэсний Эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Д-ийн Г нь Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 болон 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар Монгол Ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Д.Гоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид нийтлэг болон тусгай шаардлагууд тавигдаж байгаа. Тусгай шаардлагын нэг бол тухайн нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлээсээ гараагүй байж өөр намаас нэр дэвшихийг бол хориглоно гэж заасан. Энэ нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийн нэг болж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуульд хүч оруулсан нэр томьёо хэрэглэхийг хориглодог боловч тус хуульд зөвхөн дараах үндэслэлээр бүртгэхээс татгалзана гэж тодорхой хуульчилсан. Түүний нэг нь бол өөр намын гишүүн. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нэр дэвшигч өөрөө эхэлж Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримтуудаа хүлээлгэж өгөх үүрэгтэй байгаа. Үүний дагуу бол эхлээд нэр дэвшигчээс ямар нэгэн байдлаар намын гишүүнээс гарсан, гараагүй гэдэг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд бол огт ирүүлээгүй. Баримтыг ирүүлснээс хойших 7 хоногийн хугацаанд нягтлан шалгах ажиллагааг явуулж байх үед Монгол Ардын намаас гомдол гаргасан. Тус гомдлын дагуу шалгаж үзэхэд Д.Г шаардлага хангахгүй байна гэх агуулга бүхий гомдол ирсэн. Шаардлагын дагуу холбогдох баримтаа эхний ээлжид өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу баримт ирүүлсэн учраас ирүүлсэн баримтыг нягтлан шалгах агуулгаар Монгол Ардын намын Хяналтын хорооноос лавлагаа авсан. Хяналтын ерөнхий хорооноос манай намын гишүүнээс хасах асуудлыг дүрэмд заасны дагуу хэлэлцээгүй байна гэх баримтыг ирүүлсэн. Тус баримтын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан дээр танилцуулагдсан. Өөрөөр хэлбэл өөр намын гишүүн нэрс гараагүй байхад, өөр намаас гарна аа, нэр дэвшихгүй байх ёстой гэдэг шаардлага бүрэн хангагдаагүй байна гэж үзсэн. Улс төрийн намын тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчилсэн найруулга батлагдсан. Үүнд зааснаар намын гишүүн бол дүрмийг хүлээн зөвшөөрөөд гишүүнээр элсэх ийм боломжтой байж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалтыг ярьж байгаа. Гишүүнээс гарах өргөдөл өгснөөрөө гарсанд тооцно гэж. Хуульд тус зохицуулалт бол бий гэхдээ тус зохицуулалт өөрөө өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2023 онд хүчингүй болсон Улс төрийн намын тухай хуулийг тайлбарлах тухай Дээд шүүхийн тайлбартай холбоотой. Мэдээж намын гишүүнээс өргөдөл өгснөөрөө гарна аа гэж. Гэхдээ хууль тогтоогчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлах үедээ юуг ярьсан гэхээр дүрмийн маш олон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай болж байна. Дүрмийн бүтэц, зохион байгуулалт, намын бүтэц зохион байгуулалт, гишүүнээр элсэх гэдэг юм уу, нам дүрмээрээ зохицуулдаг харилцаагаар маш олон өөрчлөлтүүд орох шаардлагатай болох нь ээ? Үүнийг хэзээнээс хийх юм бэ? 2024 он гараад ээлжит сонгуулийн жил эхлээд тэр бүх намуудыг дүрмээ одоо хуульд заасныхаа дагуу хийгээд Улс төрийн намын тухай хуульд нийцүүл ээ гэдгийг хийх юм уу, үгүй юм уу гэхээр 2024 оны ээлжит сонгууль өнгөргөөе. 2024 оны ээлжит сонгууль хүртэл намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлчихсэн, хүчин төгөлдөр байгаа дүрмийнхээ дагуу харилцаануудаа зохицуулаад явах юм байна. Сонгуулийн дараа буюу 07 дугаар сарын 01-нээс тусгайлан хугацаа зааз хугацаа зааж өгсөн. Дагаж мөрдөх журмын хууль дээр 07 дугаар сарын 01-нээс хойш 6 сарын дотор дүрэмдээ Улс төрийн намын тухай хуулийг дүрэмдээ нийцүүлэх арга хэмжээг аваад 07 дугаар сарын 01-нээс хойш үүнийг хэрэгжүүлнэ ээ гэдэг байдлаар дагаж мөрдөх журмын тухай хуулийн тусгайлсан зохицуулалтаа гаргасан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Маргааны үйл баримтын тухайд;

2.1. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл”-ийг оролцуулахаар бүртгэж, батламж олгосон бөгөөд тус эвслийн Удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн тойрогт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын 39 дүгээрт “Д-ийн Г, 10 дугаар тойрог” гэж тусгасан.

2.2. “Үндэсний эвсэл”-ээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигчдийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор тус эвслийн 65 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн бол мөн өдрийн 67 дугаар тогтоолыг гаргаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, Д-ийн Гыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэх боломжтойг мэдэгджээ.

2.3. Маргаан бүхий тогтоолын үндэслэлд дурдсан, Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай”,  2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр “... намын гишүүнчлэлтэй зарим иргэд өөр нам, эвслээс нэр дэвшсэн байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, тэдгээр нь Монгол Ардын намын гишүүнээс гараагүй” гэх агуулга бүхий мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан шийдвэр гарсны дараа Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооноос лавлагаа авахаар хандахад, мөн Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооноос “... намын гишүүний цахим бүртгэлд бүртгэлтэй, намын гишүүнээр гарах асуудлаар Хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гараагүй” гэх хариу ирүүлсэн байна.

2.4. Д-ийн Гын хувьд, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Монгол Ардын намын хорооны даргад хандан “намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах” тухай хүсэлт гаргасныг, тус дүүргийн Монгол Ардын намын хяналтын хорооны даргын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, хувийг Д.Год өгчээ.

3. Хууль хэрэглээний талаар;

3.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагын хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэний Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана”, 29.5-д “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, 32.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлсэн ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтааж дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:” гээд 33.1.3-д “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэх зэргээр Монгол Улсын Их Хурлын гишүүнд сонгогдох Монгол Улсын иргэний эрх хийгээд сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг ба тусгай шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн төрлийг тодорхойлж, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох эсэхтэй холбоотой харилцааг хуульчилсан.

3.2. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно”, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ”, Улсын төрийн намын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай” гэж тус тус заасан бөгөөд эдгээр хуулиудыг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.

3.3. Монгол Ардын намын үндсэн дүрмийн 3.2-т “Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ...”, 3.3-д “Намын гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч намын цахим бүртгэлд бүртгэснээр тухайн иргэний намын гишүүнээр элссэнд тооцно”, 6.1-д “Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно”, 6.2-т “Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө”, 6.3-д “Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хурлаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгчээс “намын гишүүнээс гарах хүсэлтээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргаснаар Монгол Ардын намаас гарсанд тооцно, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намын гишүүнчлэлээс гарсан эсэхийг намын дүрмээр зохицуулна, Д.Гын хувьд Монгол Ардын намын үндсэн дүрмийн дагуу тус намаас гараагүй тул өөр намаас нэр дэвшүүлсэн нь бүртгэхээс татгалзах үндэслэл болсон” гэж шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалттай хамтатган авч үзвэл, энэ тохиолдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай хууль зүйн асуудал нь (а) Д.Гыг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан буюу нэр дэвшигчийн үнэмлэх олгоогүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн тодорхойлсон эвлэлдэн нэгдэх, сонгогдох эрх зөрчигдсөн эсэх; (б) Д.Гын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах” хүсэлтийг шийдвэрлэхэд Улсын төрийн намын тухай хууль /2005 он/, эсхүл 2023 онд батлагдсан Улсын төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн аль зохицуулалт хамаарах; зэрэг болно.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулах буюу хууль бус болохыг нь тогтоолгохоор маргаж буй Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 67 дугаар тогтоол болон Д.Гыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзсан хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас түүний “эвлэлдэн нэгдэх, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Учир нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д намын гишүүнээс гарах нөхцөлийг хоёрдмол агуулгагүй, үгийн шууд утгаар тайлбарлахуйц хэлбэрээр “намын гишүүнээс гарах нь тухайн гишүүний сайн дурын үндсэн дээр илэрхийлэгдэх өргөдлөөр тодорхойлогдоно” гэж эрх зүйн зохицуулалтын агуулгыг тодорхой байдлаар хуульчлан тогтоосон байна.

Хуулийн дээрх зохицуулалт ёсоор, Монгол Ардын намын гишүүн Д.Г 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах хүсэлтээ харьяа намын байгууллагад гаргаснаар уг хэм хэмжээний нөхцөл (гипотез) хангагдаж, намын гишүүнээс гарсанд тооцох эрх зүйн үр дагаврыг бий болгоно.

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 10 дахь заалтад “нийгмийн болон өөрийн үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй ...”, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй” гэж зааснаас үзэхэд энэ эрх нь гадны бусад хүчин зүйлээс үл хамаарах, аливаа албадлага нөлөөлөлгүйгээр, гагцхүү өөрийн хүсэл зоригийн дагуу илэрхийлэгдэж хэрэгжинэ.

9. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийг агуулга зорилгоор нь илэрхийлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэх буюу түүнээс улбаалан тайлбарлаж хэрэглэнэ.  

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилэн найруулга/-иар бэхжүүлсэн эвлэлдэн нэгдэх эрх, түүний агуулгыг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон Улс төрийн намын тухай хууль /2005 он/-ийн зохицуулалтаар тайлбарлахгүй буюу нэгэнт хүчингүй болсон хуулийг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... намын гишүүнээс гарах эсэх харилцаа нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Намыг дүрмээр зохицуулагдана” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх харилцаа, хугацааг тодорхойлсон агуулгатай болохоос, маргаан бүхий харилцааг зохицуулсан хэм хэмжээг агуулаагүй тул энд хэрэглэгдэх үндэслэлгүй.

10. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж хуульчилсан байхад 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон Улс төрийн намын тухай хууль /2005 он/-ийн хуулийн зохицуулалтын дагуу, тухайн намын дүрмээр зохицуулагдах харилцаа гэж тодорхойлж, Үндэсний эвслээс “өөр намын гишүүнийг дэвшүүлсэн” гэх үндэслэлээр Д.Гыг Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр буюу тийнхүү нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29, 33 дугаар зүйлд заасан бусад нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан болох нь Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нар шүүх хуралдаанд “Д.Гын хувьд тус хуулийн 33.1.3-д зааснаас бусад шаардлагыг хангаж, баримтыг бүрдүүлж ирсэн, энэ талаар маргахгүй” гэж тайлбарласан болно.

11. Нөгөөтээгүүр, маргааны үйл баримтын тухайд, тухайн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг нэгэнт хуулиар тогтоосны дээр хүчин төгөлдөр үйлчилж байгааг үл харгалзан, маргаан бүхий харилцаанд “улс төрийн намын дүрэм”-ийг хэрэглэх нь эрх зүйн эх сурвалж хэрэглэх эрэмбэ, цаг хугацааны зарчимд нийцэхгүй.

Улсын төрийн намын дүрэм нь эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн хувьд хуультай адилгүй тул эрх зүйн хүчин чадлын хувьд дээгүүр хэм хэмжээ давуу байх /lex superior derogate legi inferiori/, эрх зүйн үйлчлэл бүхий буюу цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан хэм хэмжээг түрүүлж хэрэглэх /lex posterior derogate legi priori/ зарчим энд үйлчилнэ.

 12. Монгол Ардын намын дүрмийн 6.1, 6.2, 6.3-д тус тус зааснаар намын гишүүнчлэлээс гарах тухай гишүүний хүсэлтийг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэн шийдвэрлэхээр зохицуулсан, Монгол Ардын намын гишүүнчлэлийн е-nam.mn цахим бүртгэлд Д.Гын гишүүнчлэл идэвхитэй төлөвтэй байгаа үйл баримт шүүхийн үзлэгээр тогтоогдох боловч энэ хэсгийн 7, 9, 10, 11-д тайлбарласанчлан хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтын дагуу “Д.Г намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлт гаргасан, түүнийг нь харьяа дүүргийн намын хяналтын хороо хүлээн авсан” гэх бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэхгүй тул тэдгээрийн баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бодитой бөгөөд хангалттай үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

13. Нэгтгэн дүгнэвэл, хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ Д.Гоос 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр харьяа намын анхан шатны байгууллагад гаргаснаар түүнийг тухайн намаас гарсанд тооцохоор байхад Сонгуулийн ерөнхий хороо тухайн харилцаанд үл хамаарах Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, эрх зүйн хүчин чадлын хувьд хуульд үл адилтгах Монгол Ардын намын дүрмийг баримталж 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоос татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Иргэдийн төлөөлөгч Б.У-т тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба шүүхийн захиргааны ажилтанд “эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай эмнэлэгт хэвтэх болсон” гэж мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг  тэмдэглэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан Д.Гоос Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д-ийн Гыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2–т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

   ШҮҮГЧ                                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                           Т.ЭНХМАА